| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нямжавын Гэрэлтуяа |
| Хэргийн индекс | 152/2017/00607/и |
| Дугаар | 620 |
| Огноо | 2017-09-13 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 09 сарын 13 өдөр
Дугаар 620
Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Увс аймгийн Зүүнговь сумын 3 дугаар багт оршин суух, 1957 онд төрсөн, эрэгтэй, регистрийн дугаар ОД57121511, Харагчууд овогтой Янживын Цэдэнгийн,
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2017 оны 8 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, 2017 оны 8 дугаар сарын 31-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Цэдэв, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Тамираа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Я.Цэдэн шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие Увс аймгийн Зүүнговь сумын Говийн хөгжил нэгдэлд хоньчноор 1992 он хүртэл тасралтгүй ажилласан. Одоо тэтгэвэрт гарах нас болж тэтгэврийн бичиг баримтаа бүрдүүлэхэд тухайн үед ажилласан жилийн хөдөлмөрийн дэвтэр, тушаал шийдвэр байхгүй учраас шүүхэд хандах болов. Миний Говийн хөгжил нэгдэлд 1974 оноос 1991 он хүртэл хугацаанд малчнаар ажиллаж байсныг сэргээн тогтоож өгнө үү” гэжээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Я.Цэдэн нь ажиллаж байсан байдал тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргажээ.
Хэрэгт Увс аймгийн Архивын тасгийн 2013 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн болон 2013 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн цалингийн тодорхойлолтууд авагдсан байх ба уг тодорхойлолтод Увс аймгийн Зүүнговь сумын Говийн хөгжил нэгдэлд малчнаар ажиллаж байсан Янжив овогтой Цэдэнгийн 1974 оны 1 дүгээр сараас 1990 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд ажиллаж авч байсан цалинг түүвэрлэн ирүүлсэн байна.
Түүнчлэн Я.Цэдэнд Увс аймгийн Зүүнговь сумын Намын үүр, Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргаа, Үйлдвэрчний эвлэлийн зөвлөл, Хувьсгалт залуучуудын эвлэлийн үүр, Нэгдлийн зөвлөлөөс 1984 оны 12 дугаар сарын 31-ний өдөр олгосон “100 давсан хувьтны гэрчилгээ”, Зүүнговь сумын Намын үүр, Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргаа, Үйлдвэрчний эвлэлийн зөвлөл, Хувьсгалт залуучуудын эвлэлийн үүр, нэгдлийн зөвлөлөөс 1985 оны 12 дугаар сарын 31-ний өдөр олгосон “Баярын бичиг”, Увс аймгийн Намын хороо, Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргаанаас 1986 оны 2 дугаар сарын 09-ний өдөр олгосон “Диплом”, Увс аймгийн Намын хороо, Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргаа, Үйлдвэрчний эвлэлийн хороо, Хувьсгалт залуучуудын эвлэлийн хорооноос 1986 оны 2 дугаар сарын 28-ны өдөр олгосон “Талархал”, Хяргас нуур нэгдлийн Тагийн булаг бригадын Намын үүр, Бригадын зөвлөлөөс 1986 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр олгосон “Баярын бичиг”, Увс аймгийн Зүүнговь сумын Намын үүр, Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргаа, Үйлдвэрчний эвлэлийн зөвлөл, Хувьсгалт залуучуудын эвлэлийн үүр, Нэгдлийн зөвлөлөөс 1986 оны 12 дугаар сарын 30-ны өдөр олгосон “Баярын бичиг”, БНМАУ-ын Хөдөө аж ахуйн яамны сайд Ш.Гунгаадоржоос 1987 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр олгосон “Диплом”, Увс аймгийн Намын хороо, Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргаа, Үйлдвэрчний эвлэлийн зөвлөл, Хувьсгалт залуучуудын эвлэлийн хорооноос 1987 оны 2 дугаар сарын 27-ны өдөр олгосон “Талархал”, Увс аймгийн Зүүнговь сумын Намын үүр, Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргаа, Үйлдвэрчний эвлэлийн зөвлөл, Хувьсгалт залуучуудын эвлэлийн үүр, Нэгдлийн зөвлөлөөс 1987 оны 7 дугаар сарын 10-ны өдөр олгосон “Баярын бичиг”, Увс аймгийн Зүүнговь сумын Намын үүр, Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргаа, Үйлдвэрчний эвлэлийн зөвлөл, Хувьсгалт залуучуудын эвлэлийн үүр, Нэгдлийн зөвлөлөөс 1988 оны 2 дугаар сарын 14-ний өдөр олгосон “Баярын бичиг”, Увс аймгийн Намын хороо, Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргаа, Үйлдвэрчний эвлэлийн хороо, Хувьсгалт залуучуудын эвлэлийн хорооноос 1988 оны 2 дугаар сарын 17-ны өдөр олгосон “Аймгийн аваргын диплом”, Увс аймгийн Зүүнговь сумын Намын үүр, Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргаа, Үйлдвэрчний эвлэлийн