Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 05 сарын 28 өдөр

Дугаар 2019/ШЦТ/438

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянголдүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж,

нарийн бичгийн дарга С.Буянхишиг

улсын яллагч  А.Намдаг,

шүүгдэгч Б.Г- түүний өмгөөлөгч Г.Энхтүвшин нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянгол дүүргийн прокуророос   Г-т холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1905012060293 тоот хэргийг 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдөр хүлээн аваад хянан хэлэлцэв.

 

Монгол улсын иргэн, 1987 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Баянгол дүүргийн ... дугаар хороо, ...... гудамжны ...  тоотод оршин суух, урьд Баянгол дүүргийн шүүхийн 2005 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 91 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар,

Баянгол дүүргийн шүүхийн 2009 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 103 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж 2 жилийн хугацаагаар тэнсэж, хянан харгалзсан,

Чингэлтэй дүүргийн шүүхийн  2009 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 254 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жил 5 сарын хугацаагаар хорих ялаар,

Баянгол дүүргийн шүүхийн 2010 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 42 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.3, 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар,

Чингэлтэй дүүргийн шүүхийн 2013 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 206 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 8 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж байсан,  Г-

 

Холбогдсон хэрэг. /Яллах дүгнэлтэнд дурдсанаар/

Яллагдагч Б.Г- нь 2019 оны 03 дугаар сарын 08-ны өдөр Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 83а дугаар байрны орчим иргэн Д.Очир-Эрдэний 289.000 төгрөгийн үнэ бүхий I phone 6 маркийн гар утас 1 ширхэг, Б.Жамбал-Очирын 300.000 төгрөгний үнэ бүхий Samsung S-5 маркийн гар утас 1 ширхэг зэргийг хүч хэрэглэхээр заналхийлж, хууль бусаар авч 589.000 төгрөгийн хохирол учруулсан,

Мөн 2019 оны 03 дугаар сарын 12-ны өдөр Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Гантын байрны орчим иргэн Б.Намсрайгийн 72.000 төгрөгний үнэ бүхий Galaxy маркийн гар утас 1 ширхэг, Б.Тэмүүлэнгийн 289.000 төгрөгний үнэ бүхий I phone 6 маркийн гар утас  1 ширхэг зэргийг хүч хэрэглэхээр заналхийлж, хууль бусаар авч 361.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Г- мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй” гэв.

 

1. Шүүгдэгч Б.Г- нь 2019 оны 03 дугаар сарын 08-ны өдөр Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 83а дугаар байрны орчим иргэн Д.Очир-Эрдэний 289.000 төгрөгийн үнэ бүхий I phone 6 маркийн гар утас 1 ширхэг, Б.Жамбал-Очирын 300.000 төгрөгний үнэ бүхий Samsung S-5 маркийн гар утас 1 ширхэг зэргийг хүч хэрэглэхээр заналхийлж, хууль бусаар авч 589.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Компакт дискэнд байгаа дүрс бичлэгэнд үзлэг хийсэн тэмдэглэл “...16:27:17 цагт хойд зүгээс урд зүгт чиглэлтэй хоёр хүүхэд /хохирогч Жамбал-Очир, Очир-Эрдэнэ нар/ нэг эрэгтэй хүн /сэжигтэн Б.Г-/ алхаж байх ба зүүн талд 1-р хүүхэд нь хар өнгийн куртик гадуураа өмссөн, дотуураа бараан өнгийн цамцтай, цэнхэр хөх өнгийн өмдтэй, саарал өнгийн гуталтай бордуу царайтай /Очир-Эрдэнэ/ алхаж байх ба түүний баруун талд ногоон өнгийн куртиктэй, дотуураа зурагтай хар өнгийн цамцтай, цэнхэр өнгийн өмдтэй, улаан пүүзтэй, шар царайтай хүүхэд байх ба түүний хажууд нэг алхамын хойд талд цэнхэр өнгийн куртиктэй, саравчтай малгайтай, хар өнгийн юүдэнтэй цамцтай, ногоон өнгийн өмдтэй, хар өнгийн гуталтай, насанд хүрсэн эрэгтэй хүн харагдах ба 16:17:27 цагаас эхлээд 16:17:32 цагийг дуустал хоорондоо юм ярьж хэлэлцэж алхаж байгаа байдлаар харагдах ба тус бичлэг нь 16:27:07 цагаас эхлээд 16:25:11 цаг хүртэл 1 минут 03 секундын хугацаатай үргэлжилж байгаад дуусах ба хэрэгт өөр ач холбогдол бүхий зүйл илрээгүй болно”. /хэргийн 14-15 дугаар хуудас/

