Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 08 сарын 29 өдөр

Дугаар 581

 

         Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

        Нэхэмжлэгч: Увс аймгийн Улаангом  сумын 7 дугаар баг, 3-4 тоотод оршин суух, 1964 онд төрсөн, эрэгтэй, регистрийн дугаар ОВ64081511, Хөрөнгө овогтой Рагчаагийн Гомбосүрэнгийн,  

          Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2017 оны 8 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, 2017 оны 8 дугаар сарын 16-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

          Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Р.Гомбосүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Тамираа нар оролцов.  

ТОДОРХОЙЛОХ  нь:

       Нэхэмжлэгч Р.Гомбосүрэн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие 1979 онд 7 дугаар ангиа төгсөөд, 14 хоногийн засварчны курсэд суугаад, 1979 оны 11 дүгээр сараас эхлэн Увс аймгийн Барилга угсралтын трестийн Барилга материалын үйлдвэрийн Тоосгоны заводод тоосго шатаах дугуй зуухны засварчингаар анх ажилд орсон. Ажиллаж байгаад тэндээсээ 1983 оны 6 дугаар сард цэрэгт яваад, 1986 оны 6 дугаар сард халагдаж ирээд, мөн оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлээд хуучин ажиллаж байсан Тоосгоны заводын дугуй зуухны засварчнаар ажилд орсон бөгөөд 1994 оны 2 дугаар сарыг дуустал хугацаанд ажилласан. 1992 онд Барилга угсралтын трестийн Барилга материалын үйлдвэр нь “Барилгын бирж” болж, зохион байгуулагдсан. Миний ажиллаж байсан хугацааны хөдөлмөрийн дэвтэр надад байсан боловч 2017 оны 4 дүгээр сард гэр маань шатсаны улмаас миний бүх бичиг баримт шатсан юм. Иймд аймгийн Архивын тасагт хандаж холбогдох бүх материал болон тушаалаа гаргуулж авсан юм. Иймд миний 1979 оны 11 дүгээр сараас 1994  оны 2 дугаар сарыг дуустал хугацаанд Увс аймгийн Барилга угсралтын трестийн Барилга материалын үйлдвэрийн Тоосгоны заводын тоосго шатаах дугуй зуухны засварчнаар ажиллаж байсан жилийг сэргээн тогтоож өгнө үү” гэжээ.

        Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

        Нэхэмжлэгч Р.Гомбосүрэн нь ажиллаж байсан байдал тогтоолгохоор шүүхэд хүсэлт  гаргажээ.  

        Хэдийгээр Увс аймгийн Онцгой байдлын газрын Гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагчийн Гал гарсан тухай 2017 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 15 тоот актаар нэхэмжлэгч Р.Гомбосүрэнгийн гэрт хадгалагдаж байсан бүх бичиг баримтууд устаж, галд шатсан болохыг тодорхойлсон байх боловч Увс аймгийн Архивын тасгаас 2017 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн цалингийн тодорхойлолт, ББМҮ-ийн яамны харьяа Увс аймаг дахь “Алтан гадас” одонт барилга трестийн даргын 1980 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 264 тоот тушаал, Улсын барилгын хорооны харьяа Увс аймаг дахь “Алтан гадас” одонт барилга трестийн даргын 1990 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 93 тоот тушаал, “Барилгын бирж”-ийн ерөнхий захирлын 1994 оны 73 тоот тушаалууд холбогдох хавсралтын хамтаар гарсан, түүнчлэн Увс аймгийн Барилга угсралтын трестийн Барилга материалын үйлдвэрийн даргын 1979 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн 13 тоот тушаал, Улсын барилгын хорооны харьяа Увс аймаг дахь “Алтан гадас” одонт барилга трестийн даргын 1988 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 690 тоот тушаал, хавсралтын хамтаар, 1987 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн Л.Дамдинсүрэн даргатай Барилга материалын үйлдвэрийн Дугуй зуухны 1 дүгээр ээлжийн ажилчдын “Ажлын цагийн баланс”, 1987 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн Л.Дамдинсүрэн даргатай Барилга материалын үйлдвэрийн Дугуй зуухны 1 дүгээр ээлжийн ажилчдын “Цалингийн хуваарилалт” гэх баримт, 1987 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн Л.Дамдинсүрэн даргатай Барилга материалын үйлдвэрийн Дугуй зуухны 1 дүгээр ээлжийн ажилчдын “Цалингийн хуваарилалт”, мөн “ШС Шагнал” гэх баримтууд, Улсын барилгын хорооны харьяа Увс аймаг дахь “Алтан гадас” одонт барилга трестийн даргын 1988 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 687 тоот тушаал хавсралтын хамтаар, 1989 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн “Цалингийн тооцооны хүснэгт” гэх баримтууд эх хувиар тус тус хэрэгт авагдсан байна.

