Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 09 сарын 04 өдөр

Дугаар 599

 

    Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

    Нэхэмжлэгч: Увс аймгийн Улаангом сумын 4 дүгээр баг, 11-22 тоотод оршин суух, 1965 онд төрсөн, эрэгтэй, регистрийн дугаар ОЮ65110218, Хөндлөнгийнхөн овогтой Ядамдоржийн Чулуунбаатарын,   

    Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2017 оны 8 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, 2017 оны 8 дугаар сарын 28-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

    Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга А.Тамираа оролцов.

ТОДОРХОЙЛОХ  нь: 

    Нэхэмжлэгч Я.Чулуунбаатар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон хүсэлтдээ: “Миний бие 1983 онд 10 дугаар анги, Улаанбаатар хотод Цэргийн нэгдсэн дээд сургуулийг 1987 онд төгссөн. 1987 оноос 1988 онд Сүхбаатар аймаг дахь цэргийн ангид, 1988 оноос 1989 онд Ховд аймаг дахь цэргийн ангид ажиллаж байгаад ар гэрийн гачигдлын улмаас Увс аймагт шилжин ирсэн. 1989 оны 5 дугаар сарын 08-ны өдрөөс мөн оны 9 дүгээр сарын 17-ны өдөр хүртэл Нэгдэл дундын үйлдвэрийн Хувьсгалт залуучуудын эвлэлийн хорооны нарийн бичгийн даргаар, 1989 оны 9 дүгээр сарын 18-ны өдрөөс 1992 оны 10 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Батлан хамгаалахад туслах нийгэмлэгийн Увс аймгийн зөвлөлд дасгалжуулагчаар, 1992 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1993 оны 6 дугаар сарын 30-ны өдөр хүртэл тус аймгийн Тулга сонины редакцид сурвалжлагч, утга зохиолын ажилтнаар, 1993 оны 6 дугаар сарын 30-ны өдрөөс 1998 оны 5 дугаар сарын 30-ны өдөр хүртэл аймгийн Засаг даргын Тамгын газарт хэвлэл мэдээллийн албаны телевиз радиогийн редакцид оператор, сурвалжлагчаар, 1998 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 2004 оны 3 дугаар сарын 26-ны өдөр хүртэл аймгийн Засаг даргын Тамгын газрын Цэрэг иргэний хамгаалалтын штабт иргэний хамгаалалт хариуцсан офицероор, 2013 оны 2 дугаар сарын 27-ны өдөр хүртэл Увс аймгийн Гамшгаас хамгаалах штаб болон Онцгой байдлын хэлтсийн даргаар, 2014 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл Онцгой байдлын ерөнхий газрын Шуурхай удирдлага, зарлан мэдээлэх төвийн даргаар, 2014 оны 9 дүгээр сарын 30-ны өдрөөс Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл шуурхай удирдлагын төвийн Шуурхай удирдлагын хэлтэс /101, 105/-ийн даргаар ажиллаж байна. 2018 онд тэтгэвэрт гарах нас болж тэтгэврийн бичиг баримтаа бүрдүүлэхэд тухайн үед ажиллаж байсныг нотлох хөдөлмөрийн дэвтэр ажилд томилогдсон тушаал байгаа боловч 1992 оны 11 дүгээр сарын 01-нд тус аймгийн Тулга сонины редакцид сурвалжлагч, утга зохиолын ажилтнаар томилогдсон, чөлөөлөгдсөн, 1993 оны 6 дугаар сарын 30-нд аймгийн Засаг даргын Тамгын газарт хэвлэл мэдээллийн албаны телевиз радиогийн редакцид оператор, сурвалжлагчаар томилогдсон тушаал олдохгүй байгаа учраас тус аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандах шаардлагатай болсон. Иймд 1992 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Увс аймгийн Тулга сонины редакцид сурвалжлагч, утга зохиолын ажилтнаар, 1993 оны 6 дугаар сарын 30-ны өдөр аймгийн Засаг даргын Тамгын газарт хэвлэл мэдээллийн албаны телевиз радиогийн редакцид оператор, сурвалжлагчаар ажиллаж байсныг сэргээн тогтоож өгнө үү. ... Миний бие Онцгой байдлын ерөнхий газрын Мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн Шуурхай удирдлагын хэлтсийн даргаар ажилладаг, төрийн тусгай албан хаагч юм. Ингээд 2017 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр ажилдаа яаралтай орох болсон тул ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэл бүхий иргэний хэргийн шүүх хуралдаанд өөрийн биеэр оролцох боломжгүй болсныг танилцуулж байна. Иймд энэхүү нөхцөл байдлыг харгалзан үзэж, 1992 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1998 оны 5 дугаар сарын 30-ны өдрийг дуустал хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоох тухай иргэний хэргийг намайг оролцуулахгүйгээр шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

   Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

    Нэхэмжлэгч Я.Чулуунбаатар нь ажиллаж байсан байдал тогтоолгохоор шүүхэд хүсэлт  гаргажээ.  

    Хэдийгээр Увс аймгийн Архивын тасгийн 2017 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 350, 351 дүгээр лавлагаанд: “Увс аймгийн Засаг даргын 1993 оны захирамжийг шүүн үзэхэд Ядамдорж овогтой Чулуунбаатартай холбогдох баримт гараагүй, мөн Увс аймгийн Тулга сонины эрхлэгчийн баримт тус архивт шилжиж ирээгүй тул Я.Чулуунбаатарын 1992, 1993 онуудад ажиллаж байсан жилийг шүүн үзэх боломжгүй байна” гэсэн байх боловч хэрэгт 1989 оны 5 дугаар сарын 18-ны өдөр Ядамдорж овогтой Чулуунбаатарт олгогдсон 246547 тоот хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Увс аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 1993 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 06 тоот “Комисс томилох тухай” тушаал, Увс аймгийн Засаг даргын 1993 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 251 тоот “Зарим ажилтанд арга хэмжээ авах тухай” захирамж, мөн даргын 1998 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 126 тоот “Ажлаас чөлөөлж, томилох тухай” захирамж,  Увс аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 1998 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 03 тоот “Комисс томилох тухай” тушаалын хуулбар тус тус авагдсан байна.

    Тухайлбал, 246547 тоот хөдөлмөрийн дэвтэрт Я.Чулуунбаатарын 1992 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1993 оны 8 дугаар сарын 21-ний өдөр хүртэл хугацаанд Увс аймгийн Хэвлэл, мэдээллийн албаны Тулга сонины редакцид сурвалжлагч, утга зохиолын ажилтанаар, 1993 оны 6 дугаар сарын 30-ны өдрөөс эхлэн Увс аймгийн Засаг даргын Тамгын газрын Хэвлэл, мэдээллийн албаны Телевиз, радиогийн редакцид оператор-сурвалжлагчаар тус тус авч ажиллуулсан тухай бичилт хийгдсэн байх ба тухайн хөдөлмөрийн дэвтрийн бичилт, тамга тэмдэг зэрэг нь бүрэн байх тул нотолгооны ач холбогдолтойд тооцлоо.  

    Мөн Увс аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 1993 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 06 тоот “Комисс томилох тухай” тушаалд: “Аймгийн Засаг даргын Тамгын газрын зарим хэлтсүүдэд байгаа техник, хэрэгслүүдийг Хэвлэл, мэдээллийн албанд төвлөрүүлж, ашиглалтыг сайжруулахаар шийдвэрлэсэн Засаг даргын зөвлөлийн 1992 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн хуралдааны протоколыг үндэслэн Тушаах нь: Нэг. Техник, хэрэгслүүдийг Хэвлэл, мэдээллийн албанд хүлээлгэн өгч, төвлөрүүлэн нэгтгэх комиссыг дараах бүрэлдэхүүнтэйгээр томилсугай.  1. Е.Ринзаан – Хууль зүйл хэлтсийн дарга, комиссын ахлагч, 2. Б.Лхагвасүрэн – Аж ахуйн хэлтсийн нягтлан бодогч, 3. Я.Чулуунбаатар – Хэвлэл, мэдээллийн албаны ажилтан, 4. А.Баярмагнай – Хянан байцаах хэлтсийн ажилтан, 5. Ж.Банзрагч – аймгийн Холбооны газрын инженер. ... Тамгын газрын дарга Т.Шаравхүү” гэжээ.

     Увс аймгийн Засаг даргын 1993 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 251 тоот “Зарим ажилтанд арга хэмжээ авах тухай” захирамжид: “1. Аппаратын дотоод журмын зөрчин, ажлын цагаар архидан согтуурч, бусдад үлгэргүй байдал үзүүлсэн, чөлөөний хугацаа хэтрүүлсэн Санхүү, эдийн засаг, үйлвэрлэлийн хэлтсийн ажилтан Д.Батнасан, Ш.Насан, Г.Батбуян, Хэвлэл, мэдээллийн албаны ажилтан Я.Чулуунбаатар нарт Хөдөлмөрийн хуулийн 58 дугаар зүйлийг үндэслэн сануулах арга хэмжээ авсугай. ... Засаг дарга Д.Намсрай” гэжээ.

      Увс аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 1998 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 03 тоот “Комисс томилох тухай” тушаалд: “1. Батлан хамгаалахын сайдын 1998 оны 168 дугаар тушаалаар цэрэг иргэний хамгаалалтын штабын Иргэний хамгаалалтын асуудал хариуцсан офицероор томилогдсон Ядамдорж овогтой д/ч Чулуунбаатарт ажил хүлээлгэн өгөх комиссыг дараах бүрэлдэхүүнтэйгээр томилсугай. .... Тамгын газрын дарга Т.Шаравхүү” гэжээ.

    Увс аймгийн Засаг даргын 1998 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 126 тоот “Ажлаас чөлөөлж, томилох тухай” захирамжид: “1. Өөр ажилд шилжих болсныг үндэслэн Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн Хэвлэл, мэдээллийн ажилтан Я.Чулуунбаатарыг 1998 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас нь чөлөөлсүгэй. 2. Монгол Улсын Батлан хамгаалахын сайдын 1998 оны 168 дугаар тушаалыш үндэслэн Цэрэг иргэний хамгаалалтын штабын Иргэний хамгаалалтын асуудал хариуцсан офицероор Ядамдорж овогтой Чулуунбаатарыг 1998 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн томилсугай. ... Дарга Ц.Баатар” гэжээ.

    Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр иргэн Т.Шаравхүү, Н.Гэжээ нарыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр оролцуулсан бөгөөд гэрч Т.Шаравхүү: “Миний бие нь 1974 оноос 1979 онд Увс аймгийн Тэс сумын 8-н жилийн 2 дугаар дунд сургуульд багш, захирал, 1979 оноос 1985 онд Зүүнговь сумын 10-н жилийн дунд сургуульд захирал, 1985 оны 5 дугаар сарын 16-ны өдрөөс 2000 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэл аймгийн Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны зохион зааварлах хэлтсийн дарга, хариуцлагтай нарийн бичгийн дарга, аймгийн дэд дарга, аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга, 2000 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2012 оны 10 дугаар сарын 02-ны өдөр хүртэл аймгийн Татварын хэлтсийн даргаар ажиллаж байсан. Одоо өндөр насны тэтгэвэрт гарсан. Я.Чулуунбаатар нь Увс аймгийн Батлан хамгаалах туслах нийгэмлэгт ажиллаж байхад нь миний бие өөрөө санал болгож 1992 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1993 оны 6 дугаар сарын 30-ны өдөр хүртэл хугацаанд аймгийн Тулга сонины редакцад сурвалжлагч утга зохиолын ажилтанаар, улмаар 1993 оны 6 дугаар сарын 30-ны өдрөөс 1998 оны 5 дугаар сарын 30-ны өдөр хүртэл хугацаанд аймгийн Засаг даргын Тамгын газарт хэвлэл мэдээллийн албаны телевиз радиогийн редакцад сурвалжлагч утга зохиолын ажилтанаар томилон ажиллуулж байсан” гэж, гэрч Н.Гэжээ: “Миний бие нь 1985 оны 2 дугаар сард Увс аймгийн Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны сум хариуцсан зохион байгуулагчаар ажилд орсон юм. Я.Чулуунбаатар нь Увс аймгийн Батлан хамгаалах туслах нийгэмлэгт ажиллаж байгаад 1992 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1993 оны 6 дугаар сарын 30-ны өдөр хүртэл хугацаанд аймгийн Тулга сонины редакцад сурвалжлагч утга зохиолын ажилтанаар ажиллаж байгаад, 1993 оны 6 дугаар сарын 30-ны өдрөөс 1998 оны 5 дугаар сарын 30-ны өдөр хүртэл хугацаанд аймгийн Засаг даргын Тамгын газарт Хэвлэл мэдээллийн албаны телевиз радиогийн редакцад сурвалжлагч утга зохиолын ажилтнаар томилогдон ажиллаж байсан. Тухайн үед Тулга сонины эрхлэгчээр И.Цэдэнбалжир, Увс аймгийн Засаг даргаар Д.Намсрай гэх хүн ажилладаг байсан” гэж тус тус мэдүүлсэн ба гэрчүүдийн ажиллаж байсан байдлыг тэдний хөдөлмөрийн дэвтрийн хуулбарууд хэрэгт авагджээ.

     Иймд хэрэгт авагдсан дээрх бичгийн нотлох баримтууд, гэрчүүдийн шүүхэд өгсөн мэдүүлэг, нэхэмжлэгчийн тайлбар зэргийг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Я.Чулуунбаатарын 1992 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1993 оны 6 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл хугацаанд Увс аймгийн Хэвлэл, мэдээллийн албаны “Тулга” сонины редакцид сурвалжлагч-утга зохиолын ажилтнаар, 1993 оны 6 дугаар сарын 30-ны өдрөөс 1998 оны 6 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд Увс аймгийн Засаг даргын Тамгын газрын Хэвлэл, мэдээллийн албаны Телевиз, радиогийн редакцид оператор-сурвалжлагчаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.

     Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Я.Чулуунбаатарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй. 

     Нэхэмжлэгч нь өөрийн хүндэтгэн үзэх шалтгаанаа дурдаж, шүүх хуралдаанд биечлэн оролцох боломжгүй хэмээн холбогдох нотлох баримтаа шүүхэд ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т зааснаар нэхэмжлэгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон  

ТОГТООХ нь:

            1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Хөндлөнгийнхөн овогтой Ядамдоржийн Чулуунбаатарын 1992 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1993 оны 6 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл хугацаанд Увс аймгийн Хэвлэл, мэдээллийн албаны “Тулга” сонины редакцид сурвалжлагч-утга зохиолын ажилтнаар, 1993 оны 6 дугаар сарын 30-ны өдрөөс 1998 оны 6 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд Увс аймгийн Засаг даргын Тамгын газрын Хэвлэл, мэдээллийн албаны Телевиз, радиогийн редакцид оператор-сурвалжлагчаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.  

            2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгч Я.Чулуунбаатарын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

     Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар нэхэмжлэгч нь уг шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй. 

 

                                     ДАРГАЛАГЧ,

                                     ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Н.ГЭРЭЛТУЯА