Шүүх | Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дүйсэнбекийн Көбеш |
Хэргийн индекс | 130/2016/00212/И |
Дугаар | 212/МА2017/00107 |
Огноо | 2017-09-28 |
Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 09 сарын 28 өдөр
Дугаар 212/МА2017/00107
А.Е нарын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Баян-Өлгий аsймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч С.Өмирбек даргалж, Ерөнхий шүүгч Н.Туяа, шүүгч Д.Көбеш нарын бүрэлдэхүүнтэй хийж,
Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 469 дүгээр шийдвэртэй, А, Е нарын нэхэмжлэлтэй, З, С нарт холбогдох иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2017 оны 8 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Көбешийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар Б.Ардабек, нэхэмжлэгч А, Е, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч К.Е, С.Н, хариуцагч З, хариуцагчийн өмгөөлөгч Х.З нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэлийн шаардлага: С, З нараас хүчин төгөлдөр бус хэлцлийн улмаас учирсан хохирол болох нэг өрөө орон сууцны үнэ 24199000 төгрөг гаргуулах тухай.
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Монгол Улсын иргэн Е, А бид 2006 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр Ө сумын 5 дугаар багт оршин суух С, З нараас тэдний өмчлөлийн Ө сумын 5 дугаар багт байрлах орон сууцыг тухайн үеийн зах зээлийн ханшаар 2100000 төгрөгөөр худалдан авсан. Худалдагч болох С, З нар уг орон сууцыг худалдах үед бидний эзэмшилд өгч, орон сууцыг ойрын хугацаанд танай өмчлөлд шилжүүлж өгнө гэж итгүүлж орон сууцны үнэ болох 2100000 төгрөгийг бүрэн авсан. А би тус орон сууцыг одоогоор 10 жил эзэмшин, их засвар болон урсгал засвар хийж, ашиглалтын зардлыг төлж одоо хүртэл амьдарч байгаа боловч С, З нар үүргээ биелүүлэхээс шууд татгалзаагүй байдаг. Уг орон сууцыг бидний өмчлөлд шилжүүлж өгөлгүй хууран мэхэлж элдвээр шалтаглан хойшлуулсаар ирсэн тул бид аргагүй байдлын улмаас уг орон сууцны өмчлөгч мөн болохыг тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан. Гэтэл Баян-өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх нь уг орон сууцны өмчлөгчөөр А-г тогтоосон боловч давж заалдах болон хяналтын шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаасны дагуу Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 143 дугаартай шийдвэрээр тухайн үед орон сууцыг худалдагч С, З нар бусад хамтран өмчлөгчид болох Ж, А, Ф нараас зохих журмын дагуу зөвшөөрөл авалгүйгээр хэлцэл хийсэн тул уг хэлцэл нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэгт зааснаар хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хүчин төгөлдөр бус хэлцэл гэж дүгнэн бидний нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн болно.
Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 143 дугаартай шийдвэрээр хариуцагч болон бидний хооронд байгуулагдсан 2006 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн орон сууц худалдах, худалдан авах хэлцлийг Иргэний хуулийн 56 дугаар 56.1.1 дэх заалтад заасан хүчин төгөлдөр бус хэлцэл гэж шийдвэрлэсэн тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д “Энэ хуулийн 56.1-д заасан хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй.”, 56.6-д “Хүчин төгөлдөр бус хэлцэл хийсэн буруутай этгээд нь бусдад учруулсан хохирлыг нөхөн төлнө” гэж тус тус заасны дагуу уг хэлцлийг байгуулахдаа авахаар тохиролцсон орон сууцны үнийг зах зээлийн ханшаар буцаан авч, учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна. Тухайн үед бид 1 өрөө орон сууц худалдаж авах хүсэл зорилготой байсан бөгөөд