| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гантөмөрийн Мөнхзул |
| Хэргийн индекс | 188/2018/1260/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/324 |
| Огноо | 2018-04-16 |
| Зүйл хэсэг | 17.8.1., |
| Улсын яллагч | Т.Отгонтөгс |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 04 сарын 16 өдөр
Дугаар 2018/ШЦТ/324
2018 04 16 324
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхзул даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Тэмүүжин,
улсын яллагч Т.Отгонтөгс,
шүүгдэгч Б.Х, түүний өмгөөлөгч О.Б (шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар 2260) нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Д овогт Б.Хыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, эрүүгийн 2017 2601 1194 дугаартай, 1 хавтаст хэргийг 2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Д овогт Б.Х, Монгол Улсын иргэн, Булган аймгийн Хишиг-Өндөр суманд 1982 оны 6 дугаар сарын 16-ны өдөр төрсөн, эмэгтэй, 34 настай, дээд боловсролтой, улс төр судлаач мэргэжилтэй, Орхон аймгийн Хотын захирагчийн алба, инженерийн байгууламж шугам сүлжээний асуудал хариуцсан мэргэжилтэн ажилтай, ам бүл 1, Орхон аймгийн Баян-Өндөр сумын Хүрэн булаг баг 11 дүгээр хороолол 46-01 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, регистрийн дугаарРӨАХР.
Холбогдсон гэмт хэргийн талаар: (яллах дүгнэлтэнд бичигдсэнээр)
Яллагдагч Б.Х нь 2017 оны 6 дугаар сарын 06-наас 07-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо 19-77 тоотод оршин суух хохирогч М.Оын гэрийн эд хөрөнгийг хууль бусаар эвдэн устгаж, 908.240 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Х мэдүүлэхдээ: “...Мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг үнэн зөв дахин мэдүүлэг өгөхгүй...” гэв.
Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:
1. Хохирогч М.Оын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Миний төрсөн ах Баясгалан нь Б.Х гэх эмэгтэйтэй гэр бүл болоод 1 жил гаран хамт амьдарч дундаасаа 1 хүүхэдтэй болсон юм. Энэ хоёр Эрдэнэт хотод ажиллаж амьдардаг бөгөөд хоорондоо таарамжгүй харьцаатай байнга л хэрэлдэж муудалцаж байдаг байсан. 2017 оны 6 дугаар сарын 06-ны өдөр ах эхнэртэйгээ муудалцаад Эрдэнэт хотоос ээж, эгч хоёрыг аваад хот руу гарсан. Тэд нарын араас Б.Х такси бариад гарсан ба түүнийг манайд ирнэ гэдгийг бид нар мэдэж байсан болохоор ахыг хотод ирэхэд нь зуслангийн гэрт аваачсан. Орой манай охин Э-г гэртээ ганцаараа байхад Б.Х хүүхдийнхээ хамт манай гэрт ирсэн байсан. ...Тэгэхээр нь би хүүхдээ дагуулаад Б.Хтай юу ч ярилгүй түүнийг гэртээ үлдээгээд гарч яваад зуслан дээр очиж ээж, аавдаа хоолыг нь хийж өгчихөөд тэр шөнөдөө буюу 2017 оны 6 дугаар сарын 7-нд шилжих шөнө гэртээ 01-02 цагийн орчим ирэхэд Б.Х явчихсан коридороор аяга, таваг, бүх л шилэн эдлэлүүдийг, зурагтын дэлгэц болон бүх вакум цонхыг хагалсан байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 26-27),
“...манай гэрийн хаалга заавал түлхүүрээр онгойдог. Тухайн үед шөнө намайг гэртээ ирэхэд хаалга цоожтой, би түлхүүрдэж орсон. Алдагдсан эд зүйлс байгаагүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 52),
