Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

0277 оны 07 сарын 28 өдөр

Дугаар 2020/ШЦТ/277

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 166/2020/0247/Э/

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Гэрэлт-Од даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Ундрам,

Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ч.Мядагбадам,

Шүүгдэгч, хохирогч С.Т өмгөөлөгч И.Атарбямба,

Шүүгдэгч К.Т өмгөөлөгч Б.Чинбаатар,

Шүүгдэгч Н.Ц өмгөөлөгч Д.Золзаяа,

Шүүгдэгч К.Т, Н.Ц, шүүгдэгч, хохирогч С.Т нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Ж овогт К.Т, Б овогт Н.Ц, Б овогт М.С Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Ш овогт С.Т нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1918008290235 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, шүүгдэгч М.С холбогдох хэргийг тусгаарлаж, шүүгдэгч К.Т Н.Ц, С.Т нарт холбогдох хэргийг хянан хэлэлцлээ.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1979 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Дархан-Уул аймаг, Шарын гол суманд төрсөн, эрэгтэй, 41 настай, боловсролгүй, мэргэжилгүй, ам бүл 1, Дархан-Уул аймаг, Шарын гол сум, Дархан баг, ............. тоотод оршин суух, урьд 4 удаагийн ял шийтгэлтэй, Ж овгийн К.Т,

 

Монгол Улсын иргэн, 1985 оны 06 дугаар сарын 05-ны өдөр Дархан-Уул аймгийн Шарын гол суманд төрсөн, эрэгтэй, 35 настай, бүрэн бус дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт, Дархан-Уул аймаг, Шарын гол сум, Санжит баг, ........ тоотод оршин суух, урьд 2 удаагийн ял шийтгэлтэй, Б овгийн Н.Ц,

 

Монгол Улсын иргэн, 1952 оны 03 дугаар сарын 10-ны өдөр Төв аймаг, Борнуур суманд төрсөн, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тракторчин мэргэжилтэй, өндөр насны тэтгэвэрт, ам бүл 7, эхнэр хүүхдүүдийн хамт, Дархан-Уул аймаг, Дархан сум, 3 дугаар баг, .......... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, Ш овгийн С.Т,

 

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас К.Т, Н.Ц, М.С нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт, С.Т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.

     ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч К.Т, Н.Ц нар нь бүлэглэн 2019 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр 21:00 цагийн үед Дархан-Уул аймгийн Дархан сумын 7 дугаар баг, Майхантын 1 дүгээр гудамжны 9 тоотод С.Т 273,000 төгрөгийг илээр, хууль бусаар, хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авсан болох нь:

 

Хохирогч С.Т “2019 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр гудамжинд 2 эмэгтэйтэй тааралдсан. Утсаа дэлгүүрт тавьчихсан, ахаа миний утсыг аваад өгөөч гэхээр нь авч өгсөн. Би тухайн үед эрүүл байсан, ингээд 20,000 төгрөг өгсөн. Тэгээд утасны мөнгөө өгчхөөд илүү гарснаар нь нэг шил архи аваад манай найзынд очъё гэсэн, ...Гэрт 3 эрэгтэй, 2 эмэгтэй байсан. Гарах гэхэд гаргахгүй байсан. Миний түрүүвчнээс мөнгийг нь аваад над руу хоосон түрүүвчийг маань эргүүлээд шидчихсэн. Тэгээд арай гэж хаалгыг нь онгойлгоод явсан. Миний түрүүвчинд манай хөгшиний тэтгэврийн 360,000 төгрөг байсан. О гэх хүүгийнхээ хүүхдүүд 10,000 төгрөг өгсөн, 2 эмэгтэйд 20,000 төгрөг өгсөн, надруу дайрсан хүн 20,000 төгрөгийг нь авсан. Би банкнаас 360,000 төгрөг авсан. 60,000 төгрөгийг гэртээ үлдээгээд 300,000 төгрөгийг нь биендээ авч явсан. Надад 273,000 төгрөг үлдсэн байсан” гэх мэдүүлэг,

 

Гэрч Т.Н “...15 дугаар сургуулийн тэндээс манай аав ирж явсан. Ингээд ааваас хаагуур яваад удав гэж асуутал сая хэдэн танихгүй хүмүүст дээрэмдүүлчихлээ гэсэн. Тэгэхээр нь юун хүмүүст дээрэмдүүлдэг юм гэсэн чинь тэр танихгүй хүмүүс гэртээ аваачсан гэхээр нь заалгаад яваад очтол биржийн арын нэг урсгалтай замын хажууд нэг айлын гадаа очоод энэ айл гэж зааж өгсөн. Уг айл руу явж байхад дээрэмдсэн гээд байгаа 2 залуу нь гудманд таарахаар нь дагуулаад аавыг оруулж дээрэмдсэн гэх айл руу ороод юу болсон талаар асуухад бүгд би мэдэхгүй гээд байсан. Саравчтай малгайтай махлаг охин Бек гэх нэртэй өндөр залуутай хамт орж ирэхээр нь та нар хөгшин хүний мөнгийг яагаад авдаг юм буцаагаад өг гэсэн чинь хоорондоо маргалдаад байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 20/,

