Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 03 сарын 20 өдөр

Дугаар 2019/ШЦТ/245

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

    

                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Ж.Лхамсүрэн хөтлөн,

улсын яллагч Э.Ундраххэрлэн,

хохирогч Ц.А,

иргэний нэхэмжлэгч Ё.Б,

гэрч З.Хишиг-Очир, С.Нямбаяр, 

шүүгдэгч *******-, түүний өмгөөлөгч Л.Ганцэцэг /улсын өмгөөлөгч/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3, мөн хуулийн  тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1, 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн шүүгдэгч:

 

холбогдох эрүүгийн  1803008120468 дугаартай хэргийг 2019 оны 2 дугаар сарын 29-ний  өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

 

Холбогдсон  хэргийн талаар:

*******- нь 2018 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр 00 цаг 38 минутын үед Баянгол дүүргийн 11 дүгээр хороо, Гандангийн арын замын явган хүний гарц дээр Тоёота Приус-20 маркийн 00-00 УНӨ дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Монгол Улсын Замын Хөдөлгөөний дүрмийн заалтуудыг зөрчсөнөөс явган зорчигч Ц.Аыг мөргөж эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан, улмаар жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан, мөн 2018 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр 20 цаг 30 минутын орчим Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо Нуурын 11-401 тоот хашаанд байсан Тоёота Приус-20 маркийн 00-00 УНӨ дугаартай тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр, эзэмшигч Ё.Бын зөвшөөрөлгүйгээр авч явсан гэх  гэмт хэргүүдэд  холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                               ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч *******- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “ Би тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйгээр автомашин жолоодож осол гаргаж хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулснаа зөвшөөрч байна. Мөн осол гарсан газрыг санадарсандаа цагдаа ирэхээс өмнө  орхиж явсан нь үнэн. Харин би халтуур хийх гэж Буянлхам эгчийн машины түлхүүрийг  түүний хүү Х- асууж авсан. Хүний автомашин зөвшөөрөлгүй авч явсан гэдгийг бол зөвшөөрөхгүй байна гэв.

 

Хохирогч Ц.А шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би 2018 оны 9 сарын 25-ны шөнө ажлаасаа тараад гэртээ харих гэж яваад Гандангийн арын замд осолд орсон. *******- надад анхны тусламж үзүүлээгүй, хамт явж байсан хүн нь эмнэлгийн тусламж үзүүлсэн. Ослын улмаас миний эрүүл мэндэд хүнд гэмтэл учирч хоёр удаа хагалгаанд орсон. *******- 1.310.185 төгрөг нэхэмжилж байна гэв.

 

Иргэний нэхэмжлэгч Ё.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: *******- эхтэйгээ хоёулахнаа амьдардаг. *******- бид нар ямар нэгэн ах дүү, садангийн ямар ч холбоогүй. Харин *******- манай нөхрийн ажилд туслаад сүүлийн 15-16 жил манай гэрт манай гэр бүлийн нэг гишүүн шиг л амьдарч байгаа юм. Тоёота Приус-20 маркийн 00-00 УНӨ дугаартай автомашиныг  би өөрийн нэр дээр зээл авч том хүү З.Хишиг-Очирт  өгсөн. Гэхдээ энэ машиныг бид гэр бүлийн хэрэгцээнд унадаг, заримдаа ойр зуур *******- ч унадаг л юм. Харин энэ осол болох үед би эзгүй хөдөө ажлаар явж байсан хойгуур ийм асуудал болсон байна. Машины түлхүүр бол манай хүү З.Хишиг-Очирт л байсан юм байна лээ. Иргэний нэхэмжлэлтэй холбогдуулж *******- бол нэхэмжлэх зүйл байхгүй. Харин бид нэг гэрт хамт амьдардгийн хувьд хохирогчийн хохиролыг төлж барагдуулна гэв.  

