Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2015 оны 05 сарын 14 өдөр

Дугаар 221/ма2015/0213

 

Ц.Б-гийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүгч Д.Батбаатар, шүүгч Н.Хонинхүү нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Ө.Золбоо, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.О-, нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Ү-, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О- нарыг оролцуулан хийж, Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 0123 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, Ц.Б-гийн нэхэмжлэлтэй, ЦЕГД-д холбогдох захиргааны хэргийг шүүгч Н.Хонинхүүгийн илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ц.Б- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Цагдаагийн Ерөнхий газрын даргын 2014 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 595 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан Д- аймаг дахь Цагдаагийн газрын Зд сум дахь Сум дундын цагдаагийн хэлтэст жижүүрийн офицер албан тушаалд эгүүлэн томилж, хураасан цагдаагийн ахмад цолыг олгож, ажилгүй байсан хугацааны цалин 2.760.480 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: Д- аймаг дахь Цагдаагийн газрын даргын 2014 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн зөвлөлийн хуралдаанаар иргэн С.С-ийн гаргасан гомдлын дагуу Ц.Б-д албаны шалгалт явуулсан дүнг хэлэлцэж, Ц.Б-д Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.3-т зааснаар сахилгын шийтгэл ногдуулах саналтай 2014 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 1/1612 тоот албан бичгийг зөвлөлийн хурлын тэмдэглэл, албаны шалгалтын материалын хамт Цагдаагийн ерөнхий газрын Хүний нөөц, сургалтын хэлтэст ирүүлсэн байна.

Цагдаагийн ерөнхий газрын даргын зөвлөлийн 2014 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 03 дугаар хуралдаанаар Ц.Б-гийн асуудлыг хэлэлцэж, Цагдаагийн ерөнхий газрын даргын 2014 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 595 дугаар тушаалаар Ц.Б-г Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсгийн 13.1.1, 13.1.2-т заасныг зөрчсөн тул мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсгийн 26.1.3-т заасныг үндэслэн төрийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах сахилгын шийтгэл ногдуулсан. Д- аймаг дахь Цагдаагийн газрын даргын 2014 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 35 дугаар тушаалаар сахилгын шийтгэл ногдуулж байсан. Иймд, сахилгын шийтгэл оногдуулсан зөрчилд давхардуулан сахилгын шийтгэл оногдуулсан гэж үзэх үндэслэлгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 0123 дугаар шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.1, 13.1.2, 26 дугаар зүйлийн 26.1.3, 26.4-т заасныг баримтлан Цагдаагийн ерөнхий газрын даргын 2014 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 595 дугаар тушаалыг хүчингүй болгож, Ц.Б- миний урьд эрхэлж байсан Д- аймгийн Цагдаагийн газрын Зд сум дахь сум дундын Цагдаагийн хэлтэст жижүүрийн офицер албан тушаалд эгүүлэн томилж, хураасан цагдаагийн ахмад цолыг олгож, ажилгүй байсан хугацаа цалин 2.760.480 төгрөгийн гаргуулж өгнө үү гэсэн шаардлага бүхий Ц.Б-гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.О- давж заалдах гомдолдоо: Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 0123 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

1. Нэг зөрчилд /цалингийн 20 хувь хасах болон ажлаас халах/ хоёр сахилгын шийтгэл давхардуулан ногдуулсан гэдэг нь тогтоогдохгүй байгаа талаар шүүхээс дүгнэсэн байна.

Шүүхээс дүгнэхдээ Цагдаагийн ерөнхий газрын дэргэдэх Төрийн албаны салбар зөвлөлийн 2014 оны 23 дугаар тогтоол, хариуцагчийн шүүхэд ирүүлсэн тайлбар, Д- аймгийн Зд сум дахь сум дундын Цагдаагийн хэлтсийн даргын зөвлөлийн 9 дүгээр хурлын тэмдэглэл, Д- аймгийн Зд сум дахь сум дундын Цагдаагийн хэлтсийн даргын 2014 оны 2/1033 албан бичиг, албаны шалгалтын бүртгэл зэрэг нотлох баримтыг удирдлага болгон нэг талыг барьж дүгнэсэнд гомдолтой байна.

