МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ю.Энхмаа даргалж,
-шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Эрдэнэсувд
-улсын яллагчаар М.Гансувд,
-шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Даваажанцан
-хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Ууганцэнгэл
-иргэний хариуцагч Т.Мөнхтунгалаг
-шүүгдэгч Г.Б нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Бхөд холбогдох эрүүгийн 1834006810032 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/
Яллагдагч Г.Б нь механик инженерийн ажил үүргийг түр орлон гүйцэтгэж байхдаа Монгол Улсын Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1 дэх хэсэгт заасан “Ажил олгогч нь үйлдвэрийн цех, тасаг, хэсэг, ажлын байр бүрд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль тогтоомж, нийтлэг шаардлага, стандартын хэрэгжилтэнд дотоод хяналт тавина”, мөн Монгол Улсын “Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуй, Сургалтын зохион байгуулалт, Үндсэн дүрэм” MNS4969:2000 стандартын 4.16-д заасан “Аюултай ажил гүйцэтгэдэг хүмүүст ажлын байранд өдөр тутмын зааварчлага өгнө. Ажлын байран дахь өдөр тутмын зааварчилга нь товч тодорхой байх ба ажил эхлэхийн өмнө бичгээр өгөгдөнө” гэж заасан заалтуудыг тус тус зөрчиж, хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас Төв аймгийн Заамар сумын Хайлааст 3 дугаар багийн нутагт үйл ажиллагаа явуулах “Монполимет” ХХК-ны “Тосон” үйлдвэрийн засварын талбайд гагнуурчин Ж.Сайнжаргал нь 2018 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн өглөө ажил үүргээ гүйцэтгэж байхдаа эксковаторын төмөр шанаганд дарагдаж, амь нас нь хохирсон гэмт хэргийг үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний хариуцагч, шүүгдэгч нарын мэдүүлэг:
Шүүгдэгч Г.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2018 оны 08 сарын 19-нд Авто хийн дээр талийгаачтай уулзаад турба солих талаар ярьж байгаад солих талаар анхааруулж хэлсэн. Тэгэхэд талийгаач гайгүй гэсэн. Талийгаачийн байрладаг байранд байж байгаад гараад иртэл талийгаач шанаган дээр гарчихсан байсан. Тэгээд би цаашаа явж байтал тас няс гээд дугарсан. Тэгэхэд талийгаач шанаганы доор дарагдсан байсан. Тэгээд түргэн дуудсан, талийгаачийг шанаган доороос гаргах ажил хийсэн” гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Ууганцэцэг шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би ажил дээрээ байсан. Нэг хүн залгаад аав чинь осолд орчихлоо гэсэн. Нас барсан гэж хэлээгүй. Очиход нас барсан байсан. Төв аймгаас цагдаа нар ирж байгаа хөдөлгөж болохгүй гээд 2 цаг тутам цагаан даавуу хөлдөөгөөд тавиад байгаа гэсэн. Задлан шинжилгээнд ороод ослоос болсон гэсэн дүгнэлт гарсан. Компани бол оршуулгын зардал, бусад хохирлыг өгсөн. Эхлээд 50 сая, дараа нь 50 сая, оршуулгын зардал 12 сая төгрөг, нийт 112 сая төгрөг өгсөн...сүүлд 5 шард 50 саяар байр авсан...Гомдол санал байхгүй...” гэв.
Иргэний хариуцагч Т.Мөнхтулга шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би 2019 оноос хойш Монполимент ХХК-д ажиллаж байна. Компаний зүгээс нөхөн олговор 50 сая төгрөг, олон жил ажилласан хүнд 50 сая төгрөг өгсөн байгаа. Мөн буяны ажилд 12 сая төгрөг өгсөн. Мөн буяны ажилд хамт олны зүгээс мөнгөн тусламж өгсөн. Талийгаач нь хамт олондоо нэр хүндтэй, ажил үүргээ сайн биелүүлдэг байсан” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Үүнд:
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 9-16 тал/, хэргийн газарт давтан үзлэг хийсэн тэмдэглэл /2-р хх-ийн 133-138 тал/, талийгаачийн өмсөж явсан хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 17 тал/, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Ууганцэнгэлийн мэдүүлэг /1-р хх-ийн 26 тал, 2-р хх-ийн 107-108 тал/, талийгаачийн цогцост үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 18 тал/, иргэний хариуцагч Я.Дорждэрэм, Т.Мөнхтунгалагийн мэдүүлгүүд /1-р хх-ийн 32-33 тал, 2-р хх-ийн 213 тал/, гэрч С.Цэнгэлсайханы мэдүүлэг /1-р хх-ийн 34 тал/, гэрч Д.Сайханбаярын мэдүүлэг /1-р хх-ийн 43-44 тал, 2-р хх-ийн 147-148 тал/, гэрч Д.Ганбатын мэдүүлэг /1-р хх-ийн 45-48, 2-р хх-ийн 141-143 тал/, гэрч Д.