2. Гэрч М.Бн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Б.Хтай 2016 оны 1 дүгээр сард танилцаж дотносоод 1 хүүхэдтэй болж гэр бүлээ 2016 оны 11 дүгээр сард батлуулсан. Ингээд хамт амьдарсан нэг жилийн хугацаанд таарч тохирохгүй, намайг хардаж сэрдэх...болсон. 2017 оны 6 дугаар сарын эхээр ээжийн бие бага зэрэг муу байсан болохоор ээжийгээ хот руу авч явах болоод...гэрээрээ орж цай уучихаад явах болоход Б.Х “надтай хамт хот явна, чи муу худлаа хэлж надаас зугтаж, янхандаж, нөгөө хүүхнүүд дээрээ очих гэж байна” гэж...хардаж сэрдэж цүнхтэй хувцас гаргаж шидэж эхэлсэн. Тэгэхээр нь би түүнийг орхиод ээж, эгч нарын хамтаар хот руу явтал Эрдэнэтээс гарч явах төмөр замын гарам дээр Б.Х такситай...гүйцэж ирээд дахиад хэрүүл эхлэхэд эгч Т түүнийг салгаж үлдээд ээж бид хоёр хот руу Булганы замаар тойрон явсан. Тэр хугацаанд Б.Х таксигаар шууд Улаанбаатар хотод ирээд төрсөн дүү Оын гэр болох Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо 19 дүгээр байрны 77 тоотод ирсэн байсан. ...Тэгээд би хотод ирээд ээжийн хамт шууд зуслангийн байшиндаа ирсэн. Энэ үед манай төрсөн дүү О бас охиноо дагуулаад зуслан дээр ирсэн...Дүү О Б.Х гэр орон сүйтгэж бүх цонхыг хагалсан байна гэж надад хэлэхээр нь би цагдаа дууд гэж дуудуулсан юм...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 33-34),
3. Гэрч Эгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 6 дугаар сарын 06-ны өдөр 16-17 цагийн орчим гэртээ...дүүгээ хараад байж байхад Баясгалан ахын эхнэр Б.Х эгч хүүхдээ дагуулаад манайд ирсэн. Орж ирэнгүүтээ намайг Т эгчтэй утсаар...яриулаад би Т эгчээс “хаана явж байгаа” талаар асуухад эгч “хот руу орж орох гэж байна” гэхэд Б.Х эгч хүүхдээ надад үлдээгээд гэрээс гараад явсан. ...21 цагийн орчим Б.Х эгч гэрт ирсэн. Би хүүхдийг нь өөрт нь өгөөд гарах гээд хувцсаа сольчихсон байсан чинь намайг хаачих гээд байгаан гээд гаргахгүй болохоор нь би найзындаа очиж дэвтэр өгчихөөд ирье гэж худлаа хэлээд гарч ээжтэйгээ уулзаад зуслан явсан. Тэгээд тэр шөнөдөө гэртээ буцаж ирэхэд Б.Х эгч гэрийн цонхнуудыг хагалаад, мөн зурагт, аяга, таваг, толь зэргийг хагалчихаад явсан байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 35),
4. Хөрөнгийн үнэлгээний тайлан ( хавтаст хэргийн 54-55),
5. Устгаж, гэмтээсэн эд зүйлсийн гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 8, 10-15),
6. Шүүгдэгч Б.Хын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 6 дугаар сарын 06-ны өдөр нөхөр Баясгалантай гэр бүлийн асуудлаас болоод Орхон аймагт маргалдсан юм. Тэгтэл манай нөхөр эгч Т, ээж Даш нарыгаа дагуулаад Улаанбаатар хот руу явсан. Тэгэхээр нь араас нь замаар явж байсан таксинд суугаад таксины жолоочтой тохиролцоод Улаанбаатар хот руу хүү Төрболдын хамт 19 цагийн орчим ирсэн. Улаанбаатар хотод ирээд нөхрийн эгч, дүү нарынх нь амьдардаг 19 дүгээр байрны 3 дугаар орцны 2 давхрын 77 тоотод ирэхэд тэдний гэрт Оын хоёр охин гэртээ байсан. Тэгтэл Э-гийн утас руу эгч Т залгаад “одоо Б.Х очиж байгаа хаалгаа битгий онгойлгоорой гэж” хэлэхээр нь...гомдоод хүүхдээ Энх-Үжинд үлдээгээд Б-г тосч уулзахаар явсан. ...Орой 22 цагийн орчим Оын гэрт ирэхэд Эманай хүүг тэврээд гэртээ ганцаараа байсан. ...Намайг орж хүүхдээ автал Эгэрээс гараад явсан. Тэгэхээр нь би уурласан, гомдсондоо 4 өрөөний вакум цонхны шилийг хагалаад, мөн шилэн аяга, том өрөөнд байсан зурагт зэргийг нь хагалчихаад гэрээс 23 цагийн үед гараад хаалгыг нь гаднаас нь зүгээр хаачихаад яваад өгсөн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 60-61)
7. Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт (хавтаст хэргийн 44, 70), ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 62), ажлын газрын тодорхойлолт (хавтаст хэргийн 71), хохирол төлсөн баримт (хавтаст хэргийн 67) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн шүүгдэгчийг яллагдагчаар, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.