Маргаан бүхий захиргааны акт болох 2014 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 595 дугаар тушаал дээр ажлаас чөлөөлсөн зөрчлийн үндэслэл бичигдээгүй. Энэхүү тушаал гарах болсон шалтгаан нь 2014 оны 03 дугаар сарын 07-ны өдөр хил гарсан, ажлын цагаар архидан согтуурсан гэсэн үндэслэлийг дурдсан.

Дээрх 2014 оны 09 дүгээр сарын 24-ны өдрийн 1-1612 тоот албаны шалгалтын дүнг хэлэлцэж, 2014 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 595 дугаар тушаал гарах болсон гэж үзсэн нотлох баримтанд дурдахдаа Төрийн албаны тухай хуулийн 13.1.1, 13.1.2 зүйл заалтыг баримтлан үндэслэж 2014 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн хуралдаанаар Цагдаагийн хэсгийн жижүүр офицер Ц.Б-г 2014 оны 03 дугаар сарын 07-ны өдөр хил гарсан, ажлын цагаар архидан согтуурсан гэх үндэслэлээр 2014 оны 09 дүгээр сарын 25-ны өдрөөс 1 жилийн хугацаанд ажлаас чөлөөлсөн байдаг. Энэ нь маргаан бүхий 2014 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 595 дугаар тушаал гарах болсон шалтгаан юм.

Цагдаагийн ерөнхий газрын сургалтын хэлтсээс 2014 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр ажил хүлээлцсэн актыг үйлдсэн. 2014 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 595 дугаар тушаал болон 2014 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн За/3071 тоот албан бичгийг танилцуулсан.

Уг За/3071 тоот танилцуулгад Ажлын цагаар бусадтай архидан согтуурч, ажил тасалж зөвшөөрөлгүй БНХАУ-д зорчсон гэх үндэслэлээр ажлаас халж, цагдаагийн ахмад цолыг хураах сахилгын шийтгэл ногдуулсантай холбоотой мэдээллийг танилцуулж, ажлыг зохих журмын дагуу хүлээлцсэн 2014 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 595 дугаар тушаал, 2014 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн За/3071 тоот танилцуулгаар мэдээлэхдээ 2014 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн зөрчлөөр ажлаас халсан гэж мэдээлсэн бөгөөд С.С- гэдэг хүний гомдлоор шалгаад гарсан зөрчлөөр ажлаас халлаа гэсэн асуудал огт мэдээлээгүй.

Хэрэв иргэн С.С-ийн гомдлоор ажлаас халж байгаа талаар тушаал үйлдсэн бол 2014 оны 09 дүгээр сарын 24-ны өдрийн хуралдаан, 2014 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 595 дугаар тушаал, 2014 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн За/3071 тоот танилцуулга мэдүүлэхдээ С.С-ийн гомдлын талаар танилцуулан ажлаас халж байгаа тухай мэдээлэх байсан.

Гэтэл энэ талаар огт мэдээлээгүй, тушаал гаргасан үндэслэлдээ энэ талаар огт дурдаагүй байж 2014 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн тушаалын үндэслэл болох 2014 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн зөрчлийн талаар дурдаагүй гэж гуйвуулан С.С-ийн гомдлоор тушаал гаргасан гэж үзэн шийдвэр гаргасанд гомдолтой байна.

2. Зөрчил илэрснээс хойш 1 сар өнгөрсний дараа сахилгын шийтгэл ногдуулсан нь тогтоогдоогүй гэж шүүхийн шийдвэрт заажээ.

Шүүхээс дүгнэхдээ 2014 оны 03 дугаар сарын 07-нд гаргасан зөрчилд бус иргэн С.С-ээс 2014 оны 06 дугаар сарын 18-ны өдөр гаргасан гомдлын дагуу 2014 оны 07 дугаар сарын 29-ний өдөр зөрчлийг тогтоон албан шалгалтаар шалган тогтоосон зөрчилд холбогдуулан сахилгын шийтгэл ногдуулжээ

Иргэн С.С-ээс Цагдаагийн хэлтсийн жижүүр офицер Ц.Б-д 2014 оны 06 дугаар сарын 18-ны өдөр гаргасан гомдлын дагуу 2014 оны 07 дугаар сарын 29-ний өдөр зөрчлийг тогтоон, Д- аймгийн Зд сум дахь сум дундын Цагдаагийн хэлтсийн дарга И.Б- 2014 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 2/1033 тоот албан шалгалт явуулан Төрийн албаны тухай хуулийн 26.1.3-т заасан ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулах саналыг хүргүүлэх гэсэн агуулга бүхий албан бичиг Д- аймаг дахь Цагдаагийн газрын даргад хүргүүлжээ.

