Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 11 сарын 11 өдөр

Дугаар 2019/ШЦТ/929

 

 

 

 

 

 

 

 

   2019           11           11                                     2019/ШЦТ/929

 

 

 

                                

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж,

нарийн бичгийн дарга Н.Зулаа,

улсын яллагч Г.Билгүүжин,

шүүгдэгч Б.Э- түүний өмгөөлөгч Л.Ганцэцэг нарыг оролцуулан  тус шүүхийн шүүх хралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянгол дүүргийн Прокурорын газраас  Э-т холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн 1905027491006 эрүүгийн  дугаартай хэргийг 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдөр хүлээн аваад хянан хэлэлцэв.

 

Монгол улсын иргэн, 1971 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Төв аймгийн Мөнгөн морьт суманд төрсөн, 48 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, жимсчин мэргэжилтэй, хувиараа Шонхор худалдааны төвд дайвар бүтээгдэхүүн борлуулдаг, Чингэлтэй дүүргийн ... дугаар хороо ... гудамжны ... тоотод оршин суух,

Урьд Сүхбаатар дүүргийн шүүхийн 2013 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 50 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар  хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлсөн,  Э-.

 

Холбогдсон хэрэг. /Яллах дүгнэлтэнд дурдсанаар/

Шүүгдэгч Б.Э- нь 2019 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 13 цагийн үед Баянгол дүүргийн 23 дугаар хороо 25-361 тоот иргэн Д.Дамбын эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд хүч хэрэглэхгүйгээр, нууцаар нэвтрэн орж хар өнгийн хавтгай LG загварын зурагтыг хулгайлан авч 360.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч  Б.Э- мэдүүлэхдээ: “2019 оны 6 дугаар сарын 25-ны өглөө би “Буурал ээж” дэлгүүр лүү очсон. Тэгээд Дамбын гэрт очиход Дамба гэртээ байсан ба хэсэг хүмүүстэй архи уугаад сууж байсан. Намайг гэрт нь ортол архи аваад өг гэхээр нь би дэлгүүрээс гурван шил архи авч өгөөд хамт уучихаад харьсан. Маргааш өглөө нь буюу 6 дугаар сарын 26-ны өдөр Дамбынд дахиад очтол мөн архи ууж байсан. Тэгээд намайг дахиад архи аваад өг гээд байхаар нь би гараад явсан. Гадуур явж байгаад өдөр Дамбын гэрт очтол хүн байхгүй болохоор нь машин дотор хүлээж суух зуураа архи уусан. Нэг мэдэхэд согтоод уначихсан байсан. Би тухайн үйл явдлыг санахгүй байна. Сэрээд хартал цагдаа ирчихсэн танд 10.000 төгрөг байсан гэж хэлж байсан” гэв.

 

Шүүгдэгч Б.Э- нь 2019 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 13 цагийн үед Баянгол дүүргийн 23 дугаар хороо 25-361 тоот иргэн Д.Дамбын эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд хүч хэрэглэхгүйгээр, нууцаар нэвтрэн орж хар өнгийн хавтгай LG загварын зурагтыг хулгайлан авч 360.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дараах баримтууд болох:

 

“ЛЖ /LG/ маркийн хар өнгийн хавтгай, ЛСД, 32LN5130 гэсэн дугаартай зурагтыг” эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 10-11 дүгээр хуудас/

 

Хохирогч Д.Дамбын “Би 2019 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 11 цагийн үед гэрээсээ  гараад ойрхон айл руу яваад хоёр цагийн дараа гэртээ иртэл зурагт алга болсон байсан. Тэгээд би хайж байсан чинь манай хөрш айлын эмэгтэй надад танай зурагтыг Э- авч явж байсан гэж хэлэхээр нь би шууд цагдаа дуудсан. Би нэг жилийн өмнө шинээр нь худалдан авсан. Тухайн үед 350.000 төгрөг гэж байсан санагдаж байна. Хар өнгийн LG брэндийн хавтгай зурагт байсан ба ямар нэгэн хагарч муудсан зүйлгүй, хэвийн ажиллагаатай зурагт байсан. ... Би алдагдсан зурагтаа буцааж олж авмаар байна” гэсэн мэдүүлэг. /хэргийн 13-14 дүгээр хуудас/

“... Би тухайн өдөр гэрээ түгжээгүй байсан. Би гэртээ ганцаараа байсан. Яг тухайн хэрэг болох үед гэрээ онгорхой орхиод айлд орох гээд гарсан байсан. Манай гэрээс цааш хоёр айлын цаана байрлах айлын хашааг хадаж өгсөн. Би алдсан гэх LG загварын хар өнгийн зурагтаа бүрэн бүтэн хүлээж авсан. Одоо надад хохирол байхгүй” гэсэн мэдүүлэг. /хэргийн 15 дугаар хуудас/

