| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нямжавын Гэрэлтуяа |
| Хэргийн индекс | 152/2017/00566/и |
| Дугаар | 562 |
| Огноо | 2017-08-17 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 08 сарын 17 өдөр
Дугаар 562
Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Увс аймгийн Улаангом сумын 7 дугаар баг, 2-14 тоотод оршин суух, 1962 онд төрсөн, эмэгтэй, регистрийн дугаар ОЮ62090664, Зуутраг овогтой Риймэдийн Оюуны,
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2017 оны 8 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, 2017 оны 8 дугаар сарын 09-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга Ё.Мөнхгэрэл оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Р.Оюун шүүхэд гаргасан нэхэмжлэл болон хүсэлтдээ: “Миний бие нь 1962 онд төрсөн. Би 1982 оны 6 дугаар сард Увс аймгийн Хөдөө аж ахуйн Техник мэргэжлийн сургууль төгсөөд, Нэгдэл дундын үйлдвэрт 1982 оны 7 дугаар сарын 20-ны өдөр барилгачны ажилд орсон. Нэгдэл дундын үйлдвэрт 1983 оны 5 дугаар сарын 10-ны өдөр хүртэл ажиллаж байгаад эрүүл мэндийн шалтгаанаар уг ажлаас гарч, 1983 оны 5 дугаар сарын 14-ний өдөр Нэгдсэн эмнэлгийн Хүүхдийн тасагт асрагчаар орсон юм. Гэтэл Нэгдэл дундын үйлдвэрээс миний хөдөлмөрийн дэвтрийг тухайн үедээ өгөөгүй. Сүүлд авахад миний ажлаас гарсан тушаалыг 1990 оноор /хувьчлагдах үед/ буруу бичсэн байсан. Гэтэл би уг байгууллагаас 1983 оны 5 дугаар сарын 10-ны өдөр гарсан билээ. Аймгийн Архиваас ажилд орсон тушаал болон цалингийн лавлагааг авсан болно. Одоо өндөр насны тэтгэвэрт гарах нас болж тэтгэврийн бичиг баримтаа бүрдүүлэхэд Нэгдэл дундын үйлдвэрт 1982 оны 7 дугаар сарын 20-ны өдөр ажилд орсон болон 1983 оны 5 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоож өгнө үү. ... Миний бие 2017 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 14.30 цагт болох шүүх хуралдааны товыг хүлээн авсан боловч эмчилгээ хийлгэж байгаа тул өөрийн биеэр тус хуралд оролцох боломжгүй байна. Иймд намайг оролцуулахгүйгээр миний ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү” гэжээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Р.Оюун нь ажиллаж байсан байдал тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргажээ.
Хэдийгээр Увс аймгийн Архивын тасгийн 2017 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 270 тоот лавлагаанд: “Увс аймгийн Нэгдэл дундын үйлдвэрийн цалингийн баримт манай архивт шилжиж ирээгүй тул Риймэд овогтой Оюуны цалинг шүүн үзэх боломжгүй байна” гэсэн байх боловч хэрэгт Увс аймгийн Хөдөө аж ахуйн техник мэргэжлийн сургуулиас Риймэдийн Оюунд олгосон 005810 тоот хөдөлмөрийн дэвтэр авагдсан байх ба уг дэвтэрт нэхэмжлэгчийн 1980 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1982 оны 6 дугаар сарын 29-ний өдөр хүртэл хугацаанд Увс аймгийн Хөдөө аж ахуйн техник мэргэжлийн сургуулийн барилгачны мэргэжлийн ангид суралцсан, 1982 оны 7 дугаар сарын 20-ны өдрөөс Увс аймгийн Нэгдэл дундын үйлдвэрт барилгачнаар авч ажиллуулсан, 1990 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр өөр байгууллагад шилжих болсон тул Нэгдэл дундын үйлдвэрийн барилгачны ажлаас чөлөөлсөн” тухай бичилтүүд хийгдсэн байна.
Мөн Увс аймгийн Нэгдэл дундын үйлдвэрийн даргын 1982 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 66 тоот “ТМС төгсөгчдийг ажилд томилох тухай” тушаал авагдсан ба уг тушаалаар Р.Оюуныг мөн оны 7 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн барилгын байнгын ажилчнаар томилон ажиллуулсан байна.
Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр иргэн С.Ганболд, Н.Мандах нарыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр оролцуулсан бөгөөд гэрч С.Ганболд: “Миний бие нь 1982 оноос эхлэн 2007 он хүртэл хугацаанд Увс аймгийн Нэгдэл дундын үйлдвэрт тракторын жолоочоор ажиллаж байсан. Р.Оюун нь 1982 оноос эхлэн тус үйлдвэрийн барилгын салбарт нормчноор ажилд орж байсан. Р.Оюун нэг жил гаруй хугацаанд ажиллаад эрүүл мэндийн шалтгааны улмаас ажлаас гарч байсан. Би тухайн үед үйлдвэрийн бүхий л ажил, үйлчилгээнд явдаг байсан болохоор мэднэ. Тэр үед Нэгдэл дундын үйлдвэрийн даргаар П.Дашхүү гэх хүн ажиллаж байсан” гэж, гэрч Н.Мандах: “Миний бие 1981 оноос 1983 оныг дуустал хугацаанд Увс аймгийн Нэгдэл дундын үйлдвэрт ногоочноор ажиллаж байсан. Р.Оюун нь 1981 оноос эхлэн тус нэгдэлд ажилд орсон ба нэг жил гарам хугацаанд ажиллаад эрүүл мэндийн шалгааны улмаас ажлаас гарч байсан. Тэр үед намрын ажил гээд төмс, ногоо хураахад үйлдвэрийн бүх ажилчдыг дайчлан ирүүлдэг байсан болохоор Р.Оюуны ажиллаж байсан байдлын талаар мэдэж байна. Тухайн үед Нэгдэл дундын үйлдвэрийн даргаар П.Дашхүү гэх хүн ажиллаж байсан” гэж тус тус мэдүүлсэн ба гэрчүүдийн ажиллаж байсан байдлыг нотлох С.Ганболдыг Увс аймгийн Нэгдэл дундын үйлдвэрт 1982 оны 12 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн үнээний фермийн няраваар томилсон тухай тус үйлдвэрийн даргын 1982 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 107 тоот тушаал, мөн нярав С.Ганболдын хариуцаж байсан эд хөрөнгөөс актлагдсан эд хөрөнгийн жагсаалтыг баталсан тухай тус нэгдлийн даргын 1984 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 24-ний өдрийн тушаалын хуулбар, түүнчлэн Н.Мандахын хөдөлмөрийн дэвтрийн хуулбар тус тус авагджээ.
Харин Р.Оюуныг 1990 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр өөр байгууллагад шилжих болсон тул Нэгдэл дундын үйлдвэрийн барилгачны ажлаас чөлөөлсөн тухай хөдөлмөрийн дэвтрийн бичилт байгаа боловч нэхэмжлэгчийн тайлбар, гэрчүүдийн шүүхэд өгсөн мэдүүлгээс үзэхэд Р.Оюун нь 1983 оны 5 дугаар сарын 10-ны өдөр хүртэл хугацаанд тус үйлдвэрт ажиллаад, ажлаас чөлөөлөгдсөн нь тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын хэмжээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Иймд дээрх бичгийн нотлох баримтууд болон гэрчүүдийн шүүхэд өгсөн мэдүүлэг, нэхэмжлэгчийн тайлбар зэргийг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Р.Оюуны 1982 оны 7 дугаар сарын 20-ны өдрөөс 1983 оны 5 дугаар сарын 10-ны өдөр хүртэл хугацаанд Увс аймгийн Нэгдэл дундын үйлдвэрт барилгачнаар ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Р.Оюуны улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.
Нэхэмжлэгч нь хүндэтгэн үзэх шалтгаанаа дурдаж, өөрийг нь байлцуулахгүйгээр шүүх хуралдааныг хийлгэх тухай хүсэлтээ ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т зааснаар түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Зуутраг овогтой Риймэдийн Оюуны 1982 оны 7 дугаар сарын 20-ны өдрөөс 1983 оны 5 дугаар сарын 10-ны өдөр хүртэл хугацаанд Увс аймгийн Нэгдэл дундын үйлдвэрт барилгачнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Р.Оюуны улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар нэхэмжлэгч нь уг шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ГЭРЭЛТУЯА