| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нямжавын Гэрэлтуяа |
| Хэргийн индекс | 152/2017/00564/и |
| Дугаар | 612 |
| Огноо | 2017-09-08 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 09 сарын 08 өдөр
Дугаар 612
Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Увс аймгийн Улаангом сумын 5 дугаар баг, 16-19 тоотод оршин суух, 1957 онд төрсөн, эрэгтэй, регистрийн дугаар ОМ57081018, Хольдог овогтой Жоошийн Сэтэнгийн,
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2017 оны 7 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, 2017 оны 8 дугаар сарын 07-ны өдөр иргэний хэрэг үүсгэн, хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ж.Сэтэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Тамираа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ж.Сэтэн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие 1972 оноос 1975 он хүртэл хугацаанд Увс аймгийн Тариалан сумын Туяа нэгдэлд хоньчноор, 1976 оноос 1979 онд цэргийн албанд, 1979 оноос 1981 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл хугацаанд Улаангом сумын Барилга трестэд армотурчнаар, 1981 оны 6 дугаар сараас 1992 оны 9 дүгээр сар хүртэл хугацаанд Тариалан сумын Туяа нэгдэлд үхэрчнээр тус тус ажиллаж байсан. Одоо өндөр насны тэтгэвэрт гарах нас болсон, Туяа нэгдэл болон Барилга угсралтын трестэд ажиллаж байсан үеийн 1972 оноос 1975 он, 1979 оноос 1981 он, 1981 оны 6 дугаар сараас 1992 оны 9 дүгээр сар хүртэлх хугацааны хөдөлмөрийн дэвтрийн бичилт байгаа боловч баталгаажуулаагүй гэх тул шүүхэд хандах шаардлагатай болсон юм. Иймд миний Увс аймгийн Тариалан сумын Туяа нэгдэлд 1972 оноос 1975 оны хооронд хоньчноор, 1979 оноос 1981 оны хооронд Барилга угсралтын трестэд армотурчнаар, 1981 оны 6 дугаар сараас 1992 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийг дуустал хугацаанд хоньчин, үхэрчнээр ажиллаж байсан байдлыг тус тус сэргээн тогтоож өгнө үү” гэжээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ж.Сэтэн нь ажиллаж байсан байдал тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргажээ.
Хэдийгээр Увс аймгийн Архивын тасгийн 2017 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 302 дугаартай лавлагаанд: “Увс аймгийн Тариалан сумын Туяа нэгдлийн Гурван тээл бригадын 1981-1992 оны цалинг шүүн үзэхэд Жоош овогтой Сэтэнгийн цалин гараагүй нь үнэн” гэсэн байх боловч хэрэгт нэхэмжлэгчийн 1981 оны 1 дүгээр сараас 1988 оны 12 дугаар сар, 1991 оны 1 дүгээр сараас 1992 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд цалин авсан тухай бичилт бүхий 2 ширхэг хөдөлмөрийн дэвтэр эх хувиараа, 1983 оны 5 дугаар сарын 10-ны өдөр Увс аймгийн Туяа нэгдлийн зөвлөлөөс Ж.Сэтэнд олгосон “Сайшаалын үнэмлэх”, 1987 оны 5 дугаар сарын 13-ны өдөр Туяа нэгдлийн зөвлөлөөс Ж.Сэтэнд олгосон “Сайшаалын үнэмлэх” тус тус эх хувиар, мөн Увс аймгийн Архивын тасгаас гарч ирсэн Увс аймгийн Барилга угсралтын трестийн даргын 1979 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 302 тоот “Ажилд авах тухай” тушаал, ББМҮ-ийн яамны харьяа Увс аймаг дахь “Алтан гадас” одонт барилга трестийн даргын 1981 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 67 тоот “Ажлаас чөлөөлөх тухай” тушаал, Увс аймгийн Тариалан сумын Туяа нэгдлийн ерөнхий хорооны даргын 1992 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 108 тоот “Ажлаас чөлөөлж, өөр байгууллагад шилжүүлэх тухай” тушаал, хавсралтын хамтаар, Монгол Улсын Батлан хамгаалах яамны харьяа Батлан хамгаалахын төв архивын 2017 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 9783 тоот лавлагаа хэрэгт авагджээ.
