Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2020 оны 09 сарын 08 өдөр

Дугаар 001/ХТ2020/00454

 

М.А-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

          Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

          Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн        

          2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 183/ШШ2019/01904 дүгээр шийдвэр,

          Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

          2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 1948 дугаар магадлалтай,

          Нэхэмжлэгч: М.А-

          Хариуцагч: “Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лаборатори” Улсын төсөвт үйлдвэрийн газар /УТҮГ/-т холбогдох

          Ажилд эгүүлэн тогтоолгох, олговор гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийн дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгуулах тухай иргэний хэргийг

          Хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн төлөөлөгч С.Түвшинтөгсийн гомдлыг үндэслэн

          Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

          Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч С.Түвшинтөгс, нарийн бичгийн даргад Б.Уранзаяа нар оролцов.

          Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ: Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лабораторийн газрын захирлын 2014-10-01-ний өдрийн Б/29 дугаартай тушаалаар тус газрын захирлын туслах, хүний нөөцийн мэргэжилтэн албан тушаалд томилогдон, хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж эхэлсэн. Дараа нь Хүнс, хөдөө аж ахуйн Сайдын 2015 оны А/82 дугаар тушаалаар бүтэц өөрчлөгдсөнтэй холбоотойгоор тус газрын даргын 2015-10-26-ны өдрийн Б/43 дугаартай тушаалаар захирлын туслах, хүний нөөцийн мэргэжилтэн гэсэн албан тушаалд жинхэлсэн. Ингээд ажлаа хийж байгаад газрын даргын 2016-02-24-ний өдрийн Б/08 дугаар тушаалаар жирэмсний болон амаржсаны амралтаа авсан. Хүүхэд асрах чөлөөний хугацаа 2019-04-15-ны өдөр дуусч байгаа. Ажилдаа орох хүсэлтэй байгаа тухай өргөдлийг 2019-03-15-ны өдөр албан ёсоор бичгээр гаргасан. Хүсэлтийн хариуг өгөөгүй, чөлөөний хугацаа дуусаж эхэлсэн тул 2019-04-16-ны өдөр дахин өргөдөл гаргасан. Гэтэл  2019-04-30-ны өдөр “...сул байгаа орон тоо буюу архив, бичиг хэрэг, дотоод ажил хариуцсан мэргэжилтнээр ажиллуулах санал хүргүүлж байна...” гэсэн ямар нэгэн тамга тэмдэггүй, “...хүлээлгэн өгсөн М.Ренчинмядаг....” гэсэн бичгийг өгсөн.Энэ нь хөдөлмөрлөх эрх болон хуулийг ноцтой зөрчсөн үйлдэл болсон. Иймд намайг Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лабораторийн захирлын туслах, хүний нөөцийн мэргэжилтэн ажилд эгүүлэн тогтоож, 2019-04-15-ны өдрөөс 2019-09-13-ны өдрийг хүртэл ажлын 107 хоногоор тооцон олговор 2,665,049 төгрөг гаргуулж, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