 

Гэрч Д.Хишиг-Очир шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: *******- ахтай хуурай ах дүүгийн холбоотой. Тоёота Приус-20 маркийн 00-00 УНӨ дугаартай автомашиныг би байнга эзэмшдэг бөгөөд тухайн үед машины түлхүүр үүдэнд өлгүүрт байсан миний куртикны кармаанд байсан юм.  *******- ах надаас зөвшөөрөл авалгүй, машины түлхүүр авсан байсан. Би осол болсныг бол мэдээгүй. Өмнө нь бол *******- ахад хааяа машинаа өгч бариулж байсан гэв.

 

Гэрч С.Нямбаяр шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Энэ осол гарсан шөнө *******- надад найз нь Гандангийн зам дээр осол гаргачихлаа гэж хэлэхээр нь би очсон. *******- өмнө нь Тоёота Приус-20 маркийн 00-00 УНӨ дугаартай автомашиныг барьчихсан явж байхад нь би олон удаа таарч байсан гэв.

 

Хавтаст хэргээс:

Хохирогч Ц.А мөрдөн байцаалтанд”...2018 оны 9 дүгээр сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө би Гандангийн хойд талын замаар ертөнцийн зүгээр урдаасаа хойд зүг рүү явган хүний гарцаар зам хөндлөн гарч яваад ертөнцийн зүгээр баруунаас зүүн зүг рүү явж байсан цагаан өнгийн Тоёота Приус 20 маркийн автомашинд зүүн талаасаа мөргүүлж машинд шидэгдэж унасан. Тухайн осол болох үед би ганцаараа явж байсан. Тухайн үед явган хүний гэрэл дохио ажлаагүй байсан. Нарантуул зах дээр хараа архи 0.5 гр гурвуулаа уусан байсан. 00-00 УНО улсын дугаартай машин байсан. Машины жолооч нь залуу хүн харагдсан. Жолоочтой хамт явсан залуу намайг түргэний эмчтэй эмнэлэгт хүргэж ирсэн. Хагалгаанд ороод 2 хонож байна. Миний баруун хөлийн шилбэ хугарч, бяцарсан гэсэн.  Жолооч намайг түргэний  машинд суулгаж өгөөд өглөө тантай хамт очиж уулзана гэж хэлээд үлдсэн. Би алхаж явсан гэрэл маналзаад ороод ирсэн ”/хх-ийн 30-35/ гэх мэдүүлэг,

 

Гэрч Э.Гал мөрдөн байцаалтанд “2018 оны 9 дүгээр сарын 25-ны 00 цаг 25  минутын орчим би такси барьж Тоёота приус маркийн 00-00 УНА улсын дугаартай саарал өнгийн автомашинд суугаад ертөнцийн зүгээр баруунаас зүүн зүг рүү Гандангийн хойд замаар хамгийн зүүн талын эгнээгээр явж байтал ертөнцийн зүгээр  урдаас хойд зүг рүү явган зорчигч явган хүний гарцаар ганцаараа гүйж явахад нь миний сууж явсан автомашины жолооч хурдаа хасаж зүүн гар тийш дарсан боловч машины баруун талын толь хугарч, явган зорчигч хажуу тийшээ газар шидэгдэж унасан. Жолооч залуу машинаас түрүүлж буугаад явган зорчигчийг гараас нь чирээд замын хойд талын боржур  дээр суулгасан. Энэ хүний баруун хөлөөс цус гарч, хөл нь доголсон байсан. Би өөрийн гар утсаар 103-руу дуудлага өгсөн. Түргэн ирэхээр нь би хамт явган зорчигчтой гэмтлийн эмнэлэг орж, хүргэж өгөөд гэмтлийн цагдаад дуудлага өгч бичүүлсэн. Миний хувьд жолоочийг танихгүй. Төв номын сангаас сууж хамт ажилладаг эмэгтэйг 25 дугаар эмийн сангийн хойно буулгаж өгөөд харихаар явж байсан болно” /хх-ийн  64-68/ гэх мэдүүлэг,

