Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 09 сарын 28 өдөр

Дугаар 212/МА2017/00106

 

М-ын нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Көбеш даргалж, Ерөнхий шүүгч Н.Туяа, Ерөнхий шүүгч С.Өмирбек нарын бүрэлдэхүүнтэй хийж, 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 455 дугаар шийдвэртэй, М-ын  нэхэмжлэлтэй, Б аймгийн Б сумын Засаг даргын Тамгын газарт холбогдох иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2017 оны 8 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч С.Өмирбекийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.  

Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар Б.А, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Н, хариуцагчийн өмгөөлөгч С.А  нар оролцов. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэлийн шаардлага: Б сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн сахилгын шийтгэл ногдуулах тухай 01 дугаартай тушаалын өөрт нь холбогдох хэсгийг, 2017 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 09 дугаартай тушаалыг тус тус хүчингүй болгож, Б сумын ерөнхий боловсролын бүрэн дунд сургуулийн санхүү хариуцсан нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай. 

 

Нэхэмжлэлд: “2005 онд Б суманд “Санхүүгийн алба” байгуулагдсантай холбоотой Б сумын Засаг даргын Тамгын газарт Бүрэн дунд сургуулийн санхүү хариуцсан нягтлан бодогчоор үргэлжлэн томилогдон 2017 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр хүртэл ажиллаж байсан. Ажил олгогчийн зүгээс 2017 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр намайг удаа дараа сахилгын зөрчил гаргасан хэмээн ажлаас халсан явдалд гомдолтой байна. 2017 оны 3 дугаар сарын 29-ний өдөр миний бие эрүүл мэндээ аймгийн төвийн нэгдсэн эмнэлэгт үзүүлэхээр болж ажил олгогчоос цалинтай чөлөө авч, Б сумаас Өлгийд ирсэн. Өлгийд ирж 2017 оны 3 дугаар сарын 30, 31-ний өдөр эмнэлгийн нарийн мэргэжлийн эмчид үзүүлж, мөн оны 4 дүгээр сарын 03-ны өдөр хагалгаа хийлгүүлэхээр эмнэлэгт хэвтэж, 4 дүгээр сарын 17-ны өдөр эмнэлгээс гарсан. Би энэ хугацаандаа чөлөөтэй байсан. Гэтэл ажил олгогчоос намайг өвчтэй байхад 2017 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр ажлаас үндэслэлгүй чөлөөлсөн байна. Надад сахилгын шийтгэл ногдуулсан тушаалдаа “Ажлын цагаар ажлын байранд архидан согтуурсан, Мэргэжлийн хяналтын газрын ээлжит шалгалтад саад учруулж сахилгын шийтгэлийг давтан гаргасан, мөнгө болон эд хөрөнгө хариуцсан албан тушаалтны хувьд багш А-д 2017 оны 3 дугаар сарын цалинг тооцож олгоогүй" хэмээн дурдсан байна. Намайг ажлын байранд архи ууж, Мэргэжлийн хяналтын газрын ээлжит шалгалтад саад учруулсан гэж байгаа нь илт гүтгэлэг. Ажил олгогч нь надад 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр нэг сарын хугацаагаар 20 хувь цалинг буруулах шийтгэл ногдуулсан гэдгээ бичиж үүнийг М зөвшөөрч цалингаас суутгал хийлгэсэн гэжээ. Гэтэл энэхүү шийтгэлийг би хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь ийм арга хэмжээ авсан тушаал, шийдвэр гарч байсныг ч мэдээгүй, гардуулж өгөөгүй бөгөөд миний цалингаас 20 хувийн суутгал хийгдэж байгаагүй. Энэ бол миний 2017 оны 1, 2, 3 дугаар саруудад авсан цалингийн хүснэгтээр нотлогдож байна. Иймд Баян-Өлгий аймгийн Б сумын Засаг даргын Тамгын газрын даргын Сахилгын шийтгэл ногдуулах тухай 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн № 01, 2017 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн Сахилгын шийтгэл ногдуулах тухай 09 тоот тушаалуудыг тус тус хүчингүй болгож, урьд эрхэлж байсан Баян-Өлгий аймгийн Б сумын ерөнхий боловсролын бүрэн дунд сургуулийн санхүү хариуцсан нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоож өгнө үү.” гэжээ.