        Хариуцагч тайлбартаа: М.А- нь тус байгууллагын үндсэн ажилтан биш бөгөөд жирэмсний болон амаржсаны амралттай байсан захирлын туслах, хүний нөөцийн мэргэжилтэн М.Ренчинмядагийн оронд хугацаатай, түр томилогдсон байсан. М.А- 2014-10-01-ний өдрийн Б/29 тоот тушаалаар ажилд түр хугацаагаар томилогдон ажиллаж байгаад 2016-02-14-ний өдрийн Б/08 тоот тушаалаар жирэмсний амралтаа авч ажлаасаа чөлөөлөгдсөн. М.А-ыг ажилд томилохоос өмнө болон хойно М.Ренчинмядаг нь захирлын туслах, хүний нөөцийн мэргэжилтэн албан тушаалыг албан ёсоор гүйцэтгэж байна. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн Сайдын 2015 оны А/82 тоот тушаалаар бүтэц өөрчлөгдсөн тул ажилтнуудыг чөлөөлж дахин томилох тушаал гаргах шаардлага бий болсон. Үүнийг ашиглан захирлын туслах, хүний нөөцийн мэргэжилтний албан тушаалыг түр эрхэлж байсан М.А- нь 2015 оны Б/42 тоот тушаалаар албан хаагчдыг бөөнөөр нь нэрийг жагсааж халахдаа хавсралтад М.А- гэсэн нэрийн ард тайлбар хэсэгт /жинхэнэ/ гэж бичээд ажлаас чөлөөлсөн ба томилсон тушаалыг гаргуулсан. Гэтэл М.А- нь анх ажилд томилсон 2014 оны Б/29 тоот тушаалаас өөр албан тушаалд жинхэлсэн тушаал гараагүй байхад ажлаас чөлөөлсөн тушаалын хавсралтад жинхэнэ гэсэн бичвэр бичиж батлуулсан нь хууль зүйн дагуу биш үйлдэл гаргасан. Мөн амаржсаны амралттай байгаа ажилтны албан тушаал, ажлыг Хөдөлмөрийн тухай хуулийн 35.1.4-д зааснаар захиргаа хэвээр хадгалах үүрэгтэй хуулийн зохицуулалт байдаг болон өөрөө эзгүй хүний оронд түр томилогдсон гэдгийг мэдэж байсан. М.А-ын ажлын байрны тодорхойлолтоор тушаалын төслийг боловсруулах үүрэг хүлээсэн байдаг. Албан хэрэг хөтлөлтийн үндсэн зааврын 3.5.8-д зааснаар хариуцлагыг М.А- өөрөө хүлээхээр байгаа. Хууль зөрчсөн эрхийн актаас болж өнөөдөр М.Ренчинмядаг хохирох асуудал үүссэн гэж үзээд Захиргааны ерөнхий хуулийн 92.1-д заасны дагуу захиргаанд 2019-06-12-ны өдөр гомдол гаргасан. Гомдол хянаж үзээд 2014 оны Б/29, 2015 оны Б/42, Б/43 тоот тушаалын М.А-тай холбогдох хэсэг нь Захиргааны ерөнхий хуулийн 4.2.6-д заасан бодит нөхцөлд нийцэх зарчмыг зөрчсөн хууль бус болжээ гэж захиргаа хүлээн зөвшөөрөх үндэслэлтэй байсан. Захирлын зөвлөлөөр уг асуудлыг 2019-06-20-ны өдөр хэлэлцэж Захиргааны ерөнхий хуулийн 45.1-д заасны дагуу М.А-тай холбогдох хэсгийг хүчингүйд тооцож өөрийн эрх хэмжээний хүрээнд жинхэнэ гэснийг түр болгож бодит үнэнийг тогтоосон ба хурлын шийдвэр, Захиргааны ерөнхий хуулийн 95.5, 7 дахь заалтыг үндэслэн А/41 тоот тушаал гаргаж шийдвэрлэсэн. Энэхүү захиргааны актыг оролцогч М.Ренчинмядаг, М.А- нарт мэдэгдсэн. Иймээс нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

         Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр 183/ШШ2019/01904 дүгээр шийдвэр гаргаж, Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дүгээр зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан М.А-ыг “Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лаборатори” УТҮГ-ын Захирлын туслах, хүний нөөцийн мэргэжилтний ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан “Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лаборатори” УТҮГ-с олговорт 2.665.049 төгрөгийг гаргуулан М.А-д олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т заасныг баримтлан М.А-ын нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих журмын дагуу төлж, дэвтэрт бичилт хийхийг “Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лаборатори” УТҮГ-т даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж, хариуцагчаас 127.790 төгрөг гаргуулан улсын орлогод оруулахаар шийдвэрлэсэн байна. 

        Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 1948 дугаар магадлалаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 183/ШШ2019/01904 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцааж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 127,800 төгрөгийг буцаан олгохоор заасан байна.