 

Ё.Б мөрдөн байцаалтанд “ *******- хар багаасаа манайхаар байдаг байсан болохоор миний хүүгээс өөрцгүй хүн байгаа юм. Тоёота Приус-20 маркийн 00-00 УНӨ дугаартай автомашиныг миний бие 2018 оны 9 дүгээр сарын орчим Төрийн банкны зээлээр худалдаж авсан юм. Одоо энэ машин нь Төрийн банкны нэр дээр байдаг. Миний бие сар тутам Төрийн банкинд 290.000 төгрөг өгдөг...би түүнд машин барих зөвшөөрлийг өгөөгүй байсан. Гэтэл намайг 4 хоног ажлаар явсан хойгуур *******- нь машиныг маань ямар нэгэн зөвшөөрөлгүй авч яваад зам тээврийн осол гаргаад  зугтаасан байсан. Энэ талаар бүр сүүлд нь мэдсэн, би түүнээс ямар нэгэн нэхэмжлэх зүйл байхгүй, гомдол санал байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 61-62/ гэх мэдүүлэг,

 

Гэрч З.Хишиг-Очир мөрдөн байцаалтанд“2018 оны 9 дүгээр сарын 25-ны шөнийн 02 цаг өнгөрч байхад миний гар утас руу *******- ах 89990640 дугаарын утсаараа залгаад ах нь Гандангийн замд хүн мөргөчихлөө чиний машиныг унаж яваад гэж хэлсэн. Тэгээд намайг хүрээд ир гэж хэлэхэд нь би хэн таныг машин авч яв гэж хэлсэн юм бэ наад асуудал чинь надад хамаа байхгүй та машин авчирч өг гэж хэлсэн...удалгүй залгаад би очлоо гэж хэлсэн би хүн нь яасан бэ гэхэд гайгүй гэж хэлсэн...өглөө би сэрээд хартал машин хашааны гадаа тавьсан байсан. Очоод хартал машины баруун урд талын буфер доод хэсгээрээ хагарсан, баруун талын толь сууриараа салж эвдэрсэн, баруун урд талын хаалга, крыло хэсэг зурагдсан, хонхойсон, крыло мөн уначихсан байсан...намайг унтаж байхад *******- ах үүдэнд байсан хар өнгийн куртикны карманаас машины түлхүүр авч гараад надад хэлэлгүй машин унаж яваад осол гаргасан...”гэх мэдүүлэг /хх-ийн 74-75/ гэх мэдүүлэг,

 

Гэрчээр *******- мөрдөн байцаалтанд” Буянлхам эгчийн нэр дээр байдаг машиныг халтуур хийхээр аваад гарсан...Энхтайваны гүүр даваад чигээрээ явж байтал эрэгтэй, эмэгтэй хоёр хүн гар өргөсөн. Энэ хоёр хүнийг аваад 25 дугаар эмийн сангийн хойд уулзварын орчим эмэгтэй нь буусан. Харин эрэгтэй нь Зурагт орно гэхээр нь...Гандангийн хойд талын замаар орохдоо 1 дүгээр эгнээгээр явсан түгжирсэн байхаар нь 3 дугаар эгнээ рүү орж чигээрээ явахад миний явах талын гэрэл ногоон харин явган зорчигчийн гэрэл дохио улаан байсан тул би хөдөлгөөнөө үргэлжлүүлж явтал явган зорчигч улаан гэрлээр ертөнцийн зүгээр урдаас хойд зүг рүү гүйгээд гарч ирэхээр нь би тоормос гишгэсэн боловч явган зорчигчийг машины баруун талын буфер хэсгээр мөргөхөд явган зорчигч машины толь хугалж эргээд машины хойд талд унасан. Би явган хүний гарц өнгөрч зогссон. Би машинаасаа буугаад явган зорчигч дээр явж очоод бие чинь зүгээр үү гэж хэлээд замын боржур руу өргөж суулгасан. Миний машинд сууж явсан зорчигч 103 руу дуудпага өгсөн. Би 124 руу залгасан боловч болохгүй байсан. Цагдаагийн машинтай цагдаа нар хажуугаар гараад юу болсон талаар асуугаад 102 руу дуудлага өгсөн үү гэж асуухад нь одоо өгөх гэж байна гэж хэлсэн чинь дуудлага өг, хөдөлж явж болохгүй шүү гэж хэлээд явсан. Үүний дараа би Хишиг-Очир руу осол гаргасан талаар хэлэхэд машин хурдан авчирч өг гээд байсан болохоор нь би шууд ослын газраас хөдөлсөн...Би Энх-Орчлонхүү нэртэй жолооны курст суралцсан боловч төгсөж чадаагүй, 3 удаа шалгалтандаа уначихсан. Тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй...” /хх-ийн 87-88/ гэх мэдүүлэг,

