Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 09 сарын 08 өдөр

Дугаар 610

 

          Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

         Нэхэмжлэгч: Увс аймгийн  Улаангом сумын 6 дугаар баг, 2 дугаар гудамж, 64 тоот оршин суух, 1966 онд төрсөн, эрэгтэй, регистрийн дугаар ОО66091518, Монголмууд овогтой Ядамсүрэнгийн Даваанямын,  

         Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2017 оны 8 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, 2017 оны 8 дугаар сарын 15-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

        Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Сүрэнжав, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Тамираа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ  нь:

      Нэхэмжлэгч Я.Давааням шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие 1981 оны 7 дугаар сараас 1982 оны 3 дугаар сарыг хүртэл хугацаанд Барилга угсралтын трестийн Тоосгон заводын дугуй зууханд галчаар ажиллаж байсан. 1982 оны 3 дугаар сараас тоосго өрөгчөөр, 1993 оныг дуустал хугацаанд ажиллаж байгаад эрүүл мэндийн байдлаас болоод ажлаас гарсан. Тоосгоны заводын халуун зууханд тоосго, шохой шатаадаг, өрдөг ажил хийж байгаад эрүүл мэндийн улмаас цэргийн албанд тэнцээгүй. Тийм учраас цэрэгт яваагүй. Тэр үед анх илгээлтийн эздэд хөдөлмөрийн дэвтэр бичиж өгдөггүй байсан. Сүүлд хөдөлмөрийн дэвтрээ бичүүлж авсан боловч Улаанбаатар хотод эмчилгээнд явж байхдаа өөрт байсан бүх бичиг баримтын хамт гээгдүүлсэн. Тэгээд хүмүүсээс асуухад “Архив гэдэг газраас шүүлгэж авдаг” гэхээр нь аймгийн Архивт хандсан юм. Тэгтэл миний анх 1981 онд орсон тушаал, 1993 онд чөлөөлөгдсөн тушаал хоёрыг шүүлгэхэд гарсангүй. Харин тэр байгууллагаас өөрт холбогдолтой шагнал авч байсан болон бусад баримтаа авлаа. Миний бичиг баримт дутуу учраас шүүхэд хандаж байна. Иймд миний Барилга угсралтын трест болон Барилгын биржийн Тоосго шатаах дугуй зууханд 1981-1982 оны хооронд галч, 1982 оны 3 дугаар сараас 1993 оныг дуустал хугацаанд тоосго өрөгчөөр тус тус ажиллаж байсан жилүүдийг сэргээн тогтоож өгнө үү. Барилга угсралтын трест нь 1992 оны 3 дугаар сараас нэр нь “Бирж” болон өөрчлөгдсөн юм” гэжээ.     

     Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

       Нэхэмжлэгч Я.Давааням нь ажиллаж байсан байдал тогтоолгохоор шүүхэд хүсэлт  гаргажээ.  

    Хэдийгээр Увс аймгийн Архивын тасгийн 2017 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 298 дугаартай лавлагаанд: “Увс аймгийн Барилга угсралтын трестийн Барилга материалын үйлдвэрийн Тоосгоны заводын 1982-1993 оны цалинг шүүн үзэхэд Ядамсүрэн овогтой Даваанямын цалин гараагүй болно” гэсэн байх боловч хэрэгт ББМҮ-ийн яамны харьяа Увс аймаг дахь “Алтан гадас” одонт барилга трестийн даргын 1982 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 61 тоот “Ажил мэргэжлийн уралдаанд амжилттай оролцсон ажилчдыг шагнах тухай” тушаал, Увс аймгийн Барилга угсралтын трестийн материалын үйлдвэрийн даргын 1983 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 121 дүгээр “Бригад цех шагнах тухай” тушаал, ББМҮ-ийн яамны харьяа Увс аймаг дахь “Алтан гадас” одонт барилга трестийн даргын 1986 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 446 дугаар “Ажилчдад жилийн ажиллагааны үр дүнгээр шагнал олгох тухай” тушаал, Улсын барилгын хорооны харьяа Увс аймаг дахь “Алтан гадас” одонт барилга трестийн даргын 1989 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 343 дугаар “Уралдааны болзол дүгнэж, шагнах тухай” тушаал, Улсын барилгын хорооны харьяа Увс аймаг дахь “Алтан гадас” одонт барилга трестийн даргын 1992 оны 1 дүгээр сарын 03-ны өдрийн 01 тоот “Барилгын биржийг зохион байгуулах тухай” тушаал, мөн даргын 1992 оны 1 дүгээр сарын 05-ны өдрийн 02 тоот “Биржийн зөвлөлийн гишүүдийг батлах тухай” тушаалууд тус тусын хавсралтын хамтаар хэрэгт авагдсан байна.

