Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2017 оны 08 сарын 29 өдөр

Дугаар 579

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

 хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

            Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч  Н.Гэрэлтуяа  би,

          Нэхэмжлэгч: Увс аймгийн Улаангом сумын 7 дугаар баг, 5-8 тотод оршин суух, 1954 онд төрсөн, эмэгтэй, регистрийн дугаар ОЮ54021405, Тугтан овогтой Нацагийн Түмэнжаргалын нэхэмжлэлтэй,

          Хариуцагч: Увс аймгийн Улаангом сумын 10 дугаар баг, 5-2 тоотод оршин суух, 1986 онд төрсөн, эрэгтэй, регистрийн дугаар ОТ86041875, Монголмууд овогтой Мундагбаатарын Ганзоригт холбогдох,   

         Гэм хорын хохирол 1.500.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 8 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, 2017 оны 8 дугаар сарын 29-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ  нь:

          Нэхэмжлэгч Н.Түмэнжаргал шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Би 2017 оны 5 дугаар сарын 16-ны өдөр таксинд сууж явтал араас нь М.Ганзориг гэгч нь согтуугаар машин барьж яваад хүчтэй мөргөж, улмаар миний тархи толгойнд гэмтэл үүсэж, одоо хүртэл эмчлүүлж байгаа билээ. Тухайн үед М.Ганзориг нь “Эгчээ би таны хохирлын 500.000 төгрөг өгнө, та шүүх, цагдаагаар битий яв” гэж хуурамч бичиг хийж нотариатаар батлуулж намайг залилсан. Дараа нь цагдаагийн байгууллагаар а/х Я.Баттулгаар шалгуулсан боловч “Хохирлоо шүүхээр гаргуулж ав” гэж хэлсний улмаас танай байгуулалагад хандаж байна. Шинжээч эмч Н.Одбаяраар шинжээчийн дүгнэлт /хөнгөн гэмтэл үүссэн/ гаргуулсан. Би Увс аймагт болон Улаанбаатар хот явж эмчлүүлсний зардал нийт 1.500.000 төгрөг гарсан. Гарсан зардлаа нэг бүрчлэн бичиж хэрэг бүртгэгчид өгсөн. Одоо 2017 оны 9 дүгээр сард Улаанбаатар хот руу дахин эмчилгээнд явахаар болсон. Дахин зардал мөнгө нэмэгдэх байх. Би 64 настай хөгшин хүн. Гэтэл иргэн М.Ганзориг нь анхнаасаа надыг хууран мэхэлж эхнэрийн хамт хэл амаар доромжилж “Би танд нэг ч төгрөг өгөхгүй, би танд өгөх мөнгөө хуулийн байгууллагын хүмүүст хээл хахуульд өгөөд хэргээс мултарч байгаа, та надаас юу ч олж долоохгүй” гэх мэтчилэн доромжлоод, одоо хүртэл нэг ч төгрөгийн хохирол төлөөгүй. Иймд миний хохирлыг иргэн М.Ганзоригоос яаралтай гаргуулж өгнө үү. Миний хохирол 1.500.000 төгрөг нэмэгдэж байна. Нийт 1.538.950 төгрөгийн хохирлыг М.Ганзоригоос гаргуулж өгнө үү” гэжээ.  

          Зохигчдын хооронд 2017 оны 8 дугаар сарын 29-ний өдөр байгуулагдсан эвлэрлийн гэрээнд: “...Иргэн Н.Түмэнжаргалын нэхэмжлэлтэй, хариуцагч М.Ганзоригт холбогдох, гэм хорын хохирол 1.500.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч, хариуцагч нар бид дараах байдлаар харилцан тохиролцож, эвлэрлийн гэрээ байгуулав. Нэхэмжлэгч Н.Түмэнжаргал би нэхэмжилсэн 1.500.000 төгрөгийн 750.000 төгрөгөөс татгалзаж, үлдэх 750.000 төгрөгийг хариуцагч М.Ганзоригоос гаргуулах, хариуцагч М.Ганзориг нь 750.000 төгрөгийг 2 хувааж буюу 500.000 төгрөгийг 2017 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн дотор, үлдэх 250.000 төгрөгийг 2017 оны 12 дугаар сард багтаан нэхэмжлэгч Н.Түмэнжаргалд /Төрийн банкны 16200231287, Хаан банкны 5820057957 дансанд/ төлж барагдуулахаар тохиролцов. Энэхүү хугацаанд хариуцагч мөнгийг бүрэн төлж барагдуулаагүй тохиолдолд шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаар албадан гаргуулна. Нэхэмжлэгч уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах, давах болон хяналтын шатны шүүхэд гомдол гаргах эрхгүй болохыг ойлгож мэдсэн болно” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч Н.Түмэнжаргал нь хариуцагч М.Ганзоригт холбогдуулан, гэм хорын хохирол 1.500.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

          Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч, хариуцагч нар нь нэхэмжлэлийн шаардлагын талаар харилцан тохиролцож, хариуцагч М.Ганзориг нь нэхэмжлэлийн шаардлага болох 1.500.000 төгрөгийн 50 хувь буюу 750.000 төгрөгийг төлж, нэхэмжлэгч Н.Түмэнжаргал нь нэхэмжлэлийн шаардлагаас 750.000 төгрөгийг хасч тус тус зохигчид эвлэрлэн, гэрээ байгуулсан байна.

           Уг гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, бусдын эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй гэж үзлээ.

            Нэхэмжлэгч Н.Түмэнжаргалын тэмдэгтийн хураамжид төлсөн 38.950 төгрөгөөс 27.675 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, зохигчдын эвлэрсэн хэмжээ болох 750.000 төгрөгт ногдох 22.550 төгрөгийн тал хувь буюу 11.275 төгрөгийг Увс аймгийн Төрийн сангийн 150000941 тоот данснаас, мөн хариуцагч М.Ганзоригоос 11.275 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Н.Түмэнжаргалд олгох нь зүйтэй байна.   

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл,  123 дугаар  зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

           1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Н.Түмэнжаргал нэхэмжлэлийн шаардлага буюу гэм хорын хохирол 1.500.000 төгрөгөөс 750.000 төгрөгийг хасч, хариуцагч М.Ганзориг нь үлдэх 750.000 төгрөгийг 2 хувааж буюу 500.000 төгрөгийг 2017 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн дотор, үлдэх 250.000 төгрөгийг 2017 оны 12 дугаар сард багтаан нэхэмжлэгч Н.Түмэнжаргалд /Төрийн банкны 16200231287, Хаан банкны 5820057957 дансанд/ төлж барагдуулахаар, зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Н.Түмэнжаргалаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 38.950 төгрөгөөс 27.675 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Увс аймгийн Төрийн сангийн 150000941 тоот даснаас 11.275 төгрөгийг, мөн хариуцагч М.Ганзоригоос 11.275 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Н.Түмэнжаргалд олгосугай.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан  шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар  анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                         Н.ГЭРЭЛТУЯА