Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Бямбаагийн Мөнхтуяа |
Хэргийн индекс | 128/2014/0000/З |
Дугаар | 221/МА2014/0160 |
Огноо | 2014-04-23 |
Маргааны төрөл | Татвар, Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2014 оны 04 сарын 23 өдөр
Дугаар 221/МА2014/0160
Т.З-ын нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Цогт даргалж, шүүгч П.Соёл-Эрдэнэ, шүүгч Б.Мөнхтуяа нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Г.Урангуа, нэхэмжлэгч Т.З, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.М, Н.У, Т.Б, Б.Б нарыг оролцуулан хийж, Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 457 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлоор, Т.З-ын нэхэмжлэлтэй Сүхбаатар дүүргийн нийгмийн даатгалын хэлтэст холбогдох захиргааны хэргийг шүүгч Б.Мөнхтуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Т.З шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би цагдаагийн байгууллагад 21 жил 9 сар ажиллаад цэргийн алба хаасны тэтгэврийг хувь тэнцүүлэн тогтоолгосон бөгөөд тэтгэвэр тогтоолгосноос хойш иргэний байгууллагад 7 жил 5 сар нийгмийн даатгалын шимтгэл төлж ажилласан тул цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4-т “Цэргийн албан хаагчийн иргэний байгууллагад ажилласан нэг жилийг 6 сар цэргийн байгууллагад ажиллан шимтгэл төлсөн хугацаанд оруулан тооцож, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд заасны дагуу тухайн иргэнд өндөр насны тэтгэвэр тогтоолгож болно” гэсэн заалтыг үндэслэн миний тэтгэврийг хувь тэнцүүлсэн биш, ердийн цэргийн тэтгэвэр болгож өгөхийг хүссэн өргөдлөө 2013 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр гаргаж, Сүхбаатар дүүргийн нийгмийн даатгалын хэлтэст өгсөн боловч, өргөдлийг минь хүлээн аваагүй учир дээд байгууллага болох Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын нэр дээр хүргүүлсэн юм.
Нийгмийн даатгалын ерөнхий газрын 2013 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 6/913 дугаар албан бичгээр Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4 дэх заалтыг үндэслэл болголгүй, уг хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсэгт зааснаар миний тэтгэврийг өөрчлөн тогтоох боломжгүй гэсэн хариу өгсөн. Нийгмийн даатгалын ерөнхий газрын дэд байгууллага болох Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайдад дахин өргөдөл гаргаж, өөрийнхөө тэтгэврийг Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4 дэх заалтын дагуу өөрчилж өгөхийг хүссэн өргөдлөө хүргүүлсэн. Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны 2013 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 1/478 дугаар албан бичгээр "... иргэний байгууллагыг цэргийн байгууллагад хамруулах эрх зүйн үндэслэлгүй учраас ... хэрэгжүүлэх боломжгүй” гэсэн хариу өгсөн. Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4 дэх заалт нь иргэний байгууллагыг цэргийн байгууллагад хамруулах санаа байхгүй бөгөөд энэ заалт нь зөвхөн хөдөлмөрлөсөн хугацааг л тооцох учиртай гэж үзэж байна. Уг хуулийн 6 дугаар зүйлийн гарчиг нь “цэргийн тэтгэвэр, тэтгэмж тогтооход баримтлах хугацаа” гэсэн байна.
Иймд Цэргийн албан хаагчийн тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4 дэх хэсэгт заасны дагуу миний тэтгэврийг цэргийн бүрэн тэтгэвэр болгож тогтоохыг Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст даалгаж өгнө үү гэжээ.
Хариуцагч нар шүүхэд гаргасан тайлбартаа: Т.З нь цэргийн албыг 21 жил 3 сар хааж тус. хэлтэст хүсэлтээ гаргаж, цэргийн алба хаасны тэтгэврийг 2008 оны 6 дугаар сарын 25-ны өдөр хувь тэнцүүлэн тогтоолгосон байна.