         Тухайлбал, Увс аймгийн Архивын тасгийн 2017 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн цалингийн тодорхойлолтод Барилга угсралтын трестэд ажиллаж байсан Рагчаа овогтой Гомбосүрэнгийн 1990 оны 1 дүгээр сараас 12 дугаар сарыг дуустал хугацаанд ажиллаж, авсан цалинг түүвэрлэн ирүүлсэн.

         ББМҮ-ийн яамны харьяа Увс аймаг дахь “Алтан гадас” одонт барилга трестийн даргын 1980 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 264 тоот “Ариун цэвэр, соёлжилтын 10 хоногийн ажил зохион байгуулах комисс томилох тухай” тушаалд: “Аймгийн хэмжээгээр ариун цэвэр, соёлжилтын сарын ажил зохион байгуулагдаж, аймгийн сумд, албан газрууд, маш ихээхэн ажил зохиож урьд байснаас илүү үр дүнд хүрч байна. Аймгийн Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргаанаас энэ сарын ажлыг эрчимжүүлэх 10 хоногийн зохистой ажлыг 10 дугаар сарын 21-ний өдөр хүртэл зохион явуулахаар шийдлээ. Тус трестийн захиргаа аж ахуй, тээвэр, орон сууц, барилгын талбай, барилгачдын орон сууц, гудамжны хорооны ариун цэвэр, соёлжилтыг сайжруулах зорилгоор Тушаах нь: Тус трестийн ариун цэвэр, соёлжилтыг хариуцах комиссыг доорх бүрэлдэхүүнтэйгээр баталсугай. .... Мужаан цех, бетон цех, төв склад, аж ахуй, уурын зуух, конторын ариун цэвэр, соёлжилтын ажилд Н.Батчулуун, Юнгэр, Гомбосүрэн, Чулуун нар болон конторын албан хариуцлагатнуудыг шууд татан оролцуулж, ажиллуулахыг н.Нүүнээд даалгасугай. ... Барилга угсралтын трестийн дарга Т.Батзул” гэжээ.

          Улсын барилгын хорооны харьяа Увс аймаг дахь “Алтан гадас” одонт барилга трестийн даргын 1990 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 93 тоот “Шагнах тухай” тушаал: “Аймгийн зам барилга ашиглалтын трестийн 30 жилийн ойг тохиолдуулан зам гүүрийн баригадаа өндөр амжилт гарган ажилласан зарим ажилчдыг “Цүнхэг” амралтад амрах эрхийн бичгээр шагнах нь зүйтэй гэж үзээд Тушаах нь: 1. Зам барилгын ажилд идэвхи зүтгэлтэй ажиллаж, ажлын өндөр амжилт гаргасан Цэвээнгэрэл, Болд, Эрдэнэсүрэн, Л.Цогоо, Загдаа нарын 20 хүнийг барилгачдын “Цүнхэг” амралтад хүн тус бүрийг 7 хоног амрах эрхийн бичгээр шагнаж, хавсралтаар баталсугай” гээд хавсралтын 14 дүгээрт “Гомбосүрэн – 7 хоног – 28 төгрөг” гэжээ.