 

Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэлд: “...Баянгол дүүргийн 11дүгээр хороо, Гандангийн арын явган хүний гэрэл дохиотой гарц дээр үйлдэгдсэн байв. Уг зам нь 14.20 м өргөнтэй, асфальттай, шулуун, тэгш, хуурай, зохицуулдагггүй, явган хүний гарцтай, суурингийн доторх, үзэгдэх орчин чөлөөтэй, зорчих хэсэг гэрэлтүүлэгтэй, тогтуун, эсрэг хөдөлгөөнтэй, 8 эгнээ, хашлагатай, хайстай зам”  /хх-ийн 9-10/ гэжээ.

 

Хэргийн газрын үзлэгийн үеэр авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 13-15/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 11918 дугаартай дүгнэлт: Ц.Аын биед баруун шаант ясны хоёрлосон ил хугарал, өвдөгний гадна холбоосны бүрэн тасрал, зүүн тохой, зүүн өвдөгний зулгаралт, баруун гуя цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.20-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй " /хх –ийн 109/,

 

Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-Баянгол техникийн хяналтын үзлэгийн төвийн 2018 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 204 дугаартай шинжээчийн дүгнэлт: “...Уг автомашиныг тоног төхөөрөмж дээр хэмжилт хийж шалгахад жрд тэнхлэгийн хажуу гулсалтын хазайлтын хэмжээ, дугуйн тоормосны хүчнүүдийн зөрүү, зогсоолын тоормос, их гэрлийн тусгалуудын чадал хол дээрээ, дугуйн хээний гүний хэмжээнүүд бүгд стандартын шаардлага хангасан нь техникийн бүрэн бүтэн байдлыг хангаж байна. Баруун талын толь сууриараа хугарсан байсныг сольсон, урд буфер баруун урд булан эмтэрч байхгүй болсон, жолооч талын хаалга зурагдаж хонхойсон сэвтэй зэрэг эвдрэл гэмтэлтэй байна. Баруун талын толь сууриараа хугарсан байсныг сольсон, урд буфер баруун урд булан эмтэрч байхгүй болсон, жолооч талын хаалга зурагдаж хонхойсон сэвтэй зэрэг эвдрэл гэмтэл нь тухайн зам тээврийн осолд нөлөөлөхгүй. Дээрх эвдрэл гэмтлүүд нь тухайн зам тээврийн осолд нөлөөлөхгүй. Автомашины зүүн болон баруун гар талын хол ойрын гэрэл, ослын болон дохионы гэрэл, хойд болон урд талын оврын хоёр гэрэл, хойд тоормосны хоёр гэрлийн чийдэн, улсын дугаарын хоёр гэрлийн чийдэнгүүд хэвийн ажиллагаатай байна. Автомашин нь шингэн дамжуулгын АВС тоормосны системтэй. Тоног төхөөрөмж ашиглан үзлэг хийхэд тоормос бүрэн ажиллагаатй эвдэрч гэмтсэн зүйлгүй байна” /хх-ийн 117-122/ гэх дүгнэлт,

