Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 09 сарын 04 өдөр

Дугаар 600

 

           Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

          Нэхэмжлэгч: Төв аймгийн Борнуур сумын Нарт багт оршин суух, 1958 онд төрсөн, эрэгтэй, регистрийн дугаар ОЮ58061412, Тугтан овогтой Мягмарын Балжиннямын,   

          Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2017 оны 8 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, 2017 оны 8 дугаар сарын 25-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Октябрь, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Тамираа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ  нь: 

          Нэхэмжлэгч М.Балжинням шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие 1973 онд 8 дугаар ангиа төгссөн бөгөөд 1974 оноос 1977 оны хооронд Увс аймгийн Шинжлэх ухаан үйлдвэрлэлийн нэгдэлд цэцэрлэгчний ажилд орсон. Тухайн ажилд томилсон тушаал, хөдөлмөрийн дэвтэр байхгүй болсон. 1977 оноос 1980 оны хооронд гурван жилийн цэргийн алба хаасан. Мөн цэргээс ирээд Шинжлэх ухаан үйлдвэрлэлийн нэгдэлд эргээд цэцэрлэгчний ажилд орсон ба ажиллаж байсан үед гарсан тушаал /1980-1983/ байхгүй, 1983 оны 5 дугаар сарын 25-ны өдрөөс 1994 оныг дуустал хугацаанд тасралтгүй жолоочоор ажилласан. Иймд миний ажилласан жилийг тогтоож өгнө үү” гэжээ.    

       Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

         Нэхэмжлэгч М.Балжинням нь ажиллаж байсан байдал тогтоолгохоор шүүхэд хүсэлт  гаргажээ.  

         Хэрэгт Увс аймгийн Архивын тасгийн 2017 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн цалингийн тодорхойлолт авагдсан байх ба уг тодорхойлолтод Увс аймгийн Улаантолгойн чацарганы аж ахуй болон Шинжлэх ухаан үйлдвэрлэлийн нэгдэлд цэцэрлэгчин, жолоочоор ажиллаж байсан Мягмар овогтой Балжиннямын 1974 оны 7 дугаар сараас 1977 оны 6 дугаар сарыг дуустал, 1980 оны 7 дугаар сараас 1994 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд ажиллаж, авч байсан цалинг түүвэрлэн ирүүлсэн байна.

          Мөн Увс аймгийн Улаантолгойн чацарганы аж ахуйн даргын 1983 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 43 тоот “Жолооч ажиллуулах тухай” тушаалд: “1. Тус аж ахуйд шинээр ирсэн Газ 53 машины жолоочоор Мягмар овогтой Балжиннямыг 5 дугаар сарын 01-нээс эхлэн жолоочоор ажиллуулсугай. 2. Жолооч М.Балжиннямд ажлын гүйцэтгэлээр цалин олгохыг санхүүд зөвшөөрсүгэй. Дарга С.Дэчинпил” гэжээ.

         Увс аймгийн Улаантолгойн чацарганы аж ахуйн даргын 1985 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 61 тоот “Тэмцээнд оролцуулах тухай” тушаалд: “Ардын хувьсгалын 64 жилийн ойн баярт бэлтгэж, үндэсний бөхийн тэмцээнд аймгийн начин М.Балжинням, Ж.Жигмэд нарыг 7 дугаар сарын 01-ний өдрөөс 12-ны өдрийн хооронд үндсэн ажлаас нь чөлөөлж, оролцуулсугай. ... Дарга С.Дэчинпил” гэжээ.  

           Хөдөө аж ахуйн яамны харьяа Улаангомын шинжлэх ухаан үйлдвэрлэлийн нэгдлийн захирлын 1987 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 138 тоот “Ажлаас түр чөлөө олгох тухай” тушаалд: “Ардын хувьсгалын 66 жилийн ойгоор аймгийн баяр наадмын үндэсний бөхийн барилдаанд бэлтгэл сургууль хийлгэж, оролцуулах зорилгоор аймгийн заан А.Бадамсамбуу, аймгийн начин М.Балжинням, Ж.Жигмид нарыг 6 дугаар сарын 26-ны өдрөөс 7 дугаар сарын 10-ны өдрийг дуустал ажлаас чөлөөлж, бэлтгэл хийлгэсүгэй. ... Захирал Д.Волоож” гэжээ.

             Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр иргэн Ц.Норжмаа, Ж.Лхайжав нарыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр оролцуулсан бөгөөд гэрч Ц.Норжмаа: “Миний бие нь 1974 оноос 1998 он хүртэл хугацаанд Увс аймгийн Улаантолгойн чацарганы аж ахуй болон Хөдөө аж ахуйн яамны харьяа Улаангомын шинжлэх ухааны үйлдвэрлэлийн нэгдэлд тус тус цэцэрлэгчнээр ажиллаж байсан. М.Балжинням нь 1974 оноос 1994 оныг дуустал хугацаанд тухайн байгууллагад цэцэрлэгчнээр ажиллаж байсан. Ажиллаж байх хугацаандаа 1977 оноос 1981 оны хооронд цэргийн албанд явж ирээд, үргэлжлүүлэн цэцэрлэгчнээр ажилласан. М.Балжинням бид хоёр тухайн үед хамт цэцэрлэгчнээр ажиллаж байсан учраас нэгнээ сайн мэдэж байна. Увс аймгийн Улаантолгойн чацарганы аж ахуйн нэр өөрчлөгдөж, Хөдөө аж ахуйн яамны харьяа Улаангомын шинжлэх ухааны үйлдвэрлэлийн нэгдэл болж байсан. Яг хэдэн онд гэдгийг нь санахгүй байна. Байгууллагын даргаар Т.Цэвээн, С.Дэчинпил, Д.Волоож гэх хүмүүс тус тус ажиллаж байсан” гэж, гэрч Ж.Лхайжав: “М.Балжинням нь Увс аймгийн Улаантолгойн чацарганы аж ахуйд 1974 онд цэцэрлэгчнээр анх ажилд орсон. Би тухайн байгууллагад 1998 он хүртэл жолоочоор ажиллаж байсан учраас М.Балжиннямын ажиллаж байсан байдлын талаар мэдэж байна. М.Балжинням нь 1994 оныг дуустал хугацаанд ажиллаад, өөрийн хүсэлтээр ажлаасаа гарч, гэр бүлийн хамтаар шилжин явсан. М.Балжинням дээрх байгууллагад ажиллаж байх хугацаандаа 3-н жилийн цэргийн алба хааж ирээд, үргэлжлүүлэн ажиллаж байсан. Увс аймгийн Улаантолгойн чацарганы аж ахуйн нэр өөрчлөгдөж Хөдөө аж ахуйн яамны харьяа Улаангомын шинжлэх ухааны үйлдвэрлэлийн нэгдэл болж байсан. Би яг хэдэн онд гэдгийг нь санахгүй байна. Байгууллагын даргаар Т.Цэвээн, С.Дэчинпил, Д.Волоож гэх хүмүүс ажиллаж байсан” гэж тус тус мэдүүлсэн байх ба гэрчүүдийн ажиллаж байсан байдлыг нотлох тэдний хөдөлмөрийн дэвтрийн хуулбарууд хэрэгт авагджээ.

            Түүнчлэн гэрчүүдийн хөдөлмөрийн дэвтрийн бичилтээс үзэхэд тус Улаантолгойн чацарганы аж ахуй нь 1987 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс Шинжлэх ухаан үйлдвэрлэлийн нэгдэл болж, нэрээ өөрчилсөн, мөн 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдөр эргээд Улаантолгойн чацарганы аж ахуй болж, харин Монгол Улсын Засгийн газрын 1994 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 10 дугаар тогтоолын дагуу “Чацаргана” ХК болсон нь Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2017 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 67 тоот лавлагаа, 1994 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн Улаантолгойн “Чацаргана” ХК-ийн танилцуулга гэсэн баримтаар тогтоогдож байна.

           Иймд хэрэгт авагдсан дээрх бичгийн нотлох баримт, гэрчүүдийн шүүхэд өгсөн мэдүүлэг, нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын тайлбар зэргийг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч М.Балжиннямын 1974 оны 7 дугаар сараас 1977 оны 6 дугаар сарыг дуустал, 1980 оны 6 дугаар сараас 1983 оны 5 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд Увс аймгийн Улаантолгойн чацарганы аж ахуйд цэцэрлэгчнээр, 1983 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 1987 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд Увс аймгийн Улаантолгойн чацарганы аж ахуйд жолоочоор, 1987 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хугацаанд Увс аймгийн Шинжлэх ухаан үйлдвэрлэлийн нэгдэлд жолоочоор, 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс 1994 оны 7 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл хугацаанд Увс аймгийн Улаантолгойн чацарганы аж ахуйд жолоочоор, 1994 оны 7 дугаар сарын 26-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд Увс аймгийн Улаантолгойн “Чацаргана” ХК-д жолоочоор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч М.Балжиннямын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй. 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон  

ТОГТООХ нь:

            1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Тугтан овогтой Мягмарын Балжиннямын 1974 оны 7 дугаар сараас 1977 оны 6 дугаар сарыг дуустал, 1980 оны 6 дугаар сараас 1983 оны 5 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд Увс аймгийн Улаантолгойн чацарганы аж ахуйд цэцэрлэгчнээр, 1983 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 1987 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд Увс аймгийн Улаантолгойн чацарганы аж ахуйд жолоочоор, 1987 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хугацаанд Увс аймгийн Шинжлэх ухаан үйлдвэрлэлийн нэгдэлд жолоочоор, 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс 1994 оны 7 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл хугацаанд Увс аймгийн Улаантолгойн чацарганы аж ахуйд жолоочоор, 1994 оны 7 дугаар сарын 26-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд Увс аймгийн Улаантолгойн “Чацаргана” ХК-д жолоочоор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.  

            2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгч М.Балжиннямын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

           Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нь уг шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй. 

 

 

                                      ДАРГАЛАГЧ,

                                      ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Н.ГЭРЭЛТУЯА