| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нямжавын Гэрэлтуяа |
| Хэргийн индекс | 152/2017/00570/и |
| Дугаар | 582 |
| Огноо | 2017-08-29 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 08 сарын 29 өдөр
Дугаар 582
Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Увс аймгийн Улаангом сумын 9 дүгээр баг, 8-5 тоотод оршин суух, 1954 онд төрсөн, эрэгтэй, регистрийн дугаар ОЮ54121573, Ойрд овогтой Гэвээгийн Балгансүрэнгийн,
Д.Жаргалын ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2017 оны 8 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, 2017 оны 8 дугаар сарын 11-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.Балгансүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Тамираа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г.Балгансүрэн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: “Д.Жаргал нь 1981 оноос 1989 оныг дуустал хугацаанд Увс аймгийн Өмнөговь сумын Цог нэгдэлд саальчнаар ажиллаж байсныг нотлох хөдөлмөрийн дэвтэр байгаа боловч аймгийн Архивын тасгаас 70 дугаар дансны хуулбар гарч ирээгүй тул шүүхэд хандаж ажилласан жилээ тогтоолгох шаардлагатай болсон. Иймд Д.Жаргалын Өмнөговь сумын Цог нэгдэлд 1981 оны 1 дүгээр сараас 1989 оныг дуустал 9 жил саальчин, малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү” гэжээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г.Балгансүрэн нь Д.Жаргалын ажиллаж байсан байдал тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргажээ.
Хэдийгээр Увс аймгийн Архивын тасгийн 2017 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 325 дугаар лавлагаанд: “Увс аймгийн Өмнөговь сумын Цог нэгдлийн Холбоо бригадын 1980-1990 оны цалинг шүүн үзэхэд Дүгэр овогтой Жаргалын цалин гараагүй нь үнэн” гэсэн байх боловч хэрэгт Увс аймгийн Өмнөговь сумын Цог нэгдлийн дарга Л.Дүүдээгээс 1981 оны 2 дугаар сарын 04-ний өдөр Дүгэр овогтой Жаргалд олгосон хөдөлмөрийн дэвтэр авагдсан байх ба уг дэвтэрт түүний 1981 оны 1 дүгээр сараас 1989 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд ажиллаж, авсан цалинг түүвэрлэн бичсэн, бичилттэй байна.
Дээрх хөдөлмөрийн дэвтэр хэрэгт эх хувиар авагдсан байх бөгөөд тухайн баримтад тэмдэглэгдсэн бичилт, тамга тэмдэг зэрэг нь бүрэн байх тул нотолгооны ач холбогдолтойд тооцов.
Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр иргэн Р.Пүрвээ, Г.Батхишиг нарыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр оролцуулсан бөгөөд гэрч Р.Пүрвээ: “Д.Жаргал нь 1981 оноос эхлэн аав, ээжийн хамт Увс аймгийн Өмнөговь сумын Цог нэгдлийн Баянгол бригадын үхрийн фермд саальчнаар ажиллаж байсан. Д.Жаргал 1981 оноос 1989 оныг дуустал хугацаанд тус нэгдэлд саальчнаар ажилласан. Би тухайн үед Д.Жаргалын аав Дүгэрийн өвс тэжээл, нүүдэл суудалд нь явдаг байсан учраас мэднэ. Би 1970 оноос 1974 оны хооронд Увс аймгийн Өмнөговь сумын Цог нэгдэлд тракторчноор, 1974 оноос 1977 оны хооронд Увс аймгийн Тэс сумын Тэжээлийн аж ахуйд тракторчноор, 1977 оноос 1992 оны хавар 6 дугаар сар хүртэл Өмнөговь сумын Цог нэгдэлд тракторчноор тус тус ажиллаж байсан. Увс аймгийн Өмнөговь сумын Цог нэгдлийн даргаар Н.Юнгэр, Л.Дүүдээ, Ч.Гомбосүрэн нар ажиллаж байсан” гэж, гэрч Г.Батхишиг: “Би Увс аймгийн Өмнөговь сумын Цог нэгдэлд 1973 оноос нэгдэл тарах хүртэл буюу 1993 оныг хүртэл тракторын жолоочоор ажиллаж байсан учраас тухайн нэгдлийн айл өрх болон хүмүүсийн талаар мэддэг юмаа. Нэгдлийн даргын өгсөн үүрэг даалгавраар тухайн нэгдлийн айл өрхийг өвөл, хаварт нүүлгэх болон өвс, тэжээлийг нь зөөж, өтөг бууцыг нь хатгах зэрэг ажилд явдаг байсан учраас мэднэ. Жолооч бид нар нэгдлийн айл өрхийг нүүлгэж, суулгадаг байсан. Д.Жаргал нь 1981 оноос эхлэн Увс аймгийн Өмнөговь сумын Цог нэгдлийн Баянгол бригадын үхрийн фермд 1989 оныг дуустал хугацаанд саальчнаар ажиллаж байсан. Би Д.Жаргалын аав Дүгэрийг сайн таньж мэддэг байсан болохоор Д.Жаргалын ажиллаж байсан байдлын талаар мэдэж байна. Увс аймгийн Өмнөговь сумын Цог нэгдлийн даргаар Н.Юнгэр, Л.Дүүдээ, Ч.Гомбосүрэн нар ажиллаж байсан” гэж тус тус мэдүүлсэн ба гэрчүүдийн хөдөлмөрийн дэвтрийн хуулбарууд хэрэгт авагджээ.
Иймд хэрэгт авагдсан дээрх бичгийн нотлох баримтууд, гэрчүүдийн шүүхэд өгсөн мэдүүлэг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар зэргийг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Д.Жаргалын 1981 оны 1 дүгээр сараас 1989 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд Увс аймгийн Өмнөговь сумын Цог нэгдэлд малчнаар /саальчнаар/ ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар Д.Жаргалын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Таргад овогтой Дүгэрийн Жаргалын 1981 оны 1 дүгээр сараас 1989 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд Увс аймгийн Өмнөговь сумын Цог нэгдэлд малчнаар /саальчнаар/ ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар Д.Жаргалын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нь уг шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ГЭРЭЛТУЯА