Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 08 сарын 14 өдөр

Дугаар 554

 

         Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

      Нэхэмжлэгч: Увс аймгийн Тэс сумын 11 дүгээр багт оршин суух, 1964 онд төрсөн, эмэгтэй, регистрийн дугаар ОО64032701, Тайж овогтой Цэвээний Байгалийн,

        Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2017 оны 7 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, 2017 оны 7 дугаар сарын 24-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

             Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга А.Тамираа оролцов.

ТОДОРХОЙЛОХ  нь:

        Нэхэмжлэгч Ц.Байгаль шүүхэд гаргасан нэхэмжлэл болон хүсэлтдээ: “Миний бие 1980 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл хугацаанд Увс аймгийн Тэс сумын Лениний зам нэгдэлд малчнаар ажиллаж байсан. Тухайн үед ажлаас гарахдаа хөдөлмөрийн дэвтэр болон ажилд орсон болон ажлаас гарсан тушаалаа авч чадаагүй. Иймд аймгийн Архиваас ажиллаж байсан үеийнхээ цалингийн тодорхойлолт авсан. Одоо өндөр настны тэтгэвэрт гарах нас болж Лениний зам нэгдэлд ажилд орсон болон гарсан тушаал, хөдөлмөрийн дэвтрийг нөхөн бичүүлэх боломжгүй болсон тул шүүхэд хандаж байна. Иймд миний Увс аймгийн Тэс сумын Лениний зам нэгдэлд 1980 оноос 1989 оныг дуустал хугацаанд малчнаар ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоож өгнө үү. ... Миний бие Увс аймгийн Тэс суманд амьдардаг. Даралт ихэсдэг бөгөөд автомашинд сууж явах боломжгүй тул надгүйгээр шүүх хурлаа хийж өгнө үү” гэжээ.     

         Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

          Нэхэмжлэгч Ц.Байгаль нь ажиллаж байсан байдал тогтоолгохоор шүүхэд хүсэлт  гаргажээ.  

    Хэрэгт Увс аймгийн Архивын тасгийн 2017 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн цалингийн тодорхойлолт авагдсан байх ба уг тодорхойлолтод Увс аймгийн Тэс сумын Лениний зам нэгдэлд ажиллаж байсан Цэвээн овогтой Байгалийн 1980 оны 7 дугаар сараас 1989 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд авч байсан цалинг түүвэрлэн ирүүлжээ.

       Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр иргэн С.Нямжав, Б.Цэдэндорж нарыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр оролцуулсан бөгөөд гэрч С.Нямжав: “Би 1970 оноос эхлэн Увс аймгийн Тэс сумын Лениний зам нэгдэлд 1991 оныг хүртэл хугацаанд хоньчноор ажиллаж байсан. Ц.Байгаль нь 1980 онд 8 дугаар ангиа төгсөөд илгээлтээр малчин болж байсан. Ц.Байгалийн аав нь Цэвээн гэх айлтай манайх нэг баг, бригадад айл саахалт амьдарч, хамтдаа малаа хариулдаг байсан учраас нэгнээ сайн мэдэж байна. Ц.Байгаль нь өөрийн аав, ээжийн хамтаар мал маллаж байгаад 1987 онд хүнтэй сууж, тусдаа амьдрал зохиож, гэр бүлийн хүний хамтаар 1991 он хүртэл Лениний зам нэгдэлдээ мал маллаж байсан. Увс аймгийн Тэс сумын Лениний зам нэгдлийн даргаар н.Гомбосүрэн, н.Норов, Н.Далай гэх хүмүүс тус тус ажиллаж байсан” гэж, гэрч Б.Цэдэндорж: “Миний бие бага наснаасаа аав, ээжийн хамтаар мал маллаж байсан. Өөрөөр хэлбэл, 1962 оноос эхлэн Увс аймгийн Тэс сумын Лениний зам нэгдэлд 1991 оныг хүртэл эх хонь маллаж байсан. Ц.Байгаль нь 1980 онд 8 дугаар ангиа төгсөөд илгээлтээр малчин болж, өөрийн аав, ээжтэйгээ хамт мал маллаж байгаад хүнтэй суун, тусдаа гарч нөхрийн хамт үргэлжлүүлэн нэгдэл тарах хүртэл буюу 1991 он хүртэл мал маллаж байсан. Ц.Байгалийн аав нь Цэвээн гэх айлтай бид нэг баг бригадынх ба нэгнийхээрээ байнга бууж морддог, үе тэнгийн хүмүүс байсан болохоор би Ц.Байгалийг сайн мэднэ. Увс аймгийн Тэс сумын Лениний зам нэгдлийн даргаар н.Гомбосүрэн, н.Норов, Н.Далай гэх хүмүүс ажиллаж байсан” гэж тус тус мэдүүлсэн ба гэрчүүдийн ажиллаж байсан байдлыг нотлох тэдний хөдөлмөрийн дэвтрийн хуулбар хэрэгт авагджээ.

      Иймд дээрх бичгийн нотлох баримтууд болон гэрчүүдийн шүүхэд өгсөн мэдүүлэг, нэхэмжлэгчийн тайлбар зэргийг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Ц.Байгалийн 1980 оны 7 дугаар сараас 1989 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд Увс аймгийн Тэс сумын Лениний зам нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Ц.Байгалийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

       Нэхэмжлэгч нь хүндэтгэн үзэх шалтгаанаа дурдаж, өөрийг нь байлцуулахгүйгээр шүүх хуралдааныг хийлгэх тухай хүсэлтээ ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т зааснаар түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон  

ТОГТООХ нь:

            1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Тайж овогтой Цэвээний Байгалийн 1980 оны 7 дугаар сараас 1989 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд Увс аймгийн Тэс сумын Лениний зам нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.  

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Ц.Байгалийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

       Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар нэхэмжлэгч нь уг шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй. 

 

 

                          ДАРГАЛАГЧ,

                          ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Н.ГЭРЭЛТУЯА