     Тухайлбал,  ББМҮ-ийн яамны харьяа Увс аймаг дахь “Алтан гадас” одонт барилга трестийн даргын 1982 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 61 тоот “Ажил мэргэжлийн уралдаанд амжилттай оролцсон ажилчдыг шагнах тухай” тушаалд: “... 2. Өрлөгийн тэмцээнд мужаан зуурмаг, туслах ажлаар оролцож, нормоо 105-аас дээш хувиар биелүүлсэн ажилчид 51 хүнийг аймгийн Үйлдвэрчний эвлэлийн зөвлөл, Трестийн баярын бичиг, сайшаалын үнэмлэх бүгд 655 төгрөгөөр шагнасугай. ... Барилга угсралтын трестийн дарга Т.Батзул” гээд 2 дугаар хавсралтын 6 дугаарт “Давааням – 20 төгрөг” гэжээ.

      Увс аймгийн Барилга угсралтын трестийн материалын үйлдвэрийн даргын 1983 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 121 дүгээр “Бригад цех шагнах тухай” тушаалд: “... 1. Цехийнхээ төлөвлөгөөг 153 хувиар биелүүлсэн мужаан цехийг 1 дүгээр байр эзлүүлэн диплом 700 төгрөгөөр, төлөвлөгөөгөө 120 хувиар биелүүлсэн шохой альбасторын цехийг 2 дугаар байр эзлүүлэн диплом 600 төгрөг, бүгд  1.300 төгрөгөөр шагнасугай. ... Барилгын материалын үйлдвэрийн дарга Ч.Нүүнээ” гээд хавсралтын 5 дугаарт “Давааням 80 төгрөг” гэжээ.

      ББМҮ-ийн яамны харьяа Увс аймаг дахь “Алтан гадас” одонт барилга трестийн даргын 1986 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 446 дугаар “Ажилчдад жилийн ажиллагааны үр дүнгээр шагнал олгох тухай” тушаалд: “... 1. Байгууллагын төлөвлөгөөт зорилтыг биелүүлэхэд бүтээлч хувь нэмэр оруулж, ажлын цаг ашиглалтыг сайжруулж, норм төлөвлөгөөгөө биелүүлсэн 359 ажилчдыг 69.031 төгрөгөөр шагнасугай. ... Трестийн дарга Т.Батзул” гээд хавсалтын 3 дугаарт “Давааням 23 төгрөг” гэжээ.

         Улсын барилгын хорооны харьяа Увс аймаг дахь “Алтан гадас” одонт барилга трестийн даргын 1989 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 343 дугаар “Уралдааны болзол дүгнэж, шагнах тухай” тушаалд: “... 1. Уралдааны болзлын дагуу 1 дүгээр байр эзэлсэн хэсгийг баярын бичиг, 400 төгрөгөөр, 2 дугаар байр эзэлсэн хэсгийг баярын бичиг 350 төгрөгөөр, 3 дугаар байр эзэлсэн хэсгийг баярын бичиг 300 төгрөгөөр, уралдааны хугацаанд онцгой идэвхи зүтгэл гарган ажилласан 20 хүнийг 20 төгрөгөөр, хамт олноо сайн зохион байгуулсан хэсгийн ахлагч 2 хүнийг 25 төгрөгөөр тус тус шагнаж, хавсралтаар баталсугай. ... Барилга угсралтын трестийн дарга Т.Батзул” гээд хавсралтын 15 дугаарт “Давааням – нормын биелэлт 150,1 хувь – 20 төгрөг” гэжээ.

        Мөн Улсын барилгын хорооны харьяа Увс аймаг дахь “Алтан гадас” одонт барилга трестийн даргын 1992 оны 1 дүгээр сарын 03-ны өдрийн 01 тоот “Барилгын биржийг зохион байгуулах тухай” тушаал, мөн даргын 1992 оны 1 дүгээр сарын 05-ны өдрийн 02 тоот “Биржийн зөвлөлийн гишүүдийг батлах тухай” тушаалуудаас үзэхэд Увс аймгийн Барилга угсралтын трест 1992 оны 1 дүгээр сарын 03-ны өдрөөс эхлэн “Барилгын бирж” болсон нь тогтоогдож байна.

         Түүнчлэн хэрэгт авагдсан нэхэмжлэгч Я.Даваанямын 559380 тоот цэргийн батлахаас үзэхэд тэрээр 1986 оны 6 дугаар сарын 25-ны өдрөөс 1988 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн хооронд цэргийн алба хаасан болох нь тогтоогдож байна.

        Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр иргэн Ц.Чимэд, Б.Даваахүү нарыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр оролцуулсан бөгөөд гэрч Б.Даваахүү: “Миний бие нь 1978 оноос 1991 оныг дуустал хугацаанд Увс аймгийн Барилга угсралтын трестийн харъяа Барилга материалын үйлдвэрийн Тоосгон заводын тоосго шатаах дугуй зууханд өрөгч, шатаагч, гарагч гэх мэтийн даргаас үүрэг болгосон бүхий л ажлыг хийж гүйцэтгэдэг байсан. Я.Давааням Увс аймгийн Барилга угсралтын трестийн харъяа Барилга материалын үйлдвэрийн Тоосгон заводын тоосго шатаах дугуй зууханд тоосго шатаагч, өрөгч, гаргагчаар 1982 оноос эхлэн ажиллаж байсан. Я.Давааням нь ажиллаж байх хугацаандаа цэргийн албанд явж цэргийн алба хааж ирээд ажлаа үргэлжлүүлэн хийсэн. Намайг 1991 онд ажлаас гарахад Я.Давааням ажиллаад үлдсэн. Тухайн үед байгууллагын даргаар Т.Батзул, Ч.Нүүнээ, А.Өвгөнхүү, н.Пүрэвсүрэн гэх хүмүүс тус тус ажиллаж байсан” гэж, гэрч Ц.Чимэд: “Я.Давааням Увс аймгийн Барилга угсралтын трестийн харъяа Барилга материалын үйлдвэрийн Тоосгон заводын тоосго шатаах дугуй зууханд тоосго шатаагч, өргөгч, гаргагчаар 1982 оноос 1992 он хүртэл хугацаанд ажилласан. Би 1976 оноос 1992 хүртэл дээрх байгууллагад тоосго өрөгч, үнс нурам гаргагчаар ажиллаж байсан. Манай байгууллага нь 1992 онд хувьчлагдан тарсан. Я.Давааням нь 1986 онд цэрэгт явж, цэргийн алба хааж ирээд, үргэлжлүүлэн Тоосгоны заводдоо ажилласан. Тухайн үед байгууллагын даргаар Т.Батзул, Ч.Нүүнээ, А.Өвгөнхүү, н.Пүрэвсүрэн гэх хүмүүс ажиллаж байсан” гэж тус тус мэдүүлсэн байх ба гэрчүүдийн ажиллаж байсан байдлыг нотлох Ц.Чимэдийн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Б.Даваахүүгийн ажиллаж байсан байдлыг тогтоосон Сум дундын 24 дүгээр шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 5341 дүгээр шийдвэрийн хуулбар тус тус авагджээ.

         Иймд дээрх бичгийн нотлох баримт, гэрчүүдийн шүүхэд өгсөн мэдүүлэг, нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын тайлбар зэргийг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Я.Даваанямын 1981 оны 7 дугаар сараас 1982 оны 3 дугаар сар хүртэл хугацаанд Увс аймгийн Барилга угсралтын трестийн Барилгын материалын үйлдвэрийн Тоосгоны заводод Тоосго шатаах зуухны галчаар, 1982 оны 3 дугаар сараас 1986 оны 6 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл, 1988 оны 6 дугаар сараас 1992 оны 1 дүгээр сарын 03-ны өдөр хүртэл хугацаанд Увс аймгийн Барилга угсралтын трестийн Барилгын материалын үйлдвэрийн Тоосгоны заводод тоосго өргөгч, гаргагчаар, 1992 оны 1 дүгээр сарын 03-ны өдрөөс 1993 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд Увс аймгийн Барилгын биржийн Тоосгоны заводод тоосго өргөгч, гаргагчаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Я.Даваанямын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй. 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон  

ТОГТООХ нь:

            1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Монголмууд овогтой Ядамсүрэнгийн Даваанямын 1981 оны 7 дугаар сараас 1982 оны 3 дугаар сар хүртэл хугацаанд Увс аймгийн Барилга угсралтын трестийн Барилгын материалын үйлдвэрийн Тоосгоны заводод Тоосго шатаах зуухны галчаар, 1982 оны 3 дугаар сараас 1986 оны 6 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл, 1988 оны 6 дугаар сараас 1992 оны 1 дүгээр сарын 03-ны өдөр хүртэл хугацаанд Увс аймгийн Барилга угсралтын трестийн Барилгын материалын үйлдвэрийн Тоосгоны заводод тоосго өргөгч, гаргагчаар, 1992 оны 1 дүгээр сарын 03-ны өдрөөс 1993 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд Увс аймгийн Барилгын биржийн Тоосгоны заводод тоосго өргөгч, гаргагчаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.  

            2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгч Я.Даваанямын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нь уг шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй. 

 

                                                  ДАРГАЛАГЧ,

                                                  ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Н.ГЭРЭЛТУЯА