          “Барилгын бирж”-ийн ерөнхий захирлын 1994 оны 73 тоот “Бөхчүүд, малчдыг шагнаж урамшуулах тухай” тушаалд: “Барилгачдын баярыг тэмдэглэж, өнгөрүүлэх зорилгоор биржийн хамт олон мал аж ахуйн хэсгийн малчдын дунд хамтран зохион явуулсан өдөрлөгийн ажиллагаанд оролцсон бөхчүүд болон уяачдыг шагнаж, урамшуулах нь зүйтэй гэж үзээд Тушаах нь: 1. Барилгачдын баярыг тэмдэглэж зохиосон өдөрлөгийн ажиллагаанд уран мэх, хүчээ сорьж барилдсан 13 бөх, хурдан хүлэг морио сойж уралдуулсан 28 уяачид, засуулч, ерөөлчдийг шагнаж, хавсралтаар баталсугай. ... Захирал Д.Цээпэл” гээд хавсралтад “Морины ерөөл уншсан Гомбосүрэнд – Аяга 4 ширхэг х 100 = 400 төгрөг, чихэр 1 клограмм = 450 төгрөг” гэжээ.

        Дээрх нотлох баримтууд нь Увс аймгийн Архивын тасагт хадгалагдаж буй Барилга угсралтын трестийн даргын болон Барилгын биржийн захирлын тушаалын баримтуудаас гарч ирсэн байна.  

         Увс аймгийн Барилга угсралтын трестийн Барилга материалын үйлдвэрийн даргын 1979 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн 13 тоот тушаалд: “Аймгийн ХНХ-ийн 174 тоот ажилд шилжүүлэх мэдэгдлийг үндэслэн Тушаах нь: 1. Тоосго шатаах дугуй зуухны засварчнаар Рагчаа овогтой Гомбосүрэнг 1979 оны 2 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн авч ажиллуулсугай. 2. Р.Гомбосүрэнг хөдөлмөр хамгааллын хувцасаар хангаж, шаардагдах багаж, хэрэгслийг дансаар хүлээлгэн өгөхийг инженер техникийн албанд даалгасугай. 3. Р.Гомбосүрэнд хийснээр нь цалин хөлс /цаг зэргээр/ олгохыг санхүүгийн албанд зөвшөөрсүгэй. Дарга Ч.Нүүнээ” гэжээ.

          Улсын барилгын хорооны харьяа Увс аймаг дахь “Алтан гадас” одонт барилга трестийн даргын 1988 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 690 тоот “Ажил мэргэжлийн аваргууд шагнах тухай” тушаалд: “Трестийн 1988 оны социалист уралдааны болзол дүгнэсэн тухай хамтын зөвлөлийн хурлын протоколыг үндэслэн Тушаах нь: 1. 1988 оны социалист уралдаанд түрүүлсэн трестийн ажил мэргэжлийн аваргууд бүгд 15 хүнийг хавсралт ёсоор 9.000 төгрөгөөр шагнасугай. ... Барилга угсралтын трестийн дарга Т.Батзул” гээд хавсралтын 7 дугаарт “Засварчин Рагчаагийн Гомбосүрэн – 600 төгрөг” гэжээ.

         1987 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн “Ажлын цагийн баланс” гэх баримтад Барилга угсралтын трестийн Барилга материалын үйлдвэрийн Дугуй зуухны 1 дүгээр ээлж, бригадын дарга Л.Дамдинсүрэн” гээд хүснэгтийн 4 дүгээрт “Р.Гомбосүрэн – 24 өдөр, 184 цаг ажилласан” гэжээ.

       1987 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн Л.Дамдинсүрэн даргатай Барилга материалын үйлдвэрийн Дугуй зуухны 1 дүгээр ээлжийн ажилчдын “Цалингийн хуваарилалт” гэх баримтын 5 дугаарт “Р.Гомбосүрэн – 4 дүгээр мэргэжлийн зэрэгтэй, 184 цаг ажилласан, жинхэнэ олгох цалин 842 төгрөг, нормын биелэлт 172,8 хувь” гэжээ.

     1987 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн Л.Дамдинсүрэн даргатай Барилга материалын үйлдвэрийн Дугуй зуухны 1 дүгээр ээлжийн ажилчдын “Цалингийн хуваарилалт” гэх хүснэгтийн 3 дугаарт “Р.Гомбосүрэн – 208 цаг ажилласан, жинхэнэ олгох цалин 831 төгрөг, нормын биелэлт 155,2 хувь” гэж, мөн өдрийн “ШСШагнал” гэсэн баримтын 3 дугаарт “Р.Гомбосүрэн – 141 төгрөгийн шагнал олгох” гэжээ.

