Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 08 сарын 11 өдөр

Дугаар 549

 

        Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

         Нэхэмжлэгч: Увс аймгийн Сагил сумын Үүрэг нуур багт оршин суух, 1967 онд төрсөн, эмэгтэй, регистрийн дугаар ОЛ67071764, Барлагууд овогтой Цээлэйгийн Оюунгэрэлийн,

          Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2017 оны 7 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, 2017 оны 7 дугаар сарын 31-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

         Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.Оюунгэрэл, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ё.Мөнхгэрэл нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ  нь:

          Нэхэмжлэгч Ц.Оюунгэрэл шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие 1967 онд төрсөн, 50 настай, ам бүл 6, нөхөр хүүхдүүдийн хамт амьдардаг. Би 1983 онд 8 дугаар ангиа төгссөн ба аав Цээлэй тус нэгдлийн бригадын хүний эмч, ээж нэгдлийн саальчин хийж байсан тул би амьдралын шаардлагаар илгээлт авч, Сагил сумын Ялалт нэгдэлд 15 тооны үхэр өөрийнхөө нэр дээр авч, саальчинаар анх 1983 оноос эхлэн ажиллаж эхэлсэн билээ. Тэгээд 1983 оноос 1989 он хүртэл саальчин хийсэн. Тухайн үед саальчнаар ажиллаж байхад Монголын хувьсгалт залуучуудын эвлэлийн гишүүнд элссэн бөгөөд сайн ажиллаж, Баярын бичиг, Сайшаалын үнэмлэх, Талархал зэргээр олон удаа шагнагдаж байсан. Миний тэр үед авч байсан шагнал, бичиг баримтууд манай аавын гэрт байсан ба 1994 онд аавын гэр шатаж миний бүх бичиг баримтууд галд өртсөн тул би маш их хохирч байна. Одоо тэтгэвэрт орох нас болсон бөгөөд надад ямар ч бичиг баримт байхгүйгээс танай шүүхэд хандаж байна. Иймд миний 1983 оны 7 дугаар сараас 1989 оныг дуустал хугацаанд Увс аймгийн Сагил сумын Ялалт нэгдэлд саальчнаар ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоож өгнө үү” гэжээ. 

       Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

             Нэхэмжлэгч Ц.Оюунгэрэл нь ажиллаж байсан байдал тогтоолгохоор шүүхэд хүсэлт  гаргажээ.  

      Хэрэгт Увс аймгийн Архивын тасгийн 2017 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн цалингийн тодорхойлолт авагдсан байх ба уг тодорхойлолтод Увс аймгийн Сагил сумын Ялалт нэгдэлд ажиллаж байсан Цээлэй овогтой Оюунгэрэлийн 1983 оны 7 дугаар сараас 1989 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд авч байсан цалинг түүвэрлэн ирүүлжээ.

        Мөн 1988 онд “Төлчин эмэгтэйчүүдийн зөвлөгөөн”-д оролцож авахуулсан гэрэл зургийн үзүүлэлт, 1987 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Ялалт нэгдлийн хэсгийн зөвлөлөөс олгосон “Талархал”, 1989 оны 3 дугаар сарын 07-ны өдөр Сагил сумын Мал эмнэлгийн тасгаас олгосон “Баярын бичиг” зэрэг баримтууд авагдсан байна.

         Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр иргэн Ү.Оюунбилэг, А.Нямжав нарыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр оролцуулсан бөгөөд гэрч Ү.Оюунбилэг: “Би бага наснаасаа буюу 4 дүгээр ангиа төгсөөд л мал дээр гарч аав, ээжийн хамтаар Увс аймгийн Сагил сумын Ялалт нэгдэлд малчин болж байсан. Ц.Оюунгэрэлийн аав нь тус нэгдлийн Үүрэг нуур бригадад хүний бага эмч хийдэг байсан. Ц.Оюунгэрэл нь 8 дугаар ангиа төгсөөд 1983 оны 7 дугаар сараас эхлэн илгээлтээр малчин болж байсан. Бид нэг баг бригадын хүмүүс бөгөөд айл хошоо амьдарч, мөн аав нь манай бригадын хүний бага эмч байсан учраас би сайн мэдэж байна. Ц.Оюунгэрэл нь ээжийнхээ хамтаар саалийн үнээ малладаг байсан юмаа. Бид нэгдэлд хамтдаа 1990 он хүртэл буюу нэгдэл тарах хүртэл мал малласан. Тухайн үед нэгдлийн даргаар Бамбадаа, Содномжамц, Цэвээнгэрэл гэх хүмүүс тус тус ажиллаж байсан” гэж, гэрч А.Нямжав: “Би 1965 оноос 1985 оныг дуустал хугацаанд Увс аймгийн Сагил сумын Ялалт нэгдлийн Үүрэг нуур бригадын даргаар, 1986 оноос тус бригадын агентаар тус тус ажиллаж байсан. Ц.Оюунгэрэл нь 1983 оноос нэгдэлд тарах хүртэл буюу 1991 оныг дуустал хугацаанд Ялалт нэгдэлд ээжийн хамтаар сааль саадаг байсан. Аав нь Цээлэй гэх хүн, Үүрэг нуур бригадын хүний бага эмчээр ажиллаж байсан болохоор бид нэгнээ сайн мэддэг юмаа. Тэр үед Ялалт нэгдлийн даргаар Ц.Давааням, Б.Бамбадай, Р.Содномжамц гэх хүмүүс ажиллаж байсан” гэж тус тус мэдүүлсэн ба гэрч А.Нямжавын хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, гэрч Ү.Оюунбилэгийн ажиллаж байсан байдлыг тогтоосон Увс аймаг дахь Сум дундын шүүхийн 2008 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 421 тоот шийдвэрийн хуулбар хэрэгт авагдсан байна.

         Иймд дээрх бичгийн нотлох баримтууд болон гэрчүүдийн шүүхэд өгсөн мэдүүлэг, нэхэмжлэгчийн тайлбар зэргийг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Ц.Оюунгэрэлийн 1983 оны 7 дугаар сараас 1989 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд Увс аймгийн Сагил сумын Ялалт нэгдэлд саальчин, малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Ц.Оюунгэрэлийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй. 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон  

ТОГТООХ нь:

            1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Барлагууд овогтой Цээлэйгийн Оюунгэрэлийн 1983 оны 7 дугаар сараас 1989 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд Увс аймгийн Сагил сумын Ялалт нэгдэлд саальчин, малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.  

            2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгч Ц.Оюунгэрэлийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

           Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар нэхэмжлэгч нь уг шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй. 

 

 

 

                            ДАРГАЛАГЧ,

                            ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Н.ГЭРЭЛТУЯА