Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 01 сарын 31 өдөр

Дугаар 104

 

 

 

 

 

 

 

 

 

 

Т.Э- холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Ш.Бат-Эрдэнэ, Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор Н.Уранбайгаль,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Дорждэрэм, түүний өмгөөлөгч Ж.Хандсүрэн,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Жавзмаа,

шүүгдэгч Т.Э- , түүний өмгөөлөгч Д.Өлзийсайхан,

нарийн бичгийн дарга Б.Нямдаваа нарыг оролцуулж,

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Дашдондов даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 1089 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Т.Э- , түүний өмгөөлөгч Ц.Цэцэгсүрэн нарын гаргасан давж заалдах гомдлоор Т.Э- холбогдох 1803000340164 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Б овгийн Т-ын Э- , 19... оны . .дугаар сарын ..-ний ............... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:................/;

 

Т.Э-  нь 2018 оны 1 дүгээр сарын 1-ний өдрийн 13 цаг 50 минутын орчимд Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Эмээлтийн замд “Тоёота Приус” маркийн 13-05 УБУ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Замын хөдөлгөөний дүрмийн 9.1-д “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна” гэж заасныг зөрчсөний улмаас осол гаргаж, автомашинд сууж явсан зорчигч Б.Энхболдын амь насыг хохироож, зорчигч Б.Очирваанийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Тээврийн прокурорын газраас: Шүүгдэгч Т.Э- ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Боржигин овгийн Төмөрбаатарын Т.Э- ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан, хүний амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Т.Э- ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасч, 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Т.Э- тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 03 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг хорих ялыг эдэлж дууссан үеэс тоолж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд зааснаар Т.Э- оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан Т.Э- аас 15,718,098 төгрөг гаргуулан Төв аймаг, Заамар сум, 3 дугаар баг, Хайлааст өгөөмөр-15 дугаар гудамж, 11 тоотод оршин суух, Г074120861 регистрийн дугаартай А.Дорждэрэмд олгож, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч хүүхэд асарч байх хугацааны бизнесийн алдагдал, Төв аймаг дахь байрны цахилгааны төлбөр, Солонгос улсад явж эмчлүүлэх зардлын болон цаашид гарах эмчилгээний зардлын нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдаж, Т.Э- ын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Жавзмаа нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурьдаж, хэрэгт хураагдан ирсэн 1 ширхэг камерын бичлэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж, Т.Э- ын 834143 дугаартай В ангиллын жолоочийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн газарт шилжүүлж, шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Т.Э- урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Т.Э- ын өмгөөлөгч Ц.Цэцэгсүрэн давж заалдах гомдолдоо: “...Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатнь шүүхийн 2018 оны 12 дугаар 13-ны өдрийн 1089 дугаартай шийтгэх тогтоолоор Боржигин овгийн Төмөрбаатарын Т.Э- ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан, хүний амь нас хохирсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасч, 1 жил 6 сарын хорих ялаар шийтгэсэн.

Т Т.Э-  нь болгоомжгүй байдлаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учирсан 15,720,000 төгрөгийн хохирлыг 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдөр хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Дорждэрэмд бүрэн төлж барагдуулсан байна.

Дээрх байдлууд нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болж байгаа тул түүний хувийн байдал, бага насны хүүхэдтэй, өрх толгойлсон эмэгтэй зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан, мөн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар хорих ялаас чөлөөлж, тэнсэж үүрэг хүлээлгэх арга хэмжээ хэрэглэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д зааснаар шүүгдэгчид холбогдох хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр анхан шатны шүүхийн 1089 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү. Хохирлын мөнгө хүлээлгэн өгсөн 1 хуудас баримтыг хавсаргав. ...” гэжээ.

 