хэрвээ худалдагч С, З нар тухайн үед биднийг хууран мэхэлж хүчин төгөлдөр бус хэлцэл хийж, орон сууцаа бидэнд худалдаагүй байсан бол бид тухайн үед өөр орон сууц авч, уг орон сууцыг захиран зарцуулах эрх олж авах нь тодорхой байсан. Уг буруутай үйлдлээрээ биднээс авсан мөнгөн хөрөнгө болон учирсан бодит хохирлын нийлбэр нь 1 өрөө орон сууц болж байна. Хариуцагч нар нь хамтран өмчлөгч болох хүүхдүүдээсээ зохих зөвшөөрлийг авалгүйгээр хэлцэл хийсэн тухай шүүхэд мэдүүлж, хүчин төгөлдөр бус хэлцэл байгуулсан буруутай этгээд болохоо хүлээн зөвшөөрсөн болно. Үүгээр авсан зүйлээ зах зээлийн ханшаар буцааж өгөх, бидэнд учруулсан хохирлыг нөхөн төлөх үүрэг хариуцагч нарт үүссэн бөгөөд тэдний үйлдэл болон учирсан хохирол хооронд шалтгаант холбоо бий болсон байна. Нэг өрөө орон сууцны ханш өнөөдрийн байдлаар 25-30 сая төгрөг байгаа бөгөөд бид зохих журмын дагуу уг орон сууцыг тусгай мэргэжлийн шинжээчээр үнэлүүлснээр одоогийн зах зээлийн үнэлгээ 24199000 төгрөг байхаар үнэлгээний тайлан гарсан тул бидэнд буцааж өгөх мөнгө болон учирсан хохирлын хэмжээ нь үнэлгээгээр тогтоосон энэхүү ханш гэж үзнэ. 2006 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр Б аймгийн Ө хотын төвд байршилтай инженерийн шугам сүлжээнд холбогдсон нэг өрөө орон сууц нь 2000000 төгрөгийн ханштай байсан бөгөөд өнөөдөр ч ижил төрлийн нэг өрөө орон сууцны барилгууд 24 сая төгрөг болохыг эрх бүхий этгээд тогтоосон байна. Иймд хүчин төгөлдөр бус хэлцэл хийсэн буруутай этгээдүүд болох С, З нараас 24199000 /хорин дөрвөн сая нэг зуун ерэн есөн мянга/ төгрөг гаргуулж өгнө үү.” гэжээ.
Хариуцагч З шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “Иргэн А, Е нарын хүсэлт гуйлтаар З миний бие 2006 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр нэг гэр бүлийн гишүүд болох С, З, Ж, А, Ф, Б нарын 6 хүний хамтран өмчлөх дундын хөрөнгийн үл хөдлөх эд хөрөнгө болох Ө сумын 5 дугаар багийн 17 кв.м талбай бүхий орон сууцыг 2100000 төгрөгөөр үнэлж худалдсан. Тухайн үед миний бие хамтран өмчлөгчдийн хэн нэгэнд хэлэлгүй худалдсан бөгөөд энэ нь Иргэний хуулийн 128 дугаар зүйлийн 128.2-т заасныг зөрчсөн хэлцэл болохыг хожим мэдлээ. Гэвч З миний Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хууль зөрчсөн, мөн 56.1.8-д зааснаар “Зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн" хүчин төгөлдөр бус хэлцлийн улмаас манай гэр бүлийн бусад гишүүдийн "Хамтран өмчлөх дундын эд хөрөнгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрх" ноцтой зөрчигдсөн байна. Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 413 тоот шийдвэр гаргаснаар Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д зааснаар уг хэлцлээр шилжүүлсэн орон сууцыг өмчлөгч бид буцааж авах, хэлцлийн нөгөө талд 2100000 төгрөг буцааж өгөх болчхоод байна. Нэхэмжлэгч А, Е нарын нэхэмжлэлийг дараах үндэслэлээр хууль ёсны бус үндэслэлгүй нэхэмжлэл гэж үзэж байна.
Нэхэмжлэгч А, Е болон хариуцагч талаас З бидний дунд үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах хэлцэл 2006 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр хийгдсэн учир Монгол Улсын Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.2-д үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой гэрээний үүрэгт шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа зургаан жил байна гэсэн учир хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байна.
2.Мөн Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1-д заасан хөөн хэлэлцэх ерөнхий хугацаа 10 жил байна гэсэн байх тул Ерөнхий хөөн хэлэлцэх хугацаа хүртэл өнгөрснийг шүүх анхаарах нь зүйтэй.
