Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 09 сарын 04 өдөр

Дугаар 611

 

             Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

         Нэхэмжлэгч: Увс аймаг, Цагаанхайрхан сумын 1 дүгээр багт оршин суух, 1967 онд төрсөн, эмэгтэй, регистрийн дугаар ОО67021809, Шарилж овогтой Дондовын Бүжинлхамын,

            Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2017 оны 8 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, 2017 оны 8 дугаар сарын 21-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

             Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга А.Тамираа оролцов.   

ТОДОРХОЙЛОХ  нь:

        Нэхэмжлэгч Д.Бүжинлхам шүүхэд гаргасан нэхэмжлэл болон хүсэлтдээ: “Миний бие сургуульд сурч байгаагүй бөгөөд багаасаа Увс аймгийн Цагаанхайрхан сумын Хулж бригадад мал маллаж өссөн. Одоо ч гэсэн малаа маллан амьдарч байна. Миний хөдөлмөрийн дэвтэр үрэгдсэн байх ба надад ажиллаж байсныг нотлох ямар нэгэн баримт алга байна. Иймд миний Увс аймгийн Цагаанхайрхан сумын Сүхбаатарын зам нэгдэлд 1983-1989 оныг дуустал хугацаанд малчнаар ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоож өгнө үү. ... Миний бие ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг танай шүүхэд гаргасан. Би шүүх хуралдааны товыг мэдсэн боловч дахин унаанд сууж ирэх боломжгүй, даралт харваж, эмчилгээтэй байгаа тул намайг байлцуулахгүйгээр шүүх хуралдааныг явуулж, миний хүсэлтийг хангаж өгнө үү” гэжээ.

         Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

          Нэхэмжлэгч Д.Бүжинлхам нь ажиллаж байсан байдал тогтоолгохоор шүүхэд хүсэлт  гаргажээ.  

    Хэрэгт Увс аймгийн Архивын тасгийн 2016 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн цалингийн тодорхойлолт авагдсан байх ба уг тодорхойлолтод “Увс аймгийн Цагаанхайрхан  сумын Сүхбаатарын зам нэгдлийн Хунт бригадад ажиллаж байсан Дондов овогтой Бүжинлхамын 1983 оны 1 дүгээр сараас 1989 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд ажиллаж, авч байсан цалин”-г түүвэрлэн ирүүлсэн байна.            Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр иргэн Б.Цэрэндулам, Х.Маниушка нарыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр оролцуулсан бөгөөд гэрч Х.Маниушка: “Миний бие нь бага наснаасаа хичээл сургуульд суралцахгүйгээр аав, ээжийн хамтаар Увс аймгийн Цагаанхайрхан сумын Сүхбаатарын зам нэгдэлд 1992 оныг хүртэл хугацаанд мал маллаж ажиллан амьдарч байсан. Д.Бүжинлхам нь 1983 оноос эхлэн аав, ээжийнхээ хамтаар мал маллаж байгаад тус бригадын иргэн Нямдагва гэх хүнтэй сууж, тусдаа амьдрал зохиосон ч тус нэгдэлдээ үргэжлүүлэн мал малласан. Би одоогоор Д.Бүжинлхамыг яг хэдэн он хүртэл мал малласныг нь сайн санахгүй байна. Д.Бүжинлхамын аавыг Дондов гэдэг байсан. Бид нэг баг бригадын хүмүүс ба нэгнийхээ гэрээр орж, гардаг байсан учраас нэгдэлд ажиллаж байсныг нь мэднэ. Сүхбаатарын зам нэгдлийн даргаар н.Хоожин, н.Хүрэлхүү, Хулж бригадын даргаар н.Тайвантөр гэх хүмүүс ажиллаж байсан” гэж, гэрч Б.Цэрэндулам: “Миний бие Увс аймгийн Цагаанхайрхан сумын Сүхбаатарын зам нэгдэлд 1980 оноос 1992 оныг хүртэл хугацаанд мал маллаж ажиллан амьдарч байсан. Д.Бүжинлхам нь 1983 оноос эхлэн аав, ээжийнхээ дэргэд мал малласан. Д.Бүжинлхамын аав Дондовынх манайх Сүхбаатарын зам нэгдлийн Хунт бригадад хамтдаа мал маллаж байсан учраас нэгнээ сайн мэдэж байна. Д.Бүжинлхам нь 1983 оноос 1989 оныг дуустал хугацаанд тус нэгдэлд бог мал маллаж байсан. Сүхбаатарын зам нэгдлийн даргаар н.Хоожин, н.Хүрэлхүү, Хулж бригадын даргаар н.Тайвантөр гэх хүмүүс ажиллаж байсан” гэж тус тус мэдүүлсэн ба гэрчүүдийн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар хэрэгт авагджээ.

           Иймд хэрэгт авагдсан дээрх бичгийн болон бусад нотлох баримтуудыг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Д.Бүжинлхамын 1983 оны 1 дүгээр сараас 1989 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд Увс аймгийн Цагаанхайрхан сумын Сүхбаатарын зам нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Д.Бүжинлхамын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй. 

         Нэхэмжлэгч нь хүндэтгэн үзэх шалтгаанаа дурдаж, өөрийг нь байлцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт болон холбогдох баримтаа ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т зааснаар түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон  

ТОГТООХ нь:

            1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Шарилж овогтой Дондовын Бүжинлхамын 1983 оны 1 дүгээр сараас 1989 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд Увс аймгийн Цагаанхайрхан сумын Сүхбаатарын зам нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.  

            2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгч Д.Бүжинлхамын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

           Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар нэхэмжлэгч нь уг шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй. 

 

                                       ДАРГАЛАГЧ,

                                       ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Н.ГЭРЭЛТУЯА