2012 оны 5 дугаар сарын 17-ны өдөр Цэргийн албан хаагчийн тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4 дэх хэсэгт заасны дагуу Цэргийн алба хаасны дагуу тэтгэвэр тогтоолгосон боловч 12 сараас доошгүй хугацаанд ажил хөдөлмөр эрхэлж нийгмийн даатгалын шимтгэл төлж хүсэлтээ гарган 2006 оны 5 дугаар сараас 2012 оны 6 дугаар сар хүртэлх хугацааны 6 жилийн нэмэгдлийг тэтгэвэр тогтоолгосон дундаж хөдөлмөрийн хөлснөөс 1.5 хувиар нэмэгдүүлэн авч байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар 540.919 төгрөгийн өндөр насны тэтгэврийг түүнд олгож байна. Т.З-ын хүсэлтийн дагуу манай дээд шатны байгууллагууд болох Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам болон Нийгмийн даатгалын ерөнхий газраас уг асуудлаар тодорхой хариу өгсөн байх тул түүний иргэний байгууллагад ажилласан жилийг цэргийн байгууллагад ажилласан хугацаанд оруулан тооцож тэтгэврийг өөрчлөн тогтоох боломжгүй.
Цэргийн албан хаагчийн тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4 дэх заалтыг яаж хэрэгжүүлэх талаар зааварчилгаа, журам гараагүй учраас энэхүү хуулийн заалтыг хэрэгжүүлэх боломжгүй гэжээ.
Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 457 дугаар шийдвэрээр, Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Т.З-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, түүний өндөр насны тэтгэврийг цэргийн бүрэн тэтгэвэр болгож тогтоож шийдвэрлэжээ.
Хариуцагч давж заалдах гомдолдоо: Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 457 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.
Тус дүүргийн 3 дугаар хорооны иргэн Т.З нь цагдаагийн байгууллагад 21 жил 3 сар ажилласан тус хэлтэст хүсэлтээ гарган, цэргийн алба хаасны тэтгэврийг 2008 оны 6 дугаар сард хувь тэнцүүлэн тогтоолгосон. Иргэн Т.З нь Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 4 дэх заалтыг үндэслэн энгийн байгууллагад ажилласан 7 жилээ цэргийн байгууллагад ажилласнаар тооцуулан цэргийн бүрэн тэтгэвэр болгон тогтоож өгөхийг хүссэн өргөдлөө хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам болон нийгмийн даатгалын шат шатны байгууллагад гарган хариу тайлбарыг авч уг асуудлаар захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан ба захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 457 дугаар шийдвэрээр иргэн Т.З-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хангахаар шийдвэрлэсэн.
Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4-т “Цэргийн албан хаагч иргэний байгууллагад ажилласан нэг жилийг 6 сарын цэргийн байгууллагад ажиллан шимтгэл төлсөн хугацаанд оруулан тооцож Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд заасны дагуу тухайн иргэнд өндөр насны тэтгэвэр тогтоолгож болно” гэж заасан.
Энэхүү хуулийн заалтыг хэрэгжүүлэхдээ цэргийн албан хаагчийн иргэний байгууллагад ажилласан нэг жилийг 6 сар цэргийн байгууллагад ажилласан хугацаанд оруулан тооцож болох бөгөөд уг цэргийн алба хаасан нэг жилийг Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-т заасны дагуу 1 жил 6 сар иргэний байгууллагад шимтгэл төлснөөр шилжүүлэн тооцож, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн холбогдох болзол, нөхцөлийг хангасан тохиолдолд өндөр насны тэтгэвэр тогтоох боломжтой ба иргэн Т.З-ын хувьд өндөр насны тэтгэвэр тогтоолгох насанд хүрээгүй учраас уг заалтыг хэрэгжүүлэх боломжгүй байна.
Иргэн Т.З нь иргэний байгууллагад ажилласан жилээ цэргийн байгууллагад ажилласан хугацаанд оруулан тооцуулж, цэргийн хувь тэнцүүлэн тэтгэврээ цэргийн бүрэн тэтгэвэр болгон өөрчлөн тогтоолгох хүсэлтэй ба цэргийн тэтгэвэр, тэтгэмжийг улсын төсвөөс санхүүжүүлдэг бөгөөд Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр олгох огт боломжгүй юм.