3.Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.6-д “Хүчин төгөлдөр бус хэлцэл хийсэн буруутай этгээд нь бусдад учруулсан хохирлыг нөхөн төлнө” гэж заасан. Тэгвэл мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8-д заасан болон 128 дугаар зүйлийн 128.2-д заасан хуулийн шаардлагыг биелүүлэхгүйгээр үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах тухай 2006 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн “Хүчин төгөлдөр бус хэлцэл”-ийг хийхэд гэрээний талууд болох А, Е хариуцагч З бид гэрээний хоёр тал учир адилхан гэм буруутай тул А, Е нар өөрснөө хүчин төгөлдөр бус хэлцэл хийсэн буруутай этгээд байх бөгөөд түүний энэ нэхэмжлэл үндэслэлгүй байна.
4.Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.6-д зааснаар “Хүчин төгөлдөр бус хэлцэл” хийсэн А, Е гэрээний нөгөө тал З бид “Хүчин төгөлдөр бус хэлцэл” хийсэн буруутай этгээд учраас энэ хэлцлийн үндсэн дээр эрх нь зөрчигдсөн хамтран өмчлөгч С, Ж, А, Ф, Б нар энэхүү хүчин төгөлдөр бус хэлцлийн улмаас учирсан хохирлоо нэхэмжлэх эрхтэй байгаа. Харин Е, А нар Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.6-д заасныг буруу ойлгож, буруу тайлбарлаж нэхэмжлэл гаргасан байна.
5.А, Е нар нь З надтай байгуулсан 2006 оны 4 дүгээр 11-ний өдрийн үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний үндсэн дээр ямар ч эдийн хохирол үзээгүй гэж үзэж байна. 2006 оноос одоо хүртэл бидний үл хөдлөх эд хөрөнгө болох Ө сумын 5 дугаар багт байрлалтай 02-тоот байрыг үнэ төлбөргүй, хөлсгүйгээр ашиглаж завшиж байна. Тухайн хэлцлээс болж Е, А нарт бодит хохирол учирсан бол нотлох баримтын үндсэн дээр нотлох ёстой. Иймд нэхэмжлэгч А, Е нарын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.
Хариуцагч С шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “1. Нэхэмжлэгч А, Е нартай “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах тухай” 2006 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн хүчин төгөлдөр бус хэлцлийг С миний бие хийгээгүй билээ. Тухайн хүчин төгөлдөр бус хэлцэл нэхэмжлэгч Е, А болон хэлцлийн нөгөө тал З нарын хооронд хийгдсэн. 2006 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн гэрээнд байгаа С гэсэн гарын үсгийг эхнэр З зурсан байх тул үг хэлцэл миний хүсэл зоригийг илэрхийлэхгүй болно.
2. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.2-д “Үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой гэрээний үүрэгт шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 6 /зургаан/ жил байна” гэж заасан тул 2006 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр А, Е болон З нарын хооронд “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах” гэрээний гомдлын шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрөөд 10 жилийн дараа нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй учир шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болговол зохино.
3. А, Е болон З нарын хооронд байгуулсан “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ” нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 110 дугаар зүйлийн 110.1-д заасныг зөрчсөн “Хүчин төгөлдөр бус хэлцэл” учир мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.6-д зааснаар “Хүчин төгөлдөр бус хэлцэл хийсэн буруутай этгээд нь бусдад учруулсан хохирлыг нөхөн төлнө” гэж заасан. Тэгвэл энэхүү “Хүчин төгөлдөр бус хэлцэл” хийсэн буруутай этгээдүүд нь нэхэмжлэгч А, Е нар өөрөө болно.
4. Е, А нар нь 2006 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах” тухай хүчин төгөлдөр бус хэлцэл байгуулсан нь Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 143 тоот шийдвэр, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 82 тоот магадлал, Улсын дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 62 тоот тогтоолоор батлагдсан учир 2006 оны 4 дүгээр сараас одоо хүртэл бүтэн 11 жил бидний хамтран өмчлөх дундын өмчлөлийн нэг өрөө байрыг хууль бус эзэмшиж, ашиглаж ирсэн буруутай этгээд болох А, Е нараас Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.6; 493-р зүйлийн 493.1, 493.6-д заасны дагуу өмчлөгч бид учирсан хохирлыг нэхэмжлэх болно.
5.Нэхэмжлэгч А, Е нарын өмнө С, З бид хоёр 1 өрөө байр заавал олж өгөх үүрэг хүлээсэн тухай гэрээ хэлцэл байгуулаагүй, нэхэмжлэгч А, Е нарын нэг өрөө бүхий байшин худалдан авах эрхийг бид ямар нэгэн байдлаар хязгаарлаагүй учраас тэдэнд нэг өрөө байрны одоогийн ханш 24199000 төгрөг төлөх хуулийн үндэслэл байхгүй, учраас А, Е нарын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.
Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 469 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 56.6, 261 дүгээр зүйлийн 261.1-д тус тус заасныг баримтлан хариуцагч С, З нараас хохирол болох нэг өрөө орон сууцны үнэ 24199000 /хорин дөрвөн сая нэг зуун ерэн есөн мянга/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч А, Е нарт олгохоор шийдвэрлэжээ.
Хариуцагч З-ийн давж заалдах гомдлын агуулга: З, С бид Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 469 тоот шийдвэрийг 2017 оны 7 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, дараах үндэслэлээр эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.
Нэхэмжлэгч Е, А нар нь хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр учирсан хохирол гэх нэг өрөө орон сууцны үнэ 24.199.000 төгрөг гаргуулахыг хүсэж З, С бидэнд холбогдох нэхэмжлэлийг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүх нотлох баримтыг, “хэрэгт хамааралтай, ач холбогдолтой” талаас нь үнэлж чадаагүй, хэргийг хянан шийдвэрлэхдээ хэт нэг талыг баримталж, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна. Нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас үнэлж чадаагүй талаар:
1.Ө сумын 5 дугаар багт байрлалтай 17м2 талбайтай орон сууцыг нэхэмжлэгч Е, А нарт худалдах, худалдан авах тухай “хүчин төгөлдөр бус хэлцэл”-ийг 2006 оны 4 дүгээр сары 11-ний өдөр нэхэмжлэгч Е, А хариуцагч З бид гурав хийсэн. “Хүчин төгөлдөр бус” хэлцэл хийсэн 2006 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр Ө сумын 17 м2 талбай бүхий орон сууцны “Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх”-ийн гэрчилгээг нэхэмжлэгч Е, А нарт орон сууцны хамт хүлээлгэж өгсөн.
Нэгэнт “Орон сууц худалдах, худалдан авах тухай” гэрээг 2006 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр хийж, “Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх” эрхийн гэрчилгээг тухайн өдөр нэхэмжлэгч Е, А нарт гардуулан өгсөн учраас Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1-д заасан “Хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолно” гэж заасан учир хөөн хэлэлцэх хугацааг энэ хэргийн хувьд 2006 оны 4 дүгээр сарын 11-ний өдрөөс эхэлж “хуульд зааснаар тоолох” ёстой юм. Үүгээр Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.2 -д “Үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой гэрээний үүрэгт шаардлага гарган хөөн хэлэлцэх хугацаа зургаан жил” гэж заасан. Тэгвэл хуульд зааснаар нэхэмжлэгч Е, А нарын хувьд “Үл хөдлөх эд хөрөнгийн гэрээтэй” холбоотой маргаан тул Иргэний хуулийн 73 дугаар зүйлийн 73.1-д зааснаар хөөн хэлэлцэх хугацааг 2006 оны 4 дүгээр сарын 11-нээс тоолох бөгөөд 6 жилийн дараа буюу 2012 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр “хөөн хэлэлцэх хугацаа” дуусгавар болсон байдаг.
Гэтэл нэхэмжлэгч Е, А нар нь анх шүүхэд нэхэмжлэлийг 2015 онд гаргаж эхэлсэн учир “хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн” байсныг Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2017 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 469 тоот шийдвэрийн “ҮНДЭСЛЭХ нь” хэсэгт “нэхэмжлэгч нар өмчлөлийн талаар шүүхэд нэхэмжлэл гаргаснаар хөөн хэлэлцэх хугацаа Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1, 79.2-д зааснаар тасалдсан” гэж буруу дүгнэлт хийсэн байна. Өөрөөр хэлбэл “хөөн хэлэлцэх хугацаа” дуусаж 3 жил өнгөрсөний дараа нэхэмжлэл гаргасныг шүүх буруу үнэлж тодорхойлсон байна.
2. 2006 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн “орон сууц худалдах, худалдан авах тухай” гэрээнд талуудын төлөөлөл болох нэхэмжлэгч Е, А хариуцагч З бид гурав гарын үсэг зурсан. Энэ нь шүүх хуралдааны тэмдэглэл болон хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр батлагдсаар байхад Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 469 тоот шийдвэрийн “ТОГТООХ нь” хэсэгт З, С нараас хохирол төлүүлэхээр шийдвэрлэсэн нь С-ийн хувьд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-д заасныг зөрчиж, “хариуцагчийг” буруу тодорхойлсон явдал юм. Тухайлбал: Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болж буй 2006 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн “хүчин төгөлдөр бус” хэлцлийг хийхэд С-ийн оролцоо байхгүй тул тэр хүн “хариуцагч биш” болно.