Нямтайваны мэдүүлэг /1-р хх-ийн 49-54 тал, 2-р хх-ийн 109-110, 2-р хх-ийн 145-146, 154 тал/, гэрч Б.Нансалмаагийн мэдүүлэг /1-р хх-ийн 55 тал/, гэрч Д.Цолмонгийн мэдүүлэг /1-р хх-ийн 57-58 тал/, гэрч С.Энхтуяагийн мэдүүлэг /1-р хх-ийн 60-61 тал/, гэрч Г.Дашгаадангийн мэдүүлэг /2-р хх-ийн 111-112 тал/, гэрч Б.Батбаатарын мэдүүлэг /2-р хх-ийн 139-140 тал/, шинжээчийн №149 дугаартай дүгнэлт /1-р хх-ийн 64-65 тал, бүрэлдэхүүнтэй шинжээчийн №01 дугаартай дүгнэлт /2-р хх-ийн 169-177 тал/, шинжээч К.Хавалболотын мэдүүлэг /2-р хх-ийн 179-181 тал/, шинжээч Н.Цэцэг-Эрдэнийн мэдүүлэг /1-р хх-ийн 74 тал/, Монполимет ХХК-ний ажлын байрны тодорхойлолт /1-р хх-ийн 125-130 тал/, гагнуурчин С.Сайнжаргалын мэдүүлэг /1 хх-ийн 143 тал/, Г.Дашгаадангийн томилолт /1-р хх-ийн 172, 2-р хх-ийн 193 тал/, яллагч Г.Бийн мэдүүлэг /1-р хх-ийн 83-84, 2-р хх-ийн 114-115, 186 тал/
Шүүгдэгч Г.Б нь механик инженерийн ажил үүргийг түр орлон гүйцэтгэж байхдаа Монгол Улсын Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1 дэх хэсэгт заасан “Ажил олгогч нь уйлдвэрийн цех, тасаг, хэсэг, ажпын байр бүрд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль тогтоомж, нийтлэг шаардлага, стандартын хэрэгжилтэнд дотоод хяналт тавина”, мөн Монгол Улсын “Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуй, Сургалтын зохион байгуулалт, Үндсэн дүрэм” MNS4969:2000 стандартын 4.16-д заасан “Аюултай ажил гүйцэтгэдэг хүмүүст ажлын байранд өдөр тутмын зааварчлага өгнө. Ажлын байран дахь өдөр тутмын зааварчилга нь товч тодорхой байх ба ажил эхлэхийн өмнө бичгээр өгөгдөнө” гэж заасан заалтуудыг тус тус зөрчиж, хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас Төв аймгийн Заамар сумын Хайлааст 3 дугаар багийн нутагт үйл ажиллагаа явуулах “Монполимет” ХХК-ны “Тосон” үйлдвэрийн засварын талбайд гагнуурчин Ж.Сайнжаргал нь 2018 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн өглөө ажил үүргээ гүйцэтгэж байхдаа эксковаторын төмөр шанаганд дарагдаж, амь нас нь хохирсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь:
- Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэлд “...Хэрэг болсон гэх газар нь Төв аймгийн Заамар сумын Хайлааст 3 дугаар багийн ...Монполимет ХХК-ны засварын хашаанд болсон байв. Шанаганы хойд хэсэгт газарт шанага нь хагас налуу байсан гэх мөр газарт гарсан байв. ...шанаганы зүүн хойд буланд дээшээ харсан байдалтай эрэгтэй хүний цогцос байв. ...шанаганы зүүн хойд доод булан газарт цус мэт зүйлээр бохирлогдсон ...шанаганы доод хэсэгт 1 палкан мод, 1 шонгийн бөөрөнхий мод байв. ...шанага дотор байсан гэх шороо чулуу нь хойд тал руу унаж өнхөрсөн байв. Шанаганы доод хэсэгт үзлэг хийхэд шанаганы доод хэсэгт талийгаачийн толгой хэсгээс гарсан цус урссан хэсгийг болон шанаганы доод ёроол хэсэгт тулсан палкан мод, бөөрөнхий мод анх байрлуулсан хэсгээс хойшоо чирэгдсэн газар зурсан мөрийг гэрэл зургаар бэхжүүлж авав...” гэснээр болон үзлэгийг бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 9-16 тал/,
- Талийгаачийн өмсөж явсан хувцсанд үзлэг хийсэн “...цамцны зүүн болон баруун мөр хэсэг захнаасаа урагдалттай цус мэт зүйлээр бохирлогдсон ...саарал өнгийн фудболк ...зах энгэр хэсэг нь цус мэт зүйлээр бохирлогдсон...” гэх тэмдэглэл /1-р хх-ийн 17 тал/,
- Талийгаачийн цогцост үзлэг хийсэн “...баруун хацарт 4*2,5, толгойн зүүн хэсэгт 5*1 см язарсан шархтай, толгойн баруун талд 4*3 см улаан хүрэн өнгийн зулгаралттай, зүүн бугалганы гадна доод хэсэгт 8*8,5 см хөхөлбөр өнгийн цус хуралттай, баруун бугалганы дотор дээд хэсэгт 2*3 см хөхөлбөр өнгийн цус хуралттай, баруун бугалганы гадна дээд хэсэгт 1*5 см улаан цус хуралттай, толгойн дагз хэсэгт 10*3 см удаан хүрэн өнгийн зулгаралттай, ар нуруу нэлэнхүйдээ улаан хүрэн өнгийн зулгаралттай, 2 чихнээс цусархаг улаан хүрэн өнгийн шингэн зүйл гарсан...” гэх тэмдэглэл /1-р хх-ийн 18 тал/,
- Монполимет ХХК-ний “Тосон” үйлдвэрийн туслах механикийн ажлын байрны тодорхойлолт /1-р хх-ийн 129-130 тал/,
- Гагнуурчин Ж.Сайнжаргалын 2018 оны 08 дугаар сарын цагийн бүртгэлийн хуулбар /1-р хх-ийн 143 тал/,
