Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 11 сарын 04 өдөр

Дугаар 2020/ШЦТ/1934

 

                                                                                                                       

 

 

 

 

 

 

  2020            11           04                                         2020/ШЦТ/1934

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Түмэннаст даргалж,

Улсын яллагч Ч.Түмэн-Өлзий,   

Нарийн бичгийн дарга И.С

Хохирогч Ц.Х

Шүүгдэгч Г.Ж, түүний өмгөөлөгч Д.Б нарыг оролцуулан тус шүүхийн “Д” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

 Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х. овогт Г.Ж холбогдох эрүүгийн ........... дугаартай хэргийг 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

           

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Х. овогт Г.Ж. Монгол Улсын иргэн, 1984 оны 6 дугаар сарын 26-ны өдөр Хөвсгөл аймаг Их Уул суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, .............

урьд Хөвсгөл аймаг дахь Сум дундын 2013 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 132 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 99 дүгээр зүйлийн 99.1, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 2 сар хорих ялаар шийтгүүлсэн, /РД:

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Г.Ж нь 2020 оны 8 дугаар сарын 16-ны өдөр Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, Алтан Өлгийн 8-83 тоот хашааны гадна Ц.Х хардалтын улмаас маргалдаж улмаар нүүр лүү нь гараараа цохих зэргээр эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

                                   

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Хэргийн үйл баримтын талаар

 

Шүүгдэгч Г.Ж шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “        ” гэх мэдүүлэг[1],

 

Хохирогч Ц.Х шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “          ” гэх мэдүүлэг[2],

 

Шүүгдэгч Г.Ж яллагдагчаар мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2020 оны 8 дугаар сарын 16-ны өдөр буюу хөдөөнөөс ирчхээд 2 хонож байхад Баярцэцэг халамцуу утсаар залгаж архи уунгаа хоол унд идье гэсэн энэ үед нь би халамцуу байсан учраас 1 ширхэг том пивотой очиж хамт уусан. Ингээд Баярцэцэг хажуу айлдаа орсон хойгуур түүний нөхөр Хадбаатар орж ирэхээр нь би зөрөөд гарсан чинь хашааны гадна барьж аваад харилцан заамдалцаж газар унаж дээр доороо орж зодолдож ноцолдож байгаад босч ирээд намайг цохиод байсан, миний буруу байсан учраас өөдөөс нь хөдлөөгүй юм. Тэгээд бид хоёрыг зууралдаж байхад Ганбаатар гарч ирээд салгасан.” гэх мэдүүлэг[3],

 

