| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баатаржавын Ихтамир |
| Хэргийн индекс | 166/2020/0027/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/36 |
| Огноо | 2020-01-21 |
| Зүйл хэсэг | 11.3.1., |
| Улсын яллагч | Б.Батсүх |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 01 сарын 21 өдөр
Дугаар 2020/ШЦТ/36
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 166/2020/0027/Э
Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамир даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Нандинцэцэг,
Улсын яллагч Б.Батсүх,
Хохирогч Э.Д,
Шүүгдэгч Л.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Б овогт Л.Бад холбогдох эрүүгийн 1818007710557 дугаартай хэргийг 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Б овогт Л.Б /РД: /, Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 49 настай, эрэгтэй, дээд боловсролтой, дулааны инженер мэргэжилтэй, “.........................” ТӨХК-ийн Турбин цехийн дарга ажилтай, ам бүл 2, эхнэрийн хамт Дархан-Уул аймаг, Дархан сум, 11 дүгээр баг, 6 дугаар хороолол, 11 дүгээр байр, 21 тоотод оршин суух, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй.
Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Батсүх нь шүүгдэгч Л.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулах гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар
Шүүгдэгч Л.Б нь хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүрэг буюу Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.1-д “үйлдвэрлэлийн явцад бий болсон хими, физик, биологийн хүчин зүйл нь ажлын байрны хөдөлмөрийн эрүүл ахуй, байгаль орчинд сөрөг нөлөөлөл үзүүлэхгүй байх нөхцөлийг бүрдүүлэх, техник, зохион байгуулалтын арга хэмжээ авах” гэснийг, “.........................” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирлын 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн Б-37 дугаартай Наряд, шийдвэрээр гүйцэтгэх ажлын жагсаалт батлах тухай тушаал, “.........................” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирлын 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн Б-94 дугаартай Нарядын хариуцлагатнуудыг томилох тухай тушаал, “.........................” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирлын баталсан Турбин цехийн даргын ажлын байрны тодорхойлолтын 3.18-д заасныг тус тус биелүүлж ажиллаагүйн улмаас 2018 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 13 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “.........................” ТӨХК-ийн Турбин цехэд Э.Д нь ажил үүргээ гүйцэтгэж байхдаа өндрөөс унаж эрүүл мэндэд нь зүүн уушгины бүрэн бус шалчийлт, баруун, зүүн цээжний хөндийн хий, шингэн хуралт, зүүн уушгины няцрал, бүсэлхийн 3 дугаар нугаламын их биеийн шахагдсан хугарал, сээр нурууны 8-12 дугаар нугаламуудын сэртэнгийн хугарал, зүүн 6, 7, 8, 9, 10 дугаар хавирганы битүү хугарал, зүүн атгаал ясны хугарал бүхий хүнд хохирол учирсан болох нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт:
Шүүгдэгч Л.Бын өгсөн: Би цехийн үйл ажиллагаа, үйлдвэрлэл, аюулгүй ажиллагааг бүхэлд нь хариуцан ажилладаг. Э.Дыг унаж бэртэхэд наряд бичээгүйгээрээ би буруудсан гэх мэдүүлэг,
