Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | П.Соёл-Эрдэнэ |
Хэргийн индекс | 128/2014/0000/З |
Дугаар | 221/МА2014/0159 |
Огноо | 2014-04-23 |
Маргааны төрөл | Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2014 оны 04 сарын 23 өдөр
Дугаар 221/МА2014/0159
“У х б” ХХК-ийн
нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Цогт даргалж, шүүгч Б.Мөнхтуяа, шүүгч П.Соёл-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Б.Түвшинжаргал, хариуцагч татварын улсын ахлах байцаагч Р.Д, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Т нарыг оролцуулан хийж, Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 555 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлоор “У х б" ХХК-ийн нэхэмжлэлтэй, Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газрын Хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын ахлах байцаагч Р.Д, улсын байцаагч нарт холбогдох захиргааны хэргийг шүүгч П.Соёл-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Татварын улсын байцаагч нарын 2012 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 210176 дугаар актаас өмчлөх бус бусад үл хөдлөх хөрөнгөд байгуулсан болзошгүй эрсдэлийн сангийн зардалд ногдуулсан татвар болон татвар суутгах үүргээ биелүүлээгүй гэх зөрчилд холбогдох татварыг хүчингүй болгон хасаж, төлбөрийн хэмжээг багасгаж өгнө үү” гэжээ.
Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: “У х б" ХХК нь Л.Б-аас муу зээл төлөгдсөн, өрөнд нь байшин авсан хэрнэ орлогод тооцоогүй. Үүнийг орлогод тооцох ёстой байсан учраас төлбөр тогтоосон. Муу зээлд байгуулсан санг татвар ногдох орлогоос хасдаг. Харин эд хөрөнгө дээр байгуулсан эрсдэлийн санг татвар ногдох орлогоос хасдаггүй. Нэхэмжлэгч “У х б” ХХК нь эд хөрөнгө дээр байгуулсан сангаас зардлыг хассан байсан тул акт тавьсан. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдсан хэлэлцээрт Оросын Холбооны Улс гэж байхгүй. Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах Холбоот Улсыг Оросын Холбооны Улс гэж нэхэмжлэгч буруу ойлгож, тайлбарладаг. Олон улсын гэрээ гэдгийг хүлээн зөвшөөрч байгаа ч уг гэрээнд Оросын Холбооны Улс гэж тусгасан зүйл байхгүй. Нэрийн хувьд маргаантай учир татвараас чөлөөлөх үндэслэлд хамааруулаагүй” гэжээ.
Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 12 дугаар сарын 13-ны '( өдрийн 555 дугаар шийдвэрээр: “Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.16, Татварын ерөнхий хуулийн 2 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт заасныг баримтлан Улаанбаатар банкны нэхэмжлэлийн үлдсэн шаардлагыг ханган, актаар нэхэмжлэгчид 2009 онд өмчлөх бусад үл хөдлөх эд хөрөнгийн эрсдэлийн санд төвлөрүүлсэн 418437,5 мянган төгрөгт 41843,8 мянган төгрөгийн нөхөн татвар, 12553,1 мянган төгрөгийн торгууль, 20921,9 мянган төгрөгийн алданги, 2009-2011 онд Оросын Холбооны Улсын Эдийн засгийн хамтын ажиллагааны банканд шилжүүлсэн нийт 1420415.2 мянган төгрөгийн зээлийн хүүнд 142041.5 мянган төгрөгийн нөхөн татвар, 42612.5 мянган төгрөгийн торгууль, 47151.7 мянган төгрөгийн алданги тус тус ногдуулсныг хүчингүй болгож, нийт 307124.5 мянган төгрөгөөр актаар тогтоогдсон төлбөрийн хэмжээг багасгаж” шийдвэрлэжээ.
Хариуцагч Р.Д давж заалдах гомдолдоо: “2009 онд 418,437.5 мянган төгрөгийн өмчлөх бусад үл хөдлөх хөрөнгөнд байгуулсан болзошгүй эрсдэлийн сангийн зардлыг татвар ногдох орлогоос хасч тооцсон зөрчилд ногдуулсан 41,843.8 мянган төгрөгийн нөхөн татвар, 12,553.1 мянган төгрөгийн торгууль, 20,921.9 мянган төгрөгийн алдангийг нэг орлого, зардал дээр татварыг давхар ногдуулсан байна гэсэн үндэслэлээр хүчингүй болгосон нь хуульд нийцэхгүй байгаа тул шинжээч томилж, дахин нягталж өгнө үү.
