Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 10 сарын 11 өдөр

Дугаар 2018/ШЦТ/876

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж,

Нарийн бичгийн дарга,

Улсын яллагч Д.Цолмон,

Шүүгдэгч Д.Л, түүний өмгөөлөгч нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар :   

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Д.Л-т холбогдох 2008 03337 0040 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.     

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1993 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Сэлэнгэ аймгийн Шаамар суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, хөтөч мэргэжилтэй, хувиараа том тэрэг барьдаг, ам бүл 5, хамтран амьдрагч, 3 хүүхдийн хамт Сүхбаатар дүүргийн ** дугаар  хороо ** дугаар хороолол **-р байрны *** тоотод оршин суух хаягтай. Б овгийн Г-ийн Э /РД:****/,

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:  

Шүүгдэгч Д.Л нь 2020 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хороо Баянхошууны **** тоотод иргэн Д.О-г зодож биед “...цээжний зөөлөн эдийн няцрал, зүүн талын 7 дугаар хавирганы цууралт, бугалгад цус хуралт, гуянд цус хуралт” бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.    

 

ТОДОРХОЙЛОХ нь : 

 

            Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох :   

            Хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлахад :

Шүүгдэгч Д.Л нь 2020 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хороо Баянхошууны *** тоотод иргэн Д.О-г зодож түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь :       

- хохирогч Д.О-гийн...2020 оны 11 дүгээр сарын 17-ны орой нөхөр Б-ын хамт Б-ын багийн найзууд болох Э, С, А, О, Т, Э-ийн хамт Э-д хөзөр тоглохоор болоод уулзацгаасан. Тэгээд орой нь манай нөхөр Б намайг “харья” гэхээр нь би “явахгүй” гээд нөхөр Б-тай маргалдаж байтал Т бид хоёрын дундуур орж салгаад тэндээ хонохоор болоод унтацгаасан. Тэгээд маргааш өглөө нь буюу 2020 оны 11 дүгээр сарын 18-ны өглөө 10 цагийн үед би манай нөхөр Б, Т, Э, Э, С нар үлдэцгээсэн. Тэгтэл Т гэнэт “өчигдөр орой “чи намайг яаж байгаа юм бэ” гээд ууртай босоод ирэхээр нь Т-тэй хэрэлдтэл хажуу талаас Т-ийн нөхөр Э намайг эхлээд миний гуя руу хөлөөрөө өшиглөөд, дараа нь цээжний зүүн тал руу хөлөөрөө өшиглөөд, гараас маажчихсан. Би цагдаа дуудсан гэх мэдүүлэг /хх-17-18/,  

- гэрч П.Т-ийн...2020 оны 11 сарын 17-ны орой нөхөр Э-ийн хамт найз болох Э-гийн гэр болох Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хороо Баянхошууны *** тоот гэрт очсон юм. Тухайн өдөр Э эхнэр С, О нөхөр Б, тэгээд би нөхөртэйгөө нийт зургуулаа хөзөр тоглож байгаад О нөхөр Б-тайгаа эрүүл үедээ хоорондоо маргалдаад байхаар нь би дундуур нь ороод салгах гэтэл О надтай хэрэлдээд салцгааж унтаад 2020 оны 11 дүгээр сарын 18-ны өглөө 11 цагийн үед босоод байж байтал би О-д “чи хүүхэд унтуулсангүй айлгаад, хүүхдийн хажууд яаж байгаа юм бэ” гэж хэлэхэд О над руу “май шүү” гээд хэрэлдээд байсан. Тэгтэл манай нөхөр Эрдэнэбилэг нь О бид хоёрын дундуур орж ирээд О-гийн гуя болон цээж рүү хөлөөрөө жийсэн. Тэгтэл О цагдаа дуудсан гэх мэдүүлэг /хх-07-08, 74/,

-  “Натур эмнэлэг”-ийн компьютер томографийн шинжилгээ...хохирогчийн зүүн 7-р хавирга суганы урд шугамаар цууралттай /хх-24/,

- шинжээчийн 13220 дугаартай дүгнэлт...Д.О-гийн биед цээжний зөөлөн эдийн  няцрал, зүүн талын 7-р хавирганы цууралт, бугалга цус хуралт, зулгаралт, гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх хугацаанд үүсэх боломжтой. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй... /хх-25-26/,

- шүүгдэгч Д.Л-ийн...2020 оны 11 дүгээр сарын 17-ны орой бид нар найзуудаараа Энх-Амгалан гэх найзындаа бүгдээрээ цугларцгаасан. Тэгтэл манай найз Б эхнэр Т “айлд байж битгий хоорондоо маргалдаад бай” гэж хэлсэн. Тэгтэл нөхөр нь түүнтэй маргалдаад байсан. Тэгэхээр нь бид нар салгаад унтацгаасан. Тэгээд өнөөдөр 2020 оны 11 дүгээр сарын 18-ны өглөө нялх нойтон хүүхэдтэй байж муудалцлаа гээд манай эхнэр хэлтэл О түүнд хандаж “чамд ямар хамаатай юм” гээд хоорондоо маргалдаад байсан.Тэгэхээр нь миний уур хүрээд эхлээд О-гийн хөл рүү өшиглөөд дараа нь цээж рүү нь өшиглөсөн...Би гэмтлүүдийг учруулсан...гэх мэдүүлэг /хх-69-70/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.            

Шүүгдэгч тухайн гэмт хэрэг үйлдсэн болохыг нотолж буй тус хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн тухайн нотлох баримтуудыг шалгаж, үнэлэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын зөрчилгүй, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, хангалттайгаас гадна хохирогч, гэрч нар илтэд худал мэдүүлсэн, шинжээч худал дүгнэлт гаргасан гэж үзэх үндэслэл, нотолгоо тогтоогдоогүй болно.

Иймд шүүгдэгч Д.Л-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.   

Хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол нэхэмжилсэн баримтгүй /хх-17-18, 76/ ба шүүгдэгч нь 158.000 төгрөг төлсөн тухай шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн тул хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.    

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх :                

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчийн эрүүл мэндийг эмчлүүлэхэд хамаарах туслалцаа үзүүлсэн буюу зохих төлбөр төлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцно.     

Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа сайн дураар хүлээн хүлээн зөвшөөрсөн, ам бүл 5, эхнэр, бага насны 3 хүүхдийн хамт амьдардаг, хувийн тээврийн хэрэгсэлтэй, хувийн хөдөлмөр эрхэлдэг буюу хөрөнгө, орлоготой болон түүний хувийн бусад байдалд хамаарах нотлох баримтууд хэрэгт авагдсан /хх-31, 34, 35-39, 40-42, 43-53, 55-60, 74, шүүх хуралдааны тэмдэглэл/, судлагдсан болно.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Л-т 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 хэсэгт зааснаар 1 нэгж нь 1000 төгрөгөөр тооцон 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.

 

Уг хэрэгт хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.       

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон  

 

ТОГТООХ нь :      

 

1. Шүүгдэгч Д.Л нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай  учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн гэм буруутайд тооцсугай.              

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Л-ийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.  

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Л-т оногдуулсан 500.000 төгрөгийн торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.             

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Л 500.000 төгрөгийн торгох ялыг биелүүлэхгүй зайлсхийвэл биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжийг 1 /нэг/ хоногоор тооцож, хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.     

5. Шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх нотлох баримт бүхий төлбөргүй, хохирогч гэмт хэргийн улмаас учирсан бусад хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгчээс нэхэмжлэх эрхтэй, тус хэрэгт хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.   

6. Уг тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй. 

7. Эрх бүхий прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.     

8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн  тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол   шүүгдэгч Д.Л-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.     

  

 

 

 

           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Г.ГАНБААТАР