Хохирогч Э.Дын өгсөн: Тухайн үед өдрөөр ээлжинд гараад өдөр тутмын зааварчилга авах гээд сууж байтал ашиглалтын инженер надад цонх шиллэх үүрэг өгсөн. Тэгэхээр нь би дээшээ гарахгүй гэж хоёр удаа хэлээд яах ч аргагүй болоод дээшээ гарч ажилласан. Цонх шиллэж байхад шилний хэмжээг нь буруу авсны улмаас хоорондоо таарахгүй байсан. Тэгээд силконоор нааж байсан. Нэг цонхыг силкондоогүй мод хавчуулсан байхаар нь хүний дээрээс шил унах юм байна гээд силкондож байхад миний зогсож байсан төмөр хугараад би унасан. Тэгээд би тэр зуур ухаан алдсан байсан. Миний зүүн гар маш их өвдөлттэй би шоконд орсон. Дээшээ гарч ажиллахдаа аюулгүйн бүс зүүгээд ажиллаж байгаад буучхаад дахиад дээш гарахдаа аюулгүй бүс зүүхэд цаг их алдах байсан учраас бүсээ зүйлгүй гарч ажилласан. Байгууллагаас 1.000.000 төгрөгийн нэг удаагийн буцалтгүй тусламж, ажилчдаас 470.000 төгрөгийн хандив өгсөн. 2019 оны 1 дүгээр сараас миний цалин хөлс бүрэн олгогдож байгаа. Өөр гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг,
Мөрдөн байцаалтад:
Гэрч Б.Бын өгсөн: Хөдөлмөрийн аюулгүй байдлыг тухайн цехийн нарядын хариуцлагатангууд буюу ажил гүйцэтгэгч /хамт ажиллаж байсан/, ажилд оруулагч ажлын байр бэлтгэгч /тухайн өдрийн ээлжийн дарга/, нарядын хариуцлагатай удирдагч /тухайн цехийн ашиглалтын инженер/, наряд шийдвэр олгогч /цехийн дарга/, шийдвэр өгөгч /ээлжийн инженер/-үүд хангуулах үүрэгтэй. “.........................” ТӨХК-нд тухайн өдөрт хийгдэх ажлын жагсаалтыг өглөөний шуурхай дээр алба, хэлтэс, цехүүдийн дарга нар танилцуулдаг. Манай хэлтэс тухайн өдөр хийгдэх ажлын жагсаалтыг аваад хэрэгжилтэд нь хяналт тавьдаг. 2018 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр Турбин цехээс өндөрт гарч цонх шиллэх ажлын жагсаалт манай хэлтэст ирээгүй. Хэрэв ирсэн бол манай хяналтын хэлтэс тухайн нарядын заалтын хэрэгжилтэд хяналт тавих байсан. Тухайн хэрэг гарсан өдөр Турбин цехийн дарга Л.Б нь ажилдаа ирсэн байсан. Цехийн дарга ажилдаа ирсэн байвал нарядыг цехийн дарга бичнэ. Цехийн дарга үүрэг өгсөн бол ашиглалтын инженер нарядыг бичиж болно гэх мэдүүлэг /хх-ийн 41-42/,
Гэрч Н.Чийн өгсөн: “.........................” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирлын 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн Б-94 дугаартай тушаалаар наряд бичих эрхийг цехийн дарга Л.Бад, цехийн дарга албан томилолтоор явсан, ээлжийн амралттай, сургалттай, өвчтэй, чөлөөтэй байх тохиолдолд тус цехийн ашиглалтын инженерийг орлон гүйцэтгэгчээр томилсон. Мөн Б-37 дугаартай тушаалаар өндөрт хийгдэх цонхыг шинэчлэх, шиллэх ажлыг мөрдүүлж ажиллахыг Турбин цехийн дарга Л.Бад үүрэг болгосон. Тухайн хэрэг болсон өдөр Л.Б нь ажилдаа ирсэн байсан. Тэгэхээр Э.Д өндөрт гарч цонх шиллэхэд Л.Б наряд бичих байсан. Л.Б нь Хангамж үйлчилгээний хэлтсийн даргад захиалга өгч 2 хүн гаргуулж цонхоо шиллүүлж болох байсан. Тухайн үед Л.Б нь ямар ч захиалга өгөөгүй, цехийнхээ ажилтанд үүрэг даалгавар өгч бичгэн нарядаар хийж гүйцэтгэх ажлыг аман шийдвэрээр үүрэг өгч Э.Дыг өндөрт гаргаж цонх шилүүлсэн байсан гэх мэдүүлэг /хх-ийн 43-44/,
