| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нямжавын Гэрэлтуяа |
| Хэргийн индекс | 152/2017/00568/и |
| Дугаар | 561 |
| Огноо | 2017-08-17 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 08 сарын 17 өдөр
Дугаар 561
Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Увс аймгийн Улаангом сумын 8 дугаар багт оршин суух, 1962 онд төрсөн, эмэгтэй, регистрийн дугаар ШЖ62090360, Тохир овогтой Баатарын Оюундэлгэрийн,
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2017 оны 8 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, 2017 оны 8 дугаар сарын 10-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Оюундэлгэр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ё.Мөнхгэрэл нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Оюундэлгэр шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие 1978 онд 8 дугаар ангиа төгссөн бөгөөд 1979 оноос Увс аймгийн Давст сумын Алдар нэгдэлд малчнаар ажиллаж байсан. Одоо Улаангом сумын 8 дугаар багт мал маллаж байгаа болно. Өндөр насны тэтгэвэрт орох гэж бичиг баримтаа бүрдүүлэхэд тухайн үед ажиллаж байсан байдлыг нотлох хөдөлмөрийн дэвтэр гээгдүүлсэн тул шүүхэд хандах шаардлагатай болсон. Иймд миний Давст сумын Алдар нэгдлийн Хөндлөн бригадад 1979 оны 7 дугаар сараас 1990 оныг дуустал хугацаанд малчнаар ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоож өгнө үү” гэжээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Оюундэлгэр нь ажиллаж байсан байдал тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргажээ.
Хэрэгт Увс аймгийн Архивын тасгийн 2017 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн цалингийн тодорхойлолт авагдсан байх ба уг тодорхойлолтод Увс аймгийн Давст сумын Алдар нэгдлийн Хөндлөн бригадад ажиллаж байсан Баатар овогтой Оюундэлгэрийн 1979 оны 7 дугаар сараас 1990 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд ажиллаж, авч байсан цалинг түүвэрлэн ирүүлсэн байна.
Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр иргэн О.Хумбаа, Ч.Янжмаа нарыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр оролцуулсан бөгөөд гэрч О.Хумбаа: “Миний бие нь 1959 оноос нэгдэл тарах хүртэл буюу 1991 он хүртэл хугацаанд Увс аймгийн Давст сумын Алдар нэгдэлд мал маллаж байсан. Одоо ч малаа маллан хөдөө амьдарч байна. Б.Оюундэлгэр нь 8 дугаар ангиа төгсөөд аав, ээжийнхээ дэргэд мал маллаж эхэлсэн. Тус нэгдэлд мал маллаж байгаад хүнтэй сууж, тусдаа амьдралтай болон, үрэлжлүүлэн нэгдэл тарах хүртэл хугацаанд малаа малласан. Б.Оюундэлгэрийн аавыг нь Баатар, ээжийг нь Янжмаа гэдэг байсан. Бид нэг баг бригадад, айл саахалт байсан учраас нэгнээ сайн мэдэж байна. Тэр үед Алдар нэгдлийн даргаар Дүгэржав, Дашхүү, Магалжав гэх хүмүүс тус тус ажиллаж байсан” гэж, гэрч Ч.Янжмаа: “Миний бие нь 1965 оноос 1991 оныг дуустал хугацаанд Увс аймгийн Давст сумын Алдар нэгдэлд саалийн үнээ малладаг байсан. Б.Оюундэлгэр мөн л Алдар нэгдлийн Хөндлөн бригадад мал малладаг байсан. Тэрээр 8 дугаар ангиа төгсөөд л нэгдлийн малчин болж байсан. Манайх Б.Оюундэлгэрийн аав Баатар гэх айлтай нэг баг бригадад ажиллаж, амьдарч байсан болохоор сайн мэдэж байна. Б.Оюундэлгэр нь 1979 оны 7 дугаар сараас 1990 оныг дуустал хугацаанд Алдар нэгдэлд мал маллаж байсан. Увс аймгийн Давст сумын Алдар нэгдлийн даргаар н.Дүгэржав, н.Дашхүү, н.Магалжав гэх хүмүүс ажиллаж байсан” гэж тус тус мэдүүлсэн ба гэрчүүдийн ажиллаж байсан байдлыг нотлох О.Хумбаагийн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Ч.Янжмаагийн ажиллаж байсан байдлыг тогтоосон Увс аймаг дахь Сум дундын шүүхийн 1997 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 714 дугаартай шийдвэрийн хуулбар зэрэг баримтууд хэрэгт авагджээ.
Иймд дээрх бичгийн нотлох баримтууд болон гэрчүүдийн шүүхэд өгсөн мэдүүлэг, нэхэмжлэгчийн тайлбар зэргийг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Б.Оюундэлгэрийн 1979 оны 7 дугаар сараас 1990 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд Увс аймгийн Давст сумын Алдар нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Б.Оюундэлгэрийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Тохир овогтой Баатарын Оюундэлгэрийн 1979 оны 7 дугаар сараас 1990 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд Увс аймгийн Давст сумын Алдар нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Б.Оюундэлгэрийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар нэхэмжлэгч нь уг шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ГЭРЭЛТУЯА