 

2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн Тээврийн цагдаагийн албаны 770 дугаартай шинжээчийн дүгнэлт: “Т.Приус маркийн 00-00 УНӨ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч *******- нь МУ-ын Замын хөдөлгөөний дүрмийн 2.1-д заасан “Механикжсан тээврийн хэрэгслийн жолооч дараахь бичиг баримтыг биедээ авч явна:  а/тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох Монгол улсын үндэсний буюу олон улсын жолоодох эрхийн үнэмлэх”, мөн дүрмийн 9.2-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг, мөн дүрмийн 2.5-д заасан “Зам тээврийн осолд холбогдсон жолооч дор дурдсан үүрэг хүлээн: а/ тээврийн хэрэслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 6.3-т заасан шаардлагын дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх, в/ зам тээврийн ослын тухай цагдаагийн байгууллага, /ажилтан/-д мэдэгдэж, түүнийг үзсэн хүмүүсийн овог нэр, хаягийг мэдэж аваад осолд холбогдол бүхий эд мөрийн баримтын зүйлийг хамгаалан цагдаагийн байгууллагын ажилтанг иртэл хүлээх” гэсэн заалтуудыг зөрчсөн байх үндэслэлтэй байна.

 

Явган зорчигч Ц.А нь МУ-ын Замын хөдөлгөөний дүрмийн 2.5-д заасан “Хөдөлгөөн зохицуулж байгаа үед зам хөндлөн гарахдаа явган зорчигчид зориулсан гэрлэн дохио /ийм гэрлэн дохио байхгүй бол зэрэгцээ хөдөлгөөний тээврийн хэрэгсэлд зориулсан гэрлэн дохио/ буюу зохицуулагчийн зөвшөөрсөн дохиогоор зочих хэсэгт орно. Хэрэв зорчих хэсгийг хөндөлөн гарч амжаагүй байхад дохио өөрчлөгдвөл аюулгүй байдлыг хангаж, явж байгаа чигтээ хөдөлгөөнөө үргэжлүүлнэ. Харин уулзвар дээр жолоочийн явах чигийн өмнө “Зогс-шугам” тэмдэглэл буюу 5.29 тэмдэг бүхий гэрлэн дохио байвал түүнийг удидлага болгоно.  Зөвшөөрсөн дохиогоор явган хүний гарц руу орсон явган зорчигч дохио өөрчлөгдвөл аюулгүйн зрувасыг өнгөрсөн эсвэл тэр нь байхгүй бол зорчих хэсгийг нэвтрэн гарахыг зөвшөөрнө. Тайлбар: Дээрх тохиолдолд явган зорчигч аюулгүй байдлыг хангах үүднээс хөдөлгөөний эсрэг урсгалын зааг дээр зогсож зөвшөөрөх дохиог хүлээж болно.  Зам тээврийн осол гарах шууд шалтгаан нь Т.Приус маркийн 00-00 УНӨ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч *******- нь МУ-ын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2-т заасан заалтыг зөрчсөн үйлдлээс болсон байх үндэслэлтэй байна. /хх-ийн 127-128/ гэсэн дүгнэлт,

Гэмтэл согог судлалын үндэсний төвийн өвчний түүхийн хуулбар /хх-ийн 37-47/,  хохиролын баримтууд /хх-ийн 49-51/, түргэн тусламжийн дуудлагын хуудас /хх-ийн 150/ болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотойгоор:

*******-ын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 171/,  Чингэлтэй дүүргийн 10 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 170/,  Шийтгэх тогтоолуудын хуулбарууд /хх-ийн 188-195/, ял шалгах хуудас /хх-ийн 155/ зэргийг шинжлэн судлав.

