Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 09 сарын 04 өдөр

Дугаар 597

 

          Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

         Нэхэмжлэгч: Увс аймгийн Өмнөговь сумын 2 дугаар багт оршин суух, 1963 онд төрсөн, эрэгтэй, регистрийн дугаар ОЙ63021611, Шангас овогтой Доржийн Сэргэлэнгийн,  

          Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2017 оны 8 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, 2017 оны 8 дугаар сарын 11-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

        Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Баясгалан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Тамираа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ  нь: 

        Нэхэмжлэгч Д.Сэргэлэн шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие 1974 онд Увс аймгийн Өмнөговь сумын Улиастай багийн бага сургуулийн 4 дүгээр ангийг төгсөөд, аав, ээжийн хамт мал маллах болсон. 1979 оны 3 дугаар сараас эхлэн Увс аймгийн Өмнөговь сумын Цог нэгдэлд малчнаар орсон. 1981 оны 7 дугаар сард цэргийн албанд татагдаж, цэрэгт яваад 1984 оны 6 дугаар сард цэргээс халагдаж ирсэн.  Ингээд мөн оныхоо 7 дугаар сараас эхлэн тус нэгдэлдээ үргэлжлүүлэн ажиллах болсон. Миний бие Цог нэгдэлд 1989 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд малчнаар ажилласан болно. Тухайн үед хөтлөгдөж байсан хөдөлмөрийн дэвтрээ үрэгдүүлсэн бөгөөд тухайн онуудад ажилд томилогдсон болон чөлөөлөгдсөн тушаалууд байхгүй, одоо Цог нэгдэл тарсан тул ажиллаж байсан байдлаа шүүхэд хандаж тогтоолгох шаардлагатай боллоо. Иймд намайг Увс аймгийн Өмнөговь сумын Цог нэгдэлд 1979 оны 3 дугаар сараас 1981 оны 6 дугаар сарыг дуустал, 1984 оны 7 дугаар сараас 1989 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү” гэжээ. 

             Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                       ҮНДЭСЛЭХ нь:

               Нэхэмжлэгч Д.Сэргэлэн нь ажиллаж байсан байдал тогтоолгохоор шүүхэд хүсэлт  гаргажээ.  

       Хэрэгт Увс аймгийн Архивын тасгийн 2014 оны 1 дүгээр сарын 02-ны өдрийн цалингийн тодорхойлолт авагдсан байх ба уг тодорхойлолтод Увс аймгийн Өмнөговь сумын Цог нэгдлийн Улиастай бригадад ажиллаж байсан Дорж овогтой Сэргэлэнгийн 1979 оны 3 дугаар сараас 1981 оны 6 дугаар сарыг дуустал, 1984 оны 7 дугаар сараас 1989 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд ажиллаж, авч байсан цалинг түүвэрлэн ирүүлсэн байна.

            Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр иргэн Р.Пүрвээ, Д.Явуун нарыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр оролцуулсан бөгөөд гэрч Р.Пүрвээ: “Д.Сэргэлэн нь 1979 оноос эхлэн аав, ээжийнхээ хамтаар Увс аймгийн Өмнөговь сумын Цог нэгдлийн Улиастай бригадад малчнаар ажиллаж байсан. Тэрээр 1981 оноос 1984 оны хооронд цэргийн алба хааж ирээд үргэлжлүүлэн тус нэгдэлдээ, нэгдэл тарах хүртэл буюу 1990 он хүртэл мал маллаж байсан. Би тухайн үед Д.Сэргэлэнгийн өвс тэжээл, нүүдэл суудалд нь явдаг байсан учраас мэднэ. Би 1970 оноос 1974 оны хооронд Увс аймгийн Өмнөговь сумын Цог нэгдэлд тракторчноор, 1974 оноос 1977 оны хооронд Увс аймгийн Тэс сумын Тэжээлийн аж ахуйд тракторчноор, 1977 оноос 1992 оны хавар 6 дугаар сар хүртэл хугацаанд Өмнөговь сумын Цог нэгдэлд тракторчноор тус тус ажиллаж байсан. Увс аймгийн Өмнөговь сумын Цог нэгдлийн даргаар Н.Юнгэр, Л.Дүүдээ, Ч.Гомбосүрэн нар ажиллаж байсан” гэж, гэрч Д.Явуун: “Би 1973 оноос эхлэн Увс аймгийн Өмнөговь сумын Цог нэгдлийн Улиаст бригадад нэгдэл тарах хүртэл малчнаар ажилласан. Тэр цагаас хойш одоог хүртэл тус сумандаа мал маллан амьдарч байна. Д.Сэргэлэн бид хоёр нэгнээ сайн мэднэ. Бид нэг баг бригадад, айл хошоо мал малладаг байсан. Д.Сэргэлэн нь 4 дүгээр ангиа төгсөөд аав, ээж дээрээ мал маллахаар сургуулиас гарч байсан. Гэхдээ тэр цагт 16 нас хүрч албан ёсны нэгдэлд бүртгэлтэй малчин болдог байсан. Д.Сэргэлэн нь нэгдэлд ажиллах хугацаандаа аймаг, сумын аварга малчин болж байсан. Одоо улсын сайн малчин хүн байгаа. Тухайн үед Цог нэгдлийн даргаар н.Дүүдээ гэх хүн ажиллаж байсан” гэж тус тус мэдүүлсэн ба гэрчүүдийн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар хэрэгт авагджээ.

           Иймд хэрэгт авагдсан дээрх бичгийн нотлох баримт, гэрчүүдийн шүүхэд өгсөн мэдүүлэг, нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын тайлбар зэргийг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Д.Сэргэлэнгийн 1979 оны 3 дугаар сараас 1981 оны 6 дугаар сарыг дуустал, 1984 оны 7 дугаар сараас 1989 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд Увс аймгийн Өмнөговь сумын Цог нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.

           Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Д.Сэргэлэнгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй. 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон  

ТОГТООХ нь:

            1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Шангас овогтой Доржийн Сэргэлэнгийн 1979 оны 3 дугаар сараас 1981 оны 6 дугаар сарыг дуустал, 1984 оны 7 дугаар сараас 1989 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд Увс аймгийн Өмнөговь сумын Цог нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.  

            2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгч Д.Сэргэлэнгийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

           Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нь уг шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй. 

 

                                               ДАРГАЛАГЧ,

                                               ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Н.ГЭРЭЛТУЯА