Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 03 өдөр

Дугаар 154/2022/00012

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Б.Бадрахгэрэл даргалж,

Нарийн бичгийн дарга Н.Алтантуяа

Улсын яллагч Т.Өсөхболд

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Хосбаяр

Өсвөр насны шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Цэвээн-Очир

Өсвөр насны шүүгдэгч Ц.Тамираа нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Их Монгол овогт Цэвээн-очирын Тамираад холбогдох эрүүгийн 2237000000011 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

Өсвөр насны шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 2004 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Ховд аймгийн Булган суманд төрсөн, 17 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, Минжит Булган цогцолбор сургуулийн 11б бүлэгт сурдаг, ам бүл 4, эцэг, эх, ах нарын хамт Ховд аймгийн Булган сумын Баянгол багт оршин суух, *******,*******,

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурьдсанаар/

Өсвөр насны шүүгдэгч Ц.Тамираа нь 2021 оны 07 дугаар сард Ховд аймгийн Булган сумын Баянгол багийн нутаг Жаргалант гэх газарт бэлчээрт байсан хар зүсний унагатай тааралдаж уг унагыг өөрийнхөө адуунд нийлүүлсэн, 2021 оны 09 дүгээр сард Н.Эрдэнэбаатарын эзэмшлийн хар унагыг Н.Батзаяагийн адуунд бэлчээрт бэлчиж явахад нь бэлчээрээс хулгайлж өөрийнхөө адуунд нийлүүлж гэрийнхээ гадна тууж авч ирж ахаараа бугуйлдуулж барьж авч бусдын малыг хулгайлах гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Өсвөр насны шүүгдэгч Ц.Тамираа шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн. Одоо нэмж хэлэх зүйл байхгүй. Буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.

 Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав.  Үүнд:

Өсвөр насны шүүгдэгч Ц.Тамираагийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Би зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг,

Өсвөр насны шүүгдэгч Ц.Тамираагийн мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн: “...Манайх Ховд аймгийн Булган сумын Баянгол багийн нутаг Тангат гэх газарт зусдаг юм. 2021 оны 07 дугаар сард өөрийнхөө адуу эргэхээр Жаргалант гэх газар луу явж байгаад ижлээсээ салсан байдалтай нэг тооны хар зүсмийн унага олж аваад өөрийнхөө адуу руу оруулж адуутайгаа хамт гэртээ авчирсан. Тэгээд өөрийн төрсөн ах болох Ц.Бат-Эрдэнээр адуу зогсоолгож байгаад хар зүсмийн эм унагыг би бугуйлдаж барьж аваад өөрийнхөө унага гээчихсэн хүрэн халзан зүсмийн гүүнд хөхүүлээд хүрэн халзан гүүний хажууд нь 2 хоног аргамжиж байгаад 3 дахь хоног дээр ногт цулбуурыг нь аваад сул тавиад өглөө босож ирэхэд нөгөө хар зүсмийн унага хүрэн халзан гүүнээс салаад явчихсан байсан. 2021 оны 09 дүгээр сарын сүүлчээр Булган сумын  Баянгол багийн нутаг Хагшаал гэх газарт адуу авч яваад өөрийн хүрэн халзан гүүндээ хөхүүлж байгаад алдсан унагатай ижил зүсмийн унага Н.Батзаяа гэдэг хүний адуунд им тамгагүй байхаар тухайн адууг өөрийнхөө адуунд нийлүүлээд гэрийнхээ гадна дахин авч ирээд өөрийн төрсөн ах Ц.Бат-Эрдэнийн хамт тухайн унагыг барьж аваад эзэмшиж байтал Н.Батзаяагийн  хүү Б.Гантулга ирээд миний унага өгөөч гэхээр нь чиний унага биш гээд өгөхгүй гэтэл Б.Гантулга адуугаа тууж ирэхэд буурал зүсмийн гүү манай морины уяан дээр ирээд уяатай байсан хар зүсмийн унагыг үнэрлэж хөхүүлэхэд  нь манай ах Ц.Бат-Эрдэнэ буцаагаад өгчихсөн юм...” гэх мэдүүлэг,

Хохирогч Н.Эрдэнэбаатарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Миний бие 2021 оны хавар 05 дугаар сард өөрийн буурал зүсмийн буруу гуяандаа малиа /ташуур/ тамгатай гүүг эр бор хээр унаганы хамт найз Н.Батзаяагийн адуунд хүргэж тавьсан юм. Гантулга над руу утсаар холбогдож таны унагыг Цэвээндоржийн Баагий гэдэг залуу авчихаад өгөхгүй байна гэхээр нь би эхийг нь битгий унага руу ойртуул би цагдаад дуудлага өгөөд яваад очъё гээд цагдаад дуудлага өгөх гээд  явж байтал дахин над руу утсаар яриад нөгөө залуу уучлаарай гээд өгчихлөө гэхээр нь би дуудлага, мэдээлэл цагдаад өгөхгүй өнгөрсөн юм. Миний унага бор хээр гэмээр хар зүсмийн унага байгаа одоо хашаандаа тэжээж байна” гэх мэдүүлэг,