3. Шүүхийн байгууллагын 3 шатны шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр (шийдвэр, магадлал, тогтоол) хүчин төгөлдөр бус гэж тооцогдсон 2016 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн “Орон сууц худалдах, худалдан авах тухай” хэлцэл (гэрээ) нь “хоёр талын” хэлцэл бөгөөд нэхэмжлэгч Е, А хариуцагч З бид гурав хэлцэлд (гэрээ) тэгш эрхтэй оролцож, байгуулж, гарын үсэг зурсан байдаг. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.6-д “хүчин төгөлдөр бус хэлцэл хийсэн буруутай этгээд нь бусдад учруулсан хохирлыг нөхөн төлнө” гэж заасан
Нэгэнт 2016 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн “Орон сууц худалдах, худалдан авах тухай” хоёр талын “хүчин төгөлдөр бус хэлцэл”-ийг нэхэмжлэгч Е, А хариуцагч З бид гурав хамтран хийсэн учир хохирлыг дан ганц гэрээний нэг тал болох З надаар хариуцуулан шийдвэрлэсэн нь хэргийг анхан шатны шүүхээс “хэт нэг талыг” баримталж шийдвэрлэснийг илтгэж байна гэж үзээд гомдол гаргаж байна. Өөрөөр хэлбэл “хүчин төгөлдөр бус хэлцэл”-ийг нэхэмжлэгч Е, А хариуцагч З бид гурав хийсэн тул гурвуулаа хариуцлагыг тэгш хүртэх учиртай.
4. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.6-д зааснаар “буруутай этгээд бусдад учруулсан хохирлыг нөхөн төлнө” гэж заасан. Хавтаст хэргийн материалаас үзэхэд нэхэмжлэгч Е, А нарт “хүчин төгөлдөр бус хэлцэл”-ийн улмаас ямар нэгэн хохирол учраагүй байна. Учир нь маргааны зүйл болж байгаа Ө сумын 5 дугаар багт байршилтай, 17м2 талбайтай байр бидний 6 хүний өмчлөлд байгаа ба 2011 оноос одоо хүртэл бүтэн 6 жил А эзэмшиж, ашиглаж, сүүлийн 3 жил өөр айлыг хөлслөн суулгаж байрны хөлсийг өөрөө авч ашиг олж байгаа юм. 2016 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн “хүчин төгөлдөр бус хэлцэл”-ийн улмаас Е, А нарт ямар нэгэн хохирол учруулсан нь тогтоогдохгүй бөгөөд, Орон нутгийн хэмжээнд нэг өрөө байр худалдаалах үнийн тодорхойлолтыг үндэс болгож, түүнийг нэхэмжлэгч нарт учирсан хохирол хэмээн үзэж З надад “төлбөр хариуцуулсан” нь бодит байдалд нийцэхгүй байна.
5. З миний бие Е, А нараас 2.100.000 төгрөг авсныг 24.199.000 төгрөг болгож төлүүлж байгаа нь улс орон даяар мөрдөгдөж буй банкны зээл, хүүгээс хэд дахин их өсгөсөн нь шүүх “хууль журмыг” ноцтой зөрчсөн үйлдэл гэж үзэж байна.
З миний бие өөрсдийн “хамтран өмчлөх дундын хөрөнгөд“ байсан орон сууцыг хууль зөрчиж Е, А нарт 2.100.000 төгрөгөөр үнэлж худалдсан болохоос Е, А нарт заавал нэг өрөө орон сууц худалдан авч өгөхөөр тохирсон, үүрэг хүлээсэн талаар хууль ёсны нотлох баримт байхгүй байгааг шүүх анхаараагүй байна.
6. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д “Энэ хуулийн 56.1-д заасан хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлнө” гэж заасан, 56 дугаар зүйлийн 56.6-д буруутай этгээд нь бусдад учруулсан хохирлыг нөхөн төлнө” гэж заасан. Энэхүү хуулийн заалтаар З миний бие нэхэмжлэгч нарт 21.000.000 төгрөгийг буцаан өгч, хуульд заасан хохирол гэвэл “хадгаламжийн хүүгийн хамт төлүүлбэл” бодит үнэнд нийцэх байсан. Нэхэмжлэгч А нь 2011 оноос одоо хүртэл уг байрыг “хууль бус” ашиглаж, эзэмшиж байгаа тул түүнд ямар нэгэн хохирол учраагүй байгаа юм.
Ө сумын хэмжээнд байгаа нэг өрөө байрны одоогийн ханш болох 24.199.000 төгрөг бол нэхэмжлэгч А учирсан хохирол биш шүү дээ. Энэ талаар шүүх буруу дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болж чадаагүй болсон гэж үзэж байна.
Иймд давж заалдах гомдлын үндсэн дээр Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 469 тоот шийдвэрийг хүчингүй болгож өгөхийг хүсье.” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчимд нийцсэн байна.
Нэхэмжлэгч А, Е нар нь хариуцагч С, З нарт холбогдуулан хүчин төгөлдөр бус хэлцлийн улмаас учирсан хохирол болох нэг өрөө орон сууцны үнэ 24199000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.
Зохигчдын хооронд 2006 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр нэг өрөө орон сууцыг 2100000 төгрөгөөр худалдах-худалдан авах хэлцэл хийж, Ө сумын 5 дугаар багт байрлах орон сууцнаас нэг өрөө байрыг А, Е нар худалдаж авсан боловч тухайн нэг өрөө байр нь 6 хүний хамтран өмчлөх дундын өмч гэдгийг мэдсэн боловч бусад өмчлөгч нар нь уг нэг өрөө байрыг худалдахыг зөвшөөрөөгүйгээс болж 2006 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр нэг өрөө орон сууцыг 2100000 төгрөгөөр худалдах-худалдан авах хэлцэл нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8.-д заасан шаардлага хангаагүй гэсэн үндэслэлээр хүчин төгөлдөр бус хэлцэл гэж дүгнэсэн шүүхийн шийдвэр, магадлал, хяналтын шатны шүүхийн тогтоол гарч хуулийн хүчин төгөлдөр болжээ. Шүүхээс 2006 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр нэг өрөө орон сууцыг 2100000 төгрөгөөр худалдах-худалдан авах хэлцлийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцсоны улмаас нэхэмжлэгч нарт Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 56.6-д зааснаар худалдах-худалдан авах гэрээний үүргийг зөрчсөн хариуцагч нараас хохирол нэхэмжлэх эрхтэй байна гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй болжээ.
Нэгэнт маргаан бүхий нэг өрөө байрны өмчлөх эрхийн гэрчилгээг хариуцагч хуулийн дагуу нэхэмжлэгч нарт шилжүүлэн өгч улсын бүртгэлд бүртгүүлж чадаагүй энэ үүргээ худалдагч тал зөрчсөнөөс болж тухайн үед нэг өрөө байрыг 2100000 төгрөгөөр худалдаж байсан бол өнөөгийн зах зээлийн ханшаар нэг өрөө байр нь 24199000 төгрөг болох нь хэрэгт авагдсан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээчний үнэлгээгээр нотлогдсон байна.
Анхан шатны шүүх хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үндэслэн үл хөдлөх эд хөрөнгийг бусдад худалдахад эрхийн зөрчилгүй эд хөрөнгийг худалдагч талд шилжүүлж өгөх үүргийг худалдагч талд үүрэг болгосныг хариуцагч нар зөрчсөний улмаас зохигч нарын хооронд 2006 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр нэг өрөө орон сууцыг 2100000 төгрөгөөр худалдах худалдан авах хэлцэл хүчин төгөлдөр бус болсноос учирсан хохирлоо нэхэмжлэгч нар нэхэмжлэх эрхтэй гэж дүгнэж хариуцагч С, З нараас нэхэмжилсэн 24199000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч нарт олгохоор шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.
Иймд анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 469 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч З-ийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, давж заалдах гомдолд төлсөн улсын тэмдэгтийн хураамж 278945 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1.-т заасныг удирдлага болгож ТОГТООХ нь:
1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 469 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч З-ийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1.-т заасныг баримтлан хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 278.945 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, “төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн”, “шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ С.ӨМИРБЕК
ШҮҮГЧИД Н.ТУЯА
Д.КӨБЕШ