Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 10 сарын 29 өдөр

Дугаар 2020/ШЦТ/1888

 

                                                                                                                      

 

    2020        10         29                                   2020/ШЦТ/1888

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж,

улсын яллагч С.Чимэдцэеэ,   

нарийн бичгийн дарга А.Хосбаяр,

шүүгдэгч Г.М нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэйгээр хялбаршуулсан журмаар хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Мд холбогдох эрүүгийн 2006 00000 2674 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

                      

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Г.М нь 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр Баянзүрх дүүргийн 05 дугаар хороо, 15 дугаар хорооллын 71 дүгээр байрны 162 тоотод байрлах өөрийн гэртээ эхнэр Б.Стай үл ялих шалтгааны улмаас маргаж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн түүний нүүрэн тус газарт гараараа цохиж биед хамар ясны цөмөрсөн хугарал, хамарт цус хуралт, зулгаралт, зүүн зовхи, хацарт цус хуралт гэмтэл бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.                                                                   /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

             ТОДОРХОЙЛОХ нь:

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Г.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлснийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн түүнд холбогдох эрүүгийн 2006 00000 2674 дугаартай хэргийг хянан шийдвэрлэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн судлахад шүүгдэгч Г.М нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

Хохирогч Б.Сгийн мөрдөн байцаалтад өгсөн:

“2020 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр гэртээ 3 хүүхдийн хамт байх үед манай нөхөр ажлаасаа 22 цагийн үед ирсэн. Хувцсаа угааж байснаа гэрээс гараад явсан ба 23 цагийн үед гэртээ буцаж орж ирсэн. Миний гар утасны цэнэг дуусах дөхөхөөр нь унтлагын өрөөнд ороод утсаа цэнэглэж байх үед манай найз залгаад “төрсөн өдөр болж байна, чи ирэхгүй юм уу” гэж хэлэхээр нь би “очиж чадахгүй, маргааш ажилтай” гэж хариулаад хоорондоо ярилцаж байхдаа инээсэн чинь нөхөр “гар утсаа өг” гэхээр нь би “гар утсаа өгөхгүй” гэж хэлэхэд миний гар утсыг булаах гээд байхаар нь гар утсаа өгөөгүй юм. Тэгсэн намайг цохиод гар утсыг булаагаад авсан” гэх мэдүүлэг /хх 15-18/,

 

Насанд хүрээгүй гэрч М.Мөнхжингийн мөрдөн байцаалтад өгсөн:

“Тухайн орой би зурагт үзээд сууж байх үед манай хоёр дүү “аав болиоч ээ” гэж орилж, ээж хашхираад байсан. Намайг очоод харахад ээжийн гараас аав гар утсыг булааж авч байсан. Ээж аавд гар утсаа өгөхгүй гээд аавын нүүр рүү 2-3 удаа өшиглөсөн. Намайг өрөөнд ороход ээж орон дээр хэвтсэн. Аав хажууд нь зогсож байсан ба аав ээжийн хацарт нэг удаа алгадах шиг болсон. Тэгсэн ээжийн хамраас цус гараад ээж хамраа дарсан. Тухайн үед ээж өөрийнхөө гар утсыг хана руу саваад газарт унахад аав гар утсыг нь аваад тэр өрөөнөөс гарсан. Аав том өрөөнд очоод ээжийн гар утсыг гартаа бариад сууж байсан. Би эмээ, өвөө руу утсаар ярьж дуудсан. Ээж унтлагын өрөөнөөс гараад үүдэнд хамраа дараад зогсож байсан ба хамраас нь цус гараад байхаар нь би цусыг арчаад байж байх үед эмээ, өвөө хоёр гаднаас орж ирсэн. Тэр үед ээж ах руугаа залгаад “ирээд ав, гэмтлийн эмнэлэг явж хамраа үзүүлнэ, цагдаа дуудаад хэрэггүй” гэж ярьсан. Удалгүй ээжийн ах над руу залгаад гэрийн хаяг асуухаар нь би хэлсэн. Тэгсэн цагдаа дуудсан байсан. Ээж олон хоног гадуур тэнэдэг. Сүүлийн хагас жил гадуур хонодог болсон. Ээж нэг явахаараа 2-3 хоног гэрээ ирэхгүй алга болдог ба гэртээ ирэхдээ архи уусан, эсвэл архи үнэртүүлчихсэн ирдэг. Тэр өдөр дунд дүүгийн эцэг, эхийн хурал болоод ээж очих ёстой байсан очоогүй юм. Аав тэрнээс болж бухимдаж уурлаад ээжийг цохисон байх. Тэр шөнө ээж гэмтлийн эмнэлэгт очиж үзүүлээд гэртээ ирж хоноод өглөө гарч яваад одоо хүртэл гэртээ ирээгүй. Манай аав архи уудаггүй. Аав Ус сувгийн удирдах газарт инженер ажилтай. Хэр баргийн зүйлд уурладаггүй. Эелдэг, зөөлөн ааштай. Бид нарт анхаарал халамж сайн тавьдаг. Ээж уг нь эелдэг, зөөлөн ааштай хүн байсан. Сүүлийн үед нэг л сонин ааштай болчихсон. Энэ явдлаас хойш ээж гэртээ ирээгүй бөгөөд бид нартай нэг ч удаа утсаар яриагүй. Ээж Гоо фитнес төвд ресепшин хийдэг. Дүү бид нарын төрсний гэрчилгээг аваад бараг нэг жил гаруй болж байна. Би төрсний гэрчилгээгээ ээжээс аваад гэртээ нуусан байсан чинь ээж олоод авчихсан байсан. Ээж бид нарын халамжийн дэвтрийг аваад явсан байна. Ээжээс халамжийн дэвтэр, төрсний гэрчилгээгээ асуусан чинь “сейфт байгаа” гэж хэлсэн байхаар нь би өнөөдөр үзэхэд байхгүй байсан. Бид нарын хүүхдийн мөнгийг авч үрээд явдаг” гэх мэдүүлэг /хх-ийн 23-25/,

