Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 09 сарын 06 өдөр

Дугаар 606

 

          Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

        Нэхэмжлэгч: Увс аймгийн Улаангом сум, 3 дугаар баг, Галдан бошигт хорооллын 18 дугаар байр, 3 тоотод оршин суух, 1980 онд төрсөн, эрэгтэй, регистрийн дугаар ОР80100611, Шарс овогтой Баатарын Даваасамбуугийн нэхэмжлэлтэй,

        Хариуцагч: Увс аймгийн Улаангом сум, 4 дүгээр баг, 14-27 тоотод оршин суух, 1994 онд төрсөн, эмэгтэй, регистрийн дугаар ОЮ94031109, Борлууд овогтой Эрдэнэсүрэнгийн Энхмаад холбогдох,

       943.700 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 7 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, 2017 оны 8 дугаар сарын 01-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

          Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Даваасамбуу, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Тамираа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ  нь:

        Нэхэмжлэгч Б.Даваасамбуу шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: “Э.Энхмаа нь 2016 оны 7 дугаар сарын 31-ний өдрөөс 8 дугаар сарын 15-ны өдрийн хооронд Улаангом сумын 3 дугаар багт байрлах “Жаран” хүнсний дэлгүүрт 16 хоног худалдагч хийх хугацаандаа 943.700 төгрөг дутааж, хохирол учруулсан болно. Удаа дараа утсаар нэхэмжилсэн боловч утсаа тасалдаг, хаана байгаагаа тодорхой хэлж өгдөггүй. Илт зугатааж байгаа учир бидний хооронд үүссэн маргаантай асуудлыг шийдвэрлэж өгнө үү” гэжээ.  

           Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч Б.Даваасамбуу нь хариуцагч Э.Энхмаад холбогдуулан 943.700 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

            Хариуцагч Э.Энхмаад 2017 оны 8 дугаар сарын 10-ны өдөр нэхэмжлэлийн хувийг гардуулан өгсөн ба тэрээр 2017 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн дотор шүүхэд хариу тайлбараа ирүүлэх үүрэгтэй байсан боловч ямар нэгэн хариу тайлбар ирүүлээгүй, мөн шүүх хуралдааны товыг шүүхээс лавлах үүргээ биелүүлээгүй, шүүх хуралдааны товыг мэдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул түүний эзгүйд, хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд хэргийг шийдвэрлэсэн болно.

            Нэхэмжлэгч Б.Даваасамбуу нь хариуцагч Э.Энхмааг 2016 оны 7 дугаар сарын 31-ний өдрөөс 8 дугаар сарын 15-ны өдрийн хооронд Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар багт байрлах “Жаран” хүнсний дэлгүүрт худалдагчаар авч ажиллуулсан байх ба энэхүү хугацаанд хариуцагч нь дэлгүүрийн бараа, бүтээгдэхүүнийг өөртөө авч ашиглан, 943.700 төгрөгийн хохирол учруулсан хэмээн нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлжээ.

           Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т “Хэргийн оролцогч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй” гэж, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-т “Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй” гэж тус тус заасан.

           Гэтэл нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болгож 2 хуудас баримтыг шүүхэд ирүүлсэн боловч тухайн баримт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан шаардлага хангагдаж ирээгүй байх тул шүүх нотлох баримтаар үнэлэх боломжгүй байна.

           Түүнчлэн нэхэмжлэгч Б.Даваасамбуу нь хариуцагч Б.Энхмаатай хөдөлмөрийн болон эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ байгуулаагүй, түүнд хичнээн төгрөгийн үнэ бүхий ямар, ямар бараа бүтээгдэхүүнийг хүлээлгэн өгсөн нь тодорхойгүй, энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй байгаа нь Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 135 дугаар зүйлийн 135.3-д тус тус заасныг зөрчжээ.     

             Өөрөөр хэлбэл, аливаа эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээлгэж болох ажил, албан тушаалтантай эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ байгуулах, эсхүл түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээнд энэ тухай тусгах шаардлагатай бөгөөд энэхүү журмыг зөрчсөн тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.4-т зааснаар ажилтанд эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээлгэж болохгүй.

          Иймд нэхэмжлэгч нь өөрийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нотлох баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй ба ажилтантай хөдөлмөрийн болон эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ байгуулаагүй байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.3, 135 дугаар зүйлийн 135.4-т заасныг баримтлан хариуцагч Э.Энхмаагаас 943.700 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Б.Даваасамбуугийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

            Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Б.Даваасамбуугийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 27.199 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

                         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

          1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.3, 135 дугаар зүйлийн 135.4-т заасныг баримтлан хариуцагч Э.Энхмаагаас 943.700 /есөн зуун дөчин гурван мянга долоон зуу/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Б.Даваасамбуугийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

           2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Б.Даваасамбуугийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 27.199 /хорин долоон мянга нэг зуун ерэн ес/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчид шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл  гардан авснаас  хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.  

 

                                    ДАРГАЛАГЧ,

                                    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                       Н.ГЭРЭЛТУЯА