Гэрч Ц.Хийн өгсөн: ...би цехийн дарга Л.Бын үүрэг болгосноор 2018 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр Д, Ц нарт Турбин цехийн 4 давхарт байх 5 цонхыг шиллэх үүрэг өгсөн. Гэхдээ амаар үүрэг даалгавар өгч хамгаалалтын бүсээ зүү, шат ашигла гэж үүрэгжүүлсэн. Д, Ц нарын ажил үүргийн хуваарьт цонх шиллэх үүрэг байхгүй. Би ажлынхаа дундуур Ц, Д 2-ын хийж байгаа ажлыг шалгахаар очиход тэр 2 “силконы буу эвдэрчихлээ” гээд буугаа засварлаад сууж байсан. Тэгэхээр нь буугаа сайн засаад дээшээ гарахдаа аюулгүйн бүсээ заавал зүүгээрэй гэж хэлээд ажлаа хийхээр явсан. Тэгээд би зуух тэтгэх деаэрторыг засвараас аваад ажилд залгах үйл ажиллагаанд хяналт тавьж байхад Ц ирээд “хүн уначихлаа” гэж хэлсэн. Тэгэхээр нь би очиход Д хажуулдаад суугаа байгаа байдлаар унасан байсан. Д нь аюулгүйн бүсээ зүүгээгүй байсан. Дыг дээш нь харуулахад зүүн гар нь хугарчихсан байх шиг байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 45-50/,
Гэрч Х.Аийн өгсөн: ...Ингээд би Турбин цехэд очиход дээд тавцан дээр буюу краны зам дээр хүн унасан байдалтай байсан. Намайг очиход тэр хүний хажууд манай ажилчид болох Ц, Т, Г нар байсан. Хэн унасан талаар лавлахад тэнд байсан хүмүүс “Д уначихлаа” гэж хэлсэн. Тухайн үед Дын баруун гарыг биетэй нь наагаад боосон байсан. Д нь ажил хийж байгаад бүсээ тайлаад силкон аваад дээшээ гараад зогсож байтал гагнасан төмөр нь хугараад унасан юм шиг байна... гэх мэдүүлэг /хх-ийн 53-54/,
Гэрч Л.Цын өгсөн: ...ашиглалтын инженер Х нь Д бид хоёрт Тэмдэгт-22 дээр цонх шиллэх үүрэг өгсөн. Д нь хамгаалалтын бүсгүйгээр дээшээ гараад 2 цонх шиллэсэн. Д дээр цонх шиллэж байхад силконы буу эвдрээд би засаад Дт өгтөл болохгүй байсан. Нэг хартал Дын гишгэж байсан төмөр хугараад Д доошоо уначих шиг болсон. Тэгээд би бууж харахад Дын зүүн гарын бугалга хэсгээр хугарчихсан орилоод хэвтэж байсан. Цонх шиллэх ажил нь ажлын хуваарьт орсон эсэхийг мэдэхгүй байна... гэх мэдүүлэг /хх-ийн 55-57/,
Гэрч Х.Аийн өгсөн: 2018 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр ээлж хүлээн авч байхад ашиглалтын инженер Х орж ирээд хийх ажлын талаар мэдээлэл өгөхдөө Ц, Д хоёрт Тэмдэгт-22 дээр цонхоо хийгээд дуусгаарай гээд аюулгүйн бүс өгсөн. Ингээд би тухайн өдөр ээлжинд гарах 8 ажилтан болон өдрөөр ажиллах Ц, Д нарт аюулгүй ажиллагааны зааварчилга өгч гарын үсэг зуруулсан. Миний өгсөн аюулгүй ажиллагааны зааварчилга нь өдөр тутмын ерөнхий зааварчилга юм. Д өндөрт гарч ажил хийсэн болохоор цехийн дарга, эсвэл ашиглалтын инженер наряд бичиж тусад нь зааварчилга өгөх байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 60-62/,
Шинжээч С.Энхжингийн өгсөн: Наряд гэдэг нь ажлын хэмжээ, ажлын байр, аюулгүй ажиллагааг хангах арга хэмжээ, бүрэлдэхүүн, аюулгүй байдлыг хариуцагч нарыг тодорхойлж тусгай маягт дээр бичсэн шийдвэрийг хэлж байгаа юм. Энэ нь бичгээр өгч байгаа шийдвэр юм. “.........................” ТӨХК нь цахилгаан байгууламжийн ашиглалтын үед мөрдөх аюулгүй ажиллагааны дүрмийн дагуу нарядаар болон ам шийдвэрээр гүйцэтгэх ажлын жагсаалтыг баталж мөрдүүлсэн. Цонх шиллэх ажил нь нарядаар гүйцэтгэх ажлын жагсаалтын 3 дугаар зүйлийн 17-д заагдсан. Хохирогч Э.Д нь ажлын тусгай хувцас, хамгаалах хэрэгслийг зориулалтын дагуу хэрэглэх үүргээ биелүүлээгүй, “.........................” ТӨХК-ийн 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн Б-37 дугаартай тушаалаар баталсан наряд болон шийдвэрээр хийж гүйцэтгэх ажлын явцад ажлыг аюулгүй гүйцэтгэх зохион байгуулалтын арга хэмжээг мөрдүүлж, хяналт тавьж ажиллах үүргээ Турбин цехийн дарга биелүүлээгүйгээс осол гарсан гэх мэдүүлэг /хх-ийн 72/,