Таньж явуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл “ ... сэжигтэн Г-ийн зургийг 4 дугаарт тавьж хохирогч Б.Жамбал-Очирт эдгээр зурагтай лавлагаануудыг нэг бүрчлэн үзүүлж “эдгээр хүмүүсийн дунд Очир-Эрдэнэ болон таныг шатны доор оруулж гар утсыг чинь авсан хүн байна уу” гэж асуухад хохирогч Б.Жамбал-Очир “надад одоо харуулж байгаа Г- гэсэн нэртэй хүмүүсийн зурагтай лавлагаатай би нэг бүрчлэн танилцлаа, эдгээр зурагтай лавлагаануудын 4 дугаартай лавлагаан дээр байгаа хүн манай найз Очир-Эрдэнэ бид хоёрын гар утсыг авсан хүн мөн гэж зааж байв. ...” гэрэл зургийн үзүүлэлт. /хэргийн 20 дугаар хуудас/

Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл “... Тухайн үед би тэдгээр 2 хүүхдийг дагуулж яваад “Сан” дээд сургуулийн зүүн урд булан хэсэг ямар нэгэн хашлага байхгүй, далан байдаг тэрүүгээр тэр 2 хүүхдийг дагуулж явсан гэж даланг заасныг гэрэл зургийн аргаар бэхжүүлэн авав. Г- нь тэндээсээ цааш 150 орчим метр яваад энэ орчимд тэдгээр хүүхдүүдээс цагаан өнгийн Iphone 6, хар өнгийн Samsung S-5 гар утаснуудыг нь аваад тэндээсээ тэр хүүхдүүдэд хандаж эргэж харахгүйгээр гүйгээд яв эргэж харах юм бол өөрсдөдөө гомдоорой гэж хэлээд явуулсан гэж заасныг гэрэл зургийн аргаар бэхжүүлэн авав. ...” гэрэл, зургийн үзүүлэлт /хэргийн 32-33, 36-37 дугаар хуудас/

Насанд хүрээгүй хохирогч Б.Жамбал-Очирын “Би 2019 оны 03 дугаар сарын 08-ны өдөр ангийн найз Очир-Эрдэнийн хамт Төмөр зам руу явах Модны хоёроор уруудаад явж байхад бид хоёрын араас нэг ах гарч ирээд та хоёр Төмөр зам орох гэж байгаа юм уу аль байр орох юм бэ гэхээр нь бид хоёр байр орохгүй, зүгээр Төмөр зам руу явж байгаа юм аа гээд хэлсэн чинь би энэ хавиар явдаг халаасны хулгайч байгаа юмаа, би та хоёрын насан дээр байсан учраас нэг юм асууя, та хоёр надад нэг хүн дуудаад өгчих гэж хэлсэн. Тэгсэн манай найз Очир-Эрдэнэ зөвшөөрч дагаад явсан. Тэгээд далангийн тэнд ирээд та хоёр ямар гар утастай юм бэ гэж асуусан. Бид хоёр өөрсдийнхөө гар утасны маркийг хэлсэн. Тэгсэн нөгөө ах гаргаад ир гэж хэлээд бид хоёрын гар утсыг нөгөө ах аваад та хоёр хүн шиг байгаарай гэж хэлээд аваад явсан. Тэгээд бид хоёр доошоо яваад гэртээ орж цагдаад мэдэгдсэн. Бид хоёрыг 30 орчим насны улаан хар өнгийн малгайтай, куртикныхээ малгайгаа өмссөн, ногоон өнгийн өмдтэй хар өнгийн гуталтай гартаа мөнгөн бөгжтэй, гинж зүүсэн байсан. Би Samsung S5 маркийн гар утсаа дээрэмдүүлсэн. ... Би алдсан зүйлээ олж авмаар байна” гэсэн мэдүүлэг. /хэргийн 43 дугаар хуудас/