 

Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол хор уршгийн талаархи шүүхийн дүгнэлт:      

Нэг.  Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос *******-т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргээс  2018 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр 20 цаг 30 минутын орчим Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо Нуурын 11-401 тоот хашаанд байсан Тоёота Приус-20 маркийн 00-00 УНӨ дугаартай тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр, эзэмшигч Ё.Бын зөвшөөрөлгүйгээр авч явсан гэх хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Учир нь Тоёота Приус-20 маркийн 00-00 УНӨ дугаартай тээврийн хэрэгслийг эзэмшигч Ё.Б мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт  “*******- нь манай нөхөр Зоригоогийн ажилд туслаад манайд амьдардаг, миний үр хүүхдээс ялгаагүй, энэ автомашин бол манай гэр бүлийн хэрэгцээнд ашигладаг, ойр зуур *******- энэ машиныг жолоодоод явдаг” гэж,  Ё.Бын хүүхэд З.Хишиг-Очир шүүхийн хэлэлцүүлэгт “*******- ах манайд бидэнтэй хамт амьдардаг хуурай ах дүүсийн холбоотой, *******- ах манай машиныг урьд нь жолоодож байсан” гэж тус тус мэдүүлж байна.

 

Мөн шүүх хуралдаанд өмгөөлөгчийн саналаар гэрчээр оролцсон гэрч С.Нямбаяр шүүх хуралдаан дээр “*******- урьд нь Тоёота Приус-20 маркийн 00-00 УНӨ дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явж байгаад надтай олон удаа тааралдаж байсан” гэж мэдүүллээ.

 

Мөрдөн байцаалтанд гэрчээр *******- “...дүү Хишиг-Очирын зөвшөөрлөөр Тоёота Приус-20 маркийн 00-00 УНӨ дугаартай тээврийн хэрэгслийг жолоодсон. Би орой бүр энэ машиныг унаж халтуур хийдэг. Энэ сарын машины төлбөрийн мөнгийг хийх зорилготой унаж гарсан” гэж мэдүүлсэн байна. /хх-ийн 88/

 

Эдгээр мэдүүлгүүдээс дүгнэхэд *******- нь дээрх автомашины эзэмшигч Ё.Бын нөхөр Зоригоогийн ажилд нь тусалж  гэрт нь тэдний гэр бүлийн гишүүний нэгэн адил хамт амьдардаг байх ба Тоёота Приус-20 маркийн 00-00 УНӨ дугаартай тээврийн хэрэгслийг өмнө нь жолооддог байсан болох нь гэрчүүдийн мэдүүлгүүдээр тогтоогдсон гэж үзнэ.

 

Харин гэрч З.Хишиг-Очирын “*******- ах машины түлхүүрийг миний зөвшөөрөлгүйгээр куртикны кармаанаас аваад явчихсан байсан” гэж мэдүүлсэн мэдүүлэг нь хэрэгт авагдсан өөр баримтуудаар нотлогдож тогтоогдоогүй байна. 

 

Иймд *******-т  холбогдох хэргүүдээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан” гэх хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт ”Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд...эргэлзээ гарвал түүнийг шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ” гэж заасан хуулийн заалтыг баримтлан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-д заасан “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

        

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч *******- нь:

Тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйгээр 2018 оны 9 дүгээр сарын 25-ны шөнийн 00 цаг 38 минутын үед Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Гандангийн арын замын явган хүний гарц дээр Ё.Бын эзэмшлийн Тоёота Приус-20 маркийн 00-00 УНӨ дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 2.1-т “Механикжсан тээврийн хэрэгслийн жолооч дараах бичиг баримтыг биедээ авч явна: а/тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох Монгол улсын үндэсний буюу олон улсын жолоодох эрхийн үнэмлэх”, мөн дүрмийн 9.2-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг, мөн дүрмийн 2.5-д заасан “Зам тээврийн осолд холбогдсон жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ: а/ тээврийн хэрэслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 6.3-т заасан шаардлагын дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх, в/ зам тээврийн ослын тухай цагдаагийн байгууллага, /ажилтан/-д мэдэгдэж, түүнийг үзсэн хүмүүсийн овог нэр, хаягийг мэдэж аваад осолд холбогдол бүхий эд мөрийн баримтын зүйлийг хамгаалан цагдаагийн байгууллагын ажилтанг иртэл хүлээх” гэсэн заалтуудыг зөрчсөнөөс явган зорчигч Ц.Аыг мөргөж эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан, улмаар жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэргүүдийг үйлдсэн болох нь:  