...Үзлэгийг “.........................” ТӨХК-ийн Турбин цехийн байранд явуулж, үйлдвэрийн дулаан дамжуулах шугам дундуур 28 метр газар яваад шалан дээр улаан хүрэн өнгийн хамгаалах бүс, силкон шахах багаж, 2 ширхэг хоосон силконы сав, 60х60 сантиметр хэмжээтэй 3 ширхэг шил тавьсан байв... гэх хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 14-18/,
“.........................” ТӨХК-ийн ашиглалтын ажилтнуудын өдөр тутмын зааварчилгын журналд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 19-20/,
“.........................” ТӨХК-ийн ашиглалтын ажилтнуудын өдөр тутмын зааварчилгын журнал болон хэргийн газрын үзлэгээр хураан авсан аюулгүйн бүсийг эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 33/,
Э.Д нь 8, 9, 11, 12 дугаар хавирганы хугаралтай, зүүн бугалга ясны хөндлөн хугаралтай гэх Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн тодорхойлолт /хх-ийн 63/,
Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 1065 дугаартай “Э.Дын биед зүүн уушгины бүрэн бус шалчийлт, баруун зүүн цээжний хөндийн хий, шингэн хуралт, зүүн уушгины няцрал, бүсэлхийн 3 дугаар нугамламын их биеийн шахагдсан хугарал, сээр нурууны 8-12 дугаар нугаламуудын сэртэнгийн хугарал, зүүн 6, 7, 8, 9, 10 дугаар хавиргануудын битүү хугарал, зүүн атгаал ясны хугарал, хугарал засах мэс заслын дараах байдал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр буюу хатуу гадарга дээр унах үед үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтлүүд нь цөм нэг цаг хугацаанд буюу тухайн хэрэг болсон гэх хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-т зааснаар учрах үедээ амь насанд аюултай, гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид эрүүл мэнд, ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 65/,
Шинжээч С.Энхжингийн 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 10-06-019/07 дугаартай “.........................” ТӨХК-ийн Турбин цехэд ажиллаж байсан Э.Д нь 2018 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр унаж гэмтсэн гэх хэрэгт “.........................” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирлын 2018 оны Б-37 дугаартай тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Компанийн дулааны шугам сүлжээ, дулаан механикийн тоноглол болон цахилгаан байгууламжид нарядаар хийж гүйцэтгэх ажлын жагсаалт”-ын 3 дугаар хэсгийн 17-д заасан “Өндөрт хийгдэх цонхыг шинэчлэх, шиллэх...” заалт зөрчигдөж наряд бичигдээгүй байна. Дээрх тушаалын 3 дугаар хэсгийн 2-т “Наряд болон шийдвэрээр хийж гүйцэтгэх ажлын явцад ажлыг аюулгүй гүйцэтгэх зохион байгуулалтын арга хэмжээг мөрдүүлж хяналт тавьж ажиллахыг алба, хэлтэс, цехүүдийн дарга нарт үүрэг болгосон байна” гэх дүгнэлт /хх-ийн 69/, 2019 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 19/5 дугаартай “.........................” ТӨХК-ийн Турбин цехэд ажиллаж байсан Э.Д нь Түлш, эрчим хүчний сайдын 2007 оны 47 тоот тушаалаар батлагдсан “Цахилгаан станц, дулааны шугам сүлжээний дулаан механикийн тоноглолын ашиглалтын үеийн ажиллагааны дүрэм”-ийн 2.5.13-т “Шалны төвшин /ажлын талбай/-ээс 1.3 метр, түүнээс дээш өндөрт богино хугацаанд хийгдэх ажил /оосорлож төхөөрөмжийг өгөх г.м/ гүйцэтгэхдээ тавцангүй нөхцөлд заавал хамгаалах бүс хэрэглэнэ” гэсэн заалтыг зөрчсөн” гэх дүгнэлт /хх-ийн 74/,
Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Хөдөлмөрийн хяналтын улсын ахлах байцаагч С.Баяраа, Д.Бямбасүрэн, Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч Ц.Бадмаа нарын 2019 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 05-092/33 дугаартай “2018 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 13 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “.........................” ТӨХК-ийн Турбин цехэд тэжээлийн насосын машинч ажилтай Э.Д нь тус байгууллагын ашиглалтын инженерийн өгсөн үүрэг даалгаврын дагуу өндөрт байрлах цонхны шилийг солих явцдаа унаж эрүүл мэндэд нь хүнд хохирол учирсан нь үйлдвэрийн осол мөн. Тэжээлийн насосын туслах машинч ажилтай хүнээр өндөрт ажиллах ажил үүргийг гүйцэтгүүлсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д “Ажил олгогч нь энэ хуульд зааснаас бусад тохиолдолд ажилтнаас хөдөлмөрийн гэрээнд тусгаагүй ажил гүйцэтгэхийг шаардаж болохгүй” гэсэн заалтыг, өндөрт ажил үүрэг гүйцэтгүүлж байгаа нөхцөлд хамгаалалтын бүсийг бэхлэх хөдөлгөөнгүй цэгийг тодорхой зааж өгөөгүй, өндөрт ажиллах үеийн аюулгүй ажиллагааг хангаж ажиллуулах, хяналт тавих, Турбин цехийн дарга, ашиглалтын инженер нарын ажлын байрны тодорхойлолтын 3.18-д “ХАБЭА-н тухай хууль тогтоомжид заасан ажил олгогчийн үүрэг, ХАБЭА-н бодлого, энэхүү болон бусад журмууд, ХАБЭА-н стандарт, журам, дүрэм, зааврын шаардлагыг мэдэх, тэдгээрийн биелэлтийг нэн тэргүүнд өөрөө хангаж ажиллах, удирдаж буй ажилтнуудаар хангуулах”, Ажилтнуудад хүчин төгөлдөр үйлчилж байгаа ХАБ-ын заавар, дүрэм, журам, шаардлагыг баримталж байгаа байдалд хяналт тавих”, “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай” хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.1-д “үйлдвэрлэлийн явцад бий болсон хими, физик, биологийн хүчин зүйл нь ажлын байрны хөдөлмөрийн эрүүл ахуй, байгаль орчинд сөрөг нөлөөлөл үзүүлэхгүй байх нөхцөлийг бүрдүүлэх, техник, зохион байгуулалтын арга хэмжээ авах” гэсэн заалтууд тус тус зөрчигдсөн байна. Осолдогч нь өндрийн хамгаалалтын бүс хэрэглэж хэвшээгүй нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2.7-д “Өөрийгөө болон бусдыг аюул, эрсдэлд учруулахгүй байх” мөн зүйлийн 18.2.5-д “Ажлын тусгай хувцас, хамгаалах хэрэгслийг зориулалтын дагуу хэрэглэх” гэсэн заалтыг тус тус зөрчсөн байна. Гүйцэтгэх захирлын Б-37 тушаалаар батлагдсан “Наряд шийдвэрээр гүйцэтгэх ажлын жагсаалт”-д заасан өндөрт ажиллах ажилд зайлшгүй наряд бичиж уг ажилтай нь уялдуулж ажлын аюулгүй ажиллагааны зааварчилга өгч, удирдах ажилтны хяналтын дор уг ажлыг гүйцэтгэх журмын заалт хэрэгжээгүй байна. Турбин цехийн дарга Л.Б нь Хангамж үйлчилгээний хэлтэст цонх шиллүүлэх ажлын захиалга өгч хийлгүүлэлгүй өөрийн ажилчдаар гүйцэтгүүлэх шийдвэр гаргасан нь Гүйцэтгэх захирлын Б-37 тушаалаар батлагдсан “Наряд шийдвэрээр гүйцэтгэх ажлын жагсаалт”-ын 5-д заасныг зөрчсөн байна...” гэх дүгнэлт /хх-ийн 81-84/,
“Түлш, эрчим хүчний сайдын 2007 оны 47 тоот тушаалаар батлагдсан “Цахилгаан станц, дулааны шугам сүлжээний дулаан механикийн тоноглолын ашиглалтын үеийн ажиллагааны дүрэм”-ийн 2.5.13, 4.2.5 дахь заалт, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2.5, 18.2.7, 18.2.8 дахь заалтуудыг тус тус зөрчсөн, Гүйцэтгэх захирлын Б-37 тушаалын хавсралт 1-д заасан ажлыг нарядаар гүйцэтгүүлээгүй зэрэг нь Үйлдвэрийн осол, хурц хордлого гаргахад нөлөөлсөн...” гэх үйлдвэрлэлийн ослыг тогтоосон акт /хх-ийн 107/,