“Би таньж олуулах ажиллагаанд оролцоод албан ёсоор тэр хүнийг зааж өгсөн байгаа.  ... Та хоёр ямар утастай юм бэ гэж асуухаар нь бид хоёр огтоосоо хэлээгүй. Тэгтэл дахиж асууж айлгахаар нь бид хоёр өөрсдийнхөө гар утасныхаа маркуудыг хэлэхэд хэр цэвэрхэн утаснууд вэ гэж асуусан. Тэгэхээр нь би ямар нэгэн сэв байхгүй гэж хэлэхэд бид хоёрыг гар утсаа өг хэлэхээр нь бид хоёр ямар нэгэн зүйл дугараагүй. Тэгтэл тэр хүн чангахан дугараад гар утаснуудаа миний халаасанд хий гэж хэлэхээр нь бид хоёр тэр хүний халаасанд өөрсдийнхөө гар утсаа хийсэн. Тэгтэл тэр хүн бид хоёрыг эргэж хараад хойш харалгүй цааш яв гэж хэлэхээр нь бид хоёр жоохон холдож алхаж байгаад шууд гүйчихсэн юм. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 44-45 дугаар хуудас/

Насанд хүрээгүй хохирогч Д.Очир-Эрдэнийн “... Би гар утсаа 2018 оны 10 дугаар сард 550.000 төгрөгөөр авч байсан. Одоо би гар утсаа 300.000 төгрөгөөр үнэлж байна. Би алдсан эд зүйлээ олж авмаар байна” гэсэн мэдүүлэг. /хэргийн 52 дугаар хуудас/

“... Хутга тулгасан асуудал бол байхгүй. Гэхдээ манай найз Жамбал-Очир надад хэлэхдээ тэр хүн хутгатай байна, би хутгыг нь харсан гэж надад хэлсэн. Дараа нь асуухад хутгыг нь хараагүй. Зүгээр айгаад байсан талаараа надад хэлсэн. ... Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Сан” дээд сургуулийн урд талын далан дээр дагуулж очоод ах нь та хоёрын насан дээр байсан, би та хоёрыг зодохгүй, харин өөрийнхөө дүү нарыг дуудаж байгаад зодуулна гээд ерөнхийдөө айлгах маягтай юм яриад байсан. Тэгэж байгаад та хоёр ямар утастай юм бэ гэж асуухаар нь бид хоёр огтоосоо хэлээгүй. Тэгтэл дахиж зандарч асууж айлгахаар нь бид хоёр өөрсдийнхөө гар утасныхаа маркуудыг хэлэхэд хэр цэвэрхэн утаснууд бэ гэж асуусан. Тэгтэл Жамбал-Очир ахаа би айгаад байна, зүгээр та миний гар утсыг авчих, бид хоёр явмаар байна гэж хэлэхэд тэр ах доороо жоохон тойроод хүнгүй болмогц утаснуудаа халаасанд хий гэж хэлэхээр нь бид хоёр өөрсдийнхөө гар утаснуудыг халаасанд нь хийтэл бид хоёрыг эргэж  хараад яв, ээж аавдаа утсаа хулгайд алдсан гэж хэлээрэй, эргэж харах юм бол өөрсдөдөө гомдоорой гэж хэлээд бид хоёрыг эргэж хараад алх гэсэн. Тэгэхээр нь бид хоёр алхаж жоохон зайтай болонгуут нь шууд гүйчихсэн” гэсэн мэдүүлэг /хэргийн 53-54 дүгээр хуудас/

Samsung S5 маркийн гар утсыг 143.000 төгөргөөр үнэлсэн, “I phone 6” маркийн гар утсыг 289.000 төгрөгөөр үнэлсэн Дамно ХХК-ны хөрөнгийн үнэлгээний тайлан. /хэргийн 85, 89 дүгээр хуудас/