- Монполимет ХХК-ний захирлын 2018 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 6/099 дугаартай тушаалаар батлагдсан “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн нийтлэг дүрэм”, “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дотоод хяналт шалгалтын тухай журам” 1-р /хх-ийн 151-170 тал/
- Г.Дашгаадангийн томилолт /1-р хх-ийн 172 тал/
- Аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн №149 дугаартай “Ж.Сайнжаргалын биед толгой ясны хугарал, өвчүү ясны хугарал, хоёр талын олон хавирганы хугарал, дотор эрхтний гэмтэл, дотуур цус алдалт, биед язарсан шарх, зулгаралт, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь хатуу мохоо хүнд зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Ж.Сайнжаргал нь толгой ясны хугарал, өвчүү ясны хугарал, хоёр талын олон хавирганы хугарал, дотор эрхтний гэмтэл, дотуур цус алдалтын улмаас нас баржээ. Дээрх гэмтэл нь бүгд нэг үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой” гэх дүгнэлт /1-р хх-ийн 64-65 тал/
- Шинжлэх ухаан технологийн их сургуулийн Геологи уул уурхайн сургуулийн 5 шинжээчийн бүрэлдэхүүнтэй 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр гаргасан 01 дугаартай: “...“Монполимет” ХХК-н Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дотоод хяналт шалгалтын тухай журмын “2.2 ХАБЭА-н хяналтыг үйлдвэрийн захиргааны зүгээс компаний захирал, үйлдэр хариуцсан дарга, ерөнхий инженер, хэлтэс, хэсгийн нэгжийн менежер, инженер техникийн ажилтнууд мөн ажил гүйцэтгэх үеийн шууд удирдагч” /холбогдох хавтаст хэгийн 158...170-р нүүр/ гэж зааснаар дээрх албан тушаалтнууд шат шатны хяналт, шалгалт хийж байх ёстой. Ингэхдээ үйлдвэрлэлийн осолд өртөгч Ж.Сайнжаргалд экскеваторын шанагыг хэрхэн байрлуулах талаар “Монполимет” ХХК-ний туслах механик Г.Б зааварчилгаа өгөхийн зэрэгцээ “Монполимет” ХХК-н Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн дотоод хяналт шалгалтын тухай журмын 4.1.1. Нэгдүгээр шатны хяналтыг ахлах ажилтан, ажилтнуудын хамт явуулна, 4.1.2.Нэгдүгээр шатны хяналтыг ээлжийн туршид хийнэ, 4.2.1. Нэгдүгээр шатны хяналтын явцад нөхцөл байдал нь ХАБЭА-н шаардлагад нийцсэн ажлыг аюулгүй гүйцэтгэж байгаа болон ажилтнууд нь хамгаалах хэрэгсэл, /ажлын тусгай хувцас, гутал, хувийн хамгаалах хэрэгсэл/тэй тэдгээр нь бүрэн бүтэн хэрэглэгдэж байгаа эсэхэд шалгалт хийх ёстой” гэсэн заалтуудын дагуу хяналт тавих ёстой...үйлдвэрлэлийн осол болсон 2018 оны 08 дугаар сарын 29 өдрийн ажлын наряд, ажлын байрны зааварчилгаа өгсөн талаар хавтаст хэргээс харагдахгүй байна...Ажилтан Ж.Сайнжаргалд экскеваторын шанагыг хэрхэн байрлуулах талаар “Монпоимет” ХХК-ний туслах механик зааварчилгаа өгч, хяналт тавих ёстой. Ингэхдээ ажил үүргийн хуваарийн дагуу алхагч экскеваторын засвар үйлчилгээ, урсгал засвар, их засваруудыг Механик инженерийн зааварчилгааны дагуу тухайн маркийн драглайны техник ашиглалтын зааварт үндэслэн хийлгэх ёстой бөгөөд үүний тул тухайн тохиолдолд шанаганд хийгдэх засвар буюу гагнуурын ажлыг гүйцэтгэх стандарт журмыг нарийвчлан боловсруулсан байх ёстой. Ажлын стандарт журамд хийгдэх ажилбарууд, тухайн ажилбар бүрд шаардагдах машин тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, холбогдох нэг бүрийн хамгаалах хэрэгсэл, ажилбар бүрд мөрдөх аюулгүй ажиллагааны зааварчилгааг тусгаж ажилтнуудад танилцуулан бүрэн ойлгуулах ёстой...Ажилтан нь экскаваторын төмөр шанагыг засварлах буюу гагнах ажпыг тухайн ажилтны шууд удирдлага болох туслах механик үүргийнхээ дагуу хариуцан хийлгэх ёстой байсан...Тухайн ажлын шууд удирдлага болох туслах механик Г.Бийн зүгээс: Засварын талбайд МУ-н Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн “18.2.2 хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалтанд хамрагдсан байх, хуульд тусгайлан заасан бол шалгалт өгсөн, аюулгүй ажиллагааны зааварчилга авсан байх” заалтыг зөрчин ажлын наряд, зааварчилгаа авахгүйгээр ажил гүйцэтгэж байсан гагнуурчин Ж.Сайнжаргалын ажлын байрыг эргэх явцдаа тус хуулийн “28.1.2. үйлдвэрлэлийн үйл ажиллагааны явцад хүний амь нас, эрүүл мэндэд сөрөг аюултай нөхцөл байдал бий болсон тохиолдолд уг үйл ажиллагааг яаралтай зогсоож, аюултай нөхцөл байдлыг шуурхай арилгах” зүйлд зааснаар эрхийн дагуу ажлыг зогсоож, мөн хуулийн “28.1.4. ажпын байранд учирч болзошгүй аюулыг илрүүлэх, тогтоох, үнэлэх, бууруулах, арилгах зорилгоор эрсдлийн үнэлгээ хийх” заалтыг биелүүлээгүй... гэх дүгнэлт /2-р хх-ийн 169-177 тал/,
- Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Ууганцэнгэлийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Хэргийн нөхцөл байдал яг юу болсныг мэдэхгүй, газар дээр нь ирэхэд гагнаж байсан шанагыг тулсан тулгуур мод нь унаад өөрөө дээрээс хөдлөнгүүт нь үсрээд бөгсөөрөө унасан, тэгээд босож амжаагүй байхад нь шанаганы булан толгойд цохисон гэж уурхайг хариуцаж ажиллаж байгаа гэх тэнд ажиллаж байсан хүн нь хамт байсан 2 хүн тэгж хэлсэн талаар хэлсэн. ...би Монполимент ХХК-д хандаж гаргах гомдол байна. Ямар шалтгааны улмаас миний аавын ажлын байр болон ажиллах нөхцөл байдлыг бүрдүүлээгүй гэх асуудалд би гомдолтой байна...талийгаач аавын оршуулга ажил явдлын үеэр Монполимет ХХК-иас төлбөрийг хариуцаж байсан ба 12.000.000 төгрөгийн зардал гарсан гэж байсан оршуулганы зардлаар зарцуулсан мөнгөний баримтууд нь байхгүй ба Монполимет ХХК баримтуудыг нь авч байсан, хуулиар олгогдох ёстой 36 сартай тэнцэх хэмжээний тэтгэмж 50.400.000 төгрөг төлөгдсөн...”...бидний зүгээс гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй байгаа учир Г.Б гэж хүн болон Монполимет ХХК-ний холбогдох хүмүүст хөнгөн ял шийтгэж уг хэргийг хурдан шуурхай шийдвэрлэж өгнө үү...шүүх хуралд суухгүй...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 26-28, 2-р хх-ийн 107-108 тал/,
- Иргэний хариуцагч Я.Дорждэрэмийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...манай Монполимет ХХК-ний зүгээс талийгаач Ж.Сайнжаргалын ажил явдалд буюу буян номын үйлсэд 12.056.838 төгрөг, Улаанбаатар хотын оффисын ажилчдаас 2.000.000 төгрөг, уурхайн ажилчдаас 3.000.000 төгрөг, цогцосыг зориулалтын тээврийн хэрэгслээр тээвэрлэх зардал 1.080.000 төгрөг, 36 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж 50.400.000 төгрөг нийт 68.536.838 төгрөгийг хохирогч талд төлж барагдуулсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 32-33 тал/
- Гэрч С.Цэнгэлсайханы мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Манай аавын ажлын байрны аюулгүй байдлыг тухайн ажил олгогч байгууллага бүрэн хангаагүй. Мөн ажиллуулж байгаа байгууллага нь ажилчдаа хариуцаж стандартын дагуу өдөр тутмын үйл ажиллагаагаа явуулаагүй болохоор би гомдол саналтай байна. Миний аав Ж.Сайнжаргалын гагнаж байсан гэх том төмөр шанагийг кранаар өргөж ажлаа хийж болохгүй байсан юм болов уу гэж бодож байна” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 34 тал/,
- Гэрч Д.Сайханбаярын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...2018 оны 08 сарын 29-нд би кемп дээр 06 цаг өнгөрч байхад сэрээд гарахад засварын талбай дээр гагнуурын оч гялалзаж харагдаж байсан. Би засварын талбай дээрээ талийгаачийг ажил дээрээ очоод ажлаа хийж байсан гэж ойлгосон...Бид нар засварын талбай дээр очиход талийгаач төмөр шанаганд цохиулаад хойд талд нь дээшээ хараад хэвтэж байсан. Мөн талийгаачийн хамар чихнээс цус гойжиж байсан, талийгаач амьсгаагүй болсон байсан. Манай Тосон уурхай ажилчидаа хуваасан нийт 7 хэсэгтэй ба хэсэг тус бүр нь даргатай. Би харуул хамгаалалт хариуцсан дарга. Манай байгууллагын ХАБЭА-ын ажилтан Д.Нямтайван нь хамгаалагчид улиралд нэг удаа зааварчилгаа өгдөг...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 43-44, 2-р хх-ийн 147-148 тал/,
- Гэрч Д.Ганбатын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...2018 оны 03 сарын сүүлээс уурхайн ажил эхэлснээс хойш “Тосон” уурхайд уурхайн даргын үүрэг түр гүйцэтгэгчээр ажиллаж байна. Би ерөнхий инженерийнхээ хувиар уурхайн олборлолтын болон ашиглалтын үйл ажиллагааг бүхэлд нь хариуцан ажиллуулдаг, уурхайн даргын хувьд Тосон уурхайн бүхий л үйл ажиллагаанд оролцож, хэсгийн дарга нарт дээрээс ирсэн даалгаврыг дамжуулах, үйлдвэрлэлийн үйл явцыг дээшээ танилцуулах, бүх инженер, техникийн ажилтнуудад үүрэг чиглэл өгч ажилладаг ...ХАБЭА-ын инженер Д.