Тухайлбал, 1983 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн Увс аймгийн Туяа нэгдлийн зөвлөлөөс Ж.Сэтэнд олгосон “Сайшаалын үнэмлэх”-д: “1982 оны тууврын мал оторлон таргалуулж, бэлтгэлийн малын жинг 126,6 хувиар нэмэгдүүлж, өндөр ажмилт гаргасныг сайшааж, сайшаалын үнэмлэх, үнэ бүхий зүйлээр шагнав. Танд ажлын их амжилт хүсье. Туяа нэгдлийн зөвлөл” гэжээ.
1987 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн Туяа нэгдлийн зөвлөлөөс Ж.Сэтэнд олгосон “Сайшаалын үнэмлэх”-д: “1986 оны улсын бэлтгэлийн мал тууварлах, тушаах ажилд өөрийн хүч, идэвхээ дайчлан ажиллаж, хариуцсан малаа хорогдолгүй маллаж, тарга хүчний төлөвлөгөөгөө давуулж, биелүүлсэн тул сайшаалын үнэмлэх 80 төгрөгөөр шагнав. Туяа нэгдлийн зөвлөл” гэжээ.
Увс аймгийн Барилга угсралтын трестийн даргын 1979 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 302 тоот “Ажилд авах тухай” тушаалд: “Аймгийн ХНХ-ийн шийдвэрээр 1979 оны цэргээс халагдаж ирсэн барилгын цэргүүдийг барилгад ажиллуулах тусгай шийдвэр гарсныг үндэслэн Тушаах нь: 1. Доорх нэр бүхий хүмүүсийг .... Жоош овогтой Сэтэнг 9 дүгээр сарын 19-ний өдрөөс эхлэн армотурын цехэд армотурчнаар ... авч ажиллуулсугай. ... Барилга угсралтын трестийн дарга Т.Батзул” гэжээ.
ББМҮ-ийн яамны харьяа Увс аймаг дахь “Алтан гадас” одонт барилга трестийн даргын 1981 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 67 тоот “Ажлаас чөлөөлөх тухай” тушаалд: “Аймгийн эмч нарын зөвлөгөөний шийдвэрийг үндэслэн Тушаах нь: 1. Нормчноор ажиллаж байсан Жоош овогтой Сэтэнг 1981 оны 4 дүгээр сарын 10-ны өдрөөс эхлэн нормчны үүрэгт ажлаас чөлөөлсүгэй. ... Барилга угсралтын трестийн дарга Т.Батзул” гэжээ.
Увс аймгийн Тариалан сумын Туяа нэгдлийн ерөнхий хорооны даргын 1992 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 108 тоот “Ажлаас чөлөөлж, өөр байгууллагад шилжүүлэх тухай” тушаалд: “Тариалан сумын Туяа нэгдэл задарч өөр компаниуд болон өөрчлөгдөж байгаа тул Тушаах нь: 1. Туяа нэгдлийн Мянган, Үйлдвэр бригадуудад ажиллаж байсан малчин, саальчин, хадланчин, ногоочин, барилгачин, грушик зэрэг 74 хүнийг хавсралтаар 1992 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн тус бүрийг үүрэгт ажлаас нь чөлөөлж, мөн өдрөөс эхлэн Алтан тээл компанийн мэдэлд шилжүүлсүгэй. ... Дарга Ш.Цэндсүрэн” гэжээ.
Монгол Улсын Батлан хамгаалах яамны харьяа Батлан хамгаалахын төв архивын 2017 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 9783 тоот лавлагаанд: “Зууш /Жоош/-ын Сэтэн Батлан хамгаалах яамны сайдын 1976 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн н/177 дугаар тушаалаар Увс аймгаас 1976 оны 7 дугаар сарын 15-ны өдөр хугацаат цэргийн албанд татагдан, Барилгын цэргийн 166 дугаар ангид цэргийн алба хааж, мөн сайдын 1979 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн н/364 дүгээр тушаалаар 1979 оны 8 дугаар сарын 15-ны өдөр 349677 дугаарын цэргийн батлахтай халагдсан” гэжээ.
Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр иргэн Т.Жаалаа, Ж.Загиржав нарыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр оролцуулсан бөгөөд гэрч Т.Жаалаа: “Би 1973 оноос эхлэн Увс аймгийн Тариалан сумын Туяа нэгдэлд хоньчин, саальчнаар 1989 он хүртэл ажилласан. Тэр цагаас хойш Хар толгойн бэлтгэл ангийн манаачаар ажилласан. Ж.Сэтэн нь 1972 оноос эхлэн тус нэгдэлд хонь, үхэр малладаг байсан. Тэрээр нэгдэл тарах хүртэл мал малласан. Нэгдэлд ажиллаж байгаад цэргийн албанд яваад, мөн Барилга угсралтын трестэд хэдэн жил ажиллаад буцаад Туяа нэгдэлдээ ирж, үхэр сарлаг малласан юмаа. Бид хамтдаа Туяа нэгдлийн Гурван тээл бригадад мал малладаг байсан учраас сайн мэдэж байна. Ж.Сэтэнгийн аавыг Жоош гэдэг, мөн нэгдлийн малчин байсан. Тухайн үед нэгдлийн даргаар н.Пүрвээ, н.Баазар гэх хүмүүс ажиллаж байсан” гэж, гэрч Ж.Загиржав: “Миний бие 1976 оны 9 дүгээр сараас 1982 оны 4 дүгээр сар хүртэл хугацаанд Увс аймгийн Барилга угсралтын трестэд барилгачнаар ажиллаж байсан. Намайг анх ажилд ороход тухайн байгууллага нь Барилга угсралтын контор гэх нэртэй байснаа 1978 онд трест гэх нэртэй болж, үйл ажиллагаа явуулсан. Ж.Сэтэн нь 1979 оноос эхлэн манай байгууллагад ажиллаж, 1981 оны дундуур хүртэл хугацаанд ажиллаж байгаад гэр бүлтэй болж, хурим найраа хийчихээд өөрийн хүсэлтээр ажлаас гарч, Туяа нэгдэлд малчин болж байсан. Би тухайн үед хамт ажиллаж байсан учраас сайн санаж байна. Тэр үед манай байгууллагын даргаар н.Батзул гэх хүн ажиллаж байсан” гэж тус тус мэдүүлсэн ба гэрч Т.Жаалаагийн ажиллаж байсан байдлыг тогтоосон Увс аймаг дахь Сум дундын шүүхийн 2012 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн 60 тоот шийдвэр, түүний хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, гэрч Ж.Загиржавын ажиллаж байсан байдлыг нотлох Увс аймгийн Барилга угсралтын конторын даргын 1976 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 174 тоот “Цэргийн хугацаа дуусаж, халагдаж ирсэн хүмүүсийг ажилд авах тухай” тушаал, ББМҮ-ийн яамны харьяа Увс аймаг дахь “Алтан гадас” одонт барилга трестийн даргын 1981 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 289 дүгээр “Барилга угсралтын ажилчидад нийт ба тасралтгүй ажилласны нэмэгдэл олгох тухай” тушаал, хавсралтын хамт гэсэн баримтууд хэрэгт авагджээ.
Иймд дээрх бичгийн нотлох баримт, гэрчүүдийн шүүхэд өгсөн мэдүүлэг, нэхэмжлэгчийн тайлбар зэргийг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Ж.Сэтэнгийн 1972 оны 1 дүгээр сараас 1975 оны 6 дугаар сарыг дуустал хугацаанд Увс аймгийн Тариалан сумын Туяа нэгдэлд малчнаар, 1979 оны 9 дүгээр сарын 19-ний өдрөөс 1981 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл хугацаанд Увс аймгийн Барилга угсралтын трестэд армотурчнаар, 1981 оны 4 дүгээр сарын 10-ны өдрөөс 1992 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийг дуустал хугацаанд Увс аймгийн Тариалан сумын Туяа нэгдэлд малчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Ж.Сэтэнгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Хольдог овогтой Жоошийн Сэтэнгийн 1972 оны 1 дүгээр сараас 1975 оны 6 дугаар сарыг дуустал хугацаанд Увс аймгийн Тариалан сумын Туяа нэгдэлд малчнаар, 1979 оны 9 дүгээр сарын 19-ний өдрөөс 1981 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл хугацаанд Увс аймгийн Барилга угсралтын трестэд армотурчнаар, 1981 оны 4 дүгээр сарын 10-ны өдрөөс 1992 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийг дуустал хугацаанд Увс аймгийн Тариалан сумын Туяа нэгдэлд малчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгч Ж.Сэтэнгийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар нэхэмжлэгч нь уг шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ГЭРЭЛТУЯА