Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 07 сарын 27 өдөр

Дугаар 79

 


ШИЙТГЭХТОГТООЛ

                          
2016.7.27                                       79

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хэргийн индекс: 156/2016/0089/Э
Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ганзориг  даргалж,
Шүүх хуралдаанд:
Нарийн бичгийн дарга:            Б.Алтансувд,
Улсын яллагч:                    Ц.Цэен-Ойдов,
Шүүгдэгчийн өмгөөлөгч:            Д.Ганхуяг, 
Шүүгдэгч:                    М.Мөнхбаяр, Э.Пүрэвдорж нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны "Б" танхимд нээлттэй явуулж,

Хэнтий аймгийн Прокурорын газраас шүүгдэгч М.Мөнхбаяр, Э.Пүрэвдорж нарт  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 201623000156 дугаартай хэргийг 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Хэнтий аймгийн Дэлгэрхаан суманд 1989 оны 05 дугаар сарын 07-ны өдөр төрсөн,  эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, охины хамт Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын 4-р багт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, 2013 оны 05 сарын 21-ны өдөр Хэнтий аймаг дахь Сум дундын 1-р шүүхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145-р зүйлийн 145.3-т зааснаар 5 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлж  2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр эдлээгүй үлдсэн ялаас  өршөөн хэлтрүүлсэн, Харваач овгийн Мягмаржавын Мөнхбаяр /РД:СГ89050714/
Хэнтий аймгийн Хэрлэн суманд 1992 оны 07 дугаар сарын 09-ны өдөр төрсөн,  эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, ээж, дүү, эхнэр, охины хамт Хэнтий аймгийн Хэрлэн сумын 7-р баг Өлзийт тосгонд оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, 2014 оны  10 сарын 08-ны өдөр  Сум дундын 28-р шүүхээр эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 3 жилийн хорих ялаар шийтгүүлж 2 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан Боржигон овгийн Эрдэнэцэцэгийн Пүрэвдорж /РД:СШ92070914/
Шүүгдэгч нарын холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд дурдсанаар/
            Шүүгдэгч М.Мөнхбаяр, Э.Пүрэвдорж нар нь бүлэглэн 14-88 ХЭЗ улсын дугаартай “Чансаа” маркийн мотоцикль ашиглан 2016 оны 5 дугаар сарын 13-ны өдрөөс 14-нд шилжих шөнө Хэнтий аймгийн Мөрөн сумын 3-р багийн нутагт оршин суух иргэн Н.Алтансүхийн хоттой хониноос 3 тооны хонь, 1 тооны ямааг хулгайлж 290000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүгдэгч М.Мөнхбаяр, Э.Пүрэвдорж нар нь бүлэглэн 14-88 ХЭЗ улсын дугаартай “Чансаа” маркийн мотоцикль ашиглан 2016 оны 5 дугаар сарын 13-ны өдрөөс 14-нд шилжих шөнө Хэнтий аймгийн Мөрөн сумын 3-р багийн нутагт оршин суух иргэн Н.Алтансүхийн хоттой хониноос 3 тооны хонь, 1 тооны ямааг хулгайлж 290000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:       
Хохирогч Н.Алтансүхийн мөрдөн байцаалтад өгсөн:Би Хэнтий аймгийн Мөрөн сумын 3-р баг Мандалын булан гэх газар нутагладаг. 2016 оны 5 сарын 13-ны өдрөөс 14-нд шилжих шөнө гэрийн гадаа хонио хашаандаа хашаад хоноод маргааш нь хоттой хониноосоо 3 тооны хонь, 1 тооны ямаа алдсан байсан. Тэгээд удаагүй байж байхад цагдаа нар ирж таны алдсан хонь байна уу гэж асуухаар нь байхгүй гэж хэлэхэд манай айл байдаг хүний дүүгийн хүүхэд хулгайлсан байсан. Хохирлоо бүрэн авсан. Одоо гомдолгүй гэсэн мэдүүлэг /хх- 22х/
Иргэний нэхэмжлэгч М.Намнанбадарчийн мөрдөн байцаалтад өгсөн. 2016 оны 04 сард шинэ мотоцикль худалдан аваад өөрийн хуучин унаж байсан “Чансаа” маркийн улаан өнгөтэй 14-88 ХЭЗ улсын дугаартай мотоциклио унахгүй болсон. Тэгсэн манай хүргэний хамаатан Пүрэвдорж гэх залуу надаа унахгүй байгаа хуучин мотоциклио түр унуулаач гэж гуйхаар нь өгсөн. /хх- 27 х/
Гэрч Э.Машбаярын мөрдөн байцаалтад өгсөн: 2016 оны 05 дугаар сарын 14-ний өглөө гэртээ эхнэр хүүхдийн хамт унтаж байхад Мөнхбаяр орж ирээд Машаа ахаа 3-4 юм хашаанд чинь хуулчихья гэхээр нь манай эхнэр Гантуяа хүүхэд сэрээчих гээд байна юу яриад байгаа юм гар гэхэд гараад явсан гэсэн. Тэгээд би өглөө 10 цаг өнгөрч байхад сэрээд бостол түмпүүчикэн дээр уушиг зүрх харагдсан. Би Мөнхбаярын манай хашаанд авчирч хуулсан хонь ямааг хулгайн эд зүйлс гэдгийг мэдээгүй гэсэн мэдүүлэг. /хх-30х/
Шүүгдэгч М.Мөнхбаярын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Би 5 сарын 30-ны өдөр Пүрэвдоржтой цуг явж байгаад айлын хонь, ямаа нийлсэн 4 бог хулгайлсан нь үнэн. Дахин ийм хэрэг хийхгүй. Надад хөнгөн ял оноож өгнө үү гэсэн мэдүүлэг.
Шүүгдэгч Э.Пүрэвдоржийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Би 5 сарын 30-ны өдөр Мөнхбаяртай цуг явж байгаад айлын хонь, ямаа нийлсэн 4 бог хулгайлсан нь үнэн. Дахин ийм хэрэг хийхгүй. Хохирлоо бүрэн төлсөн гэсэн мэдүүлэг.
Эд зүйлийн үнэлгээ /хх- 23х/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүгдэгч М.Мөнхбаяр, Э.Пүрэвдорж нарын бүлэглэн, машин механизм ашиглаж бусдын малыг хулгайлсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг байна.
Шүүгдэгч нар нь энэ гэмт хэргийг шууд санаатай үйлджээ.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Н.Алтансүхэд 290000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд хохирогч нь хохирлоо барагдуулж авсан, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгч нарыг бусдад төлөх хохирол төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгч нарын хувьд ногдох эд хөрөнгийн байдлыг харгалзан тэдэнд эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэх шаардлагагүй гэж үзэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  49 дүгээр зүйлийн 49.1- д зааснаар шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл нь өөр этгээдийн өмч болох нь тээврийн хэрэгслийн гэрчилгээ, иргэний нэхэмжлэгч, шүүгдэгч нарын мэдүүлгээр тогтоогдож байх тул түүний үнэ болох 150000 /нэг зуун тавь/ төгрөгийг хувааж шүүгдэгч М.Мөнхбаяраас 75000 төгрөг, шүүгдэгч Э.Пүрэвдоржоос 75000 төгрөгийг тус тус гаргуулж төрийн өмчлөлд шилжүүлэхээр тогтов.

Шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн зэрэг байдлуудыг харгалзан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 297,  298 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Харваач овгийн Мягмаржавын Мөнхбаяр, шүүгдэгч Боржигон овгийн Эрдэнэцэцэгийн Пүрэвдорж нарыг бүлэглэн бусдын малыг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Мөнхбаярын эд хөрөнгийг хураахгүйгээр  05 /таван/ сарын баривчлах ялаар, шүүгдэгч  Э.Пүрэвдоржийн эд хөрөнгийг хураахгүйгээр  04 /дөрөв/ сарын баривчлах ялаар тус тус  шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  49 дүгээр зүйлийн 49.1- д зааснаар шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслийн үнэ болох 150000 /нэг зуун тавь/ төгрөгийг хувааж шүүгдэгч М.Мөнхбаяраас 75000 төгрөг, шүүгдэгч Э.Пүрэвдоржоос 75000 төгрөгийг тус тус гаргуулж төрийн өмчлөлд шилжүүлсүгэй.

4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1, 88.1.3 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хутга, олс зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

    5. Шүүгдэгч  нар нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, тэдний бичиг баримт шүүхэд ирээгүй ба шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц 14-88 ХЭЗ улсын дугаартай мотоцикль битүүмжилсэн 2016 оны 06 сарын 06-ны өдрийн мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгож, мотоциклийг иргэний нэхэмжлэгч М.Намнанбадарчид буцаан олгосугай.

6.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар энэ шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч М.Мөнхбаяр, Э.Пүрэвдорж нарын  эдлэх ялыг 2016 оны 7 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 7. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний  хэргийн давж заалдах шатны  шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл  бичих эрхтэй болохыг дурдсугай.

 8. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж  тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч М.Мөнхбаяр, Э.Пүрэвдорж нарт авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьсугай.

 

 

ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                            Д.ГАНЗОРИГ