Нямтайванд хөдөлмөр хамгааллын дүрэм журам бий. Миний зүгээс ХАБЭА-ын инженерт улирал тутам сургалт, сар тутмын зааварчилгаа өгсөн дэвтэрт хяналт тавих үүрэг өгдөг. Манай уурхайн аж ахуй 6-н хэсэгтэй. Уулын хэсэгт засварын ажилчид хамаардаг. Уулын хэсгийн дарга Дашгаадан гэх хүн байдаг ба одоогийн байдлаар Дашгаадангийн ажил үүргийг туслах механик Батмөнх түр хариуцаж ажиллуулж байна. ...Уулын хэсгийн даргын үүргийг түр хариуцаж байгаа Батмөнх гэх хүн өөрийн хэсгийн албан хаагчдын өдөр тутмын үйл ажиллагаанд хяналт тавьж заавар өгөх үүрэгтэй байдаг...”, туслах механик Батмөнхийн ажил үүрэг механик инженерийн ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүрэг нэг бөгөөд нэг л ажил үүргийг гүйцэтгэхээр заасан байгаа туслах механик нь алхагч экскаваторынзасвар үйлчилгээ хийх, засвар хийж байгаа хүмүүсийг улирдан зохион байгуулж, хяналт тавих чиг үүрэгтэй албан тушаалтан...гагнуурчин Ж.Сайнжаргалын гүйцэтгэж байгаа ажил үүрэгт аюулгүй ажиллагааны зааварчилгааг өгөх албан тушаалтан нь хөдөлмөр хамгааллын инженер Нямтайван бөгөөд өдөр бүр наряд өгч өдөр тутмын үйл ажиллагааг нь хянах албан тушаалтан бол туслах механик Г.Б өгч гагнуурын ажил хийлгэж байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 45-48, 2-р хх-ийн 141-143 тал/,
- Гэрч Д.Нямтайваны мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Ингээд засварын талбай дээр ирээд машинаасаа буугаад бие засаад машины ойр зогсож байтал хүн хөөе гэж дуугарсан. Би хүн дуугарсан кран байсан хэсэгт яваад очтол Сайнжаргал гэх гагнуурчин шанаганаас унаад толгой хэсгээс нь цус гарсан газарт хэвтэж байсан. Тухайн шанага дахин савлахад Сайнжаргалыг дахин бэртэхээс сэргийлж Батмөнхийн хамт Сайнжаргалыг шанаганаас холдуулж буцаж машин руу гүйж кемп буюу анги орж эмч Нансалмаа талийгаачийн биед үзлэг хийж цагдаад дуудлага өгсөн...Би нийт албан хаагчдад болон талийгаач Сайнжаргал нарт сар тутам аюулгүй ажиллагааны зааварчилгаа хэсэг тус бүрээр биечлэн өгдөг. ...Монполимет ХХК-ны захирлын 2018 оны 06 сарын 14-ны өдөр баталсан Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн нийтлэг дүрмээс ажилчдад зааварчилгаа өгдөг юм. ...би ганцаараа Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн-инженер ажилтай юм ...Гагнуурчин гэлтгүй бүх ажлын байрны эрсдэлийн үнэлгээ нь хуучин хийгдсэн байсан эрсдэлийн үнэлгээ нь чанарын шаардлага хангахааргүй байсан тул эрсдэлийн үнэлгээг дахин шинэчилж хийгдэж байсан юм...”. “...Г.Б нь хариуцсан ажлынхаа ажлын байр бүрд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль тогтоомж, нийтлэг шаардлага, стандартын хэрэгжилтэнд дотоод хяналт тавих анхан шатны субъект мөн...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 49-54, 2-р хх-ийн 109-110, 145-146, 154 тал/,
- Гэрч Б.Нансалмаагийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: ”...2018 оны 08 сарын 29-нд намайг кемп дээр байхад 08:30 минутанд деспичир Х.Туул хэлэхдээ засварын талбай дээр шанаганд хүн даруулчихлаа гэж дуудлага өгсөн. Би осол болсон газарт 08:40 минутанд ирэхэд засварын хашааны баруун хойд буланд байрлах краны урд байсан төмөр шанаганы хойд талд манай компанид гагнуурчнаар ажилладаг байсан Ж.Сайнжаргал нь дээшээ хараад хэвтэж байсан. Би Сайнжаргалын биед үзлэг хийхэд хамар, чих, амаараа цус алдсан мөн толгойн зүүн дээд талд цохигдсон гэмтэлтэй цус алдсан ухаангүй байдалтай байсан. Би Сайнжаргалын хүзүүний гүрээний судас дээр хуруугаа тавьж үзэхэд зүрхний цохилт тодорхойлогдохгүй байсан. Тэгээд талийгаач Сайнжаргалын бие цайрсан байсан. Тухайн үед би талиийгаач Сайнжаргалд зүрхний массаж хийхийн тулд амьсгалыг чөлөөлөхөөр амыг нь нээтэл ам дүүрэн цустай байсан би Сайнжаргалын хиймэл шүдийг авч хажууд нь тавиад аманд байсан цусыг арчиж авсан. Би талийгаачийн нүдний хариу үйлдлийг шалгахад хариу үзүүлэхгүй байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 55 тал/,