“.........................” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирлын 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн Б-37 дугаартай “Наряд, шийдвэрээр гүйцэтгэх ажлын жагсаалт батлах тухай” тушаал, 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн Б-94 дугаартай “Нарядын хариуцлагатнуудыг томилох тухай” тушаал /хх-ийн 110-117/,
“.........................” ТӨХК-ийн Турбин цехийн даргын ажлын байрны тодорхойлолт /хх-ийн 118-123/, Тэжээлийн насосны машинчийн ажлын байрны тодорхойлолт /хх-ийн 162-165/,
“.........................” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирлын 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн Б-367 дугаартай “Сахилгын шийтгэл ногдуулах, сарын үр дүнгийн шагнал хасах тухай” тушаал /хх-ийн 173-174/,
“.........................” ТӨХК-ийн ажилчдын 2018 оны 09 сарын цагийн бүртгэл /хх-ийн 175/ зэрэг хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцсэн бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтуудыг хэргийн үйл баримтыг тогтооход ач холбогдолтой, хамааралтай гэж үнэлж, прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Шүүгдэгч Л.Бын Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.1-д “үйлдвэрлэлийн явцад бий болсон хими, физик, биологийн хүчин зүйл нь ажлын байрны хөдөлмөрийн эрүүл ахуй, байгаль орчинд сөрөг нөлөөлөл үзүүлэхгүй байх нөхцөлийг бүрдүүлэх, техник, зохион байгуулалтын арга хэмжээ авах” гэснийг, “.........................” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирлын 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн Б-37 дугаартай Наряд, шийдвэрээр гүйцэтгэх ажлын жагсаалт батлах тухай тушаал, “.........................” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирлын 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн Б-94 дугаартай Нарядын хариуцлагатнуудыг томилох тухай тушаал, “.........................” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирлын баталсан Турбин цехийн даргын ажлын байрны тодорхойлолтын 3.18-д заасныг тус тус биелүүлж ажиллаагүй үйлдэл нь 2018 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 13 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “.........................” ТӨХК-ийн Турбин цехэд Э.Д нь ажил үүргээ гүйцэтгэж байхдаа өндрөөс унаж эрүүл мэндэд нь зүүн уушгины бүрэн бус шалчийлт, баруун, зүүн цээжний хөндийн хий, шингэн хуралт, зүүн уушгины няцрал, бүсэлхийн 3 дугаар нугаламын их биеийн шахагдсан хугарал, сээр нурууны 8-12 дугаар нугаламуудын сэртэнгийн хугарал, зүүн 6, 7, 8, 9, 10 дугаар хавирганы битүү хугарал, зүүн атгаал ясны хугарал бүхий хүнд хохирол учирсантай шууд шалтгаант холбоотой ба Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулах гэмт хэргийн бүх шинжийг агуулж байх тул Л.Быг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
2. Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар
Гэмт хэргийн улмаас хохирогч Э.Дын эрүүл мэндэд зүүн уушгины бүрэн бус шалчийлт, баруун зүүн цээжний хөндийн хий, шингэн хуралт, зүүн уушгины няцрал, бүсэлхийн 3 дугаар нугамламын их биеийн шахагдсан хугарал, сээр нурууны 8-12 дугаар нугаламуудын сэртэнгийн хугарал, зүүн 6, 7, 8, 9, 10 дугаар хавиргануудын битүү хугарал, зүүн атгаал ясны хугарал бүхий хүнд хохирол учирсан бөгөөд хохирогч нь санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй болох нь шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Э.Дын өгсөн “...Байгууллагаас 1.000.000 төгрөгийн нэг удаагийн буцалтгүй тусламж, ажилчдаас 470.000 төгрөгийн хандив өгсөн. 2019 оны 1 дүгээр сараас миний цалин хөлс бүрэн олгогдож байгаа. Өөр гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлгээр нотлогдож байна.