хохирогч Ц.Аын”... би Гандангийн хойд талын замаар ертөнцийн зүгээр урдаасаа хойд зүг рүү явган хүний гарцаар зам хөндлөн гарч яваад...автомашинд зүүн талаасаа мөргүүлж машинд шидэгдэж унасан...”/хх-ийн 30-35/,

гэрч Э.Галын”... явган зорчигч явган хүний гарцаар ганцаараа гүйж явахад нь миний сууж явсан автомашины жолооч хурдаа хасаж зүүн гар тийш дарсан боловч машины баруун талын толь хугарч, явган зорчигч хажуу тийшээ газар шидэгдэж унасан...” /хх-ийн  64-68/ гэж мэдүүлсэн мэдүүлгүүд болон Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 9-10/, хэргийн газрын үзлэгийн үеэр авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 13-15/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 11918 дугаартай дүгнэлт /хх 109/, Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-Баянгол техникийн хяналтын үзлэгийн төв 2018 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 204 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 117-122 дугаар хуудас/, 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн Тээврийн цагдаагийн албаны шинжээчийн дүгнэлт /хх-ийн 127-128/, Гэмтэл согог судлалын үндэсний төвийн өвчний түүхийн хуулбар /хх-ийн 37-47/,  хохиролын баримтууд /хх-ийн 49-51/, түргэн тусламжийн дуудлагын хуудас /хх-ийн 150/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар  нотлогдож тогтоогдсон байна.

 

Түүнчлэн эдгээр бичгийн нотлох баримтуудаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ болон хэргийн бусад байдлыг нотлох үүргийг хуулиар хүлээгээгүй *******-ын мөрдөн байцаалтанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн “...машиныг халтуур хийхээр аваад гарсан...би тоормос гишгэсэн боловч явган зорчигчийг машины баруун талын буфер хэсгээр мөргөхөд явган зорчигч машины толь хугалж эргээд машины хойд талд унасан...Хишиг-Очир руу осол гаргасан талаар хэлэхэд машин хурдан авчирч өг гээд байсан болохоор нь би шууд ослын газраас хөдөлсөн...Би Энх-Орчлонхүү нэртэй жолооны курст суралцсан боловч төгсөж чадаагүй, 3 удаа шалгалтандаа уначихсан. Тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй...” гэсэн мэдүүлэг нь давхар батлагдаж нотлогдсон тул түүний мэдүүлгийг шүүх нотлох баримтаар үнэлсэн болно.

 

Иймд шүүгдэгч *******-ыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйгээр  Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний биед хүнд хохирол учруулсан, жолооч хэргийн газрыг орхиж зугтаасан  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.  

 

Хохирол төлбөрийн тухайд:

Хавтаст хэрэгт хохирогч Ц.Аын эрүүл мэнд эмчилгээтэй холбогдуулан нэхэмжилсэн нийт 1.760.185 төгрөгийн үнийн дүн бүхий баримтууд нь энэ хэрэгт хамааралтай байх бөгөөд нотлох баримтын шаардлага хангасан байна.

   

Үүнээс мөрдөн байцаалтын явцад *******- нь 450.000 төгрөг төлсөн, шүүх хуралдааны явцад дансаар 100.000 төгрөг хохирогчид шилжүүлснийг хасч тооцон үлдэх 1.210.185 төгрөгийг *******-аас гаргуулж хохирогч Ц.Ат олгохоор шийдвэрлэв.

