| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Түмэн-Өлзийгийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 188/2019/1014/Э |
| Дугаар | 2019/ШЦТ/1028 |
| Огноо | 2019-09-30 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Х.Онолт |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 09 сарын 30 өдөр
Дугаар 2019/ШЦТ/1028
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Алтантуяа даргалж, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Ууганзаяа хөтлөн, улсын яллагч Х.Онолт, хохирогч Д.Ц-, шүүгдэгч Д.Б, түүний өмгөөлөгч Н.Одонтуяа /шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар 0165/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос: О.Д.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ............ дугаартай хэргийг 2019 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, 2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: О.Д.Б, Монгол Улсын иргэн, ...........-ний өдөр ... төрсөн, ...настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл .............. тоотод оршин суудаг, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан байдал: -Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 1175 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр, 2 жил 6 сарын хугацаагаар хорих шийтгүүлж, шүүхээс хорих ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзахаар тогтоосон, -Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 342 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 320 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгүүлж, 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдөр ялыг эдэлж дууссан, (РД:..................).
Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга./яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ Шүүгдэгч Д.Б нь 2019 оны 6 дугаар сарын 06-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Их хайрхан” зоогийн газарт үйлчлүүлж байсан иргэн Д.Ц-гийн “Самсунг А7” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 475.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч нарын өгсөн мэдүүлэг: Шүүгдэгч Д.Б мэдүүлэхдээ: Хэрэг гарах үед би архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Цайны газар ундаа авах гээд ороход хүний халаасанд гар утас байхаар нь аваад гарсан. Би гар утсыг хэнд өгснөө, мөнгийг нь яаж үрсэнээ санахгүй байна гэв. Хохирогч Д.Ц- мэдүүлэхдээ: 2019 оны 6 дугаар сарын 06-ны өдөр “Саппоро”-гийн автобусны буудлын хойд талын “Их хайрхан” зоогийн газарт хоёр ач хүүтэйгээ хоолонд орсон. Хүүхдийнхээ хоолыг идүүлчихээд, халаасандаа гараа хийтэл миний гар утас байхгүй байсан. Дараа нь камер шүүгээд цагдаад өргөдөл өгсөн. “Самсунг А7” маркийн гар утас байсан гэв. Хоёр. Эрүүгийн 1908 0309 71116 дугаартай хэргээс талуудын шинжлэн судалсан нотлох баримтууд:
1.Хохирогч Д.Ц-гийн мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 6 дугаар сарын 17-ны өдөр өгсөн: “... Би 2019 оны 6 дугаар сарын 06-нд 17 цагийн орчимд Саппоро үйлчилгээний төвийн хажууд байрлах “Их хайрхан” цайны газарт 2 хүүхдээ хоол идүүлэх санаатай орсон. Хүүхэддээ хоолыг нь халбагадаж өгөөд сууж байтал цэнхэр куртиктай, хар хантаазтай, 30 орчим настай, нэг нүд нь хөхөрчихсөн, бага зэрэг тарган эрэгтэй хүн орж ирээд миний ар талын ширээн дээр суусан. Тэр эрэгтэй хоол захиалахгүй суугаад байхаар нь би согтуу юм байна гэж бодоод тоогоогүй. Тэр залуу хэсэг сууж байгаад гарсны дараа би өөрийн гар утсаа шалгатал байхгүй болсон байсан. Цайны газрын зөөгчид хэлтэл надад хяналтын камер шүүж өгсөн. Хяналтын камерын бичлэгт миний ард сууж байсан цэнхэр цамц, хар хантаазтай залуу хулгайлаад гараад явж байсан. Тэр цэнхэр цамцтай залуугаас өөр хүн орж ирээгүй юм. Би тэр залууг дахиад харвал танина. Бор царайтай, цүдгэр гэдэстэй, цэнхэр малгайтай цамцны гадуур хар өнгийн зузаан хантааз өмссөн, хажуу талаараа үүрдэг үүргэвчийг мөрөө давуулаад цээжиндээ зүүсэн, саравчтай малгайтай байсан. Бага зэрэг архи үнэртэж байсан. Би гар утсаа 2018 онд 580.000 төгрөгөөр худалдан авч байсан. Самсунг А-7 загварын гар утас байсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 10 дугаар тал),
