Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 09 сарын 14 өдөр

Дугаар 622

 

              Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

          Нэхэмжлэгч: Увс аймгийн Улаангом сумын 6 дугаар баг, 5-17 тоотод оршин суух, 1958 онд төрсөн, эрэгтэй, регистрийн дугаар ОЮ58052579, Чангууд овогтой Равжингийн Лхагвасүрэнгийн,

              Нас тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2017 оны 7 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, 2017 оны 7 дугаар сарын 24-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

          Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Р.Лхагвасүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Тамираа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ  нь: 

          Нэхэмжлэгч Р.Лхагвасүрэн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие 1957 онд Увс аймгийн Тэс суманд төрсөн. Намайг 1957 онд төрсөн гэдгийг миний эгч Р.Оюун, миний нагацийн хүү Б.Батсуурь нар гэрчилдэг юм. Тухайн үед манай эцэг, эхээс сургууль оруулахгүй хэмээн бидний насыг дарж бүргүүлсэн юм шиг байна лээ. Одоо миний бичиг баримт дээр төрсөн оныг 1958 он гэж явдаг. Иргэний улсын бүтгэлийн хэлтсээс төрсний бүртгэлийн лавлагаа авахад 1956 оноос 1961 онууд миний төрөлт бүртгэгдээгүй байна. Төрсөн он зөрүүтэйгээс болж миний эрх ашиг зөрчигдөж байгаа учир 1957 онд төрсөн болохыг тогтоож өгнө үү” гэжээ.      

ҮНДЭСЛЭХ нь:

             Нэхэмжлэгч Р.Лхагвасүрэн нас тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.

     Хэдийгээр 1956-1961 оны Увс аймгийн Тэс сумын төрөлтийн бүртгэлд Равжин овогтой Лхагвасүрэнгийн төрөлтийн бүртгэл гараагүй гэх Увс аймгийн Улсын бүртгэлийн 2017 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 108/003365 дугаартай лавлагаа авагдсан байх боловч  БНМАУ-ын Увс аймгийн Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны 1966 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 81 тоот тогтоол, хавсралтын хамтаар хэрэгт авагдсан байна.

         Уг тогтоолд Эхийн 1, 2 дугаар одонгоор шагнагдах 342 эхийн материалыг БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн газарт хүргүүлсэн байх ба хавсралтын 65 дугаарт “Норслоо овогтой Мажиг – 44 настай, Увс аймгийн Тэс сумын харьяат, баяд ястан, 1 дүгээр бригадад малчин ажилтай, нэгдлийн гишүүн, ял шийтгэл үгүй, хүүхдийн эцэг Равжаа мөн нэгдэлд малчин ажилтай, хүүхдийн тоо 5, хүүхдийн нэр Цэндээ 13 настай, Оюун 12 настай, Лхагва 9 настай, Долгор 4 настай, 5 Лхамаа 1 настай” гэжээ.

              Мөн Увс аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч О.Пунцагийн 2017 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 512 тоот дүгнэлтэд: “Иргэн Р.Лхагвасүрэн нь 1957-1960 онд төрсөн буюу одоо 57-60 настай байх боломжтой” гэсэн байна.

      Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр иргэн Р.Оюун, Б.Батсуурь нарыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр оролцуулсан бөгөөд гэрч Р.Оюун: “Р.Лхагвасүрэн нь 1957 оны 5 дугар сарын 25-ны өдөр Увс аймгийн Тэс сумын Хоштэрэг гэх газар төрсөн. Бид эх эцгээсээ 7-лаа. Р.Лхагвасүрэн нь дээрээсээ 3 дахь хүү юм. Манай аавыг Ч.Равжин, ээжийг Н.Мажиг гэдэг. Манай хамгийн том ах Р.Цэндээ 1953 онд, би Р.Оюун 1955 онд, Р.Лхагвасүрэн 1957 онд, Р.Бизьяа 1962 онд, Р.Лхамаа 1965 онд, Р.Бямбаа 1967 онд, Р.Аюуш 1969 онд тус тус төрсөн. Манайд Р.Лхагвасүрэн, Р.Лхамаа хоёроос өөр Л-ээр эхэлсэн нэртэй хүн байхгүй. Тухайн үед бид нарыг аав, ээж маань хичээлд оруулахгүй гээд нэг нэг жилээр хойшлуулж, нас дарж бүргүүлсэн бололтой. Би ч бас ийм байдлаар төрсөн оноо зөвтгүүлж байсан. Бид нар хоорондоо 2 насны зөрүүтэй, харин Бизьяа, Лхамаа хоёрын дунд нэг хүүхэд төрөөд өнгөрсөн. Би түүнийг сайн санадаг юмаа. Миний дүү Р.Лхагвасүрэн 1957 онд төрсөн нь үнэн юмаа” гэж, гэрч Б.Батсуурь: “Р.Лхагвасүрэн нь Увс аймгийн Тэс суманд 1957 онд төрсөн. Бид бага наснаасаа айл хошоо амьдарч, тоглож өссөн. Би яагаад төрсөн оныг нь сайн мэдэж байна гэхээр Р.Лхагвасүрэнгийн эгч Р.Оюун бид хоёр нас чацуу, нэг онд төрсөн. Бид хоёроос 2 дүү гэж явдаг. Р.Лхагвасүрэнгийн эцэг Равжиных 7 хүүхэдтэй айл байсан. Р.Лхагвасүрэн дээрээсээ 3 дахь хүүхэд нь бөгөөд тэднийх Р.Цэндээ, Р.Оюун, Р.Лхагвасүрэн, Р.Бизъяа, Р.Лхамаа, Р.Бямбаа, Р.Аюуш гэсэн хүүхдүүдтэй. Энэ айлд Р.Лхагвасүрэн, Р.Лхамаа хоёроос өөр “Лхагва” гэсэн нэртэй хүүхэд байдаггүй байсан” гэсэн мэдүүлэг өгчээ.  

        Өөрөөр хэлбэл, Увс аймгийн Тэс сумын харьяат Ч.Равжин, Н.Мажиг нарын дундаас 7 хүүхэд төрсөн, тэдний 3 дахь хүүхэд нь Р.Лхагвасүрэн мөн бөгөөд тухайн гэр бүлд түүнээс өөр “Лхагва” гэсэн нэртэй хүүхэд байгаагүй болох нь гэрчийн мэдүүлэг болон нэхэмжлэгчийн тайлбараар нотлогдож байна.

           Түүнчлэн БНМАУ-ын Увс аймгийн Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны 1966 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 81 тоот тогтоолын хавсралтад “Лхагва -9 настай” гэсэн нь нэхэмжлэгч Р.Лхагвасүрэн мөн гэж үзэх үндэслэлтэй бөгөөд 1966 онд 9 настай байсан учир 1957 онд төрсөн нь тогтоогдож байна гэж үзлээ.

           Мөн Р.Лхагвасүрэнгийн эгч Р.Оюун нь Увс аймаг дахь Сум дундын шүүхийн 2011 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 119 тоот шийдвэрээр 1956 онд төрснөөр бүртгэлтэй байснаа 1955 онд төрсөн хэмээн тогтоолгож байсан байх ба гэрч Р.Оюун, нэхэмжлэгч Р.Лхагвасүрэн нарын “Бидний насыг эцэг, эх маань сургуульд оруулахгүй гэж дарж бүргүүлсэн байсан” гэх тайлбар батлагдаж байна.

         Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.13-т зааснаар Р.Лхагвасүрэнг 1957 оны 5 дугаар сарын 25-ны өдөр Увс аймгийн Тэс суманд төрсөн, одоо 60 настай болохыг тогтоож шийдвэрлэлээ.

       Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч Р.Лхагвасүрэнгийн тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.13-т зааснаар Чангууд овогтой Равжингийн Лхагвасүрэнг 1957 оны 5 дугаар сарын 25-ны өдөр Увс аймгийн Тэс суманд төрсөн, одоо 60 настай болохыг тогтоосугай.  

 

  1. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч Р.Лхагвасүрэнгийн тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
  1. Энэхүү шийдвэрийг хүчин төгөлдөр болмогц Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст хүргүүлэхийг шүүгчийн туслах Б.Сарантуяад даалгасугай.

      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

                                   ДАРГАЛАГЧ,

                                  ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                 Н.ГЭРЭЛТУЯА