      Улсын барилгын хорооны харьяа Увс аймаг дахь “Алтан гадас” одонт барилга трестийн даргын 1988 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 687 тоот “Жилийн ажиллагааны үр дүнгээр шагнал олгох тухай” тушаалд: “Трестийн захиргааны зөвлөл, Үйлдвэрчний эвлэлийн хорооны 1988 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн 10/18 дугаар тогтоолоор баталсан шагналын дүрмийн холбогдох заалт, хамтын зөвлөлийн хурлын тогтоолыг үндэслэн Тушаах нь: 1. 1988 оны төлөвлөгөөт зорилтыг биелүүлэх, үйлдвэрлэлийн үр ашгийг дээшлүүлэхэд онцгой идэвхи зүтгэл гарган ажиллаж, сар, улирал, жилийн төлөвлөгөө, бүтээлийн нормоо биелүүлсэн тэргүүний ажиллагаатай 410  хүнийг 42.902 төгрөгөөр шагнасугай. ... Барилга угсралтын трестийн дарга Т.Батзул” гээд хавсралтын 2 дугаарт “Р.Гомбосүрэн 132 төгрөгийн шагнал” гэжээ.

      1989 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн “Цалингийн тооцооны хүснэгт”-ийн 3 дугаарт “Р.Гомбосүрэн – 240 төгрөг” гэж, мөн 7 дугаарт “Р.Гомбосүрэн – 229 төгрөг” гэжээ.

      Эдгээр нотлох баримтууд нь хэрэгт эх хувиар авагдсан байх бөгөөд тухайн баримтад тэмдэглэгдсэн бичилт, тамга тэмдэг зэрэг нь бүрэн байх тул нотолгооны ач холбогдолтойд тооцов.

     Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр иргэн С.Цоггэрэл, Ц.Оюун нарыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр оролцуулсан бөгөөд гэрч С.Цоггэрэл: “Би 1977 оны 9 дүгээр сараас эхлэн Увс аймгийн Барилга угсралтын трестийн харьяа Барилга материалын үйлдвэрийн Тоосгоны заводод Дугуй зууханд засварчнаар ажилд орсон ба одоог хүртэл хугацаанд уг ажлаа хийж байна. Манай байгууллагын нэр өөрчлөгдсөн болохоос одоог хүртэл хугацаанд үйл ажиллагаа явуулж байгаа. Тус байгууллага нь 1994 онд Өгөөмөр, 1999 онд Увс топиу, 2008 оноос Нэтэнт ХХК болж, үйл ажиллагаагаа эрхэлж байна. Р.Гомбосүрэн нь 1979 оноос 1994 оныг дуустал хугацаанд Увс аймгийн Барилга угсралтын трестийн харьяа Барилга материалын үйлдвэрийн Тоосгоны заводод Тоосго шатаах зуухны засварчнаар ажиллаж байсан. Тэрээр энэ хугацаанд ажиллаж байгаад 1983 оноос 1986 оны хооронд цэргийн алба хаасан. Тухайн үед байгууллагын даргаар Т.Батзул, Ч.Нүүнээ, А.Өвгөнхүү, н.Пүрэвсүрэн гэх хүмүүс ажиллаж байсан” гэж, гэрч Ц.Оюун: “Р.Гомбосүрэн нь 1979 оноос эхлэн Увс аймгийн Барилга угсралтын трестийн харьяа Барилга материалын үйлдвэрийн Тоосгоны заводод Дугуй зуухны тоосго шатаах зуухны засварчингаар ажиллаж эхэлсэн бөгөөд 1994 оныг дуустал хугацаанд ажилласан. Би 1982 оны 4 дүгээр сараас эхлэн тус байгууллагад үнс зөөгч, бригадын дарга, хөдөлмөр хамгааллын ажилчнаар тус тус ажилласан ба одоог хүртэл хугацаанд энэ ажлаа хийж байна. Тус байгууллага нь 1994 онд Өгөөмөр, 1999 онд Увс топиу, 2008 оноос Нэтэнт ХХК болж, үйл ажиллагаагаа эрхэлж байна. Мөн Р.Гомбосүрэн 1983 оноос 1986 оны хооронд цэргийн алба хаасан. Тухайн үед байгууллагын даргаар Т.Батзул, Ч.Нүүнээ, А.Өвгөнхүү, н.Пүрэвсүрэн гэх хүмүүс ажиллаж байсан” гэж тус тус мэдүүлсэн ба гэрчүүдийн ажилллаж байсан байдлыг нотлох тэдний хөдөлмөрийн дэвтрийн хуулбар болон ажиллаж байсан байдал тогтоосон Увс аймаг дахь Сум дундын шүүхийн 2007 оны 1 дүгээр сарын 04-ний өдрийн 14 тоот, 2011 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн 10 тоот шийдвэрийн хуулбарууд хэрэгт авагджээ.