 

Гэрч С.У “...Г, Т хоёр одоо ганц шил архи авъя гэж тэр өвгөнд хэлсэн чинь нөгөө өвгөн одоо ёстой мөнгө байхгүй, би сая байсан мөнгөөрөө архи авч өгсөн, одоо би чадахгүй, одоо явлаа гээд боссон чинь Ганцэцэг тэр өвгөнд хандаж пизда өвгөн чамд мөнгө байгаа шүү дээ, архи авахгүй юм бол үхсэнээ хийж хүн дагаж ирсэн юм гэсэн. Тэгсэн чинь Табысбек тэр өвгөнийг 2 гараараа боож унагасан чинь Санждансран өвгөний халаасыг ухсан, Цолмон нэг сүх бариад өвгөний хоолой дээр нь тулгаад хурдал өгөхгүй бол хоолойг чинь хэрчинэ гэсэн чинь нөгөө өвгөн за болъёо, би өөрөө та нарт мөнгө өгье, та нар намайг тайван явуулах юм байгаа биз дээ гэж хэлээд түрийвчнээсээ Т, Г хоёрт мөнгө гаргаж өгөөд наад мөнгөөрөө хоол ундны юм аваад тэгээд нэг шил архи ав гэж өгсөн. Тэгээд Г, Т хоёр дэлгүүр гарчихаад ирье наад өвгөнөө гаргаад хэрэггүй шүү гэж С, Ц хоёрт хэлээд гараад явсны дараа С нөгөө өвгөн рүү дахиж сүх барьж дарж унагаад, чи хэнд нь мөнгө өгдөг юм бэ гээд дайрахаар нь би хажуунаас нь одоо боль Санжаа болоо юм бишүү байгаагаа өгөөд байгаа юм биш үү гэж хэлсэн чинь нөгөө өвгөн май май, миний түрийвчийг ав, намайг л зүгээр гаргачих гээд түрийвчээ С руу шидсэн. С түрийвчийг нь аваад пизда өвгөн минь би чамаас 5 цаас гуйсан болохоос задгай мөнгө гуйсан юм уу гээд түрийвчнээс нь мөнгө аваад халаасандаа хийгээд май май, энэ түрийвчээ ав гээд нөгөө өвгөн рүү шидсэн.” гэх мэдүүлэг /хх-ийн 23-24/,

 

Гэрч Б.Г “...Ц гэх залуу нөгөө саарал дээлтэй ахыг дарж унагасан. ...айлд очиход С, Т, Ц, М нар байсан юм. Тэгээд бүгдээрээ хамтраад нэг шил архи уучхаад дахин нэг шил архи уух гээд л энэхүү гэмт хэргийг үйлдсэн юм.” гэх мэдүүлэг /хх-ийн 21-22, 99-100/,

 

Гэрч Т.Г “... тухайн үед манай аав 290,000 төгрөгтэй байсан юм. Яагаад гэвэл тухайн өдөр манай ээж Ц тэтгэвэр буусан юм. Тэгээд ээжийн тэтгэврийн мөнгөөр мах авна гээд өөртөө байлгаж байсан юм. Аавын алдсан мөнгө тухайн үед болон түүний дараа ч огт гарч ирээгүй. Манай аав тухайн хүмүүсийг орон гэргүй, ажил төрөлгүй, архичин хэцүү хүмүүс юм байна. Эд нараас би яаж мөнгө авах вэ гээд өрөвдөөд мөнгөө олсон байна гэж ярьж мэдүүлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 46-48/,  

 

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 5/,

 

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 6-8/,

 

Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 9-13/ зэрэг болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Шүүгдэгч К.Т, Н.Ц нар нь бүлэглэн бусдын эд хөрөнгийг авахаар илээр, хоолойг нь боох зэргээр хүч хэрэглэж, түрийвчинд нь байсан мөнгийг авч буй үйлдэл нь дээрэмдэх гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.

 

Н.Ц дээрэмдэх гэмт хэрэгт оролцоогүй мод хагалаад гал түлэхээр зуухны хажууд сууж байсан гэх боловч түүний мэдүүлэг гэрч Б.Г “...Ц гэх залуу нөгөө саарал дээлтэй ахыг дарж унагасан” гэх мэдүүлэг болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар үгүйсгэгдэж байна.