Шүүгдэгч Т.Э-  давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...2018 оны 1 дүгээр сарын 1-ний өдөр өөрийн төрсөн дүү Б.Энхболдыг сургуульд нь хүргэж өгөхөөр Улаанбаатар хот руу явсан. Замаараа дүүгийнхээ найз н.Тодмагнай болон Б.Очирваань нарын хамтаар явж байгаад Эмээлтийн зам дээр осолд орж, миний дүү Б.Энхболд нас барж, Б.Очирваань хүнд гэмтэл авсан. Өөрийн анхаарал болгоомжгүй үйлдсэн энэхүү хэрэгтээ маш их гэмшиж харамсаж байна. Би болсон явдалд маш их гэмшиж,  Б.Очирвааний эмчилгээний зардалд 10,046,000 төгрөг төлсөн бөгөөд анхан шатны шүүхээр төлүүлэхээр заасан 15,718,098 төгрөгийн хохирлыг манай гэр бүл бүрэн төлж барагдуулсан. Би Б.Очирвааний цаашдын эмчилгээний болон бусад төлбөрийг бүрэн төлнө. Цаашид би бусдын адил ажиллаж, хөдөлмөрлөх чин хүсэлтэй бөгөөд миний буруутай үйлдлээс болж хохирсон Б.Очирваань болон эх, хүү нарынхаа өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх туйлын их хүсэлтэй байна. Иймд Т.Э-  надад оногдуулсан 1 жил 6 сарын хорих ялыг өөр төрлийн ял шийтгэлээр өөрчилж өгнө үү. ...” гэв.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Жавзмаа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие өрх толгойлсон эмэгтэй, нэг хүүхдээ алдсан, нэг хүүхэд минь хорих ял авсан. Одоо миний бие тааруу, өнчин хүүхэд асарч байна. Охин Т.Э- оногдуулсан ялыг хорихоос өөр төрлийн ял болгож өгнө үү. ...” гэв.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Дорждэрэм тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Уг гэмтлээс болж миний хүүд хүнд хохирол учирсан. Шүүгдэгч Т.Э-  нь хохирлоо бага багаар төлсөн. Анхан шатны шүүхээс тогтоосон хохирлыг бүрэн төлсөн.  Иймд ямар нэгэн гомдолгүй, бага насны хүүхдийг нь ээжтэйгээ хамт байгаасай гэж өрөвдөж байна. Т.Э- хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү. ...” гэв.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Дорждэрэмийн өмгөөлөгч Ж.Хандсүрэн тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч Т.Э- холбогдох хэрэг нь хөнгөн, анх удаа үйлдсэн, санаатай биш гэмт хэрэг. Хохирлыг урьд нь бага багаар төлж байсан. Анхан шатны шүүх хуралдаанаас хойш 15,720,000 төгрөгийг бүрэн төлсөн. Б.Очирвааний бие хүнд гэмтэлтэй, Солонгос улс руу явж эмчлүүлэх шаардлагатай байгаа тул Солонгос улс руу явж эмчилгээ хийлгэж ирээд жич нэхэмжлэн хохирлоо авч болно гэж үзэж байна. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Дорждэрэм гомдол саналгүй байгаа тул цаашид гарах эмчилгээний зардлыг иргэний шүүхээр жич нэхэмжилнэ гэсэн байр суурьтай байна. Иймд шүүгдэгч Т.Э- оногдуулсан ялыг хөнгөрүүлж шийдвэрлэх боломжтой гэж үзэж байна. ...” гэв.

 

Шүүгдэгч Т.Э- ын өмгөөлөгч Д.Өлзийсайхан тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний үйлчлүүлэгч анх удаа, тохиолдлын шинжтэй гэмт хэрэгт холбогдсон. Анхан шатны шүүхээс тогтоосон 15,718,098 төгрөгийг шүүх хуралдааны дараа төлсөн.

Миний үйлчлүүлэгчийн хувьд, хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдлууд байхгүй. Бага насны хүүхэдтэй, өрх толгойлсон эмэгтэй. Гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлсөн. Эрүүгийн хуульд заасан ял оногдуулахгүйгээр тэнсэх нөхцөл байдлуудыг хангаж байгаа тул хэргийн зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр хорих ялаас чөлөөлж, тэнсэж өгнө үү. ...” гэв.

 

Прокурор Н.Уранбайгаль тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль зүйн үндэслэлтэй. Гэвч хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Дорждэрэм “хүүхдийн эмчилгээний зардал, шүүхээс тогтоосон эмчилгээний зардлыг авсан, тухайн шүүгдэгчийг эмэгтэй хүний хувьд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж шийдвэрлэх боломжтой” гэсэн тул прокурорын хувьд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж шийдвэрлэх боломжтой гэж үзэж байна. ...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдсан гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй болно.

 

Т.Э-  нь Тоёота Приус” маркийн 13-05 УБУ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа 2018 оны 1 дүгээр сарын 1-ний өдрийн 13 цаг 50 минутын орчимд Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Эмээлтийн замд, Замын хөдөлгөөний дүрмийн 9.1-д “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна” гэж заасныг зөрчсөний улмаас осол гаргаж, автомашинд зорчиж явсан зорчигч Б.Энхболдын амь нас хохирч, зорчигч Б.Очирваанийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан болох нь:

 

 шүүгдэгч Т.Э- ын “...Би машинаа жолоодоод Эмээлтийн замаар Улаанбаатар хот руу чиглэлтэй 2 дугаар эгнээгээр явж байсан ба нэг толгод дээгүүр даваад уруудаад зүүн гар тийш эргэдэг тойрог дээр машин шарваад хөндөлдөөд тормозоо гишгээд зогсчихлоо гэж бодтол машин онхолдсон. ...” /2 хх 28-29/,

 

гэрч Б.Тодмагнайн “...Улаанбаатар хот руу чиглэлтэй замын 1 дүгээр эгнээгээр багцаагаар 80 орчим км цагийн хурдтай явж байтал гэнэт машин шарваад тас няс гээд нэг сэртэл машин замын баруун гар талд, жолооч бид 2-ын талаар онхолдсон байсан. ...” /1 хх 224/,

