Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 07 сарын 28 өдөр

Дугаар 80

 

ШИЙТГЭХТОГТООЛ

                          
2016.7.28                                        80

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хэргийн индекс: 156/2016/0091/Э
Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ганзориг  даргалж,
Шүүх хуралдаанд:
Нарийн бичгийн дарга:            Н.Болор-Уянга,
Улсын яллагч:                    Ц.Цэен-Ойдов,
Шүүгдэгчийн өмгөөлөгч:            Д.Ганхуяг, Ж.Батбаатар,
Шүүгдэгч:                    Г.Энхтөр, Б.Бямбадорж нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны "Б" танхимд нээлттэй явуулж,

Хэнтий аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Г.Энхтөр, Б.Бямбадорж нарт  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201623000137 дугаартай хэргийг 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Хэнтий аймгийн Норовлин суманд 1977 оны 7 дугаар сарын 18-ны өдөр төрсөн,  39 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Хэнтий аймгийн Норовлин сумын Баян-Өлзийт багт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй гэх Боржигон  овгийн Гомбын Энхтөр /РД:СП77071814/
Сэлэнгэ аймгийн Сүхбаатар  суманд 1987 оны 8 дугаар сарын 25-ны өдөр төрсөн,28 настай, эрэгтэй, , бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, ээж, дүү нарын хамт Хэнтий аймгийн Баян-Адарга сумын 4-р багт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, 2014 оны  10 сарын 08-ны өдөр  Сум дундын 28-р шүүхээр эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 3 жилийн хорих ялаар шийтгүүлж 2 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан гэх Боржигон овгийн Баасансүрэнгийн Бямбадорж /РД:СШ87082514/
Шүүгдэгч нарын холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд дурдсанаар/
Шүүгдэгч Г.Энхтөр, Б.Бямбадорж нар нь бүлэглэн 2016 оны 5 дугаар сарын 02-ны өдөр Хэнтий аймгийн Баян-Овоо сумын Сүмбэр баг Хоолой гэх газарт байх Ж.Чулуунбатын худгийн хаалгыг эвдэн нэвтрэн орж 1 ширхэг худгийн мотор хулгайлж Ж.Чулуунбатад 350000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүгдэгч Г.Энхтөр, Б.Бямбадорж нар нь бүлэглэн 2016 оны 5 дугаар сарын 02-ны өдөр Хэнтий аймгийн Баян-Овоо сумын Сүмбэр баг Хоолой гэх газарт байх Ж.Чулуунбатын худгийн хаалгыг эвдэн нэвтрэн орж 1 ширхэг худгийн мотор хулгайлж Ж.Чулуунбатад 350000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

