Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 09 сарын 02 өдөр

Дугаар 2019/ШЦТ/748

 

 

 

 

 

 

      2019          09         02                                      2019/ШЦТ/748

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: Д.Эрдэнэжаргал,

Улсын яллагч: Б.Бямбадагва,

Шүүгдэгч: Д.С- өөрөө өөрийгөө өмгөөлөн тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Д.С-д холбогдуулж яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 1905029110885 дугаартай хэргийг 2019 оны 8 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Д.С-, .....тоот регистртэй,

Шүүгдэгч Д.С- нь 2019 оны 6 дугаар сарын 08-ны өдөр Баянгол дүүргийн 7 дугаар хороо, “Рич” зочид буудалд О.Ж-г тодорхой шалтаг шалтгаангүйгээр нүүрэн тус газарт нь санаатайгаар цохиж биед нь баруун, зүүн нүдний дээд, доод зовхинд зөөлөн эдийн няцрал цус хуралт, баруун нүдний алимны салстад цус хуралт бүхий хөнгөн гэмтэл учруулан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Д.С-гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

Хохирогч О.Ж-гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Би 2019 оны 6 дугаар сарын 08-ны өглөө найз С- рүү утсаар залгаад хорооллын эцсийн зочид буудалд байна гэсэн. Ингээд С- надтай ирж уулзаад ээждээ юм хүргэж өгнө гээд гарсан ...удалгүй С- залгаад хаана байна гэхээр нь байгаа газраа зааж өгсөн. Орж ирчихээд буцаж гараад нэг литрийн Эдэн архи, ундаа аваад орж ирсэн ...архиа ууж дуусчихаад хэвтэж байтал С- гараад ахиад нэг шил архи аваад орж ирсэн ...би тэр үед хэвтэж байсан чинь “босоод ир” гэхээр нь “өчигдөр уусан болохоор ядраад байна” гээд хэвтэж байтал над руу ирээд 2 удаа шанаа руу цохьсон. Нэмээд нүд рүү нилээд олон удаа цохьсон. Тэгэхээр нь барьж аваад орон дээр дарж хэвтээд хэсэг байтал болъё гэсэн. Тэгээд С- гараад явахаар нь дагаад гартал машинаа барих гэхээр нь болиулсан чинь миний нүүрэнд 1 удаа цохьсон. ...С- намайг цохиж, зодох үед эдгээр гэмтэл учирсан. Эмчилгээний зардалд 800.000 төгрөг зарцуулсан. Гэхдээ миний багын найз учир надад ямар нэг гомдол, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-н 16-17/,

Шинжээчийн 410 тоот дүгнэлтэд: “...О.Ж-гийн биед баруун, зүүн нүдний дээд, доод зовхинд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун нүдний алимны салстад цус хуралт шинэ гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт /хх-н 21-22/,

Яллагдагчаар Д.С-гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...тэгээд би дэлгүүр орж 1 литрийн Эдэн архи, ундаа, чипс, бэлэн гоймон зэрэг эд зүйлс аваад буцаад буудал руу орсон. Ингээд О.Ж- бид 2 архийг хувааж уусан. ...ингээд би дахиж дэлгүүр ороод 1 шил архи авч ирсэн. Архиа ууж байгаад нэг мэдэхэд тасарсан байсан. Би О.Ж-тэй ноцолдож байснаа бүдэг бадаг санаад байгаа. Тэрнээс биш яг юунаас болоод цохиж зодсон, хаана нь яах гэж цохисон талаараа мэдэхгүй байна. Орой 16 цагийн үед ухаан ороход би машин дотроо унтаж байсан. Босоод О.Ж- яасан юм бол гэж санаа зовоод гэр рүү нь очоод байрных нь үүдэнд сууж байсан чинь О.Ж- гараад ирсэн. Би юу болсон талаар асуухад “чи намайг хэвтэж байхад сэрээгээд нүүр рүү цохьсон” гэж хэлсэн. Тэр үед О.Ж-гийн 2 нүд нь хавдаад хөхөрсөн байсан. Тэгээд такси бариад буцаж яваад өмнө нь орсон буудалд орсон...” гэсэн мэдүүлэг /хх-н 29-30/,

 Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 6/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 35-43/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол, хор уршигийн талаар:

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлд заасны дагуу шүүгдэгч, хохирогч нар нь хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байна.

Уг хүсэлтийн дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн хэргийг хялбаршуулсан журмаар ял оногдуулах шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч Д.С- нь 2019 оны 6 дугаар сарын 08-ны өдөр Баянгол дүүргийн 7 дугаар хороо, “Рич” зочид буудлын өрөөнд хамт архи уусан О.Ж-г тодорхой шалтаг шалтгаангүйгээр нүүрэн тус газарт нь санаатайгаар цохиж биед нь баруун, зүүн нүдний дээд, доод зовхинд зөөлөн эдийн няцрал цус хуралт, баруун нүдний алимны салстад цус хуралт бүхий хөнгөн гэмтэл учруулан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутай болох нь:

Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч О.Ж-гийн: “...архиа ууж дуусчихаад хэвтэж байтал С- гараад ахиад нэг шил архи аваад орж ирсэн ...би тэр үед хэвтэж байсан чинь босоод ир гэхээр нь өчигдөр уусан болохоор ядраад байна гээд хэвтэж байтал над руу ирээд 2 удаа шанаа руу цохисон. Нэмээд нүд рүү нилээд олон удаа цохисон. Тэгэхээр нь барьж аваад орон дээр дарж хэвтээд хэсэг байтал болъё гэсэн. Тэгээд С- гараад явахаар нь дагаад гартал машинаа барих гэхээр нь болиулсан чинь миний нүүрэнд 1 удаа цохьсон. ...С- намайг цохиж, зодох үед эдгээр гэмтэл учирсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 16-17/, шинжээчийн 410 тоот дүгнэлт болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч Д.С-гийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул шүүгдэгчид холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Д.С- нь согтуурсан үедээ ямар нэг шалтгаангүйгээр хохирогч О.Ж-г зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан нь өөрийн үйлдэлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон тул гэм буруутайд тооцох нь зүйтэй байна. 

Хохирогч нь мөрдөн байцаалтын шатанд гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, гэж мэдүүлсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтуудаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон болох нь хавтаст хэрэгт авагдсан шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байна. Хохирол нөхөн төлж хохирогчтой эвлэрсэн. Прокурорын санал болгосон эрүүгийн хариуцлагыг бүрэн хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэсэн мэдүүлэг, хүсэлтүүд, хохирогчийн хүсэлт, эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээний талаарх прокурорын саналтай танилцаж зөвшөөрсөн баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг, шинжлэн судалсан баримтуудаар тогтоогдож байна.  

Прокуророос ялын төрөл хэмжээний талаар гаргасан “шүүгдэгч Д.С-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ял” оногдуулах саналыг шүүгдэгчид танилцуулсан байх ба прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болно.                                                             

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Д.С-г “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.С-г 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
  3. Шүүгдэгч нь хуульд заасан хугацаанд торгуулийн ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.
  4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
  5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.С-д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Ч.ОТГОНБАЯР