Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 05 өдөр

Дугаар 2022/ШЦТ/38

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

             Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгч Ж.Эрдэнэбат даргалж явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар:

                        Нарийн бичгийн дарга                  Б.Эрдэнэцэцэг

                        Улсын яллагч                                Б.Энхбаяр

                      Шүүгдэгчийн өмгөөлөгч               С.Сувдаа

                        Шүүгдэгч                                   Х.Өлзийдаваа  нарыг оролцуулан тус шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв.

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх Б.Энхбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Х.Өлзийдаваад холбогдох 2232000000076 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Биеийн байцаалт:

 

 Монгол Улсын иргэн, 1985 оны 02 дугаар сарын 13-ны өдөр Дархан-Уул аймгийн Хонгор суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, Улаанбаатар төмөр замын цэрэгжүүлсэн хамгаалалт онцгой байдлын албаны Зүүнхараа дахь хамгаалах ангийн паркын харуул ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Сэлэнгэ аймгийн Мандал сумын 2-р баг Мандал хотхоны 1-62 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Боржигон Халтарын Өлзийдаваа /РД:ТК85021377/

 

Холбогдсон хэргийн талаар:

Х.Өлзийдаваа нь 2022 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр 13 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн Мандал сум 1 дүгээр багийн нутаг дэвсгэр Өлөнтийн ам гэх газарт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн Б.Төмөрсүхтэй маргалдан улмаар баруун гарын чигчий хурууг нь хазаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичсэнээр/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Х.Өлзийдаваа мэдүүлэхдээ:...Миний мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг үнэн зөв учир дахин мэдүүлэг өгөхгүй. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна... гэжээ.

 

Эрүүгийн  2232000000076 тоот хавтаст хэргээс:

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 3-р тал/,

Хохирогч Б.Төмөрсүхийн “...Би 2022 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр 11 цагийн орчимд өөрийн найз Ганхөлөгийн гэрт нь Ганхөлөг, Алтангэрэл, Өлзийдаваа нарын хамт 1 шил архи, 1 ширхэг пиво хувааж уусан. Тэгээд бид дөрөв тэднийхээс гараад 12 цагийн орчимд Мандал сумын 1 дүгээр багт байрлах Өлөнтийн ам хөдөө хэсэгт очоод 0.75 литрийн 1 шил Хараа архи, 2.5 литрийн савтай 1 ширхэг Сэнгүр пивыг хувааж уусан юм. Тэгтэл манай найз Өлзийдаваа нэлээн согтчихоод надад үг хаяад бид хоёр хоорондоо маргалдаад, Өлзийдаваа бид хоёр барьцалдаж аваад салах гэтэл Өлзийдаваа миний баруун гарын чигчий хурууг хазчихаад тавихгүй байсан. Тэгтэл бид хоёртой цуг байсан Ганхөлөг, Алтангэрэл хоёр хүрч ирээд хүчээр салгасан. Тэгээд би тухайн үед эхнэрийгээ дуудаад хамт эмнэлэгт орж үзүүлчхээд цагдаагийн хэлтэст ирж гомдол гаргасан юм.

Миний баруун гарын чигчий хуруу өвдөж байна. Би 5 ширхэг оёдол тавиулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 6-р тал/,

Гэрч Г.Ганхөлөгийн “...2022 оны 04 дүгээр сарын 12-ны өглөө 09 цаг өнгөрч байхад намайг гэртээ байхад манай ажлын хүмүүс Түмэн, Хосбаяр нар ирсэн, Тэгээд манайд бид гурав пиво уугаад сууж байтал Өлзийдаваа манайд ирээд цуг ууцгаасан. Удалгүй мөн Төмөрсүх, Баясгалан нар ирээд бид нар хүнээр Өлөнтийн ам гэх газар хүргүүлсэн. Очсон газраа Төмөрсүх, Өлзийдаваа нар гэнэт л хоорондоо маргалдаад зууралдаж, дээр доороо ороод газраар өнхрөөд байсан. Түмэн бид хоёр тэр хоёрыг салгах гээд хоёр талаас нь татах үед Өлзийдаваа Төмөрсүхийн баруун гарын чигчийн хурууг хазчихаад тавихгүй байсан. Тиймээс би түүний эрүүний хоёр талаар нь гараараа дарж байгаад салгасан. Төмөрсүхийн хазуулсан хуруунаас нилээд их хэмжээний цус гарсан байсан тул түүнийг эхнэрийг нь дуудаж явуулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 10-р тал/,

