| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нямжавын Гэрэлтуяа |
| Хэргийн индекс | 152/2017/00609/и |
| Дугаар | 621 |
| Огноо | 2017-09-13 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 09 сарын 13 өдөр
Дугаар 621
Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Увс аймгийн Улаангом сумын 6 дугаар баг, 1 дүгээр гудамж, 15 тоотод оршин суух, 1962 онд төрсөн, эрэгтэй, регистрийн дугаар ОА62031755, Зуутраг овогтой Бүрэнгийн Доржготовын,
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2017 оны 8 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, 2017 оны 8 дугаар сарын 31-ний өдөр иргэний хэрэг үүсгэн, хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Доржготов, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Тамираа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Доржготов шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие 1977 онд 7 дугаар ангиа төгссөн бөгөөд 1978 оны 3 дугаар сараас эхлэн 2000 он хүртэл хугацаанд Увс аймгийн Баруунтуруун сумын Сангийн аж ахуй болон “Туруун” ХК-д туслах ажилтан, тракторч, комбайнчнаар ажилласан. Гэтэл тэтгэвэр тогтоолгохоор материал бүрдүүлэхэд хөдөлмөрийн дэвтэр, орсон гарсан тушаал байгаа боловч Архивт цалингийн цэс гүйцэд олдохгүй байна. Иймд миний Увс аймгийн Баруунтуруун сумын Сангийн аж ахуйд 1978 оны 3 дугаар сараас 1980 оны 7 дугаар сарын 14-ний өдөр хүртэл хугацаанд туслах ажилчнаар, 1980 оны 7 дугаар сарын 14-ний өдрөөс 1992 оны 1 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд тракторч, комбайнчнаар, 1992 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал хугацаанд “Туруун” ХК-д трактор, комбайнчнаар тус тус ажиллаж байсныг тогтоож өгнө үү” гэжээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Доржготов нь ажиллаж байсан байдал тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргажээ.
Хэрэгт Увс аймгийн Баруунтуруун сангийн аж ахуйн боловсон хүчнээс 1985 оны 8 дугаар сарын 07-ны өдөр Бүрэн овогтой Доржготовт олгосон хөдөлмөрийн дэвтэр авагдсан ба уг дэвтэрт “1980 оны 7 дугаар сарын 14-ний өдрөөс 1982 оны 6 дугаар сарын 25-ны өдөр хүртэл хугацаанд Увс аймгийн Баруунтуруун сумын Сангийн аж ахуйн Хар бураа бригадад тракторчноор, 1982 оны 6 дугаар сарын 25-ны өдрөөс 1985 оны 6 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл хугацаанд Зүүнбаянгийн 126 дугаар ангид цэргийн алба хаасан, 1985 оны 7 дугаар сарын 06-ны өдрөөс 1992 оны 1 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд Увс аймгийн Баруунтуруун сумын Сангийн аж ахуйн 1 дүгээр цогцолборт тракторчноор, 1992 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн Баруунтуруун сумын “Туруун” ХК-д тракторчноор” тус тус ажилласан тухай бичилт хийгдсэн байна.
Мөн Б.Доржготовын 315138 дугаартай нийгмийн даатгалын дэвтэрт: “1995, 1996, 1999 онуудад ажиллаж нийгмийн даатгалын шимтгэл төлсөн тухай” бичилт хийгсэн ажээ.
Түүнчлэн хэрэгт авагдсан Увс аймаг дахь Баруунтуруун сангийн аж ахуйн захиргааны даргын 1978 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 89 тоот “Эргүүл дежур томилох тухай” тушаалд: “Ардын хувьсгалын 57 жилийн ойн баяр наадмаар манаа харуулын ажлыг сайжруулж, сонор сэрэмжийг дээшлүүлэх зорилгоор Тушаах нь: 1. Сангийн аж ахуйн төвийн эргүүл дежур хийгчдийн нэрсийн жагсаалтыг хавсралт ёсоор баталсугай. ... Сангийн аж ахуйн дарга Ч.Балдандорж” гээд хавсралтын 21 дүгээрт “Доржготов 13-ны өдрийн 22 цагаас 14-ний өдрийн 02 цаг хүртэл хугацаанд 4 цаг” гэжээ.
Баруунтуруун сангийн аж ахуйн даргын 1979 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 34 тоот “Хаврын тариалалт, хөрс боловсруулалтын бэлтгэлийн талаар авах зарим арга хэмжээний тухай” тушаалд: “Хаврын тариалалт, хөрс боловсруулалтын ажлыг агротехникийн ашигтай богино хугацаанд, чанартай явуулах зорилгоор Тушаах нь: 1. Тариалалт, боловсруулалтын үеэр бригад хариуцан ажиллах мэргэжилтнүүдийн хуваарийг 1 дүгээр хавсралтаар, засварын группыг 2 дугаар хавсралтаар баталсугай. ... Сангийн аж ахуйн дарга А.Амен” гээд хавсралтын 3 дугаарт “Цагаан бураа бригад – Доржготов” гэжээ.
