| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нямжавын Гэрэлтуяа |
| Хэргийн индекс | 152/2017/00614/и |
| Дугаар | 618 |
| Огноо | 2017-09-13 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 09 сарын 13 өдөр
Дугаар 618
Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Увс аймгийн Наранбулаг сумын Гүнбүрд баг, 4-15 тоотод оршин суух, 1951 онд төрсөн, эрэгтэй, регистрийн дугаар ОЗ51032314, Нурдолоо овогтой Норовын Эрдэнэ-Очирын,
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2017 оны 8 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, 2017 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр иргэний хэрэг үүсгэн, хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Норов, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Тамираа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Н.Эрдэнэ-Очир шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие 1973 онд Увс аймгийн Баруунтурууны сангийн аж ахуйд тракторч, комбайны бэлтгэх курсад суралцаж төгсөөд 1974 оноос 1976 онд тус Сангийн аж ахуйд тракторч, комбайнчнаар ажилласан бөгөөд тэндээс цэргийн албанд явж нэг жил гаруй болоод халагдаж ирсэн. Ингээд Увс аймгийн Наранбулаг суманд 1979 оны 1 дүгээр сараас Пионер нэгдэлд трактор, комбайнчнаар 1992 он хүртэл хугацаанд ажилласан бөгөөд ажлаас чөлөөлөгдсөн тушаал олдохгүй байгаа учир шүүхэд хандаж байгаа болно. Энэ хугацаанд ажилласан цалингийн жагсаалтыг баримтад хавсаргасан болно. Иймд миний Баруунтуруун сангийн аж ахуй болон Пионер нэгдэлд трактор, комбайнчнаар ажилласан нийт 16 жилийг тогтоож өгөхийг хүсэв” гэжээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Н.Эрдэнэ-Очир нь ажиллаж байсан байдал тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргажээ.
Хэдийгээр Увс аймгийн Архивын тасгийн 2017 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 360 тоот лавлагаанд: “Увс аймгийн Баруунтуруун сумын сангийн аж ахуйн 1973-1976 оны цалингийн баримт манай архивт шилжиж ирээгүй тул Норов овогтой Эрдэнэ-Очирын цалинг шүүн үзэх боломжгүй байна” гэсэн байх боловч хэрэгт Увс аймгийн Баруунтуруун сумын Сангийн аж ахуйн дарга Г.Дэндэвээс Норовын Эрдэнэ-Очирт олгосон хөдөлмөрийн дэвтэр авагдсан байх ба уг дэвтэрт “1973 оны 2 дугаар сарын 19-ний өдрөөс 1974 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийг дуустал хугацаанд Увс аймгийн Баруунтуруун сангийн аж ахуйн трактор, комбайны курсад суралцсан, 1974 оны 4 дүгээр сарын 13-ны өдрөөс 1976 оны 7 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл хугацаанд Увс аймгийн Баруунтуруун сумын Сангийн аж ахуйн 2 дугаар тасгийн 4 дүгээр бригадад тракторчноор ажилласан” тухай бичилт хийгдсэн байна.
Мөн Улсын автотехникийн хэргийг шалган байцаах хэлтсийн мэргэжлийн комиссын 1974 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 7 тоот тогтоолоор Норов овогтой Эрдэнэ-Очирт тракторч, комбайнчны 3 дугаар зэргийн жолоодох эрхийг олгосон тухай 15129 тоот “Үнэмлэх” эх хувиар авагджээ.
Түүнчлэн Увс аймгийн Архивын тасгийн 2017 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн цалингийн тодорхойлолт авагдсан байх ба уг тодорхойлолтод “Увс аймгийн Наранбулаг сумын Пионер нэгдлийн тракторчин Норов овогтой Эрдэнэ-Очирын 1979 оны 1 дүгээр сараас 1992 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд ажиллаж, авч байсан цалин”-г түүвэрлэн ирүүлсэн, Увс аймгийн Наранбулаг сумын Пионер нэгдлийн даргын 1978 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн 5 тоот “Тракторчныг ажлаас чөлөөлөх ба ажилд томилох тухай” тушаалд: “... 2. Орон тракторчноор Н.Батсүх, Эрдэнэ-Очир нарыг 1979 оны 1 дүгээр сарын 24-ний өдрөөс эхлэн авч ажиллуулсугай” гэсэн, Норовын Эрдэнэ-Очирыг VIII таван жилийн төлөвлөгөөг 4 жил 10 сарын хугацаанд биелүүлсэн тул Увс аймгийн Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргаа, Үйлдвэрчний эвлэлийн зөвлөлийн 1990 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 70 дугаар тогтоолоор “VIII таван жилийн гавшгайч” цол, тэмдэгээр шагнасан тухай “Үнэмлэх”, БНМАУ-ын Ерөнхийлөгчийн 1991 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 94 дүгээр зарлигаар Монгол Ардын Хувьсгалын 70 жлийн ойн хүндэт медалиар шагнасан тухай “Үнэмлэх”-ний хуулбар тус тус хэрэгт авагдсан байна.
Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр иргэн М.Чүлтэм, М.Мядаг нарыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр оролцуулсан бөгөөд гэрч М.Чүлтэм: “Би 1981 оноос Увс аймгийн Наранбулаг сумын Пионер нэгдэлд худгийн моторчин, тракторчин, слесарь гэх ажлуудыг 1992 он хүртэл буюу нэгдэл тарах хүртэл хийж байсан. Н.Эрдэнэ-Очир нь намайг ажилд ороход тус нэгдэлд трактор, комбайнчнаар ажиллаж байсан ба тус нэгдлийг тарах хүртэл хугацаанд ажилласан. Бид хамтдаа трактор, комбайнаар газар хагалах, мод цагаалах, хадлан тариа бэлдэх, өвөлд нь зам гаргах гэх мэтийн ажлуудыг хийдэг байсан. Тухайн үед бид нэгдлийн даргын өгсөн үүрэг даалгаврын дагуу хий гэсэн бүхий л ажил хийдэг байсан. Тэр үед Пионер нэгдлийн даргаар Т.Цэвээн, М.Доржсүрэн, н.Орших, Ж.Сайнжаргал гэх хүмүүс ажиллаж байсан” гэж, гэрч М.Мядаг: “Миний бие нь 1977 оноос 1992 он хүртэл хугацаанд Увс аймгийн Наранбулаг сумын Пионер нэгдэлд тракторын жолоочоор ажиллаж байсан. Н.Эрдэнэ-Очир нь 1979 оноос Наранбулаг сумын Пионер нэгдэлд трактор, комбайнчнаар ажилд орж байсан. Өмнө нь Баруунтурууны Сангийн аж ахуйд ажиллаж байгаад цэрэгт явсан ба цэргээс ирээд Пионер нэгдэлд 1992 он хүртэл ажилласан. Бид хамтдаа тракторын жолоочоор ажиллаж байсан болохоор нэгнээ сайн мэднэ. Трактор, комбайны жолооч нар нь газар хагалах, мод цагаалах, хадлан тариа бэлдэх, өвөлд нь зам гаргах, нэгдлийн айл өрхийн нүүдэл суудал гэх мэтийн ажлуудыг хийдэг байсан. Тухайн үед бид нэгдлийн даргын өгсөн үүрэг даалгаврын дагуу хий гэсэн ажлыг хийж гүйцэтгэдэг байсан” гэж тус тус мэдүүлсэн ба гэрчүүдийн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар хэрэгт авагджээ.
Иймд хэрэгт авагдсан дээрх бичгийн болон бусад нотлох баримтуудыг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Н.Эрдэнэ-Очирын 1974 оны 4 дүгээр сарын 13-ны өдрөөс 1976 оны 7 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл хугацаанд Увс аймгийн Буруунтуруун сумын Сангийн аж ахуйд тракторчин, комбайнчнаар, 1979 оны 1 дүгээр сараас 1992 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд Увс аймгийн Наранбулаг сумын Пионер нэгдэлд тракторчин, комбайнчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Н.Эрдэнэ-Очирын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Нурдолоо овогтой Норовын Эрдэнэ-Очирын 1974 оны 4 дүгээр сарын 13-ны өдрөөс 1976 оны 7 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл хугацаанд Увс аймгийн Буруунтуруун сумын Сангийн аж ахуйд тракторчин, комбайнчнаар, 1979 оны 1 дүгээр сараас 1992 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд Увс аймгийн Наранбулаг сумын Пионер нэгдэлд тракторчин, комбайнчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгч Н.Эрдэнэ-Очирын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нь уг шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ГЭРЭЛТУЯА