 

Б.Г-ийн яллагдагчаар өгсөн “Би 2019 оны 03 дугаар сарын 18-ны өдөр 14 цагийн орчимд Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Модны хоёрын автобусны буудлаас ертөнцийн зүгээр урд зүгт алхаад хоорондоо ярилцаад вокзал явна гээд ярьж байсан. Тэгээд би тэр хоёрыг ардаас нь дагаж байгаад “Сан” дээд сургуулийн урд ардаас нь дуудаж зогсоогоод уулзаад юм асууя, хүн дуудуулмаар байна гэж хэлээд “Сан” дээд сургуулийн урд талын далангаар дагуулаад алхсан. Тухайн үедээ би далангаар дагуулаад явж байхдаа та хоёр хаана сурдаг вэ, мөнгө байна уу гэж асуухад мөнгө байхгүй учраас алхаад явж байгаа талаараа надад хэлэхээр нь өөр юм байна уу, хэрвээ байхгүй гэж хэлээд нэгжээд гарах юм бол та хоёр өөрсдөдөө гомдоорой гэж хэлсэн. Утас байна уу гэж асуухад өөрсдийнхөө утаснуудыг гаргаж ирэхээр нь утаснуудаа өгчих гэж хэлсэн. Тэгээд шууд одоо эндээс хурдан яв эргэж харж болохгүй шүү, гүйгээд яв гэж хэлээд хөөгөөд явуулчихсан. Тэгээд тэр хоёр хүүхдээс авсан гар утсаа Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Теdy” төв орж 90.000 төгрөгөөр гар утасны ченжид зарсан.

... Би уг гэмт хэргийг мөнгө олох зорилгоор үйлдсэн юм. ...” гэсэн мэдүүлэг /хэргийн 107-108 дугаар хуудас/ зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

2. Шүүгдэгч Б.Г- нь 2019 оны 03 дугаар сарын 12-ны өдөр Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Гантын байрны орчим иргэн Б.Намсрайгийн 72.000 төгрөгний үнэ бүхий Galaxy маркийн гар утас 1 ширхэг, Б.Тэмүүлэнгийн 289.000 төгрөгний үнэ бүхий I phone 6 маркийн гар утас  1 ширхэг зэргийг хүч хэрэглэхээр заналхийлж, хууль бусаар авч 361.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл “ ... сэжигтэн Г-ийн зургийг 6 дугаарт тавьж хохирогч Тэмүүлэнд эдгээр зурагтай лавлагаануудыг нэг бүрчлэн үзүүлж “эдгээр хүмүүсийн дунд Намсрай болон таныг шатны доор оруулж гар утсыг чинь авсан хүн байна уу” гэж асуухад хохирогч Б.Тэмүүлэн “надад одоо харуулж байгаа Г- гэсэн нэртэй хүмүүсийн лавлагаатай би нэг бүрчлэн танилцлаа, эдгээр зурагтай лавлаагуудын 6 дугаартай лавлагаан дээр байгаа хүн манай найз Намсрай бид хоёрын гар утсыг авсан” гэж зааж байв” гэсэн баримт. /хэргийн 17 дугаар хуудас/

Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл “... би Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Ганьт 40d байрнаас ертөнцийн зүгээр зүүн зүгт дагуулж яваад “Саруул дулаан” сууц өмчлөгчдийн холбоо гэх бичигтэй дээрээ шар хулдаасан хэвлэлтэй бичигдсэн хаягны баруун тал руу төмөр хашааны хүн орохоор зай гаргасан хаалгаар хүүхдийн тоглоомын талбай руу дагуулж ороод байрны ертөнцийн зүгээр баруун талд илүү гаргасан шатны доош оруулаад би олуулаа явж байгаа мөнгө, төгрөг байна уу эсвэл утсаа гаргаад ир гэж хэлэхэд цагаан өнгийн Iphone 6, цагаан өнгийн ардаа таггүй Galaxy trend  маркийн гар утаснууд гаргаж ирэхээр нь би түүнийг нь аваад намайг эргэж иртэл наанаа сууж байгаарай гэж хэлээд явсан гэж заасан газруудыг тус тус гэрэл зургийн аргаар бэхжүүлэн авав. ...” гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 30-31, 34-35 дугаар хуудас/

