| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нямжавын Гэрэлтуяа |
| Хэргийн индекс | 152/2017/00576/и |
| Дугаар | 614 |
| Огноо | 2017-09-11 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 09 сарын 11 өдөр
Дугаар 614
Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 1 дүгээр баг, Цагаан даваа 28-01 тоотод оршин суух, 1965 онд төрсөн, эрэгтэй, регистрийн дугаар ОЛ65121771, Аман овогтой Цээлэйгийн Бямбацогтын,
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2017 оны 8 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, 2017 оны 8 дугаар сарын 17-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга А.Тамираа оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ц.Бямбацогт шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие Увс аймгийн Барилга угсралт трестийн харъяа Барилга материал үйлдвэрийн Тоосгон заводын тоосго шатаах дугуй зууханд тоосго гаргагчаар 1980 оны 7 дугаар сараас 1984 оны 6 дугаар сар хүртэл ажиллаж байгаад цэрийн албанд явж ирээд 1987 оны 7 дугаар сараас 1994 оныг дуустал тус тоосго шатаах дугуй зууханд тоосго гаргачаар ажилласан. Увс аймгийн Барилга угсралтын трест нь 1992 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс бүтэц зохион байгуулалтанд орж, Барилгын бирж болж өөрчлөгдсөн. 1990 онд манай гэр шатаж миний бүх бичиг баримт устаж үгүй болсон, мөн манайх шилжиж өөр газар ажиллаж амьдарч байгаа тул өнөөдрийг хүртэл ажилласан байдлынхаа талаарх бичиг баримтыг бүрдүүлж чадаагүй юм. Миний бие нутагтаа ирээд аймгийн Архиваас ажилласан байдлынхаа талаарх баримт шүүлгэж бүрдүүлэн шүүхэд хандаж байна. Иймд Архиваас авсан бичиг баримтуудыг үндэслэн миний ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү” гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Алтанчимэг шүүхэд гаргасан хүсэлтдээ: “Миний бие Улаанбаатар хот руу рашаан, сувилалд явах болсон тул Ц.Бямбацогтын нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг намайг оролцуулахгүйгээр хийж, шийдвэр гаргаж өгнө үү” гэжээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ц.Бямбацогт нь ажиллаж байсан байдал тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргажээ.
Хэрэгт Увс аймгийн Архивын тасгийн 2017 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн цалингийн тодорхойлолт авагдсан байх ба уг тодорхойлолтод “Увс аймгийн Улаангом сумын Барилга угсралтын трестэд ажиллаж байсан Цээлэй овогтой Бямбацогтын 1980 оны 7 дугаар 1984 оны 6 дугаар сарыг дуустал, 1987 оны 7 дугаар сараас 1994 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд ажиллаж, авч байсан цалин”-г түүвэрлэн ирүүлсэн байна.
Увс аймаг дахь “Алтан гадас” одонт барилга трестийн даргын 1981 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 268 тоот “Болзол дүгнэх тухай” тушаалд: “Аймгийн төвд баригдаж байгаа ахуй үйлчилгээний барилгын явцыг түргэтгэх зорилгоор трестийн захиргаа, үйлдвэрчний эвлэлийн хороо хамтарч 1981 оны 10 дугаар сарын 12-ны өдрөөс 26-ны өдөр хүртэл 800 төгрөгийн шагналтай ББМҮ-ийн яамны социалист уралдаанд шилжин явах тугийг тусгай болзолтойгоор аялуулсан юм. Энэ хугацаанд болзолд заасан 18 нэрийн ажлыг 100-182 хувиар биелүүлж, ажлын цагийг 95-100 хувь ашиглаж, болзолд заасан ажлуудыг бүрэн гүйцэтгэсэн нь болзолын биелэлт, түүнийг дүгнэсэн захиргаа, үйлдвэрчний эвлэлийн хорооны тогтоолыг үндэслэн Тушаах нь: 1. ... Барилга дээр ажилласан хүмүүсийг шагнахад зориулж 800 төгрөгийг шагнал урамшууллыг фондоос гаргаж зарцуулахыг нягтлан бодогч Мийгаад зөвшөөрсүгэй. Барилга угсралтын трестийн дарга дарга Батзул” гээд хавсралт-2-ын 36-д “Бямбацогт – 15 төгрөг” гэжээ.
ББМҮ-ийн яамны харьяа Увс аймаг дахь “Алтан гадас” одонт барилга трестийн даргын 1982 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 90 тоот “Болзолт уралдаанд амжилттай оролцсон ажилчдыг шагнах тухай” тушаалд: “... Уралдаанд амжилттай ороцсон өрлөгчид барилгачдыг шагнаж урамшуулах тухай Тушаах нь: ... 3. Өрлөгийн тэмцээнд зуухмаг туслах ажлаар идэвхтэй оролцсон 25 хүнийг хавсралт №3-аар 560 төгрөгөөр тус тус шагнасугай. ... Барилга угсралтын трестийн дарга Т.Батзул” гээд хавсралтын №3 дугаарт “Э.Ядамсүрэн ахлагчтай багийн гишүүн Бямбацогт 25 төгрөг” гэжээ.