Д- аймгийн Цагдаагийн газрын даргаас 2014 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 1/1612 тоот албаны шалгалт явуулсан дүнг хэлэлцэж Ц.Б-д Төрийн албаны тухай хуулийн 26.1.3-т заасан сахилгын шийтгэл ногдуулах санал гэсэн агуулгатай албан бичгийг Цагдаагийн ерөнхий газрын хүний нөөц, сургалтын хэлтэст ирүүлж, Цагдаагийн ерөнхий газрын даргын зөвлөлийн 2014 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 03 хуралдаанаар Ц.Б-гийн асуудлыг хэлэлцэж Төрийн албаны тухай хуулийн 13.1.1, 13.1.2-т заасныг зөрчсөн гэж үзэн мөн хуулийн 26.1.3-т заасны дагуу сахилгын шийтгэл ногдуулсан 2014 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 595 дугаар тушаалыг гаргажээ. Үүнээс үзэхэд иргэн С.С-ийн гаргасан гомдлыг 2014 оны 07 дугаар сарын 29-нд зөрчлийг тогтоон 2014 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 595 дугаар тушаал гарган ажлаас халсан нь Төрийн албаны тухай хуулийн 26.4-т заасны дагуу сахилгын зөрчлийг илрүүлснээс хойш 1 сар өнгөрсөн бол сахилгын шийтгэлгүйд тооцно гэсэн заалтыг зөрчсөн байна. Энэхүү хөөн хэлэлцэх хугацааны дотор зөрчилд арга хэмжээг багтаан явуулах ёстой байтал зөрчил илэрснээс хойш буюу 1 сар өнгөрснөөс хойш тооцсон байна.

Улсын дээд шүүхийн тогтоолын 26.4-т заасан 1 сарын хугацааг сахилгын зөрчил гаргасныг эрх бүхий байгууллага албан тушаалтан олж мэдсэн үеэс эхлэн тоолно гэж заасны дагуу эрх бүхий албан тушаалтан болох Д- аймгийн Замын үүд сум дахь сум дундын Цагдаагийн хэлтсийн дарга И.Б- уг зөрчлийг мэдэн 2014 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 2/1033 тоот албан шалгалт явуулан Төрийн албаны тухай хуулийн 26.1.3-т заасан ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулах саналыг хүргүүлэх гэсэн агуулга бүхий албан бичиг Д- аймаг дахь Цагдаагийн газрын даргад хүргүүлсэн нь зөрчил мэдсэн үеэс эхлэн 1 сар өнгөрсөн байгаа тул Төрийн албаны тухай хуулийн 26.4-т заасны дагуу сахилгын шийтгэлгүйд тооцно гэсэн заалтыг зөрчин 2014 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 595 дугаар тушаал гарган ажлаас халсанд гомдолтой байна.

Иймд маргаан бүхий захиргааны акт гаргах үндэслэл С.С-ийн гомдолтой огт хамааралгүй, өмнөх зөрчилтэй холбоотой гаргасан тушаал гэдгийг харуулж байгаа тул, түүнчлэн С.С-ийн зөрчилтэй холбогдуулан 2014 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 595 дугаар тушаал гаргасан гэж үзэж байгаа нь Төрийн албаны тухай хуулийн 26.4-т заасан заалтыг зөрчин гаргаж байгаа тул уг маргаан бүхий захиргааны актыг хүчингүйд тооцуулж, Ц.Б-гийн урьд эрхэлж байсан Д- аймгийн Цагдаагийн газрын Зд сум дахь сум дундын цагдаагийн ахмад цолыг олгож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Шүүх Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д заасан захиргааны хэргийг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргээ бүрэн хэрэгжүүлээгүй, хэргийн нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий нотлох баримтуудыг дутуу цуглуулж хэргийг шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгч Ц.Б- нь Цагдаагийн Ерөнхий газрын даргын 2014 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 595 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан Д- аймаг дахь Цагдаагийн газрын Зд сум дахь Сум дундын цагдаагийн хэлтэст жижүүрийн офицер албан тушаалд эгүүлэн томилж, хураасан цагдаагийн ахмад цолыг олгож, ажилгүй байсан хугацааны цалин 2.760.480 төгрөгийг гаргуулах тухайнэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д Захиргааны хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ, 70 дугаар зүйлийн 70.3-т Захиргааны хэргийн шүүхийн шийдвэр нь хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт болон хуульд үндэслэсэн байна гэж заасан.