 

Иргэний нэхэмжлэгч Г.Батзоригийн “Нарантуул 2 худалдааны төвөөс 16 цагийн орчим 57-32 УБЕ Sonata 7 маркийн машинтайгаа гэр лүүгээ харьж байх замд Чингэлтэй дүүргийн  11 дүгээр хорооны 21 дүгээр гудамжны үзүүрт 50 орчим насны эмэгтэй LG загварын LCD зурагт зам дээр бариад зогсож гар өргөж таксинд явах уу гэж асуусан. Тэгэхээр нь би үгүй гэхэд хариуд нь миний дүү энэ хямдхан зурагтыг авах уу гэж асуусан. Эгчид нь яаралтай мөнгөний хэрэг гараад байна, 100.000 төгрөгөнд л авчих гээд байсан. Тэгэхээр нь гэр лүүгээ тэр эмэгтэйг дагуулж яваад эхнэртээ энэ LCD зурагтыг 100.000 төгрөгөөр зарна гэнээ, шалгаж үзэх үү гэж асуухад манай эхнэр тэгье гээд асаагаад шалгаж үзэхэд хэвийн ажиллагаатай байхаар нь надад 21.000 төгрөг байсан учир нөгөө эмэгтэйтэй хамт ломбарданд ороод асааж шалгаж үзсэн. Тэгтэл зурагтын голоос цагаан ассан. Тэгтэл ломбардны хүүхэн наад зурагт чинь дэлгэцээрээ явж байгаа юм байна, 100.000 төгрөгөөр авах уу гэхээр нь би авахгүй гэхэд нөгөө эгч 80.000 төгрөгөөр ав гээд байхаар нь би ломбарданд 60.000 төгрөгөөр тавиад өөрт байсан 20.000 төгрөгөө өгсөн. ... Тэгтэл  маргааш нь над руу ломбарднаас залгаад нөгөө зурагт чинь хулгайн зурагт байна гэж хэлсэн. Тэр эгч архи уусан байсан. Гэхдээ амнаас нь архи үнэртэж байсан. ... Би одоо 80.000 төгрөг нэхэмжилж байна” гэсэн мэдүүлэг. /хэргийн 25 дугаар хуудас/

 

Гэрч Х.Золзаяагийн “... манай нөхөр Батзориг нь 11 цагийн орчимд таны цагдаагийн байгууллагын сангаас зургийг нь үзүүлсэн эмэгтэйтэй гэрт орж ирсэн. Тэгээд энэ эгч зурагтаа зарна гэж байна, хоёулаа шалгаж үзье гэж хэлсэн. Тэгэхээр нь би зурагтыг шалгаж үзтэл хэвийн ажиллагаатай байсан. Тэгэхээр нь манай дүүгийн зурагт шатчихсан болохоор нь авч өгье гэж бодоод хэдээр зарах юм бэ гэтэл тэр эгч 100.000 төгрөгөөр зарна, найдвартай, эгч нь аваад 3 жил болж байгаа зурагт байгаа юм, манайд 3 зурагт байгаа эгч нь илүү болохоор нь зарж байгаа юмаа, ямар ч асуудалгүй гэж хэлээд байхаар нь итгээд авахаар болсон.

... Тухайн ломбарданд 60.000 төгрөгөнд тавиад манай нөхөр дээрээс нь нэмж 20.000 төгрөг бэлнээр өгөөд нөгөө эгчийг гэрийнх нь ойролцоо гэх газарт буулгасан. Тэгээд маргааш нь нөхөр бид 2 нөгөө ломбарднаас зурагтаа аваад дүүдээ хүргэж өгсөн. Удалгүй цагдаагаас ярьсан. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 26 дугаар хуудас/

 

Гэрч П.Оюунгэрэл “... манай доод талын айлын залуутай хамтран амьдарч байгаа зүс таних Эрдээ гэх эмэгтэй гудамжинд хар өнгийн хавтгай зурагт тэвэрчихсэн доошоо явж байгаа нь харагдсан. Тэгтэл манай урд айлын Дамба гэх залуу зурагтаа алдчихлаа гээд манайд ороод ирэхээр нь би Эрдээ нэг зурагт тэврээд явж байсан талаар хэлсэн. Тэгтэл Дамба араас нь гарсан. Тэгээд удалгүй цагдаа Дамбынд ирчихсэн байсан. Тэрнээс хойш би юу болсон талаар мэдэхгүй.