Насанд хүрээгүй хохирогч Б.Тэмүүлэнгийн “Би өчигдөр буюу 2019 оны 03 дугаар сарын 12-ны өдөр 16 цагийн үед хичээлээ тараад найзуудтайгаа CU түргэн хоолны газрын хажуу талд байж байсан. Би найз Намсрайгийн хамт явж байтал тэр ах араас хүрч ирээд надад нэг хүн дуудаад өг гэж хэлсэн. Тэгээд явж байгаад нэг цэцэрлэгийн хажуу талд шатны доор бид хоёрыг суулгаад хоёр хүүхэд ирээд та хоёрын юмыг нэгжинэ, хэрвээ юм байх юм бол та хоёрыг зодох болно. Тэгээд ах нь утсыг чинь нуугаад байж байя, код нь юу юм гэж асуусан. Тэгээд би өгөөгүй өөр лүүгээ харуулж байгаад кодоо хийсэн юм. Id хаяг байгаа, хурууны хээ мэдрэгч байгаа юу гэж хэлээд бид хоёрын  iphone 6 маркийн гар утас болон Samsung trend  маркийн утаснуудыг авч явсан юм. ... Би алдсан эд зүйлээ олж авмаар байна” гэсэн мэдүүлэг. /хэргийн 60 дугаар хуудас/

“ ... Тухайн хүн нь бид хоёрыг шатны доор ор гэж хэлэхээр нь бид хоёр орохгүй гэж хэлэхэд пизда минь, ална, зодно гэж хэлээд гараа далайгаад эсвэл та хоёр нүүрэндээ насан туршдаа сорвитой үлдэхийг хүсэж байна уу гэж хэлээд шатны доор оруулсан юм. Тэгээд шатны доор оруулсаныхаа дараа та хоёр ямар гар утастай билээ гэж хэлээд утасны марк асуухаар нь бид хоёр дуугараагүй. Тэгтэл тэр хүн та хоёрын цүнхийг ухаад утас гараад ирвэл ална шүү гэж хэлсэн. Тэгэхээр нь бид хоёр гар утасны маркаа хэлтэл ахдаа өг, яах ч үгүй, одоо ирэх хүн бол аймар хүн байгаа, та хоёрыг алж магадгүй,тэгэхээр одоо утсаа өгөөд хүлээж бай, тэр хоёрыг аргалчихаад утсыг чинь аваад ирье гэж хэлээд бид хоёрын гар утсыг аваад хашаагаар гараад яваад өгсөн. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 61дүгээр хуудас/

Насанд хүрээгүй хохирогч Г.Намсрайгийн “... Н.Тэмүүлэн бид хоёрын гэр нэг зүгт байдаг учраас тэндээсээ бид хоёр яваад Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Мичид” зочид буудлын урд очиж байхад тэр хүн бид хоёр дээр ирээд нэг хүүхэд дуудаад өг гэж хэлээд бид хоёрыг дагуулаад ертөнцийн зүгээр баруун зүгт нилээн хэсэг яваад ногоон өнгийн төмөр хашаатай газарт очоод ийшээ ор гэж хэлээд хашаа руу бид хоёрыг ор гэж хэлэхээр нь бид хоёр орохгүй гэж хэлэхэд  ална шүү, зодно шүү, хоёр пизда минь гэж хэлээд бид хоёрыг шатан доор оруулаад энд хоёр хүүхэд байгаа тэр хүүхэд та хоёрыг алчихаж магадгүй учраас та хоёрыг ах нь юмгүй гээд хэлье гэж хэлээд миний Galaxy trend маркийн ардаа таггүй гар утас, Тэмүүлэнгийн Iphone 6 маркийн цагаан өнгийн гар утас зэргийг аваад бид хоёрыг наанаа сууж бай гэж хэлээд өөрөө хашаанаасаа гараад явчихсан юм. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 67-68 дугаар хуудас/

