Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 08 сарын 21 өдөр

Дугаар 564

 

         Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

       Нэхэмжлэгч: Увс аймгийн  Зүүнговь сумын 3 дугаар багт оршин суух, 1957 онд төрсөн, эрэгтэй, регистрийн дугаар ОД57011811, Цагагчууд овогтой Доржийн Гантөмөрийн,

      Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2017 оны 7 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, 2017 оны 7 дугаар сарын 26-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

       Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Гантөмөр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ё.Мөнхгэрэл нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ  нь: 

       Нэхэмжлэгч Д.Гантөмөр шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие нь 1957 онд Увс аймгийн Зүүнговь суманд төрсөн, 60 настай. 8 настайгаасаа эцэг, эхийнхээ хамт мал маллаж өссөн. Эрүүл мэндийн шалтгааны улмаас цэрэгт яваагүй. 1971 оноос 1976 он хүртэл хугацаанд Зүүнговь сумын “Говийн хөгжил” нэгдэлд хонь малласан. 1977 онд үхэр маллаж байсан. 1978 оноос 1980 он хүртэл 3 жилийн хугацаанд “Говийн хөгжил” нэгдэлд тэмээ маллаж байсан ба 1981 онд 300 толгой хурга маллаж байсан. 1982 оноос 1988 он хүртэл хугацаанд хонь маллаад, 1989 оноос 1990 онд нэгдэл тарах хүртэл хугацаанд тэмээ маллаж байсан. Миний нэг нүд хардаггүй учраас группт байдаг байсан. Одоо өндөр насны тэтгэвэрт гарах нас болж, тэтгэврийн бичиг баримтаа бүрдүүлэхэд тухайн үед ажиллаж байсныг нотлох хөдөлмөрийн дэвтэр зөрчилтэй байна гэсэн. Аймгийн Архивын тасгаас 1981 оноос 1990 он хүртэлх цалингийн тодорхойлолт гаргаж өгсөн бөгөөд урьд нь ажиллаж байсан 1971 оноос 1980 он хүртэл хугацаанд ажилласныг нотлох хөдөлмөрийн дэвтрийн бичилт байгаа боловч зөрчилтэй байна гэсэн учраас шүүхэд хандах шаардлагатай болсон юм. Мөн уг онд авч байсан цалингийн тодорхойлолт аймгийн Архивын газарт байхгүй байна. Иймд миний Увс аймгийн  Зүүнговь сумын “Говийн хөгжил” нэгдлийн Суварга бригадад 1971 оноос 1990 оныг дуустал хугацаанд ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоож өгнө үү” гэжээ. 

       Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

        Нэхэмжлэгч Д.Гантөмөр нь ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргажээ.  

   Хэдийгээр Увс аймгийн Архивын тасгийн 2017 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 287 тоот лавлагаанд: “Увс аймгийн Зүүнговь сумын Говийн хөгжил нэгдлийн 1971 оноос 1980 оны цалинг шүүн үзэхэд Дорж овогтой Гантөмөртэй холбогдох баримт гараагүй нь үнэн” гэсэн байх боловч хэрэгт нэхэмжлэгч Д.Гантөмөрийн 1971 оны 1 дүгээр сараас 1980 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд ажиллаж, авч байсан цалингийн бичилт бүхий хөдөлмөрийн дэвтэр эх хувиараа, мөн Увс аймгийн Архивын тасгийн 2017 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн цалингийн тодорхойлолт авагдсан байх ба уг тодорхойлолтод Д.Гантөмөрийн 1981 оны 1 дүгээр сараас 1990 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд Говийн хөгжил нэгдэлд ажиллаж, авч байсан цалинг түүвэрлэн ирүүлсэн байна.

         Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр иргэн Р.Эрдэнэдэлгэр, З.Цэрэндолгор нарыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр оролцуулсан бөгөөд гэрч Р.Эрдэнэдэлгэр: “Би 1971 оноос эхлэн Увс аймгийн Зүүнговь сумын Говийн хөгжил нэгдэлд 1991 он хүртэл, Говийн хөгжил компанид 1995 он хүртэл хугацаанд тус тус тракторын жолоочоор ажиллаж байсан. Б.Гантөмөр нь бага наснаасаа аав, ээжийнхээ хамтаар мал маллаж байсан. Би яг хэдэн оноос гэдгийг нь сайн мэдэхгүй байна. 16 наснаасаа л хөдөлмөрийн дэвтэр авсан байх. 1991 он хүртэл малчнаар ажиллаж байгаад нэгдэл компани болоход Говийн хөгжил компанид 2 жил ажиллаад хувьдаа малаа аваад гарч байсан. Б.Гантөмөр нь одоо ч тус сумандаа малаа маллан амьдарч байгаа юм. Тухайн үед нэгдлийн даргаар Ц.Цэдэв, С.Намсрайжав, Т.Хүрэлхүү, Говийн хөгжил компанийн даргаар Ц.Эрдэнэдорж гэх хүмүүс ажиллаж байсан” гэж, гэрч З.Цэрэндолгор: “Б.Гантөмөртэй 1971 оноос 1991 оныг дуустал хугацаанд хамтдаа нэгдэлд ажиллаж байсан. Миний бие нь 1970 оноос эхлэн Увс аймгийн Зүүнговь сумын Говийн хөгжил нэгдэлд 1991 оныг дуустал хугацаанд бичээч, бичиг хэргийн эрхлэгчээр ажиллаж байсан. Б.Гантөмөр нь 1971 оноос эхлэн тус нэгдлийн Суврага бригадад аав, ээжийнхээ хамтаар мал маллаж байсан. Би тус нэгдэлд бичээч, бичиг хэргийн эрхлэгчээр ажилладаг байсан боловч хаврын мал төллөх цагаар төлчнөөр болон эмэгтэйчүүдийн байгууллагын ажлаар хөдөө малчдын гэрээр явдаг байсан учраас сайн таньж мэднэ. Б.Гантөмөр нь 1977 онд тусдаа гэр бүлтэй болж, бие даан гэр бүлийн хамтаар нэгдэл тарах хүртэл буюу 1991 оныг дуустал хугацаанд мал маллаж байсан. Тухайн үед нэгдлийн даргаар Ц.Цэдэв, С.Намсрайжав, Т.Хүрэлхүү гэх хүмүүс ажиллаж байсан” гэж тус тус мэдүүлсэн ба гэрчүүдийн ажиллаж байсан байдлыг нотлох тэдний хөдөлмөрийн дэвтрийн хуулбар зэрэг баримтууд хэрэгт авагджээ.

          Харин нэхэмжлэгч Д.Гантөмөрийн хөдөлмөрийн дэвтрийн бичилт бүрэн, холбогдох санхүүгийн тамга дарагдаж, баталгаажсан байх бөгөөд гэрчүүдийн шүүхэд өгсөн мэдүүлгээр Д.Гантөмөр нь 1971 оны 1 дүгээр сараас Говийн хөгжил нэгдэлд ажиллаж эхэлсэн нь тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн хөдөлмөрийн дэвтрийг нотлох баримтаар үнэлэх нь зүйтэй гэж үзэв.

          Иймд дээрх бичгийн нотлох баримтууд болон гэрчүүдийн шүүхэд өгсөн мэдүүлэг, нэхэмжлэгчийн тайлбар зэргийг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Д.Гантөмөрийн 1971 оны 1 дүгээр сараас 1990 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд Увс аймгийн Зүүнговь сумын Говийн хөгжил нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Д.Гантөмөрийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон  

ТОГТООХ нь:

            1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Цагагчууд овогтой Доржийн Гантөмөрийн 1971 оны 1 дүгээр сараас 1990 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд Увс аймгийн Зүүнговь сумын Говийн хөгжил нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.  

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Д.Гантөмөрийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар нэхэмжлэгч нь уг шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй. 

 

                                   ДАРГАЛАГЧ,

                                   ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Н.ГЭРЭЛТУЯА