 

*******-ын буруутай үйлдлээс эрүүл мэндэд нь хүнд гэмтэл учирсан хохирогч Ц.А цаашид гарах эмчилгээтэй холбогдох зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүхээс шүүгдэгч *******-ыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйгээр  Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний биед хүнд хохирол учруулсан, жолооч хэргийн газрыг орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд  тооцсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3 дахь заалтад заасан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хуулийн үндэслэлтэй. 

 

Шүүгдэгч *******-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх байдал тогтоогдоогүй бөгөөд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарна.

 

*******- нь хувийн байдлын хувьд шүүхээр удаа дараа ял шийтгэгдэж байсан байх ба хамгийн сүүлд 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 663 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэгдсэн байна.

 

Шүүх хуралдаан дээр улсын яллагчаас гаргасан Нийслэлийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Газрын 2019 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 4/170020 дугаартай албан бичигт “...*******-ыг 450.000 төгрөгийн торгох ялаар шийтгэсэн гүйцэтгэх баримт бичиг нь тус газрын цахим мэдээллийн санд бүртгэлгүй ба *******-ын нэрээр тус байгууллагын дансанд төлбөр хийгдээгүй” гэжээ.

 

Энэхүү эрх бүхий байгууллагын албан бичгээр *******- 450.000 төгрөгийн торгох ялыг төлөөгүй байх боловч энэ талаар хуульд заасан ажиллагаа хийгдээгүй, тухайбал шүүхийн гүйцэтгэх хуудас тус байгууллагад хүргэгдээгүй, шүүхийн шийдвэр биелүүлэх ажиллагаанд хяналт тавих прокурорын хяналт тавигдсан эсэх нь эргэлзээтэй байхад түүнийг торгох ялыг биелүүлэхээс санаатайгаар зайлсхийсэн гэж шууд дүгнэж хорих ялаар солих боломжгүй юм.

 

Иймд *******-ын өмнөх тогтоолоос эдлээгүй дээрхи торгох ялыг шийтгэх тогтоолд дурьдаж, энэ тогтоолоор түүнд оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3 дахь заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялуудыг нэмж нэгтгэхгүйгээр тус тусад нь эдлүүлэх нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлнэ гэж шүүх дүгнэлээ.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.4 дүгээр зүйлийн 2, 36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

                                                                                                             ТОГТООХ нь:

 

  1. Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос *******-т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан” гэх хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгосугай.

 

  1. Шүүгдэгч Боржигон овогт *******-ыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйгээр  Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний биед хүнд хохирол учруулсан, жолооч хэргийн газрыг орхиж зугтаасан гэмт хэргүүдийг  үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

3. Шүүгдэгч *******-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3 дахь заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 /гурван зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй. 

 

4. *******-т энэ тогтоолоор оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3 дахь заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 /гурван зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял, урьд нь Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, мөн хуулийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан тус тусад нь эдлүүлсүгэй.

 

5. *******-т оногдуулсан 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй  хорих байгууллагад  эдлүүлсүгэй.

 

6. *******-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий  ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хорих ялыг эдэлж дууссаны дараа үеэс эхлэн тоолсугай. 

 

7. *******-аас Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар 1.210.185 /нэг сая хоёр зуун арван мянга нэг зуун наян тав/ төгрөгийг гаргуулж хохирогч Ц.Ат олгосугай.

 

8. Хохирогч Ц.А цаашид гарах эмчилгээтэй холбогдох баримтаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

 

9.  *******- энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримт хураагдаагүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурьдсугай. 

 

10. *******-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьж эдлэх ялыг 2019 оны 3 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

11. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, тэдгээрийн өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш тогтоолыг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

 

12. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол *******-ыг цагдан хорьсныг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Ц.ДАЙРИЙЖАВ