 

Насанд хүрээгүй гэрч М.Мөнхтуяагийн мөрдөн байцаалтад өгсөн:

“Ээж 2-3 хоног гэртээ ирээгүй. Тухайн өдөр би аав руу залгаад эцэг эхийн хурлын талаар хэлэхэд “аав нь ажилтай амжихгүй, ээждээ хэлчих” гэж хэлэхээр нь ээж руу залгаад “орой 18 цаг 30 минутаас эцэг, эхийн хуралтай шүү” гэж хэлсэн. Тэгсэн ээж Мөнхжин эгчийг гэрээс дуудаад миний эцэг эхийн хуралд сууна гэж хэлсэн байсан. Намайг сургууль дээр очиход ээж ирээгүй. Аав, эгч, эмээ нар хамт гэртээ байж байх үед ээж гаднаас эрүүл орж ирсэн. Тэр өдрөөс өмнө ээж гэртээ 2 хоног ирээгүй. Ээжийг ирэнгүүт эмээ гэр рүүгээ явсан. Аав ширээн дээр хоол идээд сууж байх үед ээж ааваас зугтаад байгаа юм шиг утсаар яриад наашаа, цаашаа яваад байсан. Ээж өрөө рүүгээ ороод утсаар ярьж дуусаад фэйсбүүк ороод байж байх үед аав араас нь ороод ээжийн гар утсыг авах гэхэд ээж өгөхгүй байсан. Тэр үед аав, ээж, Есүй, бид нар тэр өрөөнд байсан ба Мөнхжин ариун цэврийн өрөөнд байсан. Аав ээжийн гар утсыг авах гэхэд ээж аавын нүүр рүү 2 удаа өшиглөөд дараа нь гэдэс рүү нь тийрсэн. Аав уурлаад ээжийн хамарт нэг удаа цохисон. Ээж том өрөө руу ороод цагдаа дууд гээд орилоод байсан. Мөнхжин анай утсаар эмээг дуудсан. Эмээ, өвөө хоёр манай гэрт ирсэн. Бид нар хамт байхаас хойш аав ээжийг нэг ч удаа цохиж байгаагүй. Ээж найзуудтайгаа хамт архи уудаг. Өмнө нь хоёр удаа гэртээ согтуу ирж байсан. Ээж өмнө нь найзынхаа хурим гэж яваад 4-5 хоног гэртээ ирээгүй. Бид нар цагдаад мэдэгдэж ээжийг хайлгаж байхад ээж бид нарыг тоохгүй гадуур хоносон байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 27-29/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 09 дүгээр сарын 26-ны 11081 дугаартай:

“Б.Сгийн биед хамар ясны цөмөрсөн хугарал, хамарт цус хуралт зулгаралт, зүүн зовхи, зүүн хацарт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн хоёр удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөр чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх-ийн 31-32/,

 

Шүүгдэгч Г.Мын мөрдөн байцаалтад өгсөн:

“Тухайн орой 20 цагийн үед гэртээ ирсэн. Манай дунд охин над руу залгаж “ээж, эцэг эхийн хуралд суугаагүй байна” гэж хэлсэн. Манай хоёр бага охин орой болсон хойно сургуулийн гадна намайг хүлээгээд зогсож байсан. Би хүүхдийн багштай уулзсан. Тэгээд том охин руугаа утасдахад “би ээжийн ажил дээр 15 цагийн үед ирсэн, ээж намайг дунд дүүгийн эцэг, эхийн хуралд сууна гэж дуудсан” гэж хэлсэн. Тэгсэн ээж нь хуралд суугаагүй, алга болчихсон байсан. Би том охиноо 21 цагийн үед эхнэрийнхээ ажил дээрээс очиж авсан. Эхнэр маань манай 14 настай охиныг өөрийн ажилладаг фитнесийн газарт 15 цагаас хойш ажиллуулсан байсан.

