Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 09 сарын 04 өдөр

Дугаар 596

 

         Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

          Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянгол дүүргийн 22 дугаар хороо, 13-210 тоотод оршин суух, 1958 онд төрсөн, эрэгтэй, регистрийн дугаар ОК58090112, Элжигэн овогтой Чулуунбаатарын Энэбишийн,   

         Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2017 оны 8 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, 2017 оны 8 дугаар сарын 24-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

         Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ч.Энэбиш, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Тамираа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ  нь: 

       Нэхэмжлэгч Ч.Энэбиш шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие 1974 оны хавар 8 дугаар ангиа төгсөөд Увс аймгийн Цагаанхайрхан сумын Модны үйлдвэрт 1974 оны 6 дугаар сард хөрөөчнөөр анх ажилд орсон ба тус үйлдвэрт 1993 оныг дуустал хугацаанд ажилласан юм. 1985 оны 8 дугаар сард цэрэгт яваад, 1985 оны 12 дугаар сард халагдсан. Учир нь миний нэг бөөр өвчтэй байсан бөгөөд цэргийн албанд тэнцээгүй. Цэргээс ирээд тус үйлдвэрт хөрөөчнөөр ажилд орсон. Одоо тэтгэвэрт гарах нас болж, бичиг баримтаа цуглуулж үзэхэд хөдөлмөрийн дэвтэр, тэр үед авч байсан баярын бичиг зэрэг баримтууд бүгд гээгдэж, алга болсон байна. Харин Увс аймгийн Архивын тасгаас баримт шүүлгэхэд 1974-1993 оныг хооронд ажиллаж, авч байсан цалинг түүвэрлэн өгсөн ба мөн өөрт байсан намайг ажилд томилсон тушаалыг оллоо. Архивын тасагт намайг уг ажлаас чөлөөлсөн гэх ямар нэгэн тушаал, шийдвэр олдоогүй тул шүүхэд хандаж байна. Иймд миний Увс аймгийн Цагаанхайрхан сумын Модны үйлдвэрт 1974 оны 6 дугаар сараас 1993 оныг дуустал хугацаанд хөрөөчнөөр ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоож өгнө үү. ... Мөн би нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна. Учир нь намайг 1974 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр ажилд томилсон тушаал эх хувиар олдсон бөгөөд 1974 оны 1 дүгээр сараас 5 дугаар сарыг дуустал хугацаанд Модны үйлдвэрт хөрөөчнөөр ажилласан жилийг тогтоож өгнө үү” гэжээ.    

        Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

         Нэхэмжлэгч Ч.Энэбиш нь ажиллаж байсан байдал тогтоолгохоор шүүхэд хүсэлт  гаргажээ.  

    Хэрэгт Увс аймгийн Архивын тасгийн 2017 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн цалингийн тодорхойлолт авагдсан байх ба уг тодорхойлолтод Увс аймгийн Цагаанхайрхан сумын аймаг дундын Модны үйлдвэрт ажиллаж байсан Чулуунбаатар овогтой Энэбишийн 1974 оны 6 дугаар сараас 1985 оны 7 дугаар сарыг дуустал, 1986 оны 1 дүгээр сараас 1993 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд ажиллаж, авч байсан цалинг түүвэрлэн ирүүлсэн байна.

      Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр иргэн Э.Цэнд-Очир, З.Нямсүрэн нарыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр оролцуулсан бөгөөд гэрч Э.Цэнд-Очир: “Миний бие 1972 оноос эхлэн Увс аймгийн Цагаанхайрхан сумын Модны үйлдвэрт рам, хөрөөчнөөр 1997 он хүртэл хугацаанд ажиллаж байсан. Ч.Энэбиш 1974 оноос эхлэн тус үйлдвэрт хөрөөчнөөр ажилд орсон. Тэр цагаас хойш бид хамтдаа нэг байгууллагад 19 гаргуй жил ажилласан. Увс аймгийн Цагаанхайрхан сумын Модны үйлдвэр нийтдээ 250 гаруй ажилчидтай, их том байгууллага байсан. Ч.Энэбиш нь эхний 2 жилд дугуй хөрөөчнөөр, 1976 оноос уулын хөрөөчнөөр 1994 оныг хүртэл хугацаанд ажилласан. Бидний ажиллах нөхцөл хүнд байсан. Жилийн 4-н улиралд оторын гэрт амьдардаг байлаа. Модны үйлдвэрийн даргаар тэр үед н.Бадарч, уулын мастер С.Баасанжав гэх хүмүүс тус тус ажиллаж байсан” гэж, гэрч З.Нямсүрэн: “Би 1977 оноос эхлэн 1993 оныг дуустал хугацаанд Увс аймгийн Цагаанхайрхан сумын Модны үйлдвэрт трактор барьдаг байсан. Ч.Энэбиш нь 1974 оноос эхлэн Увс аймгийн Цагаанхайрхан дахь аймаг дундын Модны үйлдвэрт 1994 он хүртэл хугацаанд ажилласан. Ч.Энэбиш бид хоёр хамтдаа ууланд ажиллаж байсан. Би ууланд тракторчин, Ч.Энэбиш уулын хөрөөчнөөр хамтдаа жилийн 4-н улиралд оторын жижиг гэрт амьдарч, ажиллаж байсан учраас сайн мэдэж байна. Цагаанхайрхан дахь аймаг дундын Модны үйлдвэр нь тухайн үед маш олон ажилчидтай байгууллага байсан. Тухайн үед уулын 4-н бригад ажиллаж байсан. Цагаанхайрхан сумын Модны үйлдвэрийн даргаар н.Бадарч, уулын мастер С.Баасанжав гэх хүмүүс ажиллаж байсан” гэж тус тус мэдүүлсэн ба гэрчүүдийн ажиллаж байсан байдлыг нотлох гэрч Э.Цэнд-Очирын ажиллаж байсан байдлыг тогтоосон Увс аймаг дахь Сум дундын шүүхийн 2013 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 712 тоот шийдвэр, гэрч З.Нямсүрэнгийн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар тус тус авагджээ.  

        Харин нэхэмжлэгч нь шүүх хуралдааны үеэр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэн “1974 оны 1 дүгээр сараас 1974 оны 5 дугаар сарыг дуустал хугацаанд Цагаанхайрхан сумын аймаг дундын Модны үйлдвэрт хөрөөчнөөр ажиллаж байсан байдал тогтоож өгнө үү” гэсэн боловч хэрэгт авагдсан Увс аймгийн Цагаанхайрхан дахь аймаг дундын Модны үйлдвэрийн даргын 1974 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн 14 тоот тушаал нь засвартай, мөн дарга Бадарчийн гарын үсэг зурагдаагүй зэрэг зөрчилтэй байгаа тул нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй гэж үзлээ.

        Иймд хэрэгт авагдсан Увс аймгийн Архивын тасгийн 2017 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн цалингийн тодорхойлолт, гэрчүүдийн шүүхэд өгсөн мэдүүлэг, нэхэмжлэгчийн тайлбар зэргийг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Ч.Энэбишийн 1974 оны 6 дугаар сараас 1985 оны 7 дугаар сарыг дуустал, 1986 оны 1 дүгээр сараас 1993 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд Увс аймгийн Цагаанхайрхан сум дахь аймаг дундын Модны үйлдвэрт хөрөөчнөөр ажиллаж байсан байдлыг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх “1974 оны 1 дүгээр сараас 1974 оны 5 дугаар сарыг дуустал хугацаанд Увс аймгийн Цагаанхайрхан сум дахь аймаг дундын Модны үйлдвэрт хөрөөчнөөр ажиллаж байсан байдал тогтоолгох тухай” хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Ч.Энэбишийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй. 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон  

ТОГТООХ нь:

            1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Элжигэн овогтой Чулуунбаатарын Энэбишийн 1974 оны 6 дугаар сараас 1985 оны 7 дугаар сарыг дуустал, 1986 оны 1 дүгээр сараас 1993 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд Увс аймгийн Цагаанхайрхан сум дахь аймаг дундын Модны үйлдвэрт хөрөөчнөөр ажиллаж байсан байдлыг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх “1974 оны 1 дүгээр сараас 1974 оны 5 дугаар сарыг дуустал хугацаанд Увс аймгийн Цагаанхайрхан сум дахь аймаг дундын Модны үйлдвэрт хөрөөчнөөр ажиллаж байсан байдал тогтоолгох тухай” хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

            2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгч Ч.Энэбишийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар нэхэмжлэгч нь уг шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй. 

 

                                     ДАРГАЛАГЧ,

                                     ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Н.ГЭРЭЛТУЯА