Гэрч Ц.Бат-Эрдэнийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 07 дугаар сард манай дүү Ц.Тамираа Булган сумын Баянгол багийн нутаг Ганхал гэх газарлуу адуунд яваад ирэхдээ им, тамгагүй хар саарал зүсмийн унага өөрийнхөө адуутай нийлүүлж авч ирсэн. Би тухайн үед хаанаас авч ирсэн бэ гэхэд хээр байсан байна гэж хэлсэн. Тэгээд гэрийнхээ гадна 2 хоног өөрийнхөө хүрэн халзан гүүнд хөхүүлээд хажууд нь уяж аргамжаад 3 дахь хоног дээрээ ногт цулбуурыг нь аваад хажууд нь хонуулаад өглөө босоод ирэхэд ижил рүүгээ явчихсан байсан.Тэгээд нутаг доошоо нүүж байтал Н.Батзаяагийн хүү Б.Гантулга адуугаа доошоо оруулж байхад манай дүү Ц.Тамираагийн авч ирсэн им тамгагүй хар саарал унага буурал гүү хөхсөн түүний адуунд байсан. Удалгүй нутгийн айлууд доошоо намаржаанд буусны дараа 2021 оны 09 дүгээр сарын сүүлчээр манай дүү Ц.Тамираа нь Н.Батзаяагийн адууг өөрийнхөө адуутай хөөгөөд гэрийн гадна аваад ирэхэд нь дүүгээрээ адуу эргүүлж байгаад би бугуйлдаж барьж авсан. Тухайн хар зүсмийн унагыг гэрийнхээ гадна 2 хоног байлгаж байтал Н.Гантулга ирээд таниад авчихсан. Би уг унагыг хулгайлъя гэж бодоогүй манай дүү Ц.Тамираа адуутай хамт ижлийг нь хөөгөөд ирэхээр нь дүүдээ бариад өгчихсөн юм. Б.Гантулга ирээд унагаа авъя гэхэд чиний унага биш гэхэд мөн гэсэн тэгвэл эх нь хаана байна гэхэд буурал зүсмийн гүү хөхөхөөр нь намайг уучлаарай гээд өгөөд явуулсан...” гэх мэдүүлэг,

Гэрч Н.Батзаяагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ”...Миний бие нь 2021 оны 08 дугаар сарын 20-ны үеэр зуслангаас нүүж орж ирээд адуунаасаа хээр зүсмийн им тамгагүй охин унага алдаж Булган сумын Баянгол багийн нутаг “Зуух”, “Хагшаал” “Сүмийн цагаан” зэрэг газруудаар хайж байгаад Цэвээн-Очир гэдэг айлын гадна аргамжаатай байх үед нь манай хүү Гантулга олж авсан юм. Манай хүү Гантулга энэ унага яагаад танай гадна аргамжаатай байдаг юм бэ гэхэд нь өгөөд явуулсан байна...” гэх мэдүүлэг,

Гэрч Р.Бадамхүүгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ”... 2021 оны 09 дүгээр сарын 10-ны үеэр Булган сумын Баянгол багийн нутаг “Зуух” гэх газраас им тамгагүй хар зүсмийн охин унага алдаж 2-3 хоногийн дараа Булган сумын Баянгол багийн иргэн Ч.Цэвээн-очир гэдэг айлын гаднаас уяатай байхад нь олж авсан. Манай адуунд им тамгагүй хар зүсмийн охин унага нэг, улаан хээр зүсмийн унага гурав, хул зүсмийн унага нэг нийт таван унага байсан тэр үедээ бүгд тамгагүй байна. Намар доошоо гол руу орж ирээд унагаа тамгалсан ба хар зүсмийн охин унага Н.Эрдэнэбаатар гэдэг хүний эзэмшлийнх тул тамгалагдаагүй үлдсэн. Ч.Цэвээн-Очир манайхаас 5-8 км зайтай буюу уулын баруун, зүүн талд зуссан. 2021 оны 09 дүгээр сард манай адуунаас иргэн Н.Эрдэнэбаатарын им тамгагүй охин хар унага хулгайлж гэрийнхээ гадна байлгаж байгаад баригдсан...” гэх мэдүүлэг

Гэрч Б.Гантулгын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн”...2021 оны 09 дүгээр сард “Хагшаал” “Зуух” гэх газраас алдагдсан хээр зүсний унагыг алдагдаад 3 хоног хайж байгаад 4 дэх хоног дээр нь Ц.Бат-Эрдэнэ гэдэг залуу дүү Ц.Тамираагийн хамт бариад авчихсан байхад нь олж авсан юм. 2021 оны 09 дүгээр сарын 20-ны үеэр хар саарал унага алдсан. Тухайн унага им тамгагүй, хар саарал унага байсан. Сайн ажиглаж харвал духандаа сартай байсан. 2021 оны 07 дугаар сарын 10-ны үеэр нэг л удаа эргэсэн юм. Энэ үед адуу мал бүгд бүрэн байсан. Би Ц.Бат-Эрдэнийн уяан дээрээс хар унага авах гэхэд чиний унага биш гэхээр нь чамд ямар хар унага байдаг юм бэ гэхэд аав нь хүний унага тавьж явуул гэсэн. Тэр үед буурал гүү Ц.Бат-Эрдэнийн  морины уяан дээр ирээд хар унагаа үнэрлэсэн юм...” гэх мэдүүлэг,

- гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл

- малд үзлэг хийсэн тэмдэглэл

- гэрэл зургийн үзүүлэлт

- эд зүйлийн үнэлгээ

- мал тэжээвэр амьтадын 2021 оны тооллого

- нас тоолсон тэмдэглэл

  - ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас зэрэг болно.

Хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрхи баримтуудыг мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан байх тул шүүх нотлох баримтаар үнэлж шийдвэрлэлээ.

Өсвөр насны шүүгдэгч Ц.Тамираа нь 2021 оны 07 дугаар сард Ховд аймгийн Булган сумын Баянгол багийн нутаг Жаргалант гэх газарт бэлчээрт байсан хар зүсний унагыг өөрийнхөө адуунд нийлүүлээд байж байгаад алдаж явуулсан, 2021 оны 09 дүгээр сард дахин уг унагатай ижил зүсмийн Н.Эрдэнэбаатарын хар унагыг Н.Батзаяагийн адуунд бэлчээрт байхад нь хулгайлж өөрийнхөө адуунд нийлүүлж гэрийнхээ гадна тууж авч ирээд ахаараа бугуйлдуулж барьж авч бусдын малыг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Н.Эрдэнэбаатар, гэрч Ц.Бат-Эрдэнэ, Б.Гантулга, Н.Батзаяа, Р.Бадамхүү нарын мэдүүлэг, малд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд зүйлийн үнэлгээ зэрэг хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Өсвөр насны шүүгдэгч Ц.Тамираа нь хохирогч Н.Эрдэнэбаатарын нэг тооны унагыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, бэлчээрээс авсан үйлдэл нь бусдын малыг хулгайлах гэмт хэргийн үндсэн шинжийг хангасан гэж дүгнэв.

Ховд аймгийн Булган сумын Үнэ тогтоох комиссын 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн “2021 оны 09 дүгээр сарын байдлаар охин унага 400000 /дөрвөн зуун мянган/ төгрөгийн үнэтэй болохыг тодорхойлов" гэх дүгнэлтээр тухайн охин унага нь 400.000 төгрөгийн үнэтэй болох нь тогтоогдсон байна.

Иймд өсвөр насны шүүгдэгч Ц.Тамирааг мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Өсвөр насны шүүгдэгч Ц.Тамираа нь “Би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэж мэдүүлэн, гэм буруугийн тал дээр маргаагүй бөгөөд анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь хэргийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар, гэмт хэрэг үйлдэх үедээ 16 нас 09 сар 05 хоногтой байсан нь нас тоолсон тэмдэглэл, Цэвээн-очирын Тамираагийн төрсний гэрчилгээний хуулбар зэргээр тус тус тогтоогдож байна.

Өсвөр насны шүүгдэгч Ц.Тамираагийн санаатай гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Н.Эрдэнэбаатарт учирсан хохирол болох 400.000 төгрөгийн үнэ бүхий унагаа амьдаар нь биет байдлаар буцаан өгч хохирол төлбөр барагдуулсан болох нь тогтоогдож байх тул шүүгдэгчээс гаргуулах хохирол төлбөр байхгүй гэж дүгнэлээ.

Өсвөр насны шүүгдэгч Ц.Тамираа нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн түүнд эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байх бөгөөд гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлсөн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцон, гэмт хэргийн шинж өсвөр насны шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан түүнд ял оногдуулахыг тэнсэж, хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэх нь зүйтэй байна.

           Өсвөр насны шүүгдэгч Ц.Тамираа нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.  

Өсвөр насны шүүгдэгч Ц.Тамираад хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон                           

    ТОГТООХ нь:

1. Өсвөр насны шүүгдэгч Ц.Тамирааг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Ц.Тамираад ял оногдуулахыг тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаанд хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй. 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 2, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэсэн хугацаанд зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдахыг өсвөр насны шүүгдэгч Ц.Тамираад үүрэг болгож, шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг өсвөр насны шүүгдэгч Ц.Тамираад анхааруулсугай. 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 3-т зааснаар өсвөр насны шүүгдэгч Ц.Тамираад авсан хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээг хэрэгжүүлэхийг Ховд аймгийн Хүүхэд, гэр бүл, хөгжлийн газарт үүрэг болгосугай. 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.7, 1.8, 1.9-т зааснаар өсвөр насны шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол өсвөр насны шүүгдэгч Ц.Тамираад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч, иргэний хариуцагч, түүний өмгөөлөгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй ба гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.

 

 

                           ДАРГАЛАГЧ

                          ЕРӨНХИЙ  ШҮҮГЧ                           Б.БАДРАХГЭРЭЛ