Тус хэлтэс нь Монгол улсын Нийгмийн даатгалын тухай хууль болон бусад холбогдох хуулийн хүрээнд салбарын яам, агентлагаас өгсөн үүрэг, чиглэлийн дагуу анхан шатны гүйцэтгэлийн үйл ажиллагаагаа явуулдаг тул иргэн Т.З-тай холбогдох асуудлаар гарсан шүүхийн шийдвэрийг бие даан шийдвэрлэх боломжгүй болно гэжээ.
ХЯНАВАЛ
Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна.
Нэхэмжлэгч Т.З нь Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу өндөр насны тэтгэврийг цэргийн бүрэн тэтгэвэр болгож тогтоохыг Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч захиргааны байгууллагын "... иргэн Т.З Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн холбогдох болзол, нөхцөлийг хангаж, тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн тохиолдолд өндөр насны тэтгэвэр тогтоох боломжтой” гэсэн тайлбар, гомдол үндэслэлгүй байна. Учир нь,
Нэхэмжлэгч Т.З нь цэргийн алба хаасны тэтгэвэр тогтоолгох хүсэлтийг 2008 оны 6 дугаар сарын 23-ны өдөр Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст гаргасан байх ба түүнд Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 2-т заасны дагуу цэргийн алба хаасны тэтгэврийг түүний улсад ажилласан /21 жил 3 сар ажилласан/ хугацаагаар хувь тэнцүүлэн тогтоожээ. Тэрээр ийнхүү, 2008 онд цэргийн алба хаасны тэтгэврийг тогтоолгосноос хойш Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газар, Монголын үндэсний тээвэр зуучлагчдын холбоо зэрэг иргэний байгууллагад 7 жил нийгмийн даатгалын шимтгэл төлж ажиллажээ.
Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 6 дугаар зүйлд цэргийн тэтгэвэр, тэтгэмж тогтооход баримтлах хугацааг тодорхойлсон байх ба 6 дугаар зүйлийн 3-т цэргийн албан хаагчийн цэргийн алба хаасан нэг жилийг 1 жил 6 сар иргэний байгууллагад ажиллан шимтгэл төлсөн хугацаанд оруулан тооцож Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд заасны дагуу тухайн иргэнд өндөр насны тэтгэвэр тогтоож болохыг, харин мөн зүйлийн 4-т цэргийн албан хаагчийн иргэний байгууллагад ажилласан нэг жилийг 6 сар цэргийн байгууллагад ажиллан шимтгэл төлсөн хугацаанд оруулан тооцож Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд заасны дагуу тухайн иргэнд өндөр насны тэтгэвэр тогтоолгож болохыг хуульчилжээ.
Нэхэмжлэгч Т.З нь Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн дагуу, тусгай тэтгэвэр болох цэргийн алба хаасны тэтгэврийг улсад ажилласан хугацаагаар хувь тэнцүүлэн тогтоолгосны дараа иргэний байгууллагад ажиллан, энэ ажилласан хугацаагаа хуулийн дээрх заалтын дагуу цэргийн байгууллагад ажиллан шимтгэл төлсөн хугацаанд оруулан тооцож, өндөр насны тэтгэвэр тогтоолгохоор хүсэлт гаргасан байхад хариуцагчаас Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд заасан өндөр насны тэтгэвэр тогтоолгох насанд хүрээгүй, хуулийн заалтыг хэрэгжүүлэх журам, зааварчилгаа гараагүй гэсэн үндэслэлүүдээр түүний цэргийн албан хаагчийн тэтгэврийг өөрчлөн тогтоохоос татгалзсан нь буруу байна.
Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч тусгай тэтгэвэр болох цэргийн алба хаасны тэтгэврийг тогтоолгосон тул түүнд Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд заасан 60 насанд хүрсэн байх хуулийн шаардлага хамаарахгүй, мөн хуулийн зүйл заалтыг хэрэгжүүлэх журам, заавар гараагүй гэдгээр нэхэмжлэгчийн тэтгэвэр тогтоолгох эрхийг хязгаарлах үндэслэлгүй юм.
Дээрх үндэслэлээр нэхэмжлэлийг хангаж, түүний цэргийн албан хаагчийн тэтгэврийн хэмжээг өөрчлөн тогтоохыг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэстэй тул шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсгүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧИД |
( |
( |
цогт СОЁЛ-ЭРДЭНЭ МӨНХТУЯА |