- Гэрч Д.Цолмонгийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Монполимет ХХК-ний диспечирээс утсаар яриад Монполимет ХХК-ний засварын талбай дээр ирээд эксковаторын шанага өргөх ажил хийх хэрэгтэй байна гэхээр нь би өдрийн 14 цагаас хойш Монполимет ХХК-ний кемп дээр ирээд кранаа асаагаад засварын талбай дээр очиход талийгаач Сайнжаргал гээд гагнуурчин ганцаараа байсан. Тэгээд кранаас эксковаторын шанагыг краны стров гэж зориулалтын бэхэлгээгээр бэхэлж харуулж эргүүлэн газар тавиулаад унагахгүйн тулд хойд талд нь эвээс мод хийсэн тэгээд гараараа дохиод болно гэхээр нь би өргөсөн бэхэлгээг нь авчихаад яваад өгсөн юм... Тухайн үед талийгаач хэлэхдээ энэ шанаганд гагнуур хийж байгаа юм хажуу талаар нь буюу бөөрөөр нь харуулж тавих хэрэгтэй байна гэхээр нь би кранаар өргөж бөөрөөр нь харуулж тавихад талийгаач Сайнжаргал хойд талд нь мод эвээд гараараа болно гээд дохьсон. Тэгээд би яваад өгсөн юм...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 57-58 тал/,
- Гэрч С.Энхтуяагийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Уулын хэсгийн дарга Дашгаадан нь өндөр настай хүн байдаг бөгөөд тийм учраас ажил үүрэгт нь туслуулах мөн олон жил ажилласан техникүүдээ сайн мэдэх Батмөнх гэх хүнийг туслахаар нь ажиллуулж эхэлсэн ба хэрэг гарахын өмнө Дорноговь аймгийн Өргөн сумын шохоонй чулууны уурхайд өрмийн машиныг угсрах ажлыг Дашгаадан гэх уулын хэсгийн даргаар хариуцуулах туслах механик Батмөнхийг түр орлон гүйцэтгүүлэх асуудал яригдаж байсан бөгөөд...Дашгаадан байхгүй тохиолдолд туслах механик Батмөнх ажп үүргийг нь орлон гүйцэтгэх ёстой...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 60-61 тал/
- Гэрч Г.Дашгаадангийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...2018 оны 08-р сарын 23-ны үеэр байсан санагдаж байна. Ямар ч байсан очоод 6 хонож байсан Дорноговь аймгийн Өргөн суманд байдаг Монполимет ХХК-ний Мон цементны үйлдвэрт өрмийн ажиллагаа, ЭКГ-5А маркийн экскеватор зэрэг өөрийнхөө хариуцдаг техникүүдийг шалгах ажилтай очсон байхад 2018 оны 08-р сарын 29-ны өглөө Тосон уурхайгаас над руу утсаар яриад засварын экскеваторын шанаганд дарагдаж нас барсан талаар хэлсэн би тэгээд тэр өдрөө Улаанбаатар хотол гэртээ ирж хоноод тэгээд Тосон уурхайд очиж болсон явдалтай танилцсан ба хууль хяналтын байгууллага шалгаж байсан...Механик буюу миний хариуцсан хэсэгт талийгаач Сайнжаргал ажилладаг ба би өөрөө Тосон уурхайд ажиллаж өдөр тутмын наряд өгч аюулгүй ажиллагааны зааварчилга өгдөг намайг байхгүй үед туслах механик Батмөнх талийгаач Сайнжаргалд наряд өгч зааварчилга өгдөг мөн ХАБЭА-нд инженер Нямтайван давхар хяналтаа тавих ёстой...2017 оны 12-р сарын 01-ний өдрөөс туслах механикаар Батмөнх гэж хүнийг томилсон ба намайг эзгүй үед туслах механик Батмөнх миний ажпыг орлодог ба энэ талаар ажлын байрны тодорхойлолтонд мөн заасан...Ажлын байрны тодорхойлолтоороо туслах механик Батмөнх намайг эзгүйд миний ажлыг орлон гүйцэтгэх ёстой ба туслах механикаар ажилд авсан тушаал нь байгаа учир намайг нэг компаний уурхай болох Монцементны үйлдвэр лүү ажилтай явахад орлон гүйцэтгэх тушаал шийдвэр гарах шаардлагагүй...Экскеваторын шанагыг эргүүлж тойруулж гагнуур хийх шаардлагатай тохиолдолд кранаар өргөж эргүүлж эргэн тойронд гагнуур хийх ёстой ба модоор тулгуур хийж дээр нь гарч гагнуур хийж болохгүй...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 111-112 тал/,
- Гэрч Б.Батбаатарын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Туслах механик Г.Б нь Монполимет ХХК-ний алхагч экскеваторын хэсэг буу ЭЭШ6-45-ыг хариуцаж уг алхагч экскеваторын засвар үйлчилгээ ашиглалтыг хариуцаж ажилладаг ба уг алхагч экскеваторын хэсгийн ажилчдын ажиллах хувиар томилгоо, хийх ажлын наряд, аюулгүй ажиллагааны зааварчилгааг өгч хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль тогтоомж, нийтлэг шаардлага хэрэгжиж байгаа эсэхэд хяналт тавьж, стандартын дагуу хийж хэрэгжүүлж байгаа эсэхэд мөн хяналт тавьж дотоод хяналт тавих субъект мөн...ер нь тухайн хэсэгт нь хийх ажлын наряд үүргийг тухайн хэсгийг хариуцаж байгаа хүн нь өгдөг ба осол хэрэг гарсан газарт бол туслах механик Г.Б тухайн үед хариуцаж ажиллаж байсан...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 139-140 тал/,