Увс аймгийн Баруунтуруун сангийн аж ахуйн даргын 1985 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 168 дугаар “Ажилд авах, ажлаас чөлөөлөх тухай” тушаалд: “Тушаах нь: ... 2. 1 дүгээр цогцолборт тракторчноор цэргийн алба хааж ирсэн Пэрэнлэйн Норовыг 7 дугаар сарын 03-ны өдрөөс, Бүрэнгийн Доржготовыг 7 дугаар сарын 06-ны өдрөөс эхлэн ажиллуусугай. ... Дарга А.Амен” гэжээ.
Увс аймгийн Баруунтуруун сангийн аж ахуйн даргын 1989 оны 2 дугаар сарын 04-ний өдрийн 30 тоот “Газар тариалангийн аваргуудыг шалгаруулж, шагнах тухай” тушаалд: “1988 оны газар тариалангийн үйлдвэрлэлийн ажлаар механикжуулагчдын дунд заралсан уралдааны болзлыг дүгнэх тухай сумын уралдааны зөвлөл, Сангийн аж ахуйн захиргааны 2 дугаар сарын 03-ны өдрийн өргөтгөсөн хурлын шийдвэрийг үндэслэн Тушаах нь: 1. Сумын ургацын аварга тракторч, комбайнчнаар Т-150-ын жолооч Я.Дашням, ДТ-75-ын жолооч Б.Хорхой, СК-5-ын жолооч П.Гантөмөр, залуу аваргаар Б.Доржготов, аварга ногоочноор Н.Жавзан нарыг шалгаруулсугай. 2. Аваргуудын ажлын үзүүлэлтийг хавсралтаар баталсугай... Дарга А.Амен” гээд уг тушаалын хавсралт “Баруунтуруун сангийн аж ахуйн 1988 оны аваргад тодорхойлогдсон техникчдийн ажлын үзүүлэлт /1988 оны 2 дугаар сарын 01-ний өдөр/”-д: “3. Б.Доржготов СК-5 маркийн техниктэй, 569 га талбайд ажил гүйцэтгэсэн, 177,8 хувиар төлөвлөгөөг биелүүлсэн, 842 төгрөгийн сангийн хэмнэлт гаргасан, 130 литр шатахуун хэмнэсэн, Аварга комбайнчнаар шалгаруулах” гэжээ.
1989 оны 2 дугаар сарын 07-ны өдөр Баруунтуруун сумын Намын хорооны нарийн бичгийн дарга М.Батжаргал, Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны дарга А.Амен, Үйлдвэрчний эвлэлийн зөвлөлийн дарга С.Даваалхүмбэ, Хувьсгалт залуучуудын эвлэлийн хорооны нарийн бичгийн дарга Ц.Чимэдбаатар нараас Б.Доржготовт олгосон “Диплом”-д: “1988 оны социалист уралдаанд үүргээ амжилттай биелүүлсэн СК-5 комбайнаар 569 га-гийн ургац хурааж төлөвлөгөөгөө 177,8 хувиар биелүүлж, сэлбэгээс 842 төгрөг, 130 литр шатахуун хэмнэсэн тул сумын залуу аварга комбайнчнаар шалгаруулан диплом, үнэ бүхий зүйлээр шагнав” гэжээ.
Монголын Хувьсгалт залуучуудын эвлэлийн Төв хорооны нарийн бичгийн дарга Ц.Даваадоржоос 1989 оны 6 дугаар сарын 30-ны өдөр олгосон 1626 тоот “Баярын бичиг”-т: “Эх орны социалист бүтээн байгуулалтын үйлсэд авъяас чадвар, эрдэм мэдлэг, хүч чадлаа дайчлан ажиллаж амжилт гаргасан учир Бүрэн овогтой Доржготов таныг Монголын Хувьсгалт залуучуудын эвлэлийн Төв хорооны баярын бичгээр шагнав” гэжээ.
“Туруун” ХК-ийн захирлын 2000 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 48 тоот “Ажлаас чөлөөлөх тухай” тушаалд: “1.Захирлын зөвлөлийн хурлын шийдвэрээр өөрийн хүсэлтийг үндэслэн Бүрэн овогтой Доржготовыг компанийн тракторч, комбайнчны үүрэгт ажлаас 2000 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөр тасалбар болгон чөлөөлсүгэй. 2. Б.Доржготовтой холбогдох тооцоо хийж, эзэмшсэн техникүүдийг нь актаар хүлээн авахыг инженер Ч.Оюун-Эрдэнэ, нягтлан бодогч Ц.Ганхуяг нарт даалгасугай. Захирал Б.Бямбацогт” гэжээ.
Монгол Улсын Батлан хамгаалахын Төв архивын 2014 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн 806 тоот лавлагаанд: “Бүрэнгийн Доржготов Батлан хамгаалах яамны сайдын 1982 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн н/235 дугаар тушаалаар Увс аймгаас 1982 оны 6 дугаар сарын 20-ны өдөр хугацаат цэргийн албанд татагдан Ардын армийн 126 дугаар ангид алба хааж, мөн сайдын 1985 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн н/235 дугаар тушаалаар 1985 оны 6 дугаар сарын 12-ны өдөр 425192 дугаарын цэргийн батлахтай халагдсан” гэжээ.
Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр иргэн Б.Сүхбаатар, Ч.Сугаррагчаа нарыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр оролцуулсан бөгөөд гэрч Б.Сүхбаатар: “Миний бие нь 1978 оноос Увс аймгийн Баруунтурууны сангийн аж ахуйд трактор, кобайнчнаар ажилд орон ажиллаж байхад Б.Доржготов нь тэр жил туслах ажилтнаар ажилд орж байсан. Б.Доржготов нь туслахаар ажиллаж байгаад трактор, комбайны курсад суралцаж төгсөөд Баруунтурууны сангийн аж ахуйд тракторч, комбайнчнаар 2000 он хүртэл ажилласан. Бид хамтдаа Сангийн аж ахуйд жилийн 4-н улирал ажилладаг, хадлан тариалангийн ажилд хавар 4 дүгээр сараас эхлэн намар 11 дүгээр сар хүртэл ажилладаг, өвөл нь засварчнаар, уурын зууханд галчаар, манаачаар ажилладаг байсан. Бид тухайн үед жилийн 4-н улирал тогтмол цалин авдаг байсан болохоор даргын хий гэсэн бүхийл ажил хийдэг байлаа. Баруунтурууны сангийн аж ахуйн даргаар А.Амен, Ч.Балдандорж, Х.Сайжрах, Д.Болд гэх хүмүүс тус тус ажиллаж байсан” гэж, гэрч Ч.Сугаррагчаа: “Б.Доржготов нь 1978 оноос эхлэн туслахаар ажиллаж байгаад 1980 оноос Увс аймгийн Баруунтурууны сангийн аж ахуйд тракторч, комбайнчнаар 2000 он хүртэл ажилласан. 1982 оноос 1985 он хүртэл хугацаанд цэргийн алба хааж ирсэн ба цэргээс ирээд Баруунтурууны сангийн аж ахуйдаа үргэлжлүүлэн ажилласан. Миний бие нь 1975 оноос 2003 он хүртэл тус Сангийн аж ахуйд тракторч, комбайнчин, нярав гэсэн ажлуудыг хийсэн. Бид хамтдаа Сангийн аж ахуйд жилийн 4-н улирал ажилладаг байсан учраас нэгнээ сайн мэднэ. Тухайн үед хадлан тариалангийн ажил хавар 4 дүгээр сараас эхлээд, 11 дүгээр сар хүртэл үргэжилдэг, өвөл нь засварчнаар, уурын зууханд галчаар, манаачаар ажилладаг байсан. Тэр үед даргын өгсөн үүрэг даалгаварыг гүйцэтгэж, хий гэсэн ажлыг хийдэг байсан. Баруунтурууны сангийн аж ахуйн даргаар А.Амен, Ч.Балдандорж, Х.Сайжрах, Д.Болд гэх хүмүүс ажиллаж байсан” гэж тус тус мэдүүлсэн байх ба гэрчүүдийн ажиллаж байсан байдлыг нотлох тэдний хөдөлмөрийн дэвтрийн хуулбарууд хэрэгт авагдсан байна.
Иймд дээрх бичгийн нотлох баримт, гэрчүүдийн шүүхэд өгсөн мэдүүлэг, нэхэмжлэгчийн тайлбар зэргийг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Б.Доржготовын Увс аймгийн Баруунтуруун сангийн аж ахуйд 1978 оны 3 дугаар сараас 1980 оны 7 дугаар сарын 14-ний өдөр хүртэл хугацаанд туслах ажилчнаар, 1980 оны 7 дугаар сарын 14-ний өдрөөс 1982 оны 6 дугаар сарын 20-ны өдрийг дуустал, 1985 оны 7 дугаар сарын 06-ны өдрөөс 1992 оны 1 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд тракторч, комбайнчнаар, Увс аймгийн Баруунтуруун сумын “Туруун” ХК-д 1992 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал хугацаанд тракторч, комбайнчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Б.Доржготовын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Зуутраг овогтой Бүрэнгийн Доржготовын Увс аймгийн Баруунтуруун сангийн аж ахуйд 1978 оны 3 дугаар сараас 1980 оны 7 дугаар сарын 14-ний өдөр хүртэл хугацаанд туслах ажилчнаар, 1980 оны 7 дугаар сарын 14-ний өдрөөс 1982 оны 6 дугаар сарын 20-ны өдрийг дуустал, 1985 оны 7 дугаар сарын 06-ны өдрөөс 1992 оны 1 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд тракторч, комбайнчнаар, Увс аймгийн Баруунтуруун сумын “Туруун” ХК-д 1992 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал хугацаанд тракторч, комбайнчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгч Б.Доржготовын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар нэхэмжлэгч нь уг шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ГЭРЭЛТУЯА