         Нэхэмжлэгч Р.Гомбосүрэн тус шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ “1979 оны 11 дүгээр сараас эхлэн Увс аймгийн Барилга угсралтын трестийн Барилга материалын үйлдвэрийн Тоосгоны заводод Дугуй зуухны засварчнаар ажиллаж эхэлсэн” гэх боловч хэрэгт авагдсан Увс аймгийн Барилга угсралтын трестийн Барилга материалын үйлдвэрийн даргын 1979 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн 13 тоот тушаалаар түүнийг 1979 оны 2 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн Тоосго шатаах дугуй зуухны засварчнаар авч ажиллуулсан байх тул энэ хугацаанаас эхлэн түүний ажиллаж байсан байдлыг тогтоох үндэслэлтэй гэж үзэв.

        Түүнчлэн нэхэмжлэгч нь “1983-1986 оны хооронд цэргийн алба хаасан” гэж тайлбарласан ба энэ нь гэрчүүдийн шүүхэд өгсөн мэдүүлгээр нотлогдож байх тул Р.Гомбосүрэнг 1983 оны 6 дугаар сарын 25-ны өдрөөс 1986 оны 7 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд цэргийн алба хаасан гэж үзсэн болно.

         Мөн хэрэгт Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2017 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 63 тоот лавлагаа авагдсан байх ба уг лавлагаанд “Барилга угсралтын трест Улсын үйлдвэрийн газар нь 1992 оны 3 дугаар сарын 14-ний өдөр “Барилгын бирж” Улсын үйлдвэрийн газар болж өөрчлөгдөж, улсын бүртгэлд бүртгэгдсэн байна” гэсэн байх ба нэхэмжлэгч Р.Гомбосүрэнг 1992 оны 3 дугаар сарын 14-ний өдрөөс эхлэн Увс аймгийн Барилгын биржид ажилласныг тогтоох нь зүйтэй байна.

         Иймд хэрэгт авагдсан дээрх бичгийн нотлох баримтууд, гэрчүүдийн шүүхэд өгсөн мэдүүлэг, нэхэмжлэгчийн өөрийн тайлбар зэргийг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Р.Гомбосүрэнгийн 1979 оны 2 дугаар сарын 15-ны өдрөөс 1983 оны 6 дугаар сарын 25-ны өдрийг дуустал, 1986 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 3 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл хугацаанд Увс аймгийн Барилга угсралтын трестийн Барилга материалын үйлдвэрийн Тоосгоны заводод, 1992 оны 3 дугаар сарын 14-ний өдрөөс 1994 оны 2 дугаар сарыг дуустал хугацаанд Увс аймгийн “Барилгын бирж”-д тус тус Тоосго шатаах зуухны засварчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Р.Гомбосүрэнгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй. 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон  

ТОГТООХ нь:

            1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Хөрөнгө овогтой Рагчаагийн Гомбосүрэнгийн 1979 оны 2 дугаар сарын 15-ны өдрөөс 1983 оны 6 дугаар сарын 25-ны өдрийг дуустал, 1986 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 3 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл хугацаанд Увс аймгийн Барилга угсралтын трестийн Барилга материалын үйлдвэрийн Тоосгоны заводод, 1992 оны 3 дугаар сарын 14-ний өдрөөс 1994 оны 2 дугаар сарыг дуустал хугацаанд Увс аймгийн “Барилгын бирж”-д тус тус Тоосго шатаах зуухны засварчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.  

            2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгч Р.Гомбосүрэнгийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар нэхэмжлэгч нь уг шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй. 

 

                                        ДАРГАЛАГЧ,

                                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Н.ГЭРЭЛТУЯА