 

Иймд К.Т, Н.Ц нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “дээрэмдэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

Шүүгдэгч К.Т “хохирогч 20,000 төгрөг өөрөө өгсөн, өөр мөнгө төгрөг аваагүй” гэж мэдүүлж байх боловч бусдын эд хөрөнгийг авахаар хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж довтолгоон хийснээр дээрэмдэх гэмт хэргийн шинж бүрэн хангагдах ба заавал хохирол учирсан байхыг шаарддаггүй хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг юм.

 

Хохирогч шүүхийн хэлэлцүүлэгт “тухайн өдөр тэтгэвэр 360,000 төгрөг аваад гэртээ 100,000 төгрөг орхиод дэлгүүрт утас авч өгөхөд өгөх зэргээр зарцуулж тэр айлд орох үед түрийвчинд 273,000 төгрөгтэй байсан” гэж мэдүүлсэн ба хохирогчийн мэдүүлэг нь гэрч Т.Г “...тухайн үед манай аав 290,000 төгрөгтэй байсан, манай ээж Ц тэтгэвэр буусан юм” гэх мэдүүлэг, Д.Ц тэтгэврийн дэвтрийн хуулбар, тэтгэвэр олгосон тэмдэглэл /хх-ийн 70-р тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна гэж үзэв.

 

Гэрч С.У “... Цолмон нэг сүх бариад өвгөний хоолой дээр нь тулгаад хурдал, өгөхгүй бол хоолойг чинь хэрчинэ гэсэн чинь нөгөө өвгөн за болъёо, би өөрөө та нарт мөнгө өгье, та нар намайг тайван явуулах юм байгаа биз дээ гэж хэлээд түрийвчээсээ Т, Г хоёрт мөнгө гаргаж өгөөд наад мөнгөөрөө хоол ундны юм аваад тэгээд нэг шил архи ав гэж өгсөн” гэж шүүгдэгч Ц дээрэмдэх гэмт хэргийг зэвсэг, зэвсгийн чанартай зүйл хэрэглэсэн мэтээр мэдүүлсэн боловч дээрх мэдүүлэг хэрэгт авагдсан бусад баримтуудаар нотлогдохгүй, хохирогч энэ талаар мэдүүлээгүй байна.

 

Иймд прокуророос К.Т, Н.Ц нарт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байна гэж үзэв.

 

Харин шүүгдэгч С.Т мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогчоор мэдүүлэг өгөхдөө үнэн зөв мэдүүлэг өгөхөөр баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгсөн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт заасан гэмт хэрэгт яллагдагчаар татсан нь үндэслэлгүй байна.

 

С.Т “...би тухайн үед уур уцаартай байх үедээ өөртөө байсан 250,000 төгрөгийг тухайн хүмүүст алдсан гэж бодсон юм. Гэвч маргааш нь миний мөнгө байсан, ...Өөрөө сайн анзааралгүй, мөнгөө алдчихлаа л гэж бодсон юм. Одоо тэр хүмүүст гаргах гомдол байхгүй. Цаашид цагдаагийн байгууллагаар шалгуулах хүсэлтгүй байна. Энэ хүсэлтийг минь харгалзан шийдвэрлэж өгнө үү, ...Тэгээд ч одоо өвөл болж байна, манайх бас жоохон малтай юм, манай хөгшин хөл муутай, ажил төрөл их байгаа болохоор цагдаа дээр дахиж ирж чадахгүй байх гэж бодож байна, ...би тэр хүмүүсийг архи уудаг, гэр оронгүй, ажил төрөлгүй хүмүүс болохоор нь мөнгөө угаасаа олж авч чадахгүй гэж бодсон юм. Тухайн хүмүүсээс угаасаа мөнгө авах ямар ч боломжгүй хүмүүс байсан юм. Тэгэхээр нь би дараа дахин дахин ирээд яахав гэж бодоод мөнгөө олчихсон гэж худал мэдүүлэг өгсөн. Гэхдээ яг үнэндээ бол миний мөнгө надаас гарч ирээгүй. Миний бүх мөнгийг тэр хүмүүс авсан юм. Алуулаагүй нь их юм гэж бодож байна” /хх-ийн 16-17, 92-93/ гэж тус тус мэдүүлжээ.

 

Шүүгдэгч С.Т “мөнгөө олсон” гэж мэдүүлсэн боловч энэ нь “дээрэмдэх” гэмт хэргийн үйл баримтын талаар илт худал мэдүүлж, мөрдөн шалгах ажиллагааг удаашруулах, гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай этгээдэд ял завшуулах, уг этгээдүүдтэй үгсэн хуйвалдсан шинжгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа, мөрдөн шалгах ажиллагаанд алдаа гаргах нөхцөл бүрдүүлээгүй, харин хохирлын мөнгийг нэгэнт гаргаж өгөх бололцоогүй хүмүүс байсан учраас өөрт олгогдвол зохих мөнгийг авахгүй байх, дахин дахин цагдаагийн байгууллагад дуудагдахгүй байх зорилгоор гэмт хэргийн улмаас учирсан материаллаг хохирлын хэмжээг бууруулж мэдүүлсэн байна.

