| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нямжавын Гэрэлтуяа |
| Хэргийн индекс | 152/2017/00553/и |
| Дугаар | 583 |
| Огноо | 2017-08-29 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 08 сарын 29 өдөр
Дугаар 583
Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Увс аймгийн Улаангом сумын 10 дугаар баг, 3-26 тоотод оршин суух, 1965 онд төрсөн, эрэгтэй, регистрийн дугаар ОЮ65041701, Богширгон овогтой Чимэдийн Түмэндэмбэрэлийн,
Д.Ёндонжамцын ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2017 оны 7 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, 2017 оны 8 дугаар сарын 01-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ч.Түмэндэмбэрэл, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Тамираа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ч.Түмэндэмбэрэл шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: “Дожоогийн Ёндонжамц нь 1960 онд төрсөн, 57 настай, эрэгтэй. 1975 онд суурь боловсрол эзэмшээд, 1976 онд трактор, комбайны курс төгсөөд 1976 оноос 1990 он хүртэл хугацаанд Увс аймгийн Баруунтуруун сумын Зүүнтурууны сангийн аж ахуй болон “Хар хадны” бригадад трактор, комбайнчнаар тасралтгүй 14 жил ажилласан. Үүнийгээ шүүхээр тогтоолгосон. Одоо “Жинст” компанид 1992 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл хугацаанд ажилласан жилийг Нийгмийн даатгалаас “Шүүхэд хандан шийдвэрлүүл” гэсний дагуу танайд хандаж байна. Иймд Д.Ёндонжамцийн 1992 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл хугацаанд “Жинст” компанид трактор, комбайчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү” гэжээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ч.Түмэндэмбэрэл нь Д.Ёндонжамцийн ажиллаж байсан байдал тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргажээ.
Хэдийгээр Увс аймгийн Архивын тасгийн 2017 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 363 дугаар лавлагаанд: “Увс аймгийн Баруунтуруун сумын “Жинст” ХК-ийн баримт манай архивт шилжиж ирээгүй” гэсэн байх боловч хэрэгт Д.Ёндонжамцад 1978 оны 1 дүгээр сарын 05-ны өдөр Увс аймгийн Баруунтуруун сумын Сангийн аж ахуйн боловсон хүчний эрхлэгчээс олгосон 429234 тоот хөдөлмөрийн дэвтэр авагдсан байх ба уг дэвтэрт түүний “1992 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 25-ны өдрийг дуустал хугацаанд Увс аймгийн Баруунтуруун сумын “Жинст” ХК-д тракторчин, комбайнчнаар ажилласан” тухай бичилт хийгдсэн байна.
Дээрх хөдөлмөрийн дэвтэр хэрэгт эх хувиар авагдсан байх бөгөөд тухайн баримтад тэмдэглэгдсэн бичилт, тамга тэмдэг зэрэг нь бүрэн байх тул нотолгооны ач холбогдолтойд тооцов.
Мөн Д.Ёндонжамцийн 1982 оны 8 дугаар сарын 20-ны өдрөөс 1990 оны 8 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл хугацаанд Увс аймгийн Баруунтуруун сумын Сангийн аж ахуйд трактор, комбайнчнаар ажиллаж байсан байдал нь Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 2 дугаар сарын 16-ны өдрийн 376 тоот шийдвэрээр тогтоогдсон байна.
Түүнчлэн Увс аймгийн Баруунтуруун сумын “Жинст” ХК нь 1992-1994 онд үйл ажиллагаа явуулж, цалин ба түүнтэй адилтгах орлогоосоо хуулийн хувь хэмжээгээр шимтгэл төлж байсан нь Увс аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2017 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн “Шимтгэл төлөлтийн лавлагаа”-аар, “Жинст” ХК нь 1992 оны 3 дугаар сарын 17-ны өдөр улсын бүртгэлд бүртгэгдсэн болох нь Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2017 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 36 тоот лавлагаагаар тус тус тогтоогдож байна.
Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр иргэн Б.Сүхбаатар, Б.Доржготов нарыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр оролцуулсан бөгөөд гэрч Б.Сүхбаатар: “Намайг 1979 онд Увс аймгийн Баруунтуруун сумын Сангийн аж ахуйд трактор, комбанийн жолоочоор ажиллаж байхад Д.Ёндонжамц нь тухайн байгууллагад трактор, комбанийн жолоочоор ажиллаж байсан. Тэр цагаас хойш бид хамтдаа 1992 он хүртэл хугацаанд Сангийн аж ахуйд ажилласан. 1992 онд Баруунтурууны сангийн аж ахуй нь Туруун хувьцаат компани, Жинст компани, Цэнхэр мандал компани, Улаан сан компани, Зүүнтуруун компани гэх мэтийн компаниудад хуваагдсан. Д.Ёндонжамц нь Жинст компанид үргэлжлүүлэн ажиллаж, харин би Цэнхэр мандал компанид ажилласан. Бид нар өөр өөр компанид ажиллаж байсан ч гэсэн хаврын газар хагалалт, үр цацалт, намрын тариа хураалт, өвс тэжээл бэлдэх зэрэг ажлыг хамтран хийж гүйцэтгэдэг байсан учраас нэгнээ сайн мэднэ. Тухайн үед манай Сангийн аж ахуйн даргаар А.Амин гэх хүн ажиллаж байсан. Жинст компанийн даргаар н.Оюун-Эрдэнэ, Цэнхэр мандал компанийн даргаар н.Даваалхүмбэ гэх хүмүүс тус тус ажиллаж байсан” гэж, гэрч Б.Доржготов: “Би 1985 оноос Увс аймгийн Баруунтуруун сумын Сангийн аж ахуйд 1992 он хүртэл хугацаанд трактор, комбанийн жолоочоор ажиллаж байсан. Д.Ёндонжамц нь намайг ажилд ороход трактор, комбаны жолоочоор ажиллаж байсан. Тэр цагаас хойш бид хамтдаа 1992 он хүртэл хугацаанд ажилласан. 1992 онд Баруунтурууны сангийн аж ахуй нь Туруун хувьцаат компани, Жинст компани, Цэнхэр мандал компани, Улаан сан компани, Зүүнтуруун компани гэх мэтийн компаниудад хуваагдсан. Д.Ёндонжамц нь Жинст компанид үргэлжлүүлэн ажиллаж, харин би Туруун компанид ажилласан. Бид хоёр хэдий хоёр өөр компанид ажиллаж байсан ч гэсэн хавар намрын тариа хураалт, газар хагалах, өвс тэжээл бэлдэх гэх мэтийн ажлыг хамтран хийж гүйцэтгэдэг байсан. Тухайн үед манай Сангийн аж ахуйн даргаар А.Амин гэх хүн ажиллаж байсан. Жинст компанийн даргаар н.Оюун-Эрдэнэ, Туруун компанийн даргаар Д.Болд гэх хүмүүс ажиллаж байсан” гэж тус тус мэдүүлсэн ба гэрчүүдийн хөдөлмөрийн дэвтрийн хуулбарууд хэрэгт авагджээ.
Иймд хэрэгт авагдсан дээрх бичгийн нотлох баримтууд, гэрчүүдийн шүүхэд өгсөн мэдүүлэг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар зэргийг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Д.Ёндонжамцийн 1992 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 25-ны өдрийг дуустал хугацаанд Увс аймгийн Баруунтуруун сумын “Жинст” ХК-д тракторчин, комбайнчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Ч.Түмэндэмбэрэлийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Тэх овогтой Дожоогийн Ёндонжамцийн 1992 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 25-ны өдрийг дуустал хугацаанд Увс аймгийн Баруунтуруун сумын “Жинст” ХК-д тракторчин, комбайнчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгч Ч.Түмэндэмбэрэлийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нь уг шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ГЭРЭЛТУЯА