Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 09 сарын 04 өдөр

Дугаар 598

 

          Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

        Нэхэмжлэгч: Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар баг, 7-24А тоотод оршин суух, 1965 онд төрсөн, эрэгтэй, регистрийн дугаар ОЭ65120118, Таргад овогтой Норовын Мандахын,   

        Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2017 оны 8 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, 2017 оны 8 дугаар сарын 16-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

         Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Н.Мандах, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Тамираа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ  нь: 

       Нэхэмжлэгч Н.Мандах шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие 1981 оны 5 дугаар сарын 01-ний өдөр Увс аймгийн Нэгдэл дундын үйлдвэрт ногоочноор ажилд орсон. Түүнээс хойш 1984 оны 6 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл хугацаанд ногоочноор тасралтгүй ажилласан. 1984 оны 6 дугаар сарын 20-ны өдөр цэрэгт явах болсон тул ногоочноос чөлөөлөгдсөн юм. Өвөл нь зоорь галлагч, ногоо ялгагчаар ажилладаг байсан. Хавар, намар, зун нь ногоочноор ажиллаж байсан. Одоо тэтгэвэрт орох нас болж, тэтгэврийн бичиг баримтаа бүрдүүлэхэд тухайн үед ажиллаж байсныг нотлох хөдөлмөрийн дэвтэр байгаа боловч 1981 оны 5 дугаар сарын 01-ний өдөр ажилд томилогдсон, мөн 1984 оны 6 дугаар сарын 20-ны өдөр ажлаас чөлөөлөгдсөн тушаал олдохгүй байгаа учраас шүүхэд хандах шаардлагатай болсон юм. Иймд миний Увс аймгийн Нэгдэл дундын үйлдвэрт 1981 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 1984 оны 6 дугаар сарын 20-ны өдрийг дуустал хугацаанд ногоочноор ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоож өгнө үү” гэжээ.    

         Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

          Нэхэмжлэгч Н.Мандах нь ажиллаж байсан байдал тогтоолгохоор шүүхэд хүсэлт  гаргажээ.  

      Хэдийгээр Увс аймгийн Архивын тасгийн 2017 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 312 дугаар лавлагаанд: “Увс аймгийн Нэгдэл дундын үйлдвэрийн 1981, 1984 оны тушаалыг шүүн үзэхэд Норов овогтой Мандахын ажилд орсон, ажлаас гарсан тушаал гараагүй нь үнэн” гэсэн байх боловч хэрэгт Увс аймгийн Нэгдэл дундын үйлдвэрийн дарга П.Дашхүүгээс 1983 оны 6 дугаар сарын 01-ний өдөр Норов овогтой Мандахад олгосон 041289 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн хуулбар авагдсан байх ба уг дэвтэрт түүний “1981 оны 5 дугаар сарын 01-ний өдөр Нэгдэл дундын үйлдвэрт ногоочноор томилогдож, 1984 оны 6 дугаар сарын 20-ны өдөр цэрэгт явах болсон тул ногоочноос чөлөөлөв” гэсэн бичилттэй байна.

       Дээрх хөдөлмөрийн дэвтрийн бичилт, тамга тэмдэг зэрэг нь бүрэн байх тул нотолгооны ач холбогдолтойд тооцлоо.  

      Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр иргэн С.Ганболд, Ч.Бадарч нарыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр оролцуулсан бөгөөд гэрч С.Ганболд: “Миний бие 1982 оноос эхлэн 2007 он хүртэл Увс аймгийн Нэгдэл дундын үйлдвэрт тракторын жолоочоор ажиллаж байсан. Н.Мандах нь 1981 оноос 1984 оны хооронд Нэгдэл дундын үйлдвэрт ногоочноор ажиллаж байсан. Тэр үед нэгдэл дундын үйлдвэрийн ногоочид өвөл нь ногооны зоорио галлаж, ногоо ялгагчаар ажилладаг, хавар, зун, намар нь ногоочноор ажилладаг байсан. Би тухайн үед үйлдвэрийн бүхийл ажил үйлчилгээнд явдаг байсан болохоор мэднэ. Тур үед Нэгдэл дундын үйлдвэрийн даргаар П.Дашхүү гэх хүн ажиллаж байсан” гэж, гэрч Ч.Бадарч: “Н.Мандах нь 1981 оноос 1984 оны хооронд Увс аймгийн Нэгдэл дундын үйлдвэрт ногоочноор ажиллаж байсан. Тэр үед Нэгдэл дундын үйлдвэрийн ногоочид өвөл нь ногооны зоорио галлаж, ногоо ялгагчаар ажилладаг, хавар нь ногоо тарьна. Зун нь ногоогоо усалж, зэрлэг энэ тэрийг нь түүж, намар нь ногоогоо хураах гэх мэтийн ажлуудыг хийдэг байсан. Би тухайн үед үйлдвэрийн бүхий л ажил үйлчилгээнд явдаг байсан. Хавар нь газар хагалж, үр тариаг нь тарилцаж, намар нь ногоо хураалцаж, зооринд зөөх гэх мэтийн ажил хийдэг байсан болохоор мэднэ. Миний бие нь 1978 оноос 2006 он хүртэл тухайн байгууллагад ажиллаж байсан. Тэр үед Нэгдэл дундын үйлдвэрийн даргаар П.Дашхүү гэх хүн ажиллаж байсан” гэж тус тус мэдүүлсэн ба гэрчүүдийн ажиллаж байсан байдлыг тогтоосон Увс аймаг дахь Сум дундын шүүхийн 2005 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 87 тоот, Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 2 дугаар сарын 09-ний өдрийн 148 тоот шийдвэрийн хуулбарууд хэрэгт авагджээ.

    Иймд хэрэгт авагдсан дээрх бичгийн нотлох баримтууд, гэрчүүдийн шүүхэд өгсөн мэдүүлэг, нэхэмжлэгчийн тайлбар зэргийг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Н.Мандахын 1981 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 1984 оны 6 дугаар сарын 20-ны өдөр хүртэл хугацаанд Увс аймгийн Нэгдэл дундын үйлдвэрт ногоочноор ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Н.Мандахын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй. 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон  

ТОГТООХ нь:

            1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Таргад овогтой Норовын Мандахын 1981 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 1984 оны 6 дугаар сарын 20-ны өдөр хүртэл хугацаанд Увс аймгийн Нэгдэл дундын үйлдвэрт ногоочноор ажиллаж байсан байдлыг тогтоосугай.  

            2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгч Н.Мандахын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар нэхэмжлэгч нь уг шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй. 

 

                                       ДАРГАЛАГЧ,

                                       ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Н.ГЭРЭЛТУЯА