 

Хариуцагчийн тайлбарт: “М нь дээрх албан тушаалд ажиллаж байхдаа 2016 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр сумын Засаг даргын Тамгын газрын 10 дугаартай тушаалаар ажилдаа хайнга хандсан гэсэн үндэслэлээр нягтлан бодогч А, Б,Г нарын хамт сануулах арга хэмжээ авагдаж байсан. Сануулах арга хэмжээ авагдсаныг хүлээн зөвшөөрч дээд шатны холбогдох байгууллагад болон хууль, шүүхийн байгууллагад тэрээр гомдол гаргаагүй. Арга хэмжээ авагдсаны дараа ч М нь дутагдалдаа дүгнэлт хийгээгүй, хариуцсан ажил албандаа хариуцлагагүй хандаж Аймгийн Санхүүгийн Хяналт аудитын албаны шалгалтаар зөрчилтэй ажилласан нь илэрсэн тул нягтлан бодогч А, Б, Г нарын хамт сарын цалинг нэг сарын хугацаагаар 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл хүлээсэн. М нь Сахилгын шийтгэлээр сарын цалинг нэг сар 20 хувиар хасуулснаа мэдэж цалингаа 20 хувь дутуу авч зөрчлөө хүлээн зөвшөөрч мөн холбогдох дээд шатны байгууллага, шүүхэд гомдол гаргаагүй. Тус Б сумынбүрэн дунд сургуулийн иргэний боловсролын багш А 2017 оны 3 дугаар сарын 21-ний өдөр надад өргөдөл гаргасан. М нь миний 2017 оны 3 дугаар сарын цалинг санаатайгаар гаргаж өгөлгүй хохироолоо. Сургуулийн менежер нь миний цагийн бүртгэлийг бүртгэж нягтлан бодогч М-д хүргүүлсэн байхад цалин тооцож гаргаагүй. Би цалингийн зээлтэй тул хохирсон. Иймд цалинг минь яаралтай гарган өгч нягтлан бодогч Мд арга хэмжээ авч өгнө үү гэсэн утгатай байсан. Уг өргөдөл нь Засаг даргын Тамгын газрын даргад ирсэн өргөдөл, гомдлын бүртгэлийн №42 дугаарт бүртгэгдэж надад ирсэн. Түүнээс гадна М нь ажлын цагаар ажлын байранд архидан согтуурч, аймгийн мэргэжлийн хяналтын газраас ирсэн шалгалтад баримт материал гаргаж өгөлгүй саад учруулсан зэрэг зөрчлийг дахин давтан гаргасан тул шат шатны сахилгын зөрчил гаргаж захиргааны арга хэмжээ авагдсан. М-ыг дахин сануулах, цалинг нь хасах боломжгүй тул би 2017 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр зөрчил илэрсэн сард нь багтаан 10 дугаар тушаалаараа холбогдох хууль, дүрэм, журмын зүйл заалтуудыг үндэслэл болгон түүнийг Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.3 дахь хэсгийн буюу гурван шийтгэлийн хамгийн сүүлчийнх болох ажлаас халах, шийтгэлийг оногдуулан ажлаас нь халсан. Би М-ын гаргасан зөрчлүүдэд шат шатны дагуу шийтгэл оногдуулсан бөгөөд, миний энэ оногдуулсан шийтгэл хуульд нийцэж байна гэж үзэж байна. М нь гомдолдоо А-гийн цалинг гаргаж өгөөгүй байдлаа хүлээн зөвшөөрсөн байгаа бөгөөд нэг өрөөнд суудаг, хамт ажилладаг хүмүүст гуйж, хүсэж байгаад баримт бичүүлж авснаа нотлох баримт болгон хавсаргасан байдаг. Харин тус шүүхэд З нь гэрчээр мэдүүлэг өгөхдөө “Би аймгийн Аудитын газрынхны М нараас арга хэмжээ ав гэж шаардсан дарамтад орж 2016 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 10 дугаартай тушаалаар М нарт сануулах арга хэмжээ авсан. Энэ арга хэмжээ авснаа М нарт мэдэгдээгүй” гэж худал гэрчилсэн байна. З нь Б сумын Засаг даргын Тамгын газрын  даргын ажлаас үндэслэлгүй чөлөөлөгдсөн гэж одоогийн миний хашиж буй албан тушаал болох сумын Засаг даргын Тамгын газрын даргын ажилд эгүүлэн томилуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан байгаа. З нь урьд өмнө Мтай хамт ажиллаж байсан, нэг намынхан гэж тэрүүхэндээ дотно байдлаар үзэл бодлоо нэгтгэж явдгийн хувьд түүнийг өмөөрч, хамгаалан шүүхэд худал мэдүүлэг өгсөн гэж үзэж байна. Түүнээс гадна З нь ажлаасаа чөлөөлөгдөхдөө М нарыг хамгаалж арга хэмжээ авсан хурлын материал болон мэдэгдсэн тухай албан бичиг зэргийг үгүй хийж устгасан байх гэж бодож байна. Ямар ч байсан 3 нь сумын ЗДТГ-ын дарга байхдаа М нарт арга хэмжээ авсан тухай хэрэгт авагдсан 10 тоот тушаалыг гаргаснаа шүүхэд хүлээн мэдүүлж гэрчилсэн болохоор уг 10 дугаар тушаалыг хүчинтэйд тооцож өгөхийг шүүхээс хүсэж байна. Би Б сумын Засаг даргын Тамгын газрын дарга болсны дараа М нарт 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр 01 дугаартай тушаалаараа зохих хууль, журам, дүрэм, үндэслэлийг дурдаж байгаад цалин хасах сахилгын шийтгэл ногдуулсан. Засаг даргын Тамгын газрын өрөөнд М болон тушаалд дурдагдсан бусад албан тушаалтнуудыг дуудан ирүүлж Засаг даргын Тамгын газрын аппаратын ажилтан нарын өмнө дээрх шийтгэлийг хүлээлгэж хурлын тэмдэглэлийг хөтөлсөн. Сумын Засаг даргын Тамгын газрын өмнөх дарга З-ийн болон миний гаргасан 2016 оны 10 дугаар тушаал болон 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 01-ны тушаалуудыг тус тус хүчин төгөлдөр эрхийн акт гэж шүүх нотлох баримтаар үнэлж, М-ын гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 455 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 128.1.7 дахь хэсэгт заасныг баримтлан Б аймгийн Б сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн сахилгын шийтгэх ногдуулах тухай 01 дугаартай тушаалын нэхэмжлэгч М-д холбогдох хэсгийг, Б сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн сахилгын шийтгэл ногдуулах тухай 09 дугаартай тушаалыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэгч М-ыг Б сумын ерөнхий боловсролын бүрэн дунд сургуулийн санхүү хариуцсан нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн давж заалдах гомдлын агуулга: “2017 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 455 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч Б сумынЗасаг дарга С би гомдол гаргаж байна. Нэхэмжлэлийн тайлбар болон шүүх хуралд нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлүүдээ тайлбарлаж хэлсэн. Нэхэмжлэгч М нь 2 удаа сахилгын шийтгэл хүлээж ажлаас чөлөөлөгдсөн нь баримтаар тогтоогдож байхад шүүх нотлох баримт болгон арга хэмжээ авагдсан тухай тушаалыг үнэлэхгүй байна. Өмнөх Засаг даргын Тамгын газрын дарга Мд захиргааны сануулах арга хэмжээ авсан гэж гэрчээр мэдүүлэг өгөхдөө хүлээн мэдүүлсэн бөгөөд уг тушаал нь архивд үлдсэн болохоор би сануулах арга хэмжээ авагдсан байна гэхэд тэрээр урьд нь З нь Засаг даргын Тамгын газрын дарга байхдаа сануулах арга хэмжээ авсан гэж хүлээн зөвшөөрснөөр би 2 дахь арга хэмжээг авч ажлаас нь чөлөөлсөн. Би дараалсан арга хэмжээ болох ажлаас чөлөөлсөн тушаалаар М-ыг ажлаас чөлөөлснөө хуульд нийцэж байна гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн 455 дугаар шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийг нь хүчингүйд тооцож өгнө үү.” гэжээ. 