- Шинжээч К.Хавалболотын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Ажил олгогч болон ажилтан нар нь хууль дүрэм журмыг зөрчсөнөөс болж осол хэрэг гарсан ба ажилтан болох талийгаач Ж.Сайнжаргал нь ажпын наряд, аюулгүй ажиллагааны зааварчилга авалгүй гагнуурын ажлаа эхлээд ажиллаж байгаад осолдсон ба ажил олгогч талаас механикийн эзгүйд ажлыг нь орлон гүйцэтгэж байсан туслах механик Батмөнх гэж хүн засварын талбай дээр очоод талийгаач Ж.Сайнжаргалыг гагнуурын ажлаа эхэлсэн байгааг мэдэж очсон хэдий ч наряд аюулгүй ажиллагааны зааварчилга авалгүй ажлаа гүйцэтгэж байна гэж үзэн ажпыг нь зогсоохгүйгээр гагнуурын ажпыг нь гүйцэтгүүлж байгаад осол хэрэг гарсан байсан...Анх хэзээ хэн наряп өгсөн тодорхойгүй байгаа нь үйлдвэрлэлийн осолд өртөгч Ж.Сайнжаргал нь анх гагнуурын ажлыг яаж хийх, ямар аюулгүй ажиллагааг хангаж ажиллах тухай нарядыг үйлдвэрлэлийн осолд өртөгч Ж.Сайнжаргал нь аваагүй байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдож байсан ба Ж.Сайнжаргалд нарядыг шууд удирдаж байгаа албан тушаалтан болох Дашгаадан, Батмөнх нар өгөх байсан ба тухайн үед механик Дашгаадан томилолттой эзгүй байсан туслах механик Батмөнх орлож байсан нь талийгаач Ж.Сайнжаргалд туслах механик Батмөнх наряд өгч хяналт тавьж ажиллах байсан...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 179-181 тал/,
- Шинжээч Н.Цэцэг-Эрдэнийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Наряд гэдэг нь аюулгүй ажиллагааны зааварч биш бөгөөд тухайн өдөр нь ямар ажил гүйцэтгэхийг тодорхой заасныг л хэлж байгаа юм...Наряд гэж тухайн өдөр ямар ажил үүрэг гүйцэтгэхийг тодорхой болгож өгсөний дараа уг ажил үүрэгтэй холбоотой тохирсон аюулгүй ажиллагааны зааварчилгааг өгдөгөөрөө хамаарал холбоотой юм..." гэх мэдүүлэг /1-р хх-ийн 74 тал/,
- Шүүгдэгч Г.Бийн мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар мэдүүлсэн: “...Би уг зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. ...Би талийгаач Ж.Сайнжаргалд өдөр тутмын хийх ажлын наряд аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгч байгаагүй бөгөөд өдөр тутмын хийх ажлын наряд зааварчилга өгөх гэхээр дэвтэр байдаггүй байсан тул талийгаач Сайнжаргалтай хоёулаа зааварчилга наряд өгөх дэвтэртэй болмоор юм байна даа гэж хэлж байсан юм. Тэгээд дэвтэр нээж наряд зааварчилга өгч байя гэсэн боловч эксковатор дээр засвар хийгээд завгүй байсан тул дэвтэр нээж амжаагүй байсан юм...08 цаг өнгөрөөгөөд очиход талийгаач Сайнжаргал шанаганд гагнуур хийгээгүй бэлдэц төмрөө тайраад байж байсан харин алхагч эксковаторын шанага нь хацраараа босгож 2 модоор эвсэн байдалтай байж байсан тул энэ шанаганы тулгуур мод чинь арай бөх биш юм бишүү олигтойхон тулгуур хийж гагнаарай гэхэд талийгаач гайгүй байхаа гэж хэлж байсан ба намайг байрнаас гараад ирэхэд талийгаач Сайнжаргал шанаган дээр гарсан байгаа харагдсан би тэгээд талийгаач Сайнжаргалыг олон жил гагнуур хийж байгаа туршлагатай хүн учраас өөрийгөө мэдээд аюулгүй байдлаа хангаж ажиллаж байгаа байх гэж бодсон юм. ...Надад өөр нэмж ярихад талийгаачийн ар гэрт хандаж гүнээ харамсаж байна. би зааварчилга өгч аюулгүй байдлыг нь хангуулж ажиллуулаагүй буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байна” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 83-84 тал/,
- Дахин өгсөн: “...Миний бие Дашгаадан гэж хүний ажлыг түр орлон гүйцэтгэж байсан тул манай хэсэгт ажилладаг байсан гагнуурчин Сайнжаргал гэж хүнд бол би өдөр тутмын хийх ажлын наряд, аюулгүй ажиллагааны зааварчилга өгөх эрхтэй байсан тухайн үед би болгоомжтой ажиллаарай гэдгийг амаар хэлж анхааруулж л байсан...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 114-115 тал/,
- Дахин өгсөн: “...Талийгаач Ж.Сайнжаргалын гагнуурын ажил хийж байсан алхагч экскеваторын шанаганд хэд хоног гагнуурын ажил хийж байсан ба анх хэзээ уг шанаганд гагнуурын ажил хий гэж хэлж гагнуур хийлгэсэн талаараа санахгүй байна механик Дашгаадан бид нар хамт байхдаа энэ шанаганд ингэж гагнуур хийээр юм байна гэж ярилцаж байсан тэгээд би механик Дашгаадангийн ажлыг нь хариуцаж түр орлож үлдээд тэгээд талийгаач Ж.Сайнжаргалаар шаганад гагнуурын ажил хийлгэж байсан би аюулгүй ажиллагааны наряд бол өгөөгүй тухайн осол болсоны өмнө нь би талийгаач Ж.Сайнжаргалыг ажлаа хийж байхад нь очиж уулзаад нарядын дэвтэр байгаа юу гэхэд дэвтэр байхгүй байгаа гэж хэлж байсан тэгэхлээр нь би тэгвэл хоёулаа 1 дэвтэртэй болъё доо гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 186 тал/ тус тус нотлогдон тогтоогдсон байна.