Шинжээчийн 2022 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 77 дугаартай “...Б.Төмөрсүхийн биед баруун гарын 5-р хуруунд шарх, 2-р хуруунд зулгаралт гэмтэл тогтоогдсон. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 13-14-р тал/,

Яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 15-16-р тал /

Х.Өлзийдаваагийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 23-р тал/

Мөн шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон баримтууд болох шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /ХХ-ийн 36 дугаар хуудас/, Шүүгдэгч Х.Өлзийдаваагийн оршин суух багийн засаг даргын тодорхойлолт /ХХ-ийн 55 дугаар хуудас/, ял шийтгэлийн хуудас зэрэг нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болно.           

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, яллагдагч, гэрч нарыг болон хохирогчийг байцаах мэдүүлэг авахдаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байдал тогтоогдоогүй байна.

 

Нэг.Шүүгдэгч Х.Өлзийдавааг гэм буруутайд тооцох талаар:

          Шүүгдэгч Х.Өлзийдаваа нь 2022 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр 13 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн Мандал сум 1 дүгээр багийн нутаг дэвсгэр Өлөнтийн ам гэх газарт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн Б.Төмөрсүхтэй маргалдан улмаар баруун гарын чигчий хурууг нь хазаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:...Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 3-р тал/, Хохирогч Б.Төмөрсүхийн мэдүүлэг /хх-ийн 6-р тал/, Гэрч Г.Ганхөлөгийн мэдүүлэг /хх-ийн 10-р тал/, Шинжээчийн 2022 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 77 дугаартай дүгнэлт /хх- ийн 13-14-р тал/, Яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 15-16-р тал/ Х.Өлзийдаваагийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 23-р тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч Х.Өлзийдаваа нь шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугийн талаар болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаж мэтгэлцээгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн болно.

            Тиймээс Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын Прокурорын газраас шүүгдэгч Х.Өлзийдаваад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйчлэл тохирсон байна.

Иймд шүүгдэгч Х.Өлзийдаваад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

 

            Хоёр.Хохирол төлбөрийн талаар:

            Хохирогч Б.Төмөрсүх нь ямар нэгэн хохирол, хор уршиг, эмчилгээний зардал нэхэмжлээгүй ба хохирол төлбөр нэхэмжилсэн баримт шүүхэд ирүүлээгүй тул энэ хэрэгт хэлэлцэгдэх мөнгөн төлбөр байхгүйг дурдах нь зүйтэй байна.

 

         Гурав.Шүүгдэгч Х.Өлзийдаваад оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар:

 Шүүгдэгч Х.Өлзийдаваа нь 2022 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр 13 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн Мандал сум 1 дүгээр багийн нутаг дэвсгэр Өлөнтийн ам гэх газарт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн Б.Төмөрсүхтэй маргалдан улмаар баруун гарын чигчий хурууг нь хазаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдсон тул шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд заасныг баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Иймд шүүгдэгч Х.Өлзийдаваад эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан шүүгчийн дотоод итгэлээр хэргийн бодит байдлыг тал бүрээс нь дүгнэж, Улсын яллагчаас эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд гаргасан саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагаас сонгон хэрэглэж 450 нэгж буюу 450000 төгрөгөөр торгох ял оногдуулж, торгох ялыг 3 сар хүртэлх хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Х.Өлзийдаваа нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүхэд шилжиж ирсэн иргэний бичиг баримтгүй, нөхөн төлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүйг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйл 38.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Боржигон Халтарын Өлзийдавааг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Өлзийдавааг 450 нэгж буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар  шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт  зааснаар ялтан Х.Өлзийдаваа нь торгох ялыг 03 /гурав/ сар хүртэлх хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.

4. Энэ хэрэгт Х.Өлзийдаваа нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, хилийн хориг тавигдаагүй, шүүхэд шилжиж ирсэн иргэний бичиг баримтгүй, нөхөн төлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Х.Өлзийдаваад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

7.Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, Улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Ж.ЭРДЭНЭБАТ.