Иймд шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
3. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар
Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч Л.Б нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байна.
Шүүгдэгчид оногдуулах ял, эрүүгийн хариуцлагыг хэлэлцэх шүүх хуралдаанаар улсын яллагчаас шүүгдэгчид хөдөлмөрийн аюулгүй байдал хариуцсан ажилтнаар ажиллах эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 2 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулах санал гаргажээ.
Шүүгдэгч Л.Б нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 98/-аар нотлогдож байх бөгөөд шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад харгалзан үзэх хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Харин шүүгдэгч Л.Бын тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.
Шүүгдэгч Л.Бын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд эрх хасах ялыг заавал оногдуулна гэж заасан тул Л.Бад аж ахуй нэгж байгууллагад хөдөлмөрийн аюулгүй байдал хариуцсан ажилтнаар ажиллах эрхийг 1 жилийн хугацаагаар хасах ял оногдуулах нь үндэслэлтэй байна.
Шүүгдэгчийг дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор тэнссэн хугацаанд хөдөлмөрийн аюулгүй байдлын тухай сургалтад хамрагдах үүргийг хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Л.Б нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулдаг болохыг дурдвал зохино.
Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдсан “.........................” ТӨХК-ийн ашиглалтын ажилтнуудын өдөр тутмын зааварчилгын журнал болон хэргийн газрын үзлэгээр хураан авсан аюулгүйн бүсийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц “.........................” ТӨХК-нд буцаах нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгчид хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн тул түүнд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Л.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Л.Бад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Л.Быг аж ахуй нэгж байгууллагад хөдөлмөрийн аюулгүй байдал хариуцсан ажилтнаар ажиллах эрхийг 1 жилийн хугацаагаар хасах ялаар шийтгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар Л.Бад тэнссэн хугацаанд хөдөлмөрийн аюулгүй байдлын тухай сургалтад хамрагдах үүргийг хүлээлгэсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Б нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.
6. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нь санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг дурдсугай.
7. Хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдсан ашиглалтын ажилтнуудын өдөр тутмын зааварчилгын журнал, аюулгүйн бүс зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц “.........................” ТӨХК-нд буцаан олгосугай.
8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Бад өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
10. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Л.Бад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ИХТАМИР