зөвлөл, Хувьсгалт залуучуудын эвлэлийн үүр, Нэгдлийн зөвлөлөөс 1988 оны 2 дугаар сарын 17-ны өдөр олгосон “Баярын бичиг”, Увс аймгийн Зүүнговь сумын Намын үүрийн товчооноос 1988 оны 2 дугаар сарын 25-ны өдөр олгосон “Манлайлагч” гэрчилгээ, Увс аймгийн Зүүнговь сумын 1, 2 дугаар хэсгийн хамт олноос 1988 оны 6 дугаар сарын 22-ны өдөр олгосон “Баярын бичиг”, Увс аймгийн Зүүнговь сумын Намын үүр, Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргаа, Үйлдвэрчний эвлэлийн зөвлөл, Хувьсгалт залуучуудын эвлэлийн үүр, Нэгдлийн зөвлөлөөс 1988 оны 10 дугаар сарын 03-ны өдөр олгосон “Баярын бичиг”, Увс аймгийн Зүүнговь сумын Намын хороо, Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргаа, Үйлдвэрчний эвлэлийн хороо, Хувьсгалт залуучуудын эвлэлийн хороо, Нэгдлийн зөвлөлөөс 1990 оны 2 дугаар сарын 18-ны өдөр олгосон “Диплом”, Увс аймгийн Зүүнговь сумын Намын хорооны нарийн бичгийн дарга, Ардын депутатуудын хурлын Тэргүүлэгчдийн дарга Ч.Шагж, Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргаа, “Говийн хөгжил” нэгдлийн ерөнхий хорооны дарга С.Намсрайжав нараас 1990 оны 2 дугаар сарын 25-ны өдөр олгосон “Талархал”, Увс аймгийн Зүүнговь сумын Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргаа, Говийн хөгжил нэгдлийн ерөнхий хорооноос 1991 оны 2 дугаар сарын 09-ний өдөр олгосон “Диплом”, Говийн хөгжил нэгдлийн ерөнхий хорооноос 1992 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр олгосон “Баярын бичиг”, Увс аймгийн Ардын хурлын тэргүүлэгчид, Ардын хурлын гүйцэтгэх захиргаанаас 1992 оны 2 дугаар сарын 04-ний өдөр олгосон 523 тоот “Диплом” тус тус эх хувиар хэрэгт авагдсан байна.
Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр иргэн З.Цэрэндолгор, Р.Эрдэнэдэлгэр нарыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр оролцуулсан бөгөөд гэрч З.Цэрэндолгор: “Я.Цэдэнтэй 1974 оноос 1992 оныг хүртэл хугацаанд хамт Увс аймгийн Зүүнговь сумын Говийн хөгжил нэгдэлд ажиллаж байсан. Миний бие 1970 оноос эхлэн Увс аймгийн Зүүнговь сумын Говийн хөгжил нэгдэлд 1991 оныг дуустал хугацаанд бичээч, бичиг хэргийн эрхлэгчээр ажиллаж байсан. Я.Цэдэн 1974 оноос эхлэн тус нэгдлийн Суврага бригадад аав, ээжийн хамтаар мал маллаж байсан. Би тус нэгдэлд бичээч, бичиг хэргийн эрхлэгчээр ажилладаг байсан боловч хаврын мал төллөх цагаар төлчнөөр болон эмэгтэйчүүдийн байгууллагын ажлаар хөдөө малчдаар явдаг байсан учраас сайн таньж мэднэ. Я.Цэдэн нь 1976 онд тусдаа гэр бүлтэй болж, бие даан гэр бүлийн хамтаар нэгдэл тарах хүртэл буюу 1991 оныг хүртэл мал маллаж байсан. Тухайн үед нэгдлийн даргаар Ц.Цэдэв, С.Намсрайжав, Т.Хүрэлхүү гэх хүмүүс тус тус ажиллаж байсан” гэж, гэрч Р.Эрдэнэдэлгэр: “Би 1971 оноос эхлэн Увс аймгийн Зүүнговь сумын Говийн хөгжил нэгдэлд 1991 он хүртэл, Говийн хөгжил компанид 1995 он хүртэл тус тус тракторын жолоочоор ажиллаж байсан. Я.Цэдэн нь бага наснаасаа аав, ээжийн хамтаар мал маллаж байсан. 1974 оноос 1991 он хүртэл буюу нэгдэл тарах хүртэл хугацаанд мал малласан. Мал маллаж байх хугацаандаа цэрэгт яваад өвчний улмаас гээд хэдэн сарын өмнө халадаж ирж байсан. Я.Цэдэн нь одоо ч тус сумандаа малаа маллан амьдарч байгаа юм. Би тэр үед нэгдлийн айлуудын нүүдэл суудал, өвс тэжээлийн бэлтгэлд явдаг байсан болохоор сайн санаж байна. Тухайн үед нэгдлийн даргаар Ц.Цэдэв, С.Намсрайжав, Т.Хүрэлхүү, Говийн хөгжил компанийн даргаар Ц.Эрдэнэдорж гэх хүмүүс ажиллаж байсан” гэж тус тус мэдүүлсэн ба гэрчүүдийн ажиллаж байсан байдлыг нотлох тэдний хөдөлмөрийн дэвтрийн хуулбарууд авагджээ.
Иймд дээрх бичгийн нотлох баримт, гэрчүүдийн шүүхэд өгсөн мэдүүлэг, нэхэмжлэгчийн тайлбар зэргийг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Я.Цэдэнгийн 1974 оны 1 дүгээр сараас 1990 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд Увс аймгийн Зүүнговь сумын Говийн хөгжил нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Я.Цэдэнгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Харагчууд овогтой Янживын Цэдэнгийн 1974 оны 1 дүгээр сараас 1990 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд Увс аймгийн Зүүнговь сумын Говийн хөгжил нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгч Я.Цэдэнгийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нь уг шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ГЭРЭЛТУЯА