Оросын Холбооны Улсын Эдийн засгийн хамтын ажиллагааны банканд 2009 онд 460,663.1 мянган төгрөг, 2010 онд 418,063.9 мянган төгрөг, 2011 онд 541,688.2 мянган төгрөг, нийт 1,420,415.2 мянган төгрөгийн зээлийн хүүг шилжүүлэхдээ татвар суутган аваагүй гэсэн зөрчлийг хүчингүй болгосон нь хуульд нийцээгүй шийдвэр тул хүлээн зөвшөөрөхгүй байна.Үүнд:
Монгол Улсын Гадаад харилцааны яамны 2013 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 09/4168 дугаар албан бичигт ”Оросын Холбооны Улсын Эдийн засгийн хамтын ажиллагааны банк нь 1963 онд үүсгэн байгуулагдсан. ... Болгар, Вьетнам, Куба, Монгол, Польш, Оросын Холбооны Улс, Румын, Словак болон Чех зэрэг гишүүн улстай ... 1990 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн протоколын дагуу Олон улсын эдийн засгийн хамтын ажиллагааны банкийг байгуулах ба түүний үйл ажиллагааны тухай хэлэлцээр, Олон улсын эдийн засгийн хамтын ажиллагааны банкны дүрэм хэмээн өөрчилсөн. Манай улс 1977 оны дээрх хэлэлцээр, мөн тус банкны дүрмийг өөрчлөх тухай протоколыг 1979 оны 12 дугаар сарын 04-ний өдөр баталсан.” гэж дурдсан байгаа. Гэтэл Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах Холбоот Улс нь 1990 оны 12 дугаар сарын 31-нд албан ёсоор задарсан болно.
Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах Холбоот Улс задарсан 1990 оны 12 дугаар сарын 31-ээс хойших хугацаанд Эдийн засгийн хамтын ажиллагааны банк нь дээрх хэлэлцээр болон дүрмээ өөрчлөөгүй байна. Өөрөөр хэлбэл банкны гишүүнчлэлийн хөдөлгөөний талаар олон улсын хэлэлцээрт өөрчлөлт хийгдээгүй байна.
1991 оны сүүлчээр Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах Холбоот Улс задрахад Олон улсын хамтын нийгэмлэгээс түүний залгамжлагчаар Оросын Холбооны Улсыг хүлээн зөвшөөрсөн болохыг, мөн Нэгдсэн Үндэсний Байгууллагын Аюулгүйн Зөвлөлд Зөвлөлт Холбоот Улсын эзэлж байсан байр суурийг Оросын Холбооны Улс үргэлжлүүлж байгаа зэрэг нь дээрх Эдийн засгийн хамтын ажиллагааны олон улсын банк байгуулах тухай хэлэлцээртэй ямар ч хамааралгүй тусдаа ойлголт юм.
Иймд, Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 12 дугаар сарын 13- ны өдрийн 555 дугаар шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.
Нэхэмжлэгч “У х б” ХХК нь Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газрын улсын байцаагчийн 2012 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 210176 дугаар актыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг гаргажээ.
Уг актаар 747.617.200 төгрөгийн төлбөр тогтоосноос Татварын маргаан таслах зөвлөлийн 2013 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 17 дугаар тогтоолоор төлбөрийн хэмжээг бууруулж, 343.310.200 төгрөгөөр тогтоосон байх бөгөөд нэхэмжлэгчээс актын 2, 4, 5 тусгагдсан зөрчлийг хүлээн зөвшөөрч, нэхэмжлэлийн шаардлагын холбогдох хэсгээс татгалзаж, зөвхөн актын 1 болон 3 дахь хэсэгт заасан зөрчилтэй холбогдуулан маргаж байна.
1. “Өмчлөх бусад үл хөдлөх хөрөнгөнд байгуулсан болзошгүй эрсдэлийн сангийн зардлыг орлогоос хасч тооцсон” гэх зөрчлийн тухайд:
“У х б” ХХК нь зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй Л.Б-аас зээлийн барьцаанд барьцаалсан үл хөдлөх хөрөнгийг хураан авч, өмчлөх бусад үл хөдлөх хөрөнгөд бүртгэн, эрсдэлийн санд төвлөрүүлж, зардалд тооцон, татвар ногдох орлогоос хасч тооцжээ.
Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.16 дахь хэсэгт зааснаар банкны зээл төлөгдөхөд учирч болзошгүй алдагдлаас хамгаалах санд төвлөрүүлсэн хөрөнгийг албан татвар ногдох орлогоос хасагдах « зардалд тооцохоор зохицуулжээ.
Нэхэмжлэгчийн Л.Б-ийн авсан зээлийг барьцааны зүйлээр барагдуулсан үйл ажиллагааг шүүхээс хүчингүй болгосон болох нь Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний шүүх хуралдааны 2012 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 413 дугаар тогтоолоор тогтоогдож байна.
Иймээс “У х б” ХХК-ийг барьцаанд авсан хөрөнгийг худалдан борлуулсан, барьцааны зүйлийг өмчлөх эрх үүссэн гэж үзэх үндэслэлгүй, анхан шатны шүүх энэ талаар үндэслэлтэй дүгнэлт хийж, нэхэмжлэлийг хангажээ.
Монгол банкны ерөнхийлөгч, Санхүү, эдийн засгийн сайдын 2004 оны 459/207 дугаар хамтарсан тушаалаар баталсан Активыг ангилах, активын эрсдэлийн сан байгуулж, журмын Хоёрын 1-3-т зааснаар Л.Б-ийн зээл нь чанаргүй буюу муу зээлийн ангилалд хамаарч байна.
Хариуцагчийн “Л.Б-ийн барьцааны хөрөнгийг банк өөрийн өмчид бүртгэж авсан тул хөрөнгөд байгуулсан эрсдэлийн сан гэж үзэж, татвар ногдох орлогоос хасахгүй” гэх гомдол үндэслэлгүй байна. Учир нь “У х б” ХХК-ийн Л.Б-ийн зээлийн барьцааны эд хөрөнгийг худалдан борлуулсан үйл ажиллагааг шүүхээс хүчингүй болгосон тул хөрөнгийн эрсдэлийн санд төвлөрүүлсэн хөрөнгийг “зээл төлөгдөхөд учирч болзошгүй алдагдлаас хамгаалах санд төвлөрүүлсэн хөрөнгө” гэж үзэж, татвар ногдох орлогоос хасах үндэслэлтэй.
2. “Зээлийн хүүг шилжүүлэхдээ татвар суутган аваагүй” гэх зөрчлийн тухайд:
Оросын Холбооны Улсын Эдийн засгийн хамтын ажиллагааны банк нь 1963 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд Бүгд Найрамдах Монгол Ард Улсын 1979 оны 12 дугаар сарын 4-ний Батламж жуух бичиг, Олон улсын эдийн засгийн хамтын ажиллагааны банк байгуулах ба түүний үйл ажиллагааны тухай хэлэлцээр, Олон улсын эдийн засгийн хамтын ажиллагааны банкны дүрэмд зааснаар тус банкны гишүүн орны газар нутагт орших банк нь бүх төрлийн шууд татвар, хураамжаас чөлөөлөгдөхөөр зохицуулжээ.
Энэхүү хэлэлцээр нь одоо хүртэл Монгол Улсад хүчин төгөлдөр үйлчилж байгаа болох нь Гадаад харилцааны яамны 2013 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 09/6812 дугаар албан бичгээр тогтоогдож байна.
Иймээс Татварын ерөнхий хуулийн 2 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь зээлийн хүүг шилжүүлэхдээ суутгагчийн үүрэг хүлээхгүй.
Хариуцагчийн “олон улсын гэрээ гэдгийг ойлгож байгаа, гэхдээ энэ гэрээнд Оросын Холбооны Улс гэсэн үг гэрээнд байхгүй, нэршлийн хувьд маргаантай” гэх гомдлын тухайд Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах Холбоот Улс задарч, тус улсыг Оросын Холбооны Улс залгамжилсан нь нийтэд илэрхий үйл баримт ба Гадаад харилцааны яамны 2013 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 09/4168 дугаар албан бичигт тус банкны гишүүн орноор Оросын Холбооны Улс бүртгэгдсэн болохыг / нотолсон байх тул дээрх гомдол үндэслэлгүй.
Иймд, дээрх үндэслэлүүдээр хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсгийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧИД |
ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН: |