Тухайн орой 22 цагийн үед хүүхдийнхээ хувцас хунарыг угаасан ба 23 цагийн үед машиндаа тамхи татчихаад гэртээ орж ирэхэд эхнэр гэртээ ирсэн байсан. Тэр өдрөөс өмнө эхнэр 6 өдөр дараалан гэртээ хонолгүйгээр явсан юм. Би эхнэрээ надтай ярих байх гэж бодоод 30 минут хүлээсэн. Гэтэл эхнэр гар утсаараа тасралтгүй яриад байсан. Би эхнэрээсээ гар утсаа өг гэхэд өгөхгүй байхаар нь гараас шүүрч авсан. Эхнэр бид хоёр гар утсыг булаацалдаж, таталцаж байх үед эхнэр муухай орилоод намайг өшиглөөд байхаар нь би эхнэрийнхээ нүүр рүү нэг удаа гараараа цохисон. Эхнэрийн хамраас цус гоожсон. Эхнэр уурлаад гар утсыг газарт шидсэн. Би гар утсыг аваад том өрөөнд орсон. Эхнэр ахдаа, цагдаад хэлнэ гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хх 40-44/,

- Гэмт хэргийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх 02/,

- Баянзүрх дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн шуурхай удирдлагын тасгийн дуудлагын лавлагааны хуудас, эргүүлийн офицерын илтгэх хуудас /хх 03-04/,

- Аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл /хх 05/,

- Эмчилгээний баримт /хх 09-10/ зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 

Хавтаст хэргээс шүүгдэгч Г.Мийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 47/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 48/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх 49/, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /х 50/, үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн лавлагаа /хх 51/, жолоодох эрхийн лавлагаа /хх 52/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх 53/, Ус сувгийн удирдах газрын ус хангамжийн албаны 17 дугаар тодорхойлолт /хх 58/, хувийн байдлын талаарх баримт /хх 59-62/, Голомт банкны дансны хуулга /хх 63-71/, шүүгдэгч, хохирогч нарын хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх прокурорт гаргасан хүсэлт /хх 80, 83/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүгдэгчийн гэм бурууг нотлоход хангалттай байна гэж үзэв.

 

Шүүгдэгчийг тухайн гэмт хэргийг үйлдээгүй гэж үзэх үндэслэл, нотолгоогүй, мөн тус хэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна.      

 

Шүүгдэгч нь хохирогч, гэрч худал мэдүүлсэн эсхүл өөрийн гэмт хэрэг үйлдээгүйг нотлох шинэ нөхцөл байдал илэрсэн нь нотлох баримттай гэж үзвэл прокурорт хандах эрх нь нээлттэй юм.      

 

Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай байх бөгөөд Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Г.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэл хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Г.М нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

 

Иймд шүүгдэгч Г.Мыг гэр бүлийн хамаарал бүхий хүн болох эхнэр Б.Сгийн бие махбодод хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирлыг төлж барагдуулсан байх учир шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв. 

 

Хохирогч Б.С нь цаашид гаргах хохирлын талаарх баримтыг бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар шүүгдэгчээс хохирол нэхэмжлэх эрхтэйг дурдах нь зүйтэй байна.

 

Уг гэмт хэрэг үйлдэгдэхэд хохирогч Б.Сгийн зүй бус үйлдэл болох гэр бүлийн гишүүддээ мэдэгдэлгүйгээр, ярилцаж ойлголцолгүйгээр, гэр бүлээсээ тусдаа хэдэн өдөр, хоногоор гадуур явдаг нь шууд нөлөөлжээ.

 

Шүүгдэгч Г.Мын үйлдсэн гэмт хэргийнх нь нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хохирлын хэмжээ, хохирлыг төлж барагдуулсан байдал, хувийн байдал, гэмт хэрэг үйлдэх болсон шалтгаан нөхцөл зэргийг харгалзан үйлдсэн гэмт хэргийнх нь хор уршгийг ухамсарлуулах зорилгоор Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан ялаас чөлөөлөхөөр шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Г.М нь гэмт хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон шүүгдэгчийн эзэмшлийн эд хөрөнгийг битүүмжлээгүйг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

                                                                                                          ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч А овогт Гын Мыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан ялаас шүүгдэгч Г.Мыг чөлөөлсүгэй.

 

3. Шүүгдэгч нь хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Б.С нь хохирлын талаарх баримтыг бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар шүүгдэгчээс хохирол нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

                       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Н.БААСАНБАТ