2. Шүүгдэгч Д.Бын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар 2019 оны 7 дугаар сарын 23-ны өдөр өгсөн: “...Би 2019 оны 6 дугаар сарын 06-ны өдөр Саппоро үйлчилгээний төвийн орчмоор аууж байгаад мөнгөгүй болчихоод дахин архи уух зорилгоор халаасны хулгай хийж мөнгө олохоор шийдээд Саппоро үйлчилгээний төвийн хойд талд байрлах “Их хайрхан” зоогийн газарт ортол нэг эгч 2 хүүхэд хооллоод бөхийгөөд зогсож байхаар нь хажуу талаар нь өнгөрч байгаа юм шиг болоод халаасыг нь хартал хар өнгийн гар утас байсан. Тэр эгчийн ард талынх нь ширээн дээр суугаад ойр хавьд хүн байгаа эсэхийг ажиглатал тэр эгч хоёр хүүхэдтэй, мөн надаас өөр хүн байхгүй байсан. Би хувцасных нь баруун талын халааснаас гар утсыг нь аваад гарсан. Гараад хулгайлсан гар утсаа хартал хар өнгийн 2018 оны “Самсунг А-8” маркийн гар утас байсан. Тухайн үед би нилээн согтолттой байсан. Утсыг яаж үрснээ бол санахгүй байна. Ямар ч байсан миний авсан гар утас алга болчихсон. ...Би хийсэн хэрэгтээ их гэмшиж байна. Хохирлоо барагдуулах хүсэлтэй байна . ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 34-37 дугаар тал),
3. 2019 оны 6 дугаар сарын 17-ны өдөр явуулсан таньж олуулах ажиллагааны тэмдэглэлд: “... 30 орчим настай, 170-175 см орчим өндөртэй, нэг нүд нь хөхөрсөн, цэнхэр өнгийн юүдэнтэй цамц, хар өнгийн хантааз, саравчтай малгайтай, нүдэнд дулаан бор өнгийн арьстай, залуу байсан. Харвал танина. ... 3 дугаарын зурган дээрх эрэгтэй мөн байна. ...” гэх хэсэг, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 16-18 дугаар тал),
4. 2019 оны 6 дугаар сарын 11-ний өдөр “Их хайрхан” зоогийн газрын камерын бичлэгийг хураан авсан тэмдэглэл, мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцсон прокурорын 103 дугаар тогтоол (хавтаст хэргийн 19, 21 дүгээр тал), -2019 оны 6 дугаар сарын 11-ний өдөр “Их хайрхан” зоогийн газрын 2019 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн камерын бичлэгт үзлэг хийхэд “... мөн өдрийн 17 цаг 57 минутад хохирогч Д.Ц- нь 2 хүүхэддээ хоол халбагадан өгөөд зогсож байх үед цэнхэр өнгийн малгайтай цамц, хар өнгийн зузаан хантааз, цайвар цагаан өнгийн саравчтай малгайтай, бор хүрэн өнгийн нэг талдаа үүрдэг үүргэвчин цүнхтэй, 30 орчим настай эрэгтэй хүн цайны газарт орж ирээд хохирогчоос хараагаа салгалгүй хохирогчийн хажуугаар өнгөрч байснаа гэнэт зогсоод буцаад хохирогчийн ар талын сандалд суух бөгөөд 17 цаг 58 минут 29 секундэд босч хохирогчийн баруун талын халааснаас гар утсыг нь аваад 10 орчим секунд сууж байгаад гараад явж байгаа тухай ...” бичлэг тусгагдсан талаар тэмдэглэл (хавтаст хэргийн 22 дугаар тал), -Камерын бичлэгийг эд мөрийн баримтаар тооцсон мөрдөгчийн тогтоол (хавтаст хэргийн 23 дугаар тал),
5. “Дамно” ХХК-ний 2019 оны 6 дугаар сарын 14-ний CXДЗ-19-470 дугаартай “Samsung А7” маркийн гар утасны үнийг 475.000 төгрөгөөр тогтоосон үнэлгээний тайлан (хавтаст хэргийн 24-25 дугаар тал), Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд:
6. Шүүгдэгч Д.Бын иргэний үнэмлэхийн лавлагаа, (хавтаст хэргийн 67 дугтал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас (хавтаст хэргийн 44 дүгээр тал), шийтгэх тогтоолын баталгаажуулсан хуулбар (хавтаст хэргийн 45-61 дүгээр тал), түүний нэр дээр эд хөрөнгө бүртгэлгүй тухай Улсын бүртгэлийн ерөнхий газрын албан бичиг (хавтаст хэргийн 66 дугаар тал) болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно. Шүүхийн хэлэлцүүлэгт судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан, хохирогч, яллагдагч нарыг байцаахдаа тэдний хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул шүүх хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үзэж нотлох баримтаар үнэлэв.
Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал.
1.Гэм буруугийн талаар: Улсын яллагч дүгнэлтдээ “Шүүгдэгч Д.Б нь 2019 оны 6 дугаар сарын 06-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Их хайрхан” зоогийн газарт үйлчлүүлж байсан иргэн Д.Ц-гийн “Самсунг А7” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 475.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан болох нь хохирогчийн мэдүүлэг, шүүгдэгчийн мэдүүлэг, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл зэргээр тогтоогдсон тул Д.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах” тухай дүгнэлтийг гаргасан, шүүгдэгч Д.Б, түүний өмгөөлөгч Н.Одонтуяа нар нь хэргийн үйл баримт, зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй. Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Д.Бын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд: Шүүгдэгч Д.Б нь 2019 оны 6 дугаар сарын 06-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Их хайрхан” зоогийн газарт үйлчлүүлж байсан иргэн Д.Ц-гийн “Самсунг А7” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар халааснаас нь хулгайлан авч 475.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан болох нь : -хохирогч Д.Ц-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2019 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 17 цагийн орчимд “Их хайрхан” цайны газарт өөрийн ач болох 2 хүүхдэд хоол идүүлэхээр орсон. 2 хүүхэддээ хоолыг нь халбагадаж өгөөд сууж байтал цэнхэр куртиктай, хар хантаазтай, 30 орчим настай, нэг нүд нь хөхөрчихсөн, бага зэрэг тарган, эрэгтэй хүн орж ирээд, ар талын ширээн дээр суусан. ...тэр залуу хэсэг сууж байгаад гарсан, дараа нь би өөрийн гар утсаа шалгатал байхгүй болсон байсан. ...цайны газрын зөөгчид хэлтэл надад хяналтын камер шүүж өгсөн, камерын бичлэгт миний ард суугаад байсан цэнхэр цамц, хар хантаазтай залуу хулгайлаад гараад явж байсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 10 дугаар тал), -шүүгдэгч Д.Бын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...2019 оны 6 дугаар сарын 06-ны өдөр ...халаасны хулгай хийж мөнгө олохоор шийдээд “Их хайрхан” зоогийн газарт орсон. Нэг эгч 2 хүүхэд хооллоод бөхийгөөд зогсож байсан. Хажуу талаар нь өнгөрч байгаа юм шиг болоод халаасыг нь хартал хар өнгийн гар утас байхаар нь ... ард талынх нь ширээн дээр суугаад ойр хавьд хүн байгаа эсэхийг ажиглаад, ...баруун талынх нь халааснаас гар утсыг нь гулгуулж авсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 34-37 дугаар тал),
-2019 оны 6 дугаар сарын 17-ны өдөр явуулсан таньж олуулах ажиллагааны тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 16-18 дугаар тал), 2019 оны 6 дугаар сарын 11-ний өдөр “Их хайрхан” зоогийн газрын камерын бичлэгийг хураан авсан тэмдэглэл, мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцсон прокурорын 103 дугаар тогтоол (хавтаст хэргийн 19, 21 дүгээр тал), 2019 оны 6 дугаар сарын 11-ний өдөр “Их хайрхан” зоогийн газрын 2019 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 22 дугаар тал), Камерын бичлэгийг эд мөрийн баримтаар тооцсон мөрдөгчийн тогтоол (хавтаст хэргийн 23 дугаар тал), “Дамно” ХХК-ний үнэлгээ (хавтаст хэргийн 24-25 дугаар тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгө, эд юмсыг гэмт этгээд хувийн ашиг олох, шунахай сэдэлт, зорилгоор хүч, заналхийлэл хэрэглэхгүйгээр бусдын эзэмшлээс нууцаар авахыг хэлнэ. Өөрөөр хэлбэл бусдын эд хөрөнгийг нууц далд аргаар авч, өөрийн эзэмшил болгохыг ойлгоно. Шүүгдэгч Д.Б нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр, шунахай сэдэлтээр, амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор хохирогчийн хувцасны халааснаас түүний эзэмшлийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан нь хангалттай нотлогдон тогтоогдсон байна. Иймд Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул, улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Д.Быг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэстэй байна.
2. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар. “Бусдын эрх, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” бөгөөд гэм хор учруулсны төлбөрийг хохирогч шаардах эрхтэй” талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус заасан. Энэ хэргийн улмаас хохирогч Д.Ц-д 475.000 төгрөгийн хохирол учирсан байх ба шүүгдэгч Д.Б нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирогч Д.Ц-д 475.000 төгрөгийг төлж барагдуулсан тул түүнийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.
3.Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар Улсын яллагч дүгнэлтдээ шүүгдэгч Д.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэх гэсэн дүгнэлтийг, -шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Одонтуяагаас “...шүүгдэгч Д.Б нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад зааснаар анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлж барагдуулсан хөнгөрүүлэх нөхцөл байдал байна. Гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцлийн хувьд шүүгдэгчийн эх нь нас барсан, сэтгэл санаагаар унасан, биеэ барьж чадахгүй байснаас тус гэмт хэргийг үйлдсэн. Улмаар албадан эмчилгээнд явч сэтгэл зүйч болон эмч нарын зөвлөгөөнөөр орж, сургалтад хамрагдсан. Мөн хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж хэлсэн тул хорих ял оногдуулахгүйгээр 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж өгнө үү гэсэн дүгнэлтийг гаргаж мэтгэлцэв. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй. Шүүгдэгч Д.Б нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар урьд 2015, 2018 онд ял шийтгүүлж байсан байх ба, шүүхээс 2018 онд оногдуулсан ялыг 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдөр эдэлж дууссан байна.
Шүүхээс шүүгдэгч Д.Бт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлсөн”-г хөнгөрүүлэх нөхцөлд харгалзсан ба, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Шүүгдэгч Д.Быг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсан гэм буруутай болох нь тогтоогдсон учир эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн шүүхээс шүүгдэгч Д.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авч шийдвэрлэв.
4.Бусад асуудлаар. Хэргийн хамт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Д.Б цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирүүлсэн “Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Их хайрхан” зоогийн газрын 2019 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн хяналтын камерын бичлэг бүхий компакт диск нэг ширхэгийг хэргийг хадгалах хүртэл хугацаанд хэрэгт хавсаргав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.12, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч О.Д.Быг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Быг 6 (зургаа) сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Бт оногдуулсан 6 (зургаа) сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн ......... тоот хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Д.Бт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хохирогч Д.Ц-д төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирүүлсэн Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Их хайрхан” зоогийн газрын 2019 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн хяналтын камерын бичлэг бүхий компакт диск нэг ширхэгийг хэргийг хадгалах хүртэл хугацаанд хэрэгт хавсаргаж үлдээсүгэй.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч Д.Бт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, түүний эдлэх хорих ялыг 2019 оны 9 дүгээр сарын 30- ны өдрөөс эхлэн тоолсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, түүний дээд шатны прокурор, оролцогч гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
8. Эрх бүхий этгээд шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгч Д.Бт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.АЛТАНТУЯА