| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нямжавын Гэрэлтуяа |
| Хэргийн индекс | 152/2017/00572/и |
| Дугаар | 580 |
| Огноо | 2017-08-29 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 08 сарын 29 өдөр
Дугаар 580
Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Увс аймгийн Тэс сумын 5 дугаар багт оршин суух, 1959 онд төрсөн, эрэгтэй, регистрийн дугаар ОО59031011, Борлууд овогтой Жамсрангийн Шагдарын,
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2017 оны 8 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, 2017 оны 8 дугаар сарын 16-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга А.Тамираа оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ж.Шагдар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон хүсэлтдээ: “Миний бие нь 1959 онд төрсөн, 58 настай, ам бүл 4. Би 1977 оноос 1980 онд цэргийн алба хааж ирээд 1980 оны 7 дугаар сараас 1992 оныг дуустал хугацаанд Увс аймгийн Тэс сумын Тэжээлийн аж ахуйд тракторчноор ажилласан. 1992 оноос Тэжээлийн аж ахуй нь “Таван тэс” ХК болон өөрчлөгдсөн бөгөөд тус компанид 1994 оны 8 дугаар сарыг дуустал хугацаанд тасралтгүй ажилласан. Одоо тэтгэвэрт орохоор бичиг баримтаа бүрдүүлэхэд тухайн үед ажилд томилогдсон болон ажлаас чөлөөлөгдсөн тушаал олдохгүй, мөн хөдөлмөрийн дэвтрээ гээж үрэгдүүлсэн тул шүүхэд хандах шаардлагатай болсон юм. Иймд миний Увс аймгийн Тэс сумын Тэжээлийн аж ахуйд 1980 оны 7 дугаар сараас 1992 оныг дуустал, мөн “Таван тэс” ХК-нд 1993 оноос 1994 оныг дуустал хугацаанд тус тус тракторчноор ажилласан хугацааг сэргээн тогтоож өгнө үү. ... Ж.Шагдар миний бие тус шүүхэд ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргасан бөгөөд хэргийн материалтай танилцсан. Би Увс аймгийн Тэс суманд оршин суудаг ба эхнэр бид хоёр байдаг. Надаас өөр мал маллах хүн байхгүй тул дахин шүүхэд хүрэлцэн ирэх боломжгүй байна. Иймд намайг байлцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ж.Шагдар нь ажиллаж байсан байдал тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргажээ.
Увс аймгийн Тэсийн тэжээлийн аж ахуйн даргын 1980 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 75 дугаар “Ажилчид шагнах тухай” тушаал хэрэгт авагдсан байх ба уг тушаалд “1980 оны улсын фондод бэлтгэх өвсний төлөвлөгөөг 130,7 хувиар давуулан биелүүлж, хөдөлмөрийн бахдам амжилт гаргасныг сайшаан тэмдэглэж Тушаах нь: 1. Улсын фондын өвс бэлтгэл, хүнсний ногоо, үр тариа хураалт зэрэг ажлуудад идэвхи зүтгэл, үр бүтээл гарган ажиллаж, жилийнхээ төлөвлөгөөг 124-181 хувиар давуулан биелүүлж, хөдөлмөрийн өндөр амжилт гаргасан инженер, техникийн ажилчдыг баярын бичиг, үнэ бүхий зүйлээр шагнаж, 1 дүгээр хавсралтаар баталсугай. ... Аж ахуйн дарга П.Цэвээн” гээд хавсралтын 61 дүгээрт “Ж.Шагдар -25 төгрөг” гэжээ.
Мөн Увс аймгийн Тэсийн тэжээлийн аж ахуйн даргын 1981 оны 7 дугаар сарын 14-ний өдрийн 47 дугаар “Ажилчид шагнах тухай” тушаалд “Монгол Ардын хувьсгалт намын 18 дугаар их хурал, Ардын хувьсгалын 60 жилийн ой угтсан бүх ард түмний социалист уралдаанд 1981 оны эхний хагас жилийн ажлаар системдээ 1 дүгээр байр эзэлж, үүрд хадгалагдах улаан туг, диплом, 15 мянган төгрөгөөр шагнагдсан шагналын мөнгөний 50 хувиар нийт ажилчдыг шагнаж урамшуулах нь зүйтэй гэж үзээд Тушаах нь: 1. Тэргүүний ажиллагаатай нэр бүхий 213 хүнийг үнэ бүхий зүйлээр шагнаж, нэрсийг 1 дүгээр хавсралтаар баталсугай. ... Дарга П.Цэвээн” гээд хавсралтын 4 дүгээрт “Ж.Шагдар 50 төгрөг” гэжээ.
Увс аймгийн Архивын тасгийн 2017 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн цалингийн тодорхойлолтод “Увс аймгийн Тэс сумын Тэжээлийн аж ахуйд тракторчноор ажиллаж байсан Жамсран овогтой Шагдарын 1980 оны 7 дугаар сараас 1994 оны 8 дугаар сарыг дуустал хугацаанд ажиллаж, авч байсан цалин”-г түүвэрлэн ирүүлсэн байна.
Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр иргэн Ж.Гэндэн, Т.Цэрэн нарыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр оролцуулсан бөгөөд гэрч Ж.Гэндэн: “Ж.Шагдар нь 1980 онд цэргээс халагдаж ирээд Увс аймгийн Тэс сумын Тэжээлийн аж ахуйд тракторчноор орж, улмаар тэндээ 1992 оныг дуустал хугацаанд ажилласан. Тэс сумын Тэжээлийн аж ахуй нь 1992 онд татан буугдаж, “Таван тэс” ХК болсон ба Ж.Шагдар 1992 оноос 1994 оны 8 дугаар сарыг дуустал хугацаанд тус компанид тракторчноор ажилласан. Би Ж.Шагдартай хамт ажиллаж байсан тул түүний ажилласан байдлын талаар сайн мэднэ. Би өөрөө 1977 оноос 1994 оны хооронд Увс аймгийн Тэсийн тэжээлийн аж ахуй болон “Таван тэс” ХК-д тракторчноор ажиллаж байсан. Тухайн үед Ж.Шагдар нь Т.Турдаа даргатай хадлангийн 2 дугаар бригадад буюу Цагаан бураа бригадад, харин би Дунд бух буюу 1 дүгээр бригадад тракторчноор ажиллаж байсан. Увс аймгийн Тэс сумын Тэжээлийн аж ахуйн даргаар н.Ядамжав, П.Цэвээн нар ажиллаж байсан” гэж, гэрч Т.Цэрэн: “Би Увс аймгийн Тэс сумын Тэжээлийн аж ахуйд 1978 оноос 1991 оны хооронд тасралтгүй тракторчноор ажиллаж байсан. 1992 оноос 1994 оны хооронд “Таван тэс” ХК-д тракторчноор мөн ажилласан юм. Ж.Шагдар 1980 онд цэргээс халагдаж ирээд Тэжээлийн аж ахуйд тракторын жолоочоор ажиллаж эхэлсэн бөгөөд түүнээс хойш 1994 оныг дуустал хугацаанд хамтдаа ажилласан. Манай Тэжээлийн аж ахуй 1992 онд “Таван тэс” ХК болж байсан. Ж.Шагдар нь хадлангийн 2 дугаар бригад буюу Цагаан бураа бригадад, харин би хадлангийн 3 дугаар бригад буюу Далд бригадад ажиллаж байсан юм. Увс аймгийн Тэс сумын Тэжээлийн аж ахуйн даргаар н.Ядамжав, П.Цэвээн нар ажиллаж байсан” гэж тус тус мэдүүлсэн ба гэрчүүдийн ажиллаж байсан байдлыг нотлох гэрч Ж.Гэндэнгийн ажиллаж байсан байдлыг тогтоосон Увс аймаг дахь Сум дундын шүүхийн 2009 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 578 дугаар шийдвэр, гэрч Т.Цэрэнгийн ажиллаж байсан байдлыг тогтоосон Увс аймаг дахь Сум дундын шүүхийн 2010 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 594 дүгээр шийдвэрийн хуулбар хэрэгт авагдсан байна.
Түүнчлэн гэрчүүдийн ажиллаж байсан байдлыг тогтоосон Увс аймаг дахь Сум дундын шүүхийн шийдвэрүүд, гэрчүүдийн шүүхэд өгсөн мэдүүлэг, нэхэмжлэгчийн тайлбар зэргээс үзэхэд Увс аймгийн Тэс сумын Тэжээлийн аж ахуй нь 1992 оныг дуустал хугацаанд үйл ажиллагаа эрхэлж, харин “Таван тэс” ХК нь 1993 оны 1 дүгээр сараас эхлэн, 1994 оны 8 дугаар сарын 15-ны өдрийг дуустал хугацаанд үйл ажиллагаа явуулсан болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэгч Ж.Шагдарын 1993 оны 1 дүгээр сараас 1994 оны 8 дугаар сарын 15-ны өдрийг дуустал хугацаанд “Таван тэс” ХК-д ажилласныг тогтоож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
Иймд хэрэгт авагдсан дээрх бичгийн болон бусад нотлох баримтуудыг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Ж.Шагдарын 1980 оны 7 дугаар сараас 1992 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд Увс аймгийн Тэс сумын Тэжээлийн аж ахуйд, 1993 оны 1 дүгээр сараас 1994 оны 8 дугаар сарын 15-ны өдрийг дуустал хугацаанд Увс аймгийн Тэс сумын “Таван тэс” ХК-д тус тус тракторчноор ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Ж.Шагдарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.
Нэхэмжлэгч нь хүндэтгэн үзэх шалтгаанаа дурдаж, өөрийг нь байлцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлтээ ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т зааснаар түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Борлууд овогтой Жамсрангийн Шагдарын 1980 оны 7 дугаар сараас 1992 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд Увс аймгийн Тэс сумын Тэжээлийн аж ахуйд, 1993 оны 1 дүгээр сараас 1994 оны 8 дугаар сарын 15-ны өдрийг дуустал хугацаанд Увс аймгийн Тэс сумын “Таван тэс” ХК-д тус тус тракторчноор ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгч Ж.Шагдарын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар нэхэмжлэгч нь уг шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ГЭРЭЛТУЯА