Хохирогч Ц.Х мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би С.Б гэх хүнтэй 1990-ээд оноос хойш гэр бүл болж дундаасаа 3 хүүхэдтэй болсон бөгөөд том нь 25 настай эмэгтэй тусдаа гарсан, удаах нь 13 настай эрэгтэй, эмэгтэй ихэр хүүхэдтэй юм. Бид нар Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо Алтан-Өлгийн 8-83 тоотод нийтийн байр барьж нэг өрөөнд нь өөрсдөө, бусад өрөөнүүдийг түрээслэн амьдардаг байсан юм. Манай нийтийн байрыг 4 орчим хүн түрээслэн амьдарч байсан. Жаргалсайхан гэх хүнтэй манай эхнэр уулзаж учирдаг байсныг мэдэхгүй юм. Манай эхнэр уг хүнтэй гэр бүлээс гадуур харилцаанд явснаас болж 2019 онд Жаргалсайхантай маргалдаж зодуулж байсан ба тухайн үед манай эхнэр тус болдог гэх зэргийн юм яриад байхаар нь цагдаад хандаагүй юм. Тэгээд уг явдлаас хойш 2 хүүхдээ дагуулаад гэрээсээ дүрвэж ах дүү төрөл садангаараа хоног төөрүүлж одоог хүртэл явж байна. Би эхнэртэйгээ хамт амьдрах гэхээр Жаргалсайхан гэх хүн ална гэж дарамтлаад зүгээр байлгахгүй, нэг шалтгаан байна бас миний хувьд хамт амьдрах сонирхолгүй байгаа учраас гэртээ очихгүй айлуудаар амьдарч явна. Энэ асуудалд манай эхнэрийн хувьд тэр хүнтэйгээ амьдрах сонирхолтой байгаа юм шиг байна лээ. Үүнээс хойш эхнэртэйгээ холбоо барьдаггүй байсан бөгөөд Жаргалсайхан над руу согтуу эрүүл нь мэдэгдэхгүй залгаж дарамталдаг байсан. 2020 оны 8 дугаар сарын 16-ны өдөр эхнэр утсаар залгаж “хүүхдүүдийнхээ сургуулийн хэрэглэлийг бэлдэж өгнө” аваад ир гэсний дагуу 19 цагийн үед гэртээ орсон чинь Жаргалсайхан архи уусан согтуу орон дээр хэвтэж байснаа юм хэлэлгүй надтай зөрөөд гараад явсан. Тэгэхээр нь хашааны үүдэнд юм ярих санаатай хөөе, нааш ир гэж хэлээд бариад авсан чинь эргэж хараад нүүрэн тус газар гараараа цохиж боогоод газар унагаахаар нь зууралдсан хэвээрээ босч ирээд харилцан өөдөөс нь цохиж харилцан зодолдсон. Тэгтэл ална гээд  автирк гаргаж ирсэн чинь хажуу айлын Ганбаатар дүү гарч ирээд автиркийг нь булааж аваад цагдаад дуудаж өгсөн.” гэх мэдүүлэг,[4]

 

Гэрч С.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Хадаа, Жагаа ах зодолдоод байна гэж манай охин уйлаад орж ирэхээр нь охиноо тэвэрч үнсчихээд гарсан чинь хашааны гадаа тэр хоёр харилцан заамдалцсан, Жаргалсайханы хамарнаас цус гарсан зогсож байсан бөгөөд хажууд хажуу айлын Ганбаатар салгасан зогсож байсан.” гэх мэдүүлэг,[5]

 

Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 9495 дугаартай:

“1. Ц.Х биед баруун нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, цээж, зүүн тохой, баруун гарын эрхий, зүүн гарын долоовор хуруу, хоёр өвдөгт зулгаралт, цээжинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ.

3. Тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна.

4. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт[6]

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой

 

Иргэний үнэмлэхийн лавлагаа[7],

Оршин суугаа газрын тодорхойлолт,[8]

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас[9]

Шийтгэх тогтоолын хуулбар[10] зэрэг нотлох баримтууд болно.

 

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, оролцогч нарын хуулиар хамгаалсан эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.

 

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэд шалгаж, тогтоосон байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.

 

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

 

  1. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Г.Ж нь 2020 оны 8 дугаар сарын 16-ны өдөр Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, Алтан Өлгийн 8-83 тоот хашааны гадна Ц.Х хардалтын улмаас маргалдаж улмаар нүүр лүү нь гараараа цохих зэргээр эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дараах нотлох баримтууд болох:

Хохирогч Ц.Х  шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “    ” гэх мэдүүлэг[11],

Хохирогч Ц.Х мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “нүүрэн тус газар гараараа цохиж боогоод газар унагаахаар нь зууралдсан хэвээрээ босч ирээд харилцан өөдөөс нь цохиж харилцан зодолдсон.” гэх мэдүүлгүүд,[12] Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 9495 дугаартай дүгнэлт[13] зэргээр тогтоогдож байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Г.Жаргалсайханы үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хуульчилсан байдаг.

 

Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн арван хоёрдугаар зүйлийн 13-т “Халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус зааж, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг баталгаажуулсан.