Samsung galaxy trend маркийн гар утсыг 72,000 төгрөгөөр үнэлсэн, “I phone 6” маркийн гар утсыг 289,000 төгрөгөөр үнэлсэн Дамно ХХК-ны хөрөнгийн үнэлгээний тайлан. /хэргийн 81, 93 дугаар хуудас/

Б.Г-ийн яллагдагчаар өгсөн “Би 2019 оны 03 дугаар сарын 12-ны өдөр Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Модны 2 орчимын голын замаар явж байгаад CU дэлгүүрийн орчимд явж байхад хүүхдүүд сургууль тараад явж байсан. Тэгэхээр нь тэндээс хоёр хүүхдийг дагаж тухайн дэлгүүрийнхээ эсрэг талд зогсоод юм асууя гэж хэлээд дагуулж яваад байрны хажуу талын жижиг хашаа руу дагуулж оруулаад доошоо суу гэж хэлээд суулгаад шатны доор оруулаад гар утсаа өг гэж хэлэхэд тэр 2 хүүхэд цагаан өнгийн Iphone 6 гар утас, цагаан өнгийн ардаа таггүй Galaxy маркийн гар утас тус тус гаргаж ирэхээр нь түүнийг нь авсан юм.

... Би тухайн үедээ  тэдгээр хүүхдүүдэд амаараа худлаа зүйл хэлж айлгаад ганцаараа аваад явчихдаг байсан юм. Би уг хоёр гэмт хэргийг үйлдээд тэр даруйдаа баригдсан. Тэрнээс өөрөө ямар нэгэн хүнээс эд зүйл авсан ийм асуудал байхгүй” гэсэн мэдүүлэг /хэргийн 114-115 дугаар хуудас/ зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсанэрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянаншийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэмбуруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн.

 

Иймд шүүгдэгч Б.Г- нь  насанд хүрээгүй хохирогч Д.Очир-Эрдэний Б.Жамбал-Очир, Б.Намсрай, Б.Тэмүүлэн нарын гар утсыг хүч хэрэглэхээр заналхийлж, хууль бусаар авч 950.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон тул  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй бөгөөд тэрээр уг үйлдлийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн гэж шүүх дүгнэв.

 

Хавтаст хэрэгт насанд хүрээгүй хохирогч  Б.Тэмүүлэн,  насанд хүрээгүй хохирогч Д.Очир-Эрдэний хууль ёсны төлөөлөгч Б.Даваадорж, насанд хүрээгүй хохирогч Б.Жамбал-Очирын хууль ёсны төлөөлөгч Б.Батболд нарт  эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хэргийн 132-134 дүгээр хуудас/ авагдсан.

Түүнчлэн насанд хүрээгүй хохирогч Б.Намсрайгийн хууль ёсны төлөөлөгч Г.Баяраад эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэлийг шүүх хуралдаанд гарган өгсөн байх тул шүүгдэгчээс гэмт хэргийн улмаас учруулсан, хохирол хор уршигт гаргуулах төлбөргүй байна.

 

Шүүгдэгч Б.Г-ийн 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдрөөс 15-ныг хүртэл баривчлагдсан 2 хоног,  2019 оны 03 дугаар сарын 15-ны өдрөөс өнөөдрийг хүртэл цагдан хоригдсон 74 хоног нийт 76 хоногийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүний ял эдлүүлэх хугацаанд оруулан тооцвол зохино.

 

Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй,эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 /нэг/ ширхэг компакт дискийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж,  гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигт төлөх төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Шүүх, шүүгдэгч Б.Г- нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирлоо төлж хор уршигийг арилгасан зэрэг байдлыг харгалзан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч  Г-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Б.Г-ийг  3  /гурав / жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар  Б.Г-т оногдуулсан хорих ялыг  хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, Б.Г- нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  1 дэх хэсгийн 1.8 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 /нэг/ ширхэг компакт дискийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  Б.Г-ийн энэ хэрэгт баривчлагдсан цагдан хоригдсон 76 хоногийн хугацааг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар Б.Г-т авсан  цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Г-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                               А.АЛТАНХУЯГ