Хохирогч Ж.Чулуунбатын мөрдөн байцаалтад өгсөн: Манай эхнэр надад хэлэхдээ “өдөр худаг дээр цэнхэр мотоциклтой хоёр хүн байж байгаад яваад өгсөн” гэж хэлсэн. Чи очиж худгаа үз гэхээр нь очиж үзтэл манай худгийн байшингийн хаалганы цоожийг юмаар хөшөөд эвдээд дотор нь байсан улаан өнгийн “Ямаха” маркийн моторыг маань аваад явсан байсан. Тэгээд би цагдаад мэдэгдсэн. Одоо мотороо буцааж авсан болохоор гомдолгүй гэсэн мэдүүлэг. /хх-17-18х/
Гэрч Ж.Батчулууны мөрдөн байцаалтад өгсөн:  2016 оны 5 сарын 02-ны орой ах над руу залгаад худгийн мотор хулгай авсан байна гэсэн. Бэр эгч маань тэр өдөр худаг дээр мотоциклтой хоёр хүн ирээд явсан гэж бас хэлсэн гэсэн мэдүүлэг. /хх-21х/
Гэрч Б.Батцэцэгийн мөрдөн байцаалтад өгсөн: 2016 оны 5 сарын 02-ны өдөр 15-16 цагийн үед хоёр хүүхдийнхээ хамт гэрийнхээ гадаа зогсож байтал манай худаг дээр хоёр хүн зогсож байгаад яваад өгсөн. Тэгээд нөхөртөө хэлээд очиж үзүүлтэл моторыг нь хулгайлаад авчихсан байсан гэсэн мэдүүлэг. /хх-22-23х/
Шүүгдэгч Г.Энхтөрийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Би хулгай хийсэндээ гэмшиж байна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Хохирлоо бүрэн төлсөн гэсэн мэдүүлэг.
Шүүгдэгч Э.Пүрэвдоржийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Би Энхтөртэй хамт айлын худгийн мотор хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэдгээ зөвшөөрч байгаа. Дахин хулгай хийхгүй. Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна гэсэн мэдүүлэг.
Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-3х/
Гэрэл зураг /хх-4-6х/
Эд зүйл хураан авсан тэмдэглэл /хх-9х/
Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-10х/
Эд зүйлийн үнэлгээ /хх- 26, 31 х/
Малын жишиг үнэ тогтоох тухай тогтоол /хх-27-31х/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.       
Шүүгдэгч Г.Энхтөр, Б.Бямбадорж нарын бүлэглэн, машин механизм ашиглаж бусдын орон байранд хууль бусаар нэвтрэн орж эд хөрөнгийг нь хулгайлсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг байна.
       Шүүгдэгч нар нь энэ гэмт хэргийг шууд санаатай үйлджээ.
       Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Ж.Чулуунбатад 350000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд хохирогч  нь хохирлоо барагдуулж авсан, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгч нарыг бусдад төлөх хохирол төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгч Б.Бямбадоржийн хувьд ногдох эд хөрөнгийн байдал, гэмт хэрэгт оролцсон оролцоо зэргийг нь харгалзан эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэх шаардлагагүй гэж үзэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.1-д зааснаар шүүгдэгч Б.Бямбадоржийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан DAYUN” маркийн цэнхэр өнгийн бичиг баримт, улсын дугааргүй мотоциклийг хурааж төрийн өмчлөлд шилжүүлэхээр тогтов.
Шүүгдэгч Г.Энхтөр нь нарын анх удаа, шүүгдэгч Б.Бямбадорж нь ялгүй үедээ хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн зэрэг байдлуудыг харгалзан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 297,  298 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Боржигон  овгийн Гомбын Энхтөр, шүүгдэгч Боржигон овгийн Баасансүрэнгийн Бямбадорж нарыг бүлэглэн, машин механизм ашиглаж бусдын орон байранд хууль бусаар нэвтрэн орж эд хөрөнгийг нь хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Энхтөрийн хувьд ногдох эд хөрөнгөнөөс  400000 төгрөгийн эд хөрөнгийг хурааж 04 /дөрөв/ сарын баривчлах ялаар, шүүгдэгч Б.Бямбадоржийн эд хөрөнгийг хураахгүйгээр 04 /дөрөв/  сарын баривчлах ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.1-д зааснаар шүүгдэгч Б.Бямбадоржийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан DAYUN” маркийн цэнхэр өнгийн бичиг баримт, улсын дугааргүй мотоциклийг хурааж төрийн өмчлөлд шилжүүлсүгэй.

4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1, 88.1.3 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн түлхүүрийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

5. Шүүгдэгч  нар нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, тэдний бичиг баримт шүүхэд ирээгүй ба шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц “DAYUN” маркийн цэнхэр өнгийн бичиг баримт, улсын дугааргүй мотоцикль битүүмжилсэн 2016 оны 6 сарын 10-ны өдрийн мөрдөн байцаагчийн тогтоолыг шийтгэх тогтоолын эд хөрөнгө хураах ял биелэгдэх хүртэл хэвээр үлдээсүгэй.

 6. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний  хэргийн давж заалдах шатны  шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл  бичих эрхтэй болохыг дурдсугай.

 7. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж  тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Г.Энхтөр, Б.Бямбадорж нарт авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьсугай. 

 


ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                            Д.ГАНЗОРИГ