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбарт: “Засаг даргын Тамгын газрын дарга асан З сануулах арга хэмжээ авсан гэх ба энэ тушаалыг албан ёсоор гардуулах, мэдэгдэх талаар хуулиар зохицуулагдсан учир шүүхэд үнэлэгдээгүй болно. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг дотоод итгэлээр үнэлсний дагуу үнэн бодит шийдвэр гаргасан гэж үзэж байна. Хариуцагч С өөрөө уг албан тушаалд хууль бус томилогдсон. Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр түүнийг өөрийг нь томилсон тушаал хүчингүй болсон байгааг Давж заалдах шатны шүүх анхаарч үзнэ үү.” гэжээ. 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх шаардлагыг хангасан байна.  

 

М нь анх шүүхэд хариуцагч Б сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 09 дугаартай тушаалыг хүчингүй болгож, Б сумын Ерөнхий боловсролын бүрэн дунд сургууль хариуцсан нягтлан бодогчийн  ажилд эгүүлэн тогтоолгох тухай гомдол гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Б сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” 01 дугаартай тушаалын өөрт нь холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэжээ. 

 

Ажил олгогч Б сумынЗасаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 09 дугаартай  тушаалаар ажилтныг сахилгын шийтгэлтэй байх хугацаандаа ажлын цагаар ажлын байранд архидан согтуурсан, аймгийн Мэргэжлийн хяналтын газрын ээлжит шалгалтад саад учруулж сахилгын зөрчлийг давтан гаргасан, мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтны хувьд бүрэн дунд сургуулийн иргэний боловсролын багш А-гийн 2017 оны 3 дугаар сарын 480000 төгрөгийн цалинг тооцож олголгүй ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл гаргасан нь тогтоогдсон гэж үзэж, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 40.1.5, 131 дүгээр зүйлийн 131.1.3 дахь заалт болон Хөдөлмөрийн дотоод журмын 4 дүгээр зүйлийн 4.4 дэх заалтыг тус тус үндэслэн хөдөлмөрийн гэрээг цуцалж ажилтан М-д ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан байна.

 

Нэхэмжлэгчийн Б сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 09 дугаартай тушаалыг хүчингүй болгож, Б сумын ерөнхий боловсролын бүрэн дунд сургуулийн санхүү хариуцсан нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай гомдол үндэслэлтэй бөгөөд анхан шатны шүүх ажилтныг ажлаас халсан үндэслэлийн талаар хэрэгт авагдсан нотлох баримтуудад тулгуурлан, ажил олгогчийн шийдвэрийг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 40.1.5.-т заасан үндэслэлтэй нийцээгүй, ажилтан сахилгын зөрчлийг давтан гаргасан, хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор ноцтой зөрчил гаргасан, мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй тогтоогдоогүй гэж дүгнэхдээ хуулийг зөв тайлбарлаж хэрэглэжээ. 

Нэхэмжлэгч М нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Б сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” 01 дугаартай тушаалын өөрт нь холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэснийг хариуцагч эс зөвшөөрч, маргасан байна. Ажилтанд сахилгын шийтгэл ногдуулсан уг тушаалыг М-д гардуулаагүй, түүний цалин хөлсний хүснэгтээс үзвэл, уг тушаал биелэгдсэн нь тогтоогдоогүй тул ажилтныг эрхээ зөрчигдсөн талаар шүүхэд гомдол гаргахаас өмнө мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан гэж дүгнэх боломжгүй юм. Иймд ажилтан шүүхэд гомдол гаргахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1.-т заасан гурван сарын хугацааны дотор шүүхэд мэдүүлэх эрхээ хэрэгжүүлсэн талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй. 

Ажил олгогч ажилтанд түүний үндсэн цалинг нэг сарын хугацаагаар 20 хувь буруулах сахилгын шийтгэл ногдуулахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн зохих заалтыг хэрэглээгүй, дээрх хөдөлмөрийн сахилгын шийтгэлийг болон М-д ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулах үндэслэлээ баримтаар нотлоогүй, ажилтан “Шилэн дансны тухай хуулийн 4.1.1, 4.1.3, 5.1.4, 7.1 дүгээр зүйлийг хэрэгжүүлээгүй”, “сахилгын шийтгэлтэй байх хугацаандаа ажлын цагаар, ажлын байранд архидан согтуурсан, Мэргэжлийн хяналтын ээлжит шалгалтад саад учруулсан, мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан” хөдөлмөрийн сахилгын зөрчил гаргасан нь тус тус нотлогдон тогтоогдоогүй, ажлаас халах үндэслэлийн талаар хариуцагч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 25 дугаар зүйлийн 25.2.2.-т зааснаар нотлох үүргээ биелүүлээгүй тул ажилтныг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоосон анхан шатны шүүхийн дүгнэлт, шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.-д зааснаар шийдвэрийг хүчингүй болгох, өөрчлөх үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагчийн “шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох тухай” гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3.-т зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн байна. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1.-т заасныг удирдлага болгож ТОГТООХ нь: 

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 455 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай. 

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3.-т зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.   

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, “төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн”, “шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.  

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, 

ШҮҮГЧ Д.КӨБЕШ

 

 

ШҮҮГЧИД Н.ТУЯА

 

 

С.ӨМИРБЕК