Маргаан бүхий актыг гаргасан албан тушаалтан зөрчлийн талаар хэзээ мэдэж илрүүлснийг тодорхойлох баримт болох Д- аймгийн Цагдаагийн газрын даргын 2014 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 1/1614 дүгээр албан бичиг хавтаст хэрэгт авагдаагүй байхад шүүх ...маргаан бүхий акт нь Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-т Сахилгын зөрчлийг илрүүлснээс хойш 1 сар, зөрчил гаргаснаас хойш 6 сараас илүү хугацаа өнгөрсөн бол сахилгын шийтгэл ногдуулж болохгүй гэж заасныг зөрчөөгүй байнагэж дүгнэж, шийдвэрлэсэн нь хуулийн дээрх заалтад нийцээгүй байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо ...ажлаас халсан тухай баримтыг хүлээн авч нэхэмжлэгч гарын үсэг зурсан баримтад /хх11 дүгээр хуудас/ маргаан бүхий актын үндэслэл болох хуулийн заалтын талаар дурдсан байх боловч аль зөрчилд холбогдуулан арга хэмжээ авагдсан талаар дурдаагүй, харин 2014 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн ажлаас халсан талаар мэдээлсэн ЗА/3071 тоот албан бичгээр Ажлын цагаар бусадтай архидан согтуурч, ажил тасалж зөвшөөрөлгүй БНХАУ-д зорчсон гэх үндэслэлээр буюу 2014 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн зөрчлөөр ажлаас халсан гэж мэдээлсэн. Гэтэл энэ зөрчилд нь Д- аймгийн Засаг даргын дэргэдэх Цагдаагийн газрын даргын 2014 оны 4 дүгээр сарын 8-ны өдрийн 35 дугаар тушаалаар 6 сарын хугацаанд цалингийн 20 хувь хасах сахилгын шийтгэл ногдуулсан. Харин Цагдаагийн Ерөнхий газрын даргын 2014 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 595 дугаар тушаалаар тус зөрчилд нь давхардуулан сахилгын шийтгэл ногдуулсан гэж тайлбарлан маргажээ.

Хавтаст хэрэгт Цагдаагийн Ерөнхий газрын 2014 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн зөвлөлийн 03 дугаар хуралдааны тэмдэглэл авагдаагүйн улмаас нэхэмжлэгчийн ямар зөрчилд нь эрх бүхий албан тушаалтан сахилгын шийтгэл ногдуулсан буюу төрийн албан хаагчийн сахилгын зөрчилд сахилгын шийтгэл ногдуулсан үйл ажиллагаа хэрхэн явагдсаныг тодорхойлох боломжгүй, түүнчлэн Д- аймгийн Цагдаагийн газрын даргаас ЦЕГД-д хүргүүлсэн гэх 2014 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 1/1612 тоот албан бичиг хэрэгт авагдаагүйгээс сахилгын шийтгэл ногдуулах эрх бүхий албан тушаалтан зөрчлийн талаар хэзээ олж мэдэж, илрүүлсэн нь тодорхой бус байна.

Шүүх нэхэмжлэгчийг ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан маргаан бүхий акт хууль зүйн үндэслэлтэй эсэх, нэхэмжлэгчийн эрх, ашиг сонирхлыг зөрчсөн эсэхийг шалгаж тогтоох үүрэгтэй байтал хариуцагч зөрчлийн талаар хэзээ олж мэдсэн болон сахилгын шийтгэл ногдуулах үйл ажиллагаатай холбоотой нотлох баримтыг бүрэн гүйцэд цуглуулж, түүнд үнэлэлт дүгнэлт өгөлгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь буруу байна.

Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 88 дугаар зүйлийн 88.1.4, 88.3.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.  1.Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 0123 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын төсвөөс гаргуулж буцаан олгосугай.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээдтэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА

ШҮҮГЧ Д.БАТБААТАР

ШҮҮГЧ Н.ХОНИНХҮҮ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

.