Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 09 сарын 13 өдөр

Дугаар 619

 

        Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

         Нэхэмжлэгч: Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар баг, Галдан бошигтын 13 дугаар байр, 25-19 тоотод оршин суух, 1972 онд төрсөн, эмэгтэй, регистрийн дугаар ОЭ72042464, Хольдог овогтой Охидойгийн Дуламсүрэнгийн,   

       Ц.Нарангэрэлийн ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2017 оны 8 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, 2017 оны 8 дугаар сарын 31-ний өдөр иргэний хэрэг үүсгэн, хянан хэлэлцэв.

          Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч О.Дуламсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Тамираа нар оролцов.  

ТОДОРХОЙЛОХ  нь:

        Нэхэмжлэгч О.Дуламсүрэн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: “Ц.Нарангэрэл 1983 оны 8 дугаар сард Увс аймгийн Тарилан сумын Туяа нэгдэлд үсчнээр ажилд ороод 1990 он хүртэл нийт 7 жил 5 сарын хугацаанд ажилласан. Одоо тэтгэвэрт орох нас болж тэтгэврийн бичиг баримтаа бүрдүүлэхэд тухайн үед ажиллаж байсныг нотлох хөдөлмөрийн дэвтэр байгаа боловч ажилд тоимлогдсон, чөлөөлөгдсөн тушаал болон цалингийн тодорхойлолт архиваас олдохгүй байгаа тул шүүхэд хандах шаардлагатай болоод байна. Иймд Ц.Нарангэрэлийн 1983 оны 8 дугаар сараас 1990 он дуустал хугацаанд үсчнээр ажиллаж байсныг сэргээн тогтоож өгнө үү” гэжээ.      

          Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

          Нэхэмжлэгч О.Дуламсүрэн нь Ц.Нарангэрэлийн ажиллаж байсан байдал тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргажээ.  

          Хэдийгээр Увс аймгийн Архивын тасгийн 2017 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн 338 дугаартай лавлагаанд: “Увс аймгийн Тариалан сумын Туяа нэгдлийн 1982 оноос 1990 оны цалинг шүүн үзэхэд Цэдээ овогтой Нарангэрэлийн цалин гараагүй нь үнэн” гэсэн байх боловч хэрэгт Ц.Нарангэрэлийн 1983 оны 8 дугаар сараас 1990 оны 11 дүгээр сарыг дуустал хугацаанд цалин авсан тухай бичилт бүхий 1 ширхэг хөдөлмөрийн дэвтэр эх хувиараа хэрэгт авагджээ.

         Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр иргэн Ж.Мийшка, Ж.Оюунцэцэг нарыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр оролцуулсан бөгөөд гэрч Ж.Мийшка: “Ц.Нарангэрэл нь 10 дугаар ангиа төгсөөд 1983 оноос 1990 оныг дуустал хугацаанд Увс аймгийн Тариалан сумын Туяа нэгдлийн үсчнээр ажиллаж байсан. Тухайн үед нэгдлийн халуун усны газар үсчин ажилладаг байсан. Би 1979 оноос 1990 оныг дуустал нэгдэлд ажиллаж байсан. Бидний гэр ойролцоо, нэг баг бригадын хүмүүс учраас би сайн мэдэж байна. Увс аймгийн Тариалан сумын Туяа нэгдлийн даргаар н.Маамуу, н.Пүрвээ, н.Баазар гэх хүмүүс ажиллаж байсан” гэж, гэрч Ж.Оюунцэцэг: “Миний бие Увс аймгийн Тариалан сумын Туяа нэгдлийн 3 дугаар бригадад бага наснаасаа буюу 4 дүгээр ангиа төгсөөд аав, ээжийн хамтаар мал маллаж эхэлсэн. Би тусдаа амьдралтай болон гэр бүлийн хүний хамтаар нэгдэл тарах хүртэл мал малласан юмаа. Ц.Нарангэрэл нь 10 дугаар ангиа төгсөөд 1983 оноос эхлэн Туяа нэгдэлд 1990 оныг дуустал хугацаанд халуун усны газар үсчнээр ажилласан. Ц.Наранэрэлийн аавыг Цэдээ, ээжийг нь Цэвээн гэдэг байсан” гэж тус тус мэдүүлсэн ба гэрч Ж.Оюунцэцэгийн ажиллаж байсан байдлыг тогтоосон Увс аймаг дахь Сум дундын шүүхийн 2007 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 136 тоот шийдвэр, Ж.Мийшкагийн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар хэрэгт авагджээ.

         Иймд дээрх бичгийн нотлох баримт, гэрчүүдийн шүүхэд өгсөн мэдүүлэг, нэхэмжлэгчийн тайлбар зэргийг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Ц.Нарангэрэлийн 1983 оны 8 дугаар сараас 1990 оны 11 дүгээр сарыг дуустал хугацаанд Увс аймгийн Тариалан сумын Туяа нэгдэлд үсчнээр ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч О.Дуламсүрэнгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй. 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон  

ТОГТООХ нь:

            1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Шааваа овогтой Цэдээгийн Нарангэрэлийн 1983 оны 8 дугаар сараас 1990 оны 11 дүгээр сарыг дуустал хугацаанд Увс аймгийн Тариалан сумын Туяа нэгдэлд үсчнээр ажиллаж байсан байдлыг тогтоосугай.          

            2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгч О.Дуламсүрэнгийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар нэхэмжлэгч нь уг шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй. 

 

                                                       ДАРГАЛАГЧ,

                                                       ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Н.ГЭРЭЛТУЯА