 

Өөрөөр хэлбэл С.Т нь эхэлж К.Т авсан 23,000 төгрөгийг олсон гэж мэдүүлээгүй, харин түрийвчинд байсан мөнгийг олсон гэж мэдүүлсэн байх ба гэмт хэргийн улмаас учирсан хохирол 23,000 байсан ч хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй юм.

 

Шүүх С.Т нь “мөнгөө олсон” гэж мэдүүлсэн нь гэмт хэргийн үйл баримтыг тогтооход нөлөөлөөгүй, гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан гэж үзэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  заасан хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.18 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт шүүгдэгч шүүх хуралдаанд оролцох боломжгүй болсон тохиолдолд зарим шүүгдэгч нарт холбогдох хэргийг тусгаарлаж хянан шийдвэрлэх нь хэргийн байдлыг бүрэн бодиттойгоор тогтооход нөлөөлөхөөргүй байвал хэргийг тусгаарлаж шүүх хуралдааныг үргэлжлүүлж хэргийг эцэслэн шийдвэрлэж болохоор заасан, шүүгдэгч М.С оргон зайлсан, шүүх хуралдаанд ирээгүй тул Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Ж овогт К.Т, Б овогт М.С, Б овогт Н.Ц, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Ш овогт С.Т нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1918008290235 дугаартай эрүүгийн хэргээс Б овогт М.С холбогдох хэргийг тусгаарлаж , түүнд холбогдох хэрэг, гэм буруугийн талаар ямар нэгэн дүгнэлт хийгээгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар:

 

Хууль бус үйлдлийн улмаас С.Т учирсан хохирол 273,000 төгрөгөөс 2 шүүгдэгчид ногдох 182,000 төгрөгийг шүүгдэгч К.Т, Н.Ц нараас тус бүр 91,000 төгрөг гаргуулан хохирогчид олгохоор шийдвэрлэв.

 

Ял, эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүгдэгч К.Т, Н.Ц нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуульд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан “гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн” хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна.

 

Шүүгдэгч К.Т, Н.Ц нар нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар К.Т 5 жил, Н.Ц 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял тус тус шийтгэж, шүүгдэгч Н.Ц Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 81 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жил 1 сарын хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 06 сар 17 хоногийн хорих ялыг энэ тогтоолоор оногдуулсан 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял дээр нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 4 жил 17 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоож, шүүгдэгч К.Т, Н.Ц нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

Энэ хэрэгт шүүгдэгч К.Т, Н.Ц нарын 2020 оны 07 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн цагдан хоригдсон 12 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн болон хураасан хөрөнгөгүй болохыг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг сүхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч К.Т, Н.Ц нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч С.Төмөртогоод авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгохоор шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт тус тус зааснаар С.Т холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Ж овогт К.Т, Б овогт Н.Ц нарыг бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “дээрэмдэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

  1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар К.Т 5 /тав/ жил, Н.Ц 3 /гурав/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял тус тус шийтгэсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Н.Ц Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 81 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жил 1 сарын хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 06 сар 17 хоногийн хорих ялыг энэ тогтоолоор оногдуулсан 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял дээр нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 4 жил 17 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар К.Т оногдуулсан 5 /тав/ жил, Н.Ц оногдуулсан 4 /дөрөв/ жил 17 /арван долоо/ хоногийн  хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

  1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч К.Т, Н.Ц нараас тус бүр 91,000 /ерэн нэгэн мянга/ төгрөг гаргуулан хохирогч Дархан-Уул аймгийн Дархан сумын 3 дугаар баг, ............. тоотод оршин суух, Ш овгийн С.Т-д олгосугай.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар К.Т, Н.Ц нарын энэ хэрэгт цагдан хоригдсон 12 хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд оруулсан тооцсугай.

 

  1. Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Ж овогт К.Т, Б овогт Н.Ц, Б овогт М.С,  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт заасан гэмт хэрэгт Ш овогт С.Т нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1918008290235 дугаартай эрүүгийн хэргээс шүүгдэгч Б овогт М.С холбогдох хэргийг тусгаарласан, энэ хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хураасан битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж 1 ширхэг сүхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч К.Т, Н.Ц нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч С.Т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

 

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Г.ГЭРЭЛТ-ОД