| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нямжавын Гэрэлтуяа |
| Хэргийн индекс | 152/2017/00594/и |
| Дугаар | 608 |
| Огноо | 2017-09-06 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 09 сарын 06 өдөр
Дугаар 608
Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Төв аймгийн Борнуур суманд оршин суух, 1966 онд төрсөн, эмэгтэй, регистрийн дугаар ОЮ66081706, Тайж овогтой Самбуугийн Нарантуяагийн,
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2017 оны 8 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, 2017 оны 8 дугаар сарын 25-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Тэгшээ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Тамираа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч С.Нарантуяа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие 8 дугаар ангиа төгсөөд Монголын хувьсгалт залуучуудын эвлэлийн илгээлтээр малчин болсон. 1982 оноос Түргэн сумын Социализмын зам нэгдэлд малчнаар ажиллаж байсан. 4-н хүүхэдтэй. Одоо тэтгэврийн нас болсон байгаа ч тухайн үед хөдөлмөрийн дэвтэр авч чадаагүй учир шүүхэд хандах шаардлагатай болсон. Иймд миний Увс аймгийн Түргэн сумын Социализмын зам нэгдэлд 1982 оноос 1989 оныг дуустал хугацаанд мал маллаж байсныг сэргээн тогтоож өгнө үү” гэжээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч С.Нарантуяа нь ажиллаж байсан байдал тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргажээ.
Хэрэгт Увс аймгийн Архивын тасгийн 2017 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн цалингийн тодорхойлолт авагдсан байх ба уг тодорхойлолтод Увс аймгийн Түргэн сумын Социализмын зам нэгдлийн Бургастай бригадад ажиллаж байсан Самбуу овогтой Нарантуяагийн 1982 оны 9 дүгээр сараас 1989 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд ажиллаж, авч байсан цалинг түүвэрлэн ирүүлсэн байна.
Мөн 294890 тоот Монголын Хувьсгалт залуучуудын эвлэлийн бат илэрхийлэх, Монголын Хувьсгалт залуучуудын эвлэлийн 3571 тоот илгээлт, 1984 онд иргэн Б.Цэнд-Аюуш, Б.Цэцэгсүрэн нартай хамт авахуулсан 2 хувь гэрэл зургийн үзүүлэлт хэрэгт авагджээ.
Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр иргэн Х.Жаргал, Ч.Мэндсайхан нарыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр оролцуулсан бөгөөд гэрч Х.Жаргал: “Би 1977 оноос Увс аймгийн Түргэн сумын Социализмын зам нэгдэлд эвлэлийн үйлдвэрийн дарга, зоотехникчээр 1993 оныг дуустал хугацаанд ажиллаж байсан. С.Нарантуяа нь 1982 оноос эхлэн Түргэн сумын Социализмын зам нэгдлийн Бургастай бригадад илгээлтийн эзэн болон аав, ээжийнхээ дэргэд мал маллаж байсан. Ингээд тус бригадын иргэн Б.Цэнд-Аюуш гэх хүнтэй гэр бүл болсон ч Социализмын зам нэгдэлд тус нэгдлийг тарах хүртэл хугацаанд нөхрийн хамт мал маллаж байсан. Би Бургастай бригадын зоотехникчээр ажиллаж байсан учраас сайн мэдэж байна. Нэгдлийн даргаар Ш.Аюурзана, Ц.Цэвээнравдан гэх хүмүүс тус тус ажиллаж байсан” гэж, гэрч Ч.Мэндсайхан: “Би 1986 оноос эхлэн Увс аймгийн Түргэн сумын Социализмын зам нэгдэлд 1993 оныг дуустал хугацаанд мал маллаж байсан. С.Нарантуяа нь надаас өмнө мал маллаж эхэлсэн. Яг хэдэн онд гэдгийг нь би сайн мэдэхгүй. С.Нарантуяагийн аавыг Самбуу, ээжийг нь Заяат гэдэг байсан. Манайхан Бургастай бригадад айл хошоо байсан болохоор мэдэж байна. С.Нарантуяа аав, ээжийн хамтаар маллаж байгаад тус бригадын иргэн Б.Цэнд-Аюуштай гэр бүл болж, үргэлжлүүлэн Социализмын зам нэгдэлд нэгдэл тарах хүртэл хугацаанд мал маллаж байсан. Нэгдлийн даргаар Ш.Аюурзана, Ц.Цэвээнравдан гэх хүмүүс ажиллаж байсан” гэж тус тус мэдүүлсэн байх ба гэрчүүдийн ажиллаж байсан байдлыг нотлох Ч.Мэндсайханы ажиллаж байсан байдлыг тогтоосон Увс аймаг дахь Сум дундын шүүхийн 2011 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 533 дугаар шийдвэр, Х.Жаргалын хөдөлмөрийн дэвтрийн хуулбар хэрэгт авагдсан байна.
Иймд дээрх бичгийн нотлох баримт, гэрчүүдийн шүүхэд өгсөн мэдүүлэг, нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын тайлбар зэргийг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч С.Нарантуяагийн 1982 оны 9 дүгээр сараас 1989 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд Увс аймгийн Түргэн сумын Социализмын зам нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч С.Нарантуяагийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Тайж овогтой Самбуугийн Нарантуяагийн 1982 оны 9 дүгээр сараас 1989 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд Увс аймгийн Түргэн сумын Социализмын зам нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгч С.Нарантуяагийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нь уг шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ГЭРЭЛТУЯА