... Би Э- гээд байгаа хүнийг сайн танихгүй. Хааяа нэг нөхөртэйгээ манайд орж ирдэг байсан юм. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 28 дугаар хуудас/

 

Ашид Билгүүн ХХК-ны LG брэндийн 32 инчийн зурагтыг 360.000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээний тайлан. /хэргийн 31-33 дугаар хуудас/

         

          Б.Э-ийн яллагдагчаар өгсөн “... Би Дамбыг 2018 оны 04 дүгээр сараас эхлэн таньдаг болсон ба тэднийхээр хааяа орж, гарч архи уудаг байсан. Тэгээд би хэрэг гардаг өдрийн өглөө 07 цагийн үед Дамбынхаар ороход Дамбынд баахан хүмүүс архи ууж байхаар нь яваад өгсөн. Тухайн үед Дамба надаас архи аваад өгчих мөнгө байна уу гэхээр нь би байхгүй гэж хэлээд гарсан.

          ...Тэгээд цаашаа яваад найзтайгаа архи ууж байгаад өдөр 12 цагийн үед Дамбад ганц шил архитай ирсэн. Тэгтэл Дамба гэртээ байхгүй болохоор нь гадаа машинд ганцаараа архиа уугаад суусан. Тэгээд тэрнээс хойш юу болсоныг мэдэхгүй байна. Тэгээд нэг ухаан ортол цагдаа намайг барьчихсан байсан. Тухайн үед Дамба над руу чи миний зурагтыг авсан байна гээд байсан. Харин Оюунаа намайг Дамбын зурагтыг аваад явж байхыг харсан гэж хэлж байсан. ..." гэсэн мэдүүлэг. /хэргийн 44 дүгээр хуудас/

          “... Би тухайн зүйлийг хүлээн зөвшөөрч байна. .. Би үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна” гэсэн мэдүүлэг /хэргийн 74 дүгээр хуудас/ зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсанэрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянаншийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

Иймд шүүгдэгч  Б.Э- нь 2019 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 13 цагийн үед Баянгол дүүргийн 23 дугаар хороо 25-361 тоот иргэн Д.Дамбын эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд хүч хэрэглэхгүйгээр, нууцаар нэвтрэн орж хар өнгийн хавтгай LG загварын зурагтыг хулгайлан авч 360.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон тул  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй бөгөөд тэрээр уг үйлдлийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн гэж шүүх дүгнэв.

 

Гэмт хэргийн улмаас хохирогч Д.Дамбын эд хөрөнгөд 360.000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд LG маркийн 32 инчийн зурагтыг биет байдлаар буцаан өгсөн болох нь хохирогчийн мэдүүлэг, эд зүйл хүлээн авсан тэмдэглэл /хэргийн 12,15 дугаар хуудас/ зэргээр тогтоогджээ.

Түүнчлэн хэрэгт иргэний нэхэмжлэгч Б.Батзоригийн “...Э-ээс хохирлын 80.000 төгрөг авсан үнэн болно. Цаашид санал, гомдол байхгүй эвлэрсэн” гэсэн хүсэлт /хэргийн 63 дугаар хуудас/ авагдсан байх тул шүүгдэгчээс гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршиг гаргуулах төлбөргүй байна.

 

Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Б.Э- баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй болохыг дурдвал зохино.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “Э- нь орон байранд нэвтэрч үйлдээгүй тул хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлж өгнө үү” гэжээ.

Аливаа хүний амьдардаг орон байр нь түүний хувийн халдашгүй орон зай байдаг бөгөөд нэвтрэхдээ заавал оршин суугчийн зөвшөөрөл авах ёстой.

Гэтэл шүүгдэгч Б.Э- нь зөвшөөрөлгүйгээр орон байранд нэвтэрч эд зүйлийг нь хулгайлсан тул өмгөөлөгчийн “зүйлчлэлийг хөнгөрүүлж өгнө үү” гэсэн санал хууль зүйн үндэслэлгүй юм.

 

Шүүх шүүгдэгч Б.Э-ийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг журамлан ял оногдуулж,  гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан хугацаатай хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч  Э-ийг “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч” үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар Б.Э-ийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд зааснаар  Б.Э-т оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, Б.Э- баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигт бусдад төлөх төлбөргүй болохыг  тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар Б.Э-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, түүний ял эдлэх хугацааг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч,  хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол  Б.Э-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              А.АЛТАНХУЯГ