Шүүгдэгч Г.Бийн ял шийтгэлийн тэмдэглэл, иргэний үнэмлэхийн лавлагаа болон бусад хувийн байдлыг тогтоосон баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт судласан болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна. Иймд шүүгдэгч Г.Бийг болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Ууганцэнгэл нь “Компани оршуулгын зардал, бусад хохирлыг өгсөн...эхлээд 50 сая, дараа нь 50 сая, оршуулгын зардал 12 сая төгрөг, нийт 112 сая төгрөг өгсөн. Мөн 5 шард байр авсан... Гомдол санал байхгүй...” гэсэн байх тул энэ шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх хохирол төлбөрийн асуудал байхгүй байна.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
-улсын яллагч М.Гансувд “Шүүгдэгч Г.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 5 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан ялыг Эрүүгийн хуулийн ерөний ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх” ялын дүгнэлтийг,
-шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Даваажанцан “Энэ гэмт хэрэг бол Г.Бийн буруу гэхээсээ илүү ажлын туршлагагүй байдал нөлөөлсөн байна гэж харагдаж байна. Мөн хамт ажиллаж байсан нөхрийгөө алдсандаа түүний ар гэрээс уучлал гуйж, нөгөө талаас Монполимент гэх газраас хүний амь нас хохироосон үйлдэл гаргаж байсан туршлага байсангүй. Хэрэв Г.Бөд хариуцлага хүлээх бол түүний ар гэр, эхнэр, хүүхэд тусдаа гараагүй байгаа хүүхдүүд, мөн тэдний байр нь 5 жил ажиллаж байж өөрийн болох ёстой нөхцөл байдал арилна. Одоо 3 жил ажиллаж байгаа, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлсөн зэрэг хувийн байдлыг харгалзан тэнсэж өгнө үү” гэх саналыг тус тус гаргасан байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд “Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх дараах байдлаар хорих ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болно” гэж заасан байх бөгөөд шүүгдэгч Г.Б нь мөрдөн байцаалтын шатнаас эхлэн гэм буруу дээр маргаагүй, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, нөхцөл байдал зэргийг дүгнэж түүнд энэ зүйлийг хэрэглэж, оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.
Өөрөөр хэлбэл шүүх шүүгдэгч Г.Бөд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан хүсэлтийг харгалзсанаас гадна Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан тохиолдолын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол төлсөн байдал, мөн 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр гаргасан 01 дугаартай дүгнэлтээр Г.Б нь гагнуурчин Ж.Сайнжаргалын ажлын байрыг эргэх явцдаа МУ-н Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн “28.1.2. үйлдвэрлэлийн үйл ажиллагааны явцад хүний амь нас, эрүүл мэндэд сөрөг аюултай нөхцөл байдал бий болсон тохиолдолд уг үйл ажиллагааг яаралтай зогсоож, аюултай нөхцөл байдлыг шуурхай арилгах” зүйлд зааснаар эрхийн дагуу ажлыг зогсоож, мөн хуулийн “28.1.4. ажлын байранд учирч болзошгүй аюулыг илрүүлэх, тогтоох, үнэлэх, бууруулах, арилгах зорилгоор эрсдлийн үнэлгээ хийх” заалтыг биелүүлээгүй, иргэний хариуцагч “Монполимет” ХХК-н Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дотоод хяналт шалгалтын тухай журмын 2.2-д зааснаар шат шатны хяналт, шалгалт хийх...үйлдвэрлэлийн осолд өртөгч Ж.Сайнжаргалд экскеваторын шанагыг хэрхэн байрлуулах талаар “Монполимет” ХХК-ний туслах механик Г.Б зааварчилгаа өгөхийн зэрэгцээ “Монполимет” ХХК-н Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн дотоод хяналт шалгалтын тухай журмын 4.1.1, 4.1.2, 4.2.1-д заасан заалтуудын дагуу хяналт тавих...үйлдвэрлэлийн осол болсон 2018 оны 08 дугаар сарын 29 өдрийн ажлын наряд, ажлын байрны зааварчилгаа өгөөгүй...Ажилтан Ж.Сайнжаргалд экскеваторын шанагыг хэрхэн байрлуулах талаар “Монпоимет” ХХК-ний туслах механик зааварчилгаа өгч, хяналт тавих, ингэхдээ ажил үүргийн хуваарийн дагуу алхагч экскеваторын засвар үйлчилгээ, урсгал засвар, их засваруудыг Механик инженерийн зааварчилгааны дагуу тухайн маркийн драглайны техник ашиглалтын зааварт үндэслэн хийлгэх, шанаганд хийгдэх засвар буюу гагнуурын ажлыг гүйцэтгэх стандарт журмыг нарийвчлан боловсруулах, ажлын стандарт журамд хийгдэх ажилбарууд, тухайн ажилбар бүрд шаардагдах машин тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, холбогдох нэг бүрийн хамгаалах хэрэгсэл, ажилбар бүрд мөрдөх аюулгүй ажиллагааны зааварчилгааг тусгаж ажилтнуудад танилцуулаагүй, амь хохирогч Ж.Сайнжаргал нь МУ-н Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн “18.2.2 хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалтанд хамрагдсан байх, хуульд тусгайлан заасан бол шалгалт өгсөн, аюулгүй ажиллагааны зааварчилга авсан байх” гэсэн заалтуудыг зөрчин ажлын наряд, зааварчилгаа авахгүйгээр ажил гүйцэтгэж байсан зэрэг нь тухайн үйлдвэрийн осол гарахад иргэний хариуцагч Монполимент ХХКомпани, шүүгдэгч Г.Б болон амь хохирогч Ж.Сайнжаргал нарын аль аль нь буруутай үйлдэлийн улмаас осол гарах болсон шалтгаан нөхцөлийг харгалзсан болно.
Бусад асуудлаар:
Хэрэгт битүүмжлэгдсэн болон иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч Г.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31 дүгээр зүйлийн 31.3, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.3, 36.4, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
- Шүүгдэгч Г.Бхийг хүнийг болгоомжгүй алсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
- Шүүгдэгч Г.Бхийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 3 /гурав/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэхийг шүүгдэгч Г.Бөд үүрэг болгосугай.
- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт тус тус зааснаар Г.Б нь тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэр, хүлээлгэсэн үүргийг хүчингүй болгож, ял оногдуулахыг сануулсугай.
- Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Бөд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
- Хэрэгт битүүмжлэгдсэн болон иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч Г.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний хариуцагч “Монполимент” ХХК-нь амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Ууганцэнгэлд нийт 112.000.000 төгрөг төлсөн болохыг тус тус дурдсугай.
- Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар
зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд ялтан, хохирогч, тэдгээрийн
өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
- Шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ю.ЭНХМАА