  Нэхэмжлэгч тал хяналтын журмаар гаргасан гомдолдоо: М.А- миний бие Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лабораторийн газрын үйл ажиллагааны шинэ бүтэцтэй холбоотойгоор тус лабораторийн захирлын 2014-10-01-ний өдрийн Б/29 дугаартай тушаалаар тус газрын захирлын туслах, хүний нөөцийн мэргэжилтэн албан тушаалд томилогдсон, хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж эхэлсэн. Мөн ажиллаж байх хугацаанд Хүнс, хөдөө аж ахуйн сайдын 2015 оны А/82 дугаар тушаалаар тус газрын бүтэц өөрчлөгдсөнтэй холбоотойгоор тус газрын даргын 2015-10-26-ны өдрийн Б/43 дугаартай тушаалаар намайг захирлын туслах, хүний нөөцийн мэргэжилтэн албан тушаалд жинхэлсэн. Ингээд ажиллаж байгаад тус газрын даргын 2016-02-24-ний өдрийн Б/08 дугаартай тушаалаар жирэмсний болон амаржсаны амралтаа авсан. Хүүхэд асрах чөлөөний хугацаа 2019-04-15-ны өдөр дуусч байгаа тул ажилдаа орох хүсэлтэй байгаа тухай өргөдлийг тус газарт хандан 2019-03-15-ны өдөр албан ёсоор бичгээр гаргасан. Хүсэлтийн хариуг өгөөгүй, чөлөөний хугацаа дуусаж эхэлсэн тул 2019-04-16-ны өдөр дахин өргөдөл гаргасан ч ажилдаа орж чадаагүй. 2. Анхан шатны шүүхийн шийдвэрт хариуцагч талаас шийдвэрийн аль хэсэг ямар хуулийг хэрхэн яаж зөрчиж шийдвэрлэсэн талаар нэг ч дурьдаагүй төдийгүй давж заалдах шатны шүүх хуралдаанд ч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хуулийг хэрхэн буруу хэрэглэсэн талаар огт яриагүй. Зөвхөн үйл баримтыг буруу зөрүү ярьж тайлбарлаж байсан. Ийм байхад гомдлыг хүлээн авч шийдвэрлэсэн нь шүүхийн практик байхгүй зүйл болсон төдийгүй ашиг сонирхлоор хандсан байхыг үгүйсгэхгүй байна. Давж заалдах шүүх хуралдааны видео бичлэгээс тодорхой харагдана. 3. Нэхэмжлэгч болон хариуцагч талаас ирүүлсэн бүхий л бичгийн нотлох баримтуудыг анхан шатны шүүх нэг бүрчлэн судлан зөв дүгнэлт хийсэн. Түүнчлэн хариуцагч талаас нэхэмжлэлтэй холбоотой хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байхад бүтцийн өөрчлөлттэй холбоотой ажилтнуудыг томилсон Захирлын 2015-10-26-ны өдрийн Б/42, Б/43 дугаартай тушаалуудад 4 жилийн дараа буюу 2019-06-20-ны өдөр одоогийн Захирлын тушаалаар залруулга хийсэн байгаа нь хуульд хэрхэн нийцэж байна, энэ нь бодит байдал нийцэж байна уу, одоо ямар ач холбогдол үзүүлэх вэ, шүүхэд маргаан гаргасан хойно залруулга хийж болох уу гэхчилэн нарийн тодруулж судалж үзсэн байтал давж заалдах шатны шүүхээс дээрхи баримтуудад дүгнэлт хийгээгүй гэж үзсэн нь хуульд нийцэхгүй байна. Иймд магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

         М.А- нь “Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лаборатори” УТҮГ-т холбогдуулан 2019-05-29-ний өдөр нэхэмжлэл гаргаж, захирлын туслах, хүний нөөцийн мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоолгох, урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорыг ажилгүй байсан хугацаагаар тооцон гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр тооцон нөхөн төлж бичилт хийхийг ажил олгогчид даалгахыг шаарджээ.

        Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан байна.

        Хяналтын шатны шүүхэд гаргасан нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гомдлыг хангах үндэслэлгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

        Жирэмсний болон амаржсаны амралттай болон хүүхэд асрах чөлөөтэй байгаа ажилтан ажил, үүргээ гүйцэтгээгүй үед ажил, албан тушаалыг хэвээр хадгална.

         М.А- нь “Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лаборатори” УТҮГазар  захирлын туслах, хүний нөөцийн мэргэжилтнээр ажилд орохдоо жирэмсний болон амаржсаны амралттай болон хүүхэд асрах чөлөөтэй байгаа ажилтны оронд ажиллах болсон эсэх зэрэг нэхэмжлэлийг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий үйл баримт тогтоогдоогүй байна. 

        Түүнчлэн, М.А- ажил олгогчийн зарим тушаалуудыг эс зөвшөөрч маргаж байгаа тул түүний нэхэмжлэлийг тодруулах шаардлагатай гэж үзнэ.

        Хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаахдаа хийсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлт Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.4., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1 дэх хэсгийг зөрчөөгүй тул магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхив.

        Шүүх хэргийг шийдвэрлэхдээ нэхэмжлэлийн шаардлагыг тодруулж, зохигчийн тайлбар хэрэгт буй нотлох баримтын талаар дүгнэлт хийсний эцэст Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2-т заасан шийдвэрийн аль нэгийг гаргавал зохино.

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 1948 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгч С.Түвшинтөгсийн гомдлыг хангахгүй орхисугай. 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн төлөөлөгч С.Түвшинтөгсөөс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдөр төлсөн 127,800 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                                 ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР

                                  ШҮҮГЧ                                                     Б.УНДРАХ