 

Шүүгдэгч Г.Ж нь хохирогч Ц.Хадбаатарын эрүүл мэндэд халдаж хохирогчийн Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдсан идэвхтэй үйлдэл бөгөөд шүүгдэгч нь өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

 

Хохирогч Ц.Х Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 9495 дугаартай дүгнэлтээр “баруун нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, цээж, зүүн тохой, баруун гарын эрхий, зүүн гарын долоовор хуруу, хоёр өвдөгт зулгаралт, цээжинд цус хуралт” гэмтэл тогтоогдсон байх бөгөөд Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарч байх тул хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй.

 

Шүүгдэгч Г.Ж нь хохирогч Ц.Х эрүүл мэндэд халдсан гэмт үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх бөгөөд шүүгдэгчийн гэм буруутай санаатай үйлдэл, хохирогчид учирсан хөнгөн хохирол хоёрын хооронд шалтгаант холбоотой байна.

 

Иймд шүүгдэгч Г.Ж үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

 

Хохирогч Ц.Х нь шүүхийн шатанд эмчилгээний зардалтай холбоотой 120,000 төгрөгийн баримт гаргаж өгсөн бөгөөд эмчилгээний зардалд 1,575,000 төгрөгийг нэхэмжилсэн байна.

 

Шүүгдэгч Г.Ж нь хохирогчид 200,000 төгрөгийг төлсөн ба хохирогч нь баримтгүйгээр нэхэмжилсэн бусад эмчилгээний зардалтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар түүнээс нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэлээ.

 

  1. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч Г.Ж гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлж,

мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчмыг удирдлага болгож,

шүүгдэгч Г.Ж эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.

 

Улсын яллагчаас шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах”,

Шүүгдэгчийн өмгөөлөгч “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар торгох ял оногдуулж өгнө үү” гэх санал, дүгнэлтүүдийг гаргасан.

 

Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүний хувийн байдал, мөн шүүгдэгч нь ажил хөдөлмөр эрхэлдэг эсэх талаар нотлох баримт хэрэгт авагдаагүй зэргийг харгалзан үзэж түүнийг цээрлүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх, нийгэмшүүлэх зэрэг эрүүгийн хариуцлагын зорилгыг удирдлага болгон 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэх нь шударга ёсны зарчимд нийцнэ гэж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй болно.

 

Түүнчлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2-т зааснаар Г.Ж цагдан хоригдсон 9 хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг 1 хоногоор тооцож, түүнд оногдуулсан 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаас 72 цагийг хасч биечлэн эдлэх ялыг 228 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоож шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Г.Ж нь оногдуулсан 228 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэв.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдав.

 

Шүүгдэгч Г.Ж урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 38.1  дүгээр зүйлүүдэд заасныг  тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Х овогт Г. Ж  хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.Ж 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2-т зааснаар Г.Ж цагдан хоригдсон 9 хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг 1 хоногоор тооцож, түүнд оногдуулсан 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаас 72 цагийг хасч биечлэн эдлэх ялыг 228 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Г.Ж нь оногдуулсан 228 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч Г.Ж нь хохирогч Ц.Х 200,000 төгрөг төлсөн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй  болохыг тус тус дурдсугай.

 

6. Хохирогч Ц.Х нь эмчилгээний зардалтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

 

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

 

8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Г.Ж урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                           ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                         М.ТҮМЭННАСТ        

 

 

 

[1] Шүүх хуралдааны тэмдэглэлээс

[2] Шүүх хуралдааны тэмдэглэлээс

[3] Хавтаст хэргийн 27-28 дугаар хуудас

[4] Хавтаст хэргийн 16 дугаар хуудас

[5] Хавтаст хэргийн 25 дугаар хуудас

[6] Хавтаст хэргийн 20 дугаар хуудас

[7] Хавтаст хэргийн 31 дүгээр хуудас

[8] Хавтаст хэргийн 30 дугаар хуудас

[9] Хавтаст хэргийн 32 дугаар хуудас

[10] Хавтаст хэргийн 34-39 дүгээр хуудас

[11] Шүүх хуралдааны тэмдэглэлээс

[12] Хавтаст хэргийн 16 дугаар хуудас

[13] Хавтаст хэргийн 20 дугаар хуудас