хохирогч Б.Очирвааний “...Эмээлт рүү орж ирээд эмээлтийн замаар Улаанбаатар хот руу чиглэлтэй явж байхад жолооч утсаар яриад явж байсан ба замын уруу хэсгээр уруудаж яваад эргэлтээр эргээд машин тэгшрээд гэнэт шарваад гулгаад баруун талаараа автомашин хөндлөн гулгаж байгаад онхолдоод олон өнхөрсөн. ...” /1 хх 35-37/ гэсэн мэдүүлгүүд,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн 191 дугаартай “...Б.Энхболдын цогцост хийсэн Шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр дээрх оношид дурдагдсан гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайлбал авто ослын улмаас үүсгэгдэнэ. ...” гэсэн шинжээчийн дүгнэлт /1 хх 248/, 2018 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн 158 дугаартай “...Б.Очирвааний биед хүзүүний 5 дугаар нугалмын их биеийн шахагдсан хугарал, хүзүүний 5 дугаар нугалмын зүүн талын нуманд ташуу зөрүү багатай хугарал, хүзүүний 4-өөс 6 дугаар нугалмын түвшинд нугасны эдэд цус хуралт, няцрал, зүүн гарын шуу ясны далд хугарал, зүүн гарын шууны зөөлөн эдийн няцрал, баруун өвдөгт зулгаралт гэмтэл учирчээ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.5-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэл эмчилгээний үр дүнгээс хамаарна. ...” /2 хх 2/ гэсэн шинжээчийн дүгнэлт,

 

Зам тээврийн осол, хэргийн газрын үзлэгээр тогтоосон байдал, осол, хэрэг гарсан газар дээр нь хийсэн хэмжилтийн бүдүүвч, зам тээврийн осол, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, бичиг баримт түр хураан авсан тухай мөрдөгчийн тэмдэглэл, тээврийн хэрэгсэл түр хураан авсан тухай мөрдөгчийн тэмдэглэл, тээврийн хэрэгсэл түр саатуулсан тухай мөрдөгчийн тэмдэглэл /1 хх 5-7, 9-14/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

Т.Э- ыг “...Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан, хүний амь нас хохирсон...” гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн ба шүүгдэгч Т.Э- ын дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь заалтад зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

 

Шүүгдэгч Т.Э- , түүний өмгөөлөгч Ц.Цэцэгсүрэн нар “...тэнсэж өгнө үү...” гэсэн давж заалдах гомдлуудыг гаргажээ.

 

Давж заалдах шатны шүүх хуралдааны өмнө шүүгдэгч Т.Э-  нь шийтгэх тогтоолоор заасан 15,720,000 төгрөгийн хохирлыг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Дорждэрэмд нөхөн төлсөн байна.

 

Шүүгдэгч Т.Э- ын гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлын төлбөрийг төлсөн болон түүний бага насны хүүхэдтэй, гэмт хэргийн улмаас төрсөн дүү Б.Энхболд нь нас барсан зэрэг хувийн байдлууд, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Дорждэрэмийн давж заалдах шатны шүүхэд гаргасан “...Бага насны хүүхдийг нь ээжтэйгээ байх боломж олгон хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү...” гэсэн хүсэлт зэргийг харгалзан үзэж, Т.Э- оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж, хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүрэг хүлээлгэхээр шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтуудыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 1089 дугаартай шийтгэх тогтоолын:

 

тогтоох хэсгийн 2 дахь заалтад “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Т.Э- ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасч, 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй. ...” гэснийг “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Т.Э- ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Т.Э- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 2 жил /хоёр/-ийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар Т.Э- гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүрэг хүлээлгэсүгэй...” гэж,

 

тогтоох хэсгийн 3 дахь заалтад “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Т.Э- тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 03 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг хорих ялыг эдэлж дууссан үеэс тоолсугай. ...” гэснийг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Т.Э- оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ тогтоосон үеэс эхлэн тоолсугай...” гэж тус тус өөрчилсүгэй.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “...Тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлэхгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг Т.Э- мэдэгдсүгэй...” гэсэн,

“...Үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээний биелэлтэд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай...” гэсэн тус тус нэмэлт заалт оруулсугай.

 

3. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 4 дэх заалтыг хүчингүй болгож, тогтоох хэсгийн бусад заалт, хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

4. Шүүгдэгч Т.Э- ыг нэн даруй суллаж, түүнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсныг өөрчлөн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

5. Т.Э-  нь 48 /дөчин найм/ хоног цагдан хоригдсон болохыг, шийтгэх тогтоолын 5 дахь заалтад заасан 15,720,000 төгрөгийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Дорждэрэмд төлсөн болохыг тус тус дурдсугай.

 

6. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             Т.ӨСӨХБАЯР

 

ШҮҮГЧ                                                М.АЛДАР

 

ШҮҮГЧ                                                Д.ОЧМАНДАХ