Улсын барилгын хорооны харьяа Увс аймаг дахь “Алтан гадас” одонт барилга трестийн даргын 1987 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 576 тоот “Ажилчид, даамал мастер нарт тогтвор суурьшилтай тасралтгүй ажилласны нэмэгдэл олгох тухай” тушаалд: “... 1987 оны социалист уралдаанд авсан үүргээ амжилттай биелүүлж, хөдөлмөрийн сахилгыг чанд сахиж ажлын чанарыг гологдолгүй ажиллаж төлөвлөгөө биелүүлсэн даамал мастерууд нормоо биелүүлсэн ажилчидад ХНХУ хороо, МҮЭ-ийн төв зөвлөлийн тогтвор сууршилтай ажилласны нэмэгдэл олгох тухай Тушаах нь: 1. Нэмэгдэл авах үзүүлэлт, нөхцөлийг хангасан ажилчид даамал мастер 505 хүнд 212478 төгрөгийн шагналыг хавсрат ёсоор олгосугай. ... Барилга угсралтын трестийн дарга Т.Батзул” гээд хавсралтын 13 дугаарт “Бямбацогт 170 төгрөгийн шагнал олгох” гэжээ.
Увс аймаг Барилга угсралтын трестийн харьяа үйлдвэрийн барилга конторын даргын 1990 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 05/09 тоот “Зарим тэргүүний ажилчдыг шагнах тухай” тушаалд: “Байгууллагын төлөвлөгөөт зарилтуудыг жигд ханган биелүүлэхэд идэвхи зүтгэл гаргаж ажилласан тэргүүний ажилчдыг шагнаж урамшуулах нь зүйтэй гэж үзээд Тушаах нь: 1. Хавсралт ёсоор бүгд 34 хүнийг 2000 төгрөгөөр шагнасугай. ... Үйлдвэрийн барилга конторын дарга Н.Эрдэнэбилэг” гээд хавсралтын 33 дугаарт “Бямбацогт 50 төгрөг 1 дүгээр бригад” гэжээ.
Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр иргэн И.Ширнэн, Г.Бадамсүрэн нарыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр оролцуулсан бөгөөд гэрч И.Ширнэн: “Ц.Бямбацогт бид хоёр 1980 оноос 1992 оныг хүртэл хамтдаа Увс аймгийн Барилга угсралтын трестэд ажиллаж байсан. Миний бие 1978 оноос 1992 оныг хүртэл тус байгууллагын тоосгоны заводад тоосгочноор ажиллаж байсан. Ц.Бямбацогт намайг ажиллаж байхад 1980 онд Барилга материал үйлдвэрийн Тоосгон заводын тоосго шатаах дугуй зууханд тоосго гаргагчаар ажилд орон ажиллаж байсан. Ц.Бямбацогт нь намайг 1992 онд ажлаас гарч байх үед тухайн байгууллагадаа ажиллаад үлдсэн. Тэрээр манай нөхөр Д.Рагчаатай хамт тоосго гаргагчаар 1994 оныг дуустал хугацаанд ажиллаж байсан учраас би сайн мэднэ. Тухайн үед байгууллагын даргаар н.Батнасан, А.Өвгөнхүү, н.Цогоо гэх хүмүүс тус тус ажиллаж байсан” гэж, гэрч Г.Бадамсүрэн: “Ц.Бямбацогт нь Увс аймгийн Барилга угсралтын трестийн харъяа Барилга материал үйлдвэрийн Тоосгон заводын тоосго шатаах дугуй зууханд тоосго гаргагчаар 1980 оноос 1994 он хүртэл хугацаанд ажилласан. Би тухайн үед тоосго өрөгчөөр ажиллаж байсан. Бидний бригадын даргаар А.Өвгөнхүү, нягтлангаар Бадам гэх хүмүүстэй нэг бригадад нийт 20 гаруй хүн ажилладаг байсан. Ц.Бямбацогт нь ажиллаж байх хугацаандаа дундуур нь цэргийн алба хааж ирж байсан. Яг хэдэн онд гэдгийг нь би сайн санахгүй байна. Тухайн байгууллагын даргаар Т.Батзул, Ч.Нүүнээ, А.Өвгөнхүү, н.Пүрэвсүрэн гэх хүмүүс ажиллаж байсан” гэж тус тус мэдүүлсэн ба гэрч И.Ширнэн, Г.Бадамсүрэн нарын хөдөлмөрийн дэвтрийн хуулбарууд хэрэгт авагджээ.
Харин Увс аймгийн Барилга угсралтын трест нь 1992 оны 1 дүгээр сарын 03-ны өдрийн 01 тоот даргын тушаалаар “Барилгын бирж” болж үйл ажиллагаагаа эхлүүлсэн тул Ц.Бямбацогтын 1992 оны 1 дүгээр сараас эхлэн Барилгын биржид ажилласныг тогтоох нь зүйтэй байна.
Иймд дээрх бичгийн нотлох баримт, гэрчүүдийн шүүхэд өгсөн мэдүүлэг, нэхэмжлэгчийн тайлбар зэргийг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Ц.Бямбацогтын 1980 оны 7 дугаар сараас 1984 оны 6 дугаар сарыг дуустал, 1987 оны 7 дугаар сараас 1991 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд Увс аймгийн Барилга угсралтын трестийн Барилга материалын үйлдвэрийн Тоосгоны заводод тоосго гаргагчаар, 1992 оны 1 дүгээр сараас 1994 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд Увс аймгийн Барилгын биржийн Тоосгоны заводод тоосго гаргагчаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Ц.Бямбацогтын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хүндэтгэн үзэх шалтгаанаа дурдаж, өөрийг нь байлцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлтээ ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т зааснаар түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Аман овогтой Цээлэйгийн Бямбацогтын 1980 оны 7 дугаар сараас 1984 оны 6 дугаар сарыг дуустал, 1987 оны 7 дугаар сараас 1991 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд Увс аймгийн Барилга угсралтын трестийн Барилга материалын үйлдвэрийн Тоосгоны заводод тоосго гаргагчаар, 1992 оны 1 дүгээр сараас 1994 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд Увс аймгийн Барилгын биржийн Тоосгоны заводод тоосго гаргагчаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгч Ц.Бямбацогтын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нь уг шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ГЭРЭЛТУЯА