Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 10 сарын 27 өдөр

Дугаар 2020/ШЦТ/1133

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Алтантуяа даргалж, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Энхжаргал хөтлөн, улсын яллагч Г.Яндаг, шүүгдэгч Н.О нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар: Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос: Б овогт Н-гийн О-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2008 0245 21349 дугаартай, нэг хавтас хэргийг 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдөр хянан хэлэлцэв. Шүүгдэгчийн биеийн байцаалт: Б овогт Н-гийн О нь Монгол Улсын иргэн, 1971 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Архангай аймгийн Цэцэрлэг суманд төрсөн, 49 настай, эмэгтэй, тусгай дунд боловсролтой, оёдолчин мэргэжилтэй, “МТОТ” ХХК-д оёдолчин ажилтай, ам бүл 1, ганцаараа амьдардаг, хххх тоотод оршин суух бүртгэлтэй боловч тус хххх  оршин суудаг, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй (РД:). Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга /яллах дүгнэлтэд бичигдсэнээр: Шүүгдэгч Н.О нь 2020 оны 7 дугаар сарын 22-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 40 дүгээр хороонд байрлах “Сувдан” төвийн гадна иргэн Ж.Б-ийн гээгдэл эд хөрөнгө болох “IPHONE X” маркийн гар утсыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшиж, 1.100.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол 2 учруулсан гэмт хэрэгт холбогджээ. ТОДОРХОЙЛОХ нь: Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.О мэдүүлэхдээ: 2020 оны 7 дугаар сарын 22-ны өдөр Баянхошууны автобусны хуучин эцсийн буудлын “Сувдан” төвийн “Хаан банк”-ны автомашины зогсоолоос шил нь эвдэрсэн гар утас олсон. Түүнийг аваад эвдэрхий, шил нь үйрсэн, бутарсан байхаар нь “Тэди” төв орж засварчнаас нь асуухад 700.000 төгрөгөөр засна гэж хэлсэн. Тэгэхээр нь би төлж дийлэхгүй юм байна гэхэд шил нь эвдрээд, үйрсэн тул 40.000 төгрөгөөр сэлбэгэнд авна гэхээр нь би сэжиглээд байсан болохоор өгсөн. Тэр мөнгөөрөө Гандан орж 37.000 төгрөгөөр ном уншуулаад, 3000 төгрөгөөр автобусны мөнгө хийсэн. Олсон зүйл буянаараа болог гээд ном уншуулсан гэв. Хоёр. Эрүүгийн 2008 0245 21349 дугаартай хэргээс талуудын шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтууд: 1. Хохирогч Ж.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд 2020 оны 8 дугаар сарын 20-ны өдөр өгсөн “...2020 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 09 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 40 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Сувдан” төвийн гадна танил Үүрцайхаар хүргүүлээд тус хороонд байрлах ажил руугаа ороод халаасаа үзсэн чинь миний эзэмшлийн “ Iphone-X” загварын хар хөх өнгийн гар утас байхгүй байхаар нь өөрийн 8066хх21 гэсэн дугаар руу залгасан чинь дуудаж байгаа мөртлөө авахгүй таслаад байсан. Би “Сувдан” төвийн хяналтын камерыг шүүж үзэхэд 2020 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 08 цаг 30 минутын үед “Сувдан” төвийн урд Үүрцайхын “Приус-30” маркийн машины жолоочийн эсрэг талын суудлаас буугаад гар утсаа унагааж байгаа хяналтын камерын бичлэг байсан. Намайг ажил руу орсоны дараа 09 цагийн үед 50 орчим насны эмэгтэй, 150-160 см өндөртэй, цагаан саарал цамцтай, хар цоохор өнгийн өмдтэй, шаргал малгайтай хүн миний гар утсыг аваад явж байгаа бичлэг байсан. Би өөрийн “Iphone-X” маркийн гар утсаа 2019 оны 12 дугаар сарын эхээр хувь хүнээс 1.500.000 төгрөгөөр худалдаж авч байсан, авсан үнээрээ үнэлж байна. IMEI кодыг нь сайн мэдэхгүй байна. Би тухайн эмэгтэйг одоо харвал танина. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 9 дүгээр тал), -хохирогчоор дахин 2020 оны 10 дугаар сарын 04-ний өдөр өгсөн: “...Миний гар утас гээгдэхээс өмнө ямар нэгэн эвдрэл гэмтэл байгаагүй. Хэвийн ажиллагаатай байсан. Би “Сувдан” төвийн камерыг шүүхэд миний гар утас халааснаас унаж байгаа нь бичигдсэн байсан. Тухайн үед унахад ямар нэгэн тээврийн хэрэгслийн дугуйнд дайрагдахаар байгаагүй. Мөн би гар утсанд ноцтой эвдрэл гарахаар зүйл болоогүй гэж бодож байна. Камерын бичлэгээс харахад эвдрэл гэмтэл байхгүй харагдсан. Би хуулийн дагуу шийдүүлмээр байна. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 12 дугаар тал), 3 2. Гэрч Э.Доржсүрэнгийн мөрдөн шалгах ажиллагаанд 2020 оны 10 дугаар сарын 04-ний өдөр өгсөн “..Би энэ эмэгтэйг өмнө нь харж байгаагүй. Гэхдээ 2-3 удаа “мөнгийг нь өгөөд утсаа буцаагаад авъя” гээд ирдэг байсан. Би энэ эмэгтэйгээс утас аваагүй болохоор та лангуу андуураад байх шиг байна гэж хэлдэг. Би 2020 оны 7 дугаар сард хөдөө яваад 7 дугаар сарын 20-нд ажилдаа орсон. Би “Самсунг” маркийн гар утас дагнаж засдаг. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 66 дугаар тал), 3. Шүүгдэгч Н.Оы мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар 2020 оны 10 дугаар сарын 04-ний өдөр өгсөн “...Надад сонсгож байгаа ялыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би 2020 оны 7 дугаар сарын 22-ны өдөр гэрээсээ гараад Баянхошууны 40 дүгээр хороо, хуучин эцсийн автобусны буудал дээр байрлах “Сувдан” төвийн Хаан банкинд карт захиалах гээд явж байтал тус төвийн машины зогсоол дээр хар хөх өнгийн гар утас байсан. Тухайн гар утсыг аваад барьж явсан торондоо хийгээд Зүүн салаа, 13-р хороолол гэсэн автобусанд сууж, Гандангийн дараагийн буудал дээр буугаад “Тэди” төв дээр очсон. “Тэди” төвийн ертөнцийн зүгээр хойш харсан хаалгаар ороод 3 давхарт гараад үүдний баруун талд байрлах гар утас засварын халимаг үстэй, цагаан өнгийн цамцтай залуу байхаар нь би эхлээд энэ утсыг засах уу гэж асуутал тэр залуу засвар нь их үнэтэй гэсэн. Тэгэхээр нь би сэлбэгэнд авах уу гэтэл тэр залуу тэгье, 40.000 төгрөгөөр авна гэхээр нь би 40.000 төгрөгөөр тухайн залууд өгсөн. “Тэди” төвөөс гараад Гандан орж тухайн 40.000 төгрөгөөс 37.000 төгрөгөөр нь ном уншуулаад үлдсэн 3.000 төгрөгөөр автобусны мөнгө хийсэн юм. Би гар утсыг олоод харахад дэлгэц нь үйрчихсэн байхаар нь засуулах санаатай очсон. Тэгээд үнэтэй болно гээд байхаар нь би сэлбэгэнд өгсөн. Намайг гар утас олоод явж байхад гар утас нь дуугарсан. Гэхдээ би гар утасны дуудлагыг аваагүй. Учир нь тухайн гар утасны шил хагараад үйрсэн байсан тул гарт шил нь наалдаад би дуудлагыг аваагүй. Надад ямар нэгэн сэтгэцийн өвчин байхгүй. Би эмнэлэгийн хяналтад байдаггүй. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 59-62 дугаар тал), 4. “Мастер үнэлгээ” ХХК-ийн 2020 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 20/084 дугаартай “...Айфон фирм, Х загвар, хуучин хэрэглэж байсан гар утасны үнийг 1.100.000 төгрөгөөр тогтоосон” хөрөнгийн үнэлгээний тайлан (хавтаст хэргийн 19-20 дугаар тал), 5. 2020 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 40 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Сувдан” худалдааны төвийн хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 25-29 дүгээр тал), 6. Шүүгдэгч Н.Оы яллагдагчаар өгсөн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл (хавтаст хэргийн 67-69 дүгээр тал), 4 Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд: 7. Шүүгдэгч Н.Оы иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 41 дүгээр тал), нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа (хавтаст хэргийн 43 дугаар тал), хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгө бүртгэгдээгүй тухай лавлагаа (хавтаст хэргийн 45, 48 дугаар тал), “МТОТ” ХХК-ийн ажлын байрны тодорхойлолт (хавтаст хэргийн 49 дүгээр тал), түүний “Хаан банк”-нд эзэмшдэг депозит дансны дэлгэрэнгүй хуулга (хавтаст хэргийн 51 дүгээр тал) зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Н.Од холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна. Гурав. 1.Гэм буруугийн талаар. Улсын яллагч дүгнэлтдээ “Шүүгдэгч Н.О нь гээгдэл эд хөрөнгө болох “IPHONE X” маркийн гар утсыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшиж, 1.100.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч, яллагдагч нарын мэдүүлэг, хөрөнгийн үнэлгээний тайлан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах” гэсэн дүгнэлтийг гаргасан, шүүгдэгч Н.О нь өөрийгөө өмгөөлөн оролцохдоо эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр суурьтай оролцохоо илэрхийлж, гэм буруугийн талаар маргасан ба, өөрийн өмгөөлөлдөө “миний олсон утас эвдэрсэн байсан. Автомашин дээгүүр нь гарсан гар утсыг олсон тул 1.100.000 төгрөгийн хохирол их байна” гэж мэтгэлцэв. Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүгдэгчийн “өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв. Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт 5 зааснаар прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хянаж, шүүгдэгч Н.Оы холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл: Шүүгдэгч Н.О нь 2020 оны 7 дугаар сарын 22-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 40 дүгээр хороонд байрлах “Сувдан” төвийн гадна иргэн Ж.Б-ийн гээсэн эд хөрөнгө болох “I Phone-X” маркийн гар утсыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшиж, 1.100.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан үйл баримт нь: -хохирогч Ж.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Сонгинохайрхан дүүргийн 40 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Сувдан” төвийн гадна ... ажил руугаа ороод халаасаа үзсэн чинь миний эзэмшлийн I phone-X загварын хар хөх өнгийн гар утас байхгүй байсан. ...залгасан чинь ...авахгүй таслаад байсан. “Сувдан” төвийн хяналтын камерыг шүүж үзэхэд 2020 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 08 цаг 30 минутын үед “Сувдан” төвийн урд Үүрцайхын Приус-30 маркийн машины жолоочийн эсрэг талын суудлаас буугаад гар утсаа унагааж байгаа хяналтын камерын бичлэг байсан. ....50 орчим насны эмэгтэй, 150-160 см өндөртэй, цагаан саарал цамцтай, хар цоохор өнгийн өмдтэй, шаргал малгайтай хүн миний гар утсыг аваад явж байгаа бичлэг байсан....” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 9 дүгээр тал) болон хохирогчоор дахин өгсөн “...камерыг шүүхэд миний гар утас халааснаас унаж байгаа нь бичигдсэн, тухайн үед унахад ямар нэгэн тээврийн хэрэгслийн дугуйнд дайрагдахаар байгаагүй. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 12 дугаар тал), -гэрч Э.Доржсүрэнгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “..Би энэ эмэгтэйг өмнө нь харж байгаагүй. Гэхдээ 2-3 удаа “мөнгийг нь өгөөд утсаа буцаагаад авъя” гээд ирдэг байсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 66 дугаар тал), -шүүгдэгч Н.Оы мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “... “Сувдан” төвийн Хаан банкинд карт захиалах гээд явж байтал тус төвийн машины зогсоол дээр хар хөх өнгийн гар утас байсан ба тухайн гар утсыг аваад барьж явсан торондоо хийсэн. Тэди төв дээр очсон. ...би сэлбэгэнд авах уу гэтэл тэр залуу тэгье, 40.000 төгрөгөөр авна гэхээр нь би 40.000 төгрөгөөр тухайн залууд өгсөн. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 59-62 дугаар тал), -“Мастер үнэлгээ” ХХК-ийн 2020 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 20/084 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан (хавтаст хэргийн 19-20 дугаар тал), -2020 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 40 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Сувдан” худалдааны төвийн хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 25-29 дүгээр тал), -Шүүгдэгч Н.Оы яллагдагчаар өгсөн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл (хавтаст хэргийн 67-69 дүгээр тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар 6 нотлогдон тогтоогдож байна. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно. Гээгдэл эд хөрөнгө завших гэдэг нь өмчлөгч, эзэмшигч, ашиглагчийн хайхрамжгүй, болгоомжгүйгээс түүний хүсэл зоригоос үл хамааран хаягдаж орхисон, санамсаргүй хаягдсан эд хөрөнгийг авч ашигласан, тодруулбал гэмт этгээд бусдын өмчийг өөртөө олж авахын тулд идэвхитэй үйлдэл хийгээгүй, хохирогчийн эд хөрөнгө гэмт этгээдийн эзэмшилд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас шилжсэний дараа гэмт этгээдэд завших сэдэл төрж, шамшигдуулан захиран зарцуулсан үйлдлийг ойлгоно. Шүүгдэгч Н.О нь хохирогч Ж.Б-ийн Сонгинохайрхан дүүргийн 40 дүгээр хороонд байрлах “Сувдан” төвийн гадна гээсэн гар утсыг бусдын эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж авч, бусдад дамжуулан, захиран зарцуулсан нь хэрэгт цугларсан баримтаар тогтоогдсон, бусдын гээгдэл эд хөрөнгийг завшсан үйлдэл нь шууд санаатай, шунахай сэдэлттэй байна. Иймд шүүгдэгч Н.Оы үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “гээгдэл эд хөрөнгө завших” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан тул түүнийг дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай. Хохирогч Н.Оы “IPhone-Х” загварын гар утасны үнийг хөрөнгийн үнэлгээний “Мастер үнэлгээ” ХХК нь 1.100.000 төгрөгөөр тогтоосон байна. Шүүгдэгч Н.О нь хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлөөгүй байх тул гар утасны үнэ болох 1.100.000 төгрөгийг гаргуулж хохирогч Ж.Б-эд олгохоор шийдвэрлэв. 2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар. Улсын яллагчаас “шүүгдэгч Н.Од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах” дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч Н.О нь өөрийгөө өмгөөлөн оролцохдоо “би Христийн сүмд ажиллах хүсэлтэй байгаа, ажлын ачаалал их байгаа, өмнө нь сүмд оёдолчноор ажиллаж байхдаа сард 150.000 төгрөгийн цалин авдаг байсан” гэсэн тайлбар, дүгнэлтийг гаргав. 7 Шүүгдэгч Н.О нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын санд бүргэгдээгүй буюу ял шийтгэлгүй байна. Шүүгдэгч Н.Од эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Шүүгдэгч Н.О нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон учир эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг нийгэмшүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилсан сэргийлэх эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн, нөгөө талаас хохирол нөхөн төлөгдөөгүй, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч Н.Од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, уг ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоон, ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв. 3. Бусад асуудлаар: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар тус хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Сонгинохайрхан дүүргийн 40 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Сувдан” төвийн хяналтын камерын бичлэг бүхий нэг ширхэг компакт дискийг хэргийг хадгалах хүртэл хугацаанд хэрэгт хавсарган үлдээж, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Н.О нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус тогтоолд дурдав. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 1. Шүүгдэгч Б овогт Н-гийн О-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, 8 эзэмшилд байгааг мэдсээр байж завшсан”-ы улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Оыг 240 (хоёр зуун дөч) цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй. 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Од оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоосугай. 4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.О нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй. 5. Хэргийн хамт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Н.Од цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай. 6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Сонгинохайрхан дүүргийн 40 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Сувдан” төвийн хяналтын камерын бичлэг бүхий нэг ширхэг компакт дискийг хэргийг хадгалах хүртэл хугацаанд хэрэгт хавсарган үлдээсүгэй. 7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Оаас 1.100.000 (нэг сая нэг зуун мянга) төгрөгийг гаргуулж хохирогч Ж.Б-эд олгосугай. 8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, шүүгдэгч Н.Од урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд шүүгдэгч, хохирогч, улсын яллагч, түүний дээд шатны прокурор гардан авснаас, эсхүл хуульд зааснаар хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж 9 заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй. 10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт прокурор, дээд шатны прокурор, оролцогч давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Н.Од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.АЛТАНТУЯА