Гурав. Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Б.Хд холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас үзэхэд:
I. Гэм буруугийн талаар
Шүүгдэгч Б.Х нь Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо 19-77 тоотод, 2017 оны 6 дугаар сарын 06-наас 07-нд шилжих шөнө, гэр бүлийн хувийн таарамжгүй сэдэлтээр, санаатай үйлдлээр, нөхөр М.Б-гийн төрсөн дүү хохирогч М.Оын гэрийн эд хөрөнгийг хууль бусаар эвдэн устгаж, 908.240 төгрөгийн төгрөгний хохирол учруулсан болох нь:
- Хохирогч М.Оын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 6 дугаар сарын 06-ны...орой манай охин Э-г гэртээ ганцаараа байхад Б.Х хүүхдийнхээ хамт манай гэрт ирсэн байсан. ...Тэгэхээр нь би хүүхдээ дагуулаад Б.Хтай юу ч ярилгүй түүнийг гэртээ үлдээгээд гарч яваад зуслан дээр очиж ээж, аавдаа хоолыг нь хийж өгчихөөд тэр шөнөдөө буюу 2017 оны 6 дугаар сарын 7-нд шилжих шөнө гэртээ 01-02 цагийн орчим ирэхэд Б.Х явчихсан коридороор аяга, таваг, бүх л шилэн эдлэлүүдийг, зурагтын дэлгэц болон бүх вакум цонхыг хагалсан байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 26-27),
- Гэрч М.Б-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Б.Х таксигаар шууд Улаанбаатар хотод ирээд төрсөн дүү Оын гэр болох Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо 19 дүгээр байрны 77 тоотод ирсэн байсан. ...Дүү О Х гэр орон сүйтгэж бүх цонхыг хагалсан байна гэж надад хэлэхээр нь би цагдаа дууд гэж дуудуулсан юм...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 33-34),
- Гэрч Эгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 6 дугаар сарын 06-ны өдөр 16-17 цагийн орчим гэртээ...дүүгээ хараад байж байхад Баясгалан ахын эхнэр Б.Х эгч хүүхдээ дагуулаад манайд ирсэн. ...Х эгч хүүхдээ надад үлдээгээд гэрээс гараад явсан. ...21 цагийн орчим Х эгч гэрт ирсэн. Би хүүхдийг нь өөрт нь өгөөд ...гарч ээжтэйгээ уулзаад зуслан явсан. Тэгээд тэр шөнөдөө гэртээ буцаж ирэхэд Х эгч гэрийн цонхнуудыг хагалаад, мөн зурагт, аяга, таваг, толь зэргийг хагалчихаад явсан байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 35),
- Хөрөнгийн үнэлгээний тайлан ( хавтаст хэргийн 54-55),
- Устгаж, гэмтээсэн эд зүйлсийн гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 8, 10-15),
- Шүүгдэгч Б.Хын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “......Орой 22 цагийн орчим Оын гэрт ирэхэд Эманай хүүг тэврээд гэртээ ганцаараа байсан. ...Намайг орж хүүхдээ автал Эгэрээс гараад явсан. Тэгэхээр нь би уурласан, гомдсондоо 4 өрөөний вакум цонхны шилийг хагалаад, мөн шилэн аяга, том өрөөнд байсан зурагт зэргийг нь хагалчихаад гэрээс 23 цагийн үед гараад хаалгыг нь гаднаас нь зүгээр хаачихаад яваад өгсөн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 60-61) зэрэг нотлох баримтаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч Б.Х нь бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгаж, гэмтээсний улмаас бусдад бага бусаас дээш хэмжээний хохирол учруулсан болох нь гэрч, хөрөнгийн үнэлгээний тайлан зэргээр тогтоогджээ. Энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж үзнэ.
Тиймээс улсын яллагчаас шүүгдэгч Б.Хыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгаж, гэмтээсний улмаас бусдад бага бусаас дээш хэмжээний хохирол учруулсан гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасныг хүлээн авч эрүүгийн хуулийн тус зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
II. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар
Улсын яллагчаас шүүгдэгч Б.Хыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч дээрх дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Б.Х нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлыг төлсөн байгааг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба түүнд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Б.Х нь эрхэлсэн тодорхой ажилтай болох нь түүний мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн биеийн байцаалт, хэрэгт цугларсан ажлын газрын тодорхойлолтоор тогтоогдож байх тул улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг хүлээн авах нь зүйтэй байна.
Шүүхээс шүүгдэгч Б.Хд торгох ял оногдуулсан учир Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлд зааснаар торгох ялыг 2 (хоёр) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоож, тэрээр торгох ялыг биелүүлээгүй бол оногдуулсан торгох ялыг хорих ялаар сольж болохыг анхааруулах нь зүйтэй.
III. Бусад асуудлаар
Эрүүгийн 2017 2601 1194 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй, түүний гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлээгүй, хэрэгт шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчид энэ тогтоолоор төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Д овогт Б.Хыг бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсний улмаас бусдад бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Б.Хыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгох ялыг 2 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Х нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солиж болохыг анхааруулсугай